Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2022/0039

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2021/0023/З

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Шинэбадрах” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******

          Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “Шинэбадрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “Шинэ бадрах” ХХК-нд мод бэлтгэх гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн модны төрөл зориулалт бэлтгэх арга технологийг зөрчсөн 411.6м3 нарс мод илүү бэлтгэсэн шинэс мод бэлтгэх талбайн хилээс гадна талбайд нарс мод бэлтгэсэн 8.6м3 мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацааг дууссан үед ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх зөрчилд 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, 0033530 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус оногдуулжээ.

Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ханджээ.

Гомдол гаргагч “Шинэбадрах” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Манай “Шинэ бадрах” ХХК нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Элстэйн ам”, “Моностойн ам” гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх зөвшөөрлийг хууль журмын дагуу холбогдох байгууллагаас авч гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Түшиг сумын байгаль хамгаалагч *******аас ирүүлсэн гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь хяналт шалгалт хийж манай “Шинэ бадрах” ХХК-ийг Зөрчлийн тухай хууль болон Ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн актыг үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгууль, 619.852.459 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар болсон нь үндэслэлгүй, өөр хоорондоо зөрүүтэй бөгөөд хуулийн дагуу явагдаагүй шинжээчийн дүгнэлт, ажиллагаагаар акт үйлдэж нөхөн төлбөр тооцсон гэж үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч *******гийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд “... Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн “Шинэ бадрах” ХХК-нд мод бэлтгэлээр тусгаарлуулсан талбайд үзлэг хийхэд тус ойн ангийн мод бэлтгэл талбай тусгаарлалтын №12 тоот материалд тусгагдсан тооллогын хүснэгтээр Түшиг сумын Элстэйн ам гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор нийт 421.06 м3 нарс мод бэлтгэсэн нь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн №12 тоот бэлтгэл талбай тусгаарлалтын материалд тусгасан бэлтгэх ёстой модноос 75 м3 мод илүү бэлтгэсэн нь тогтоогдсон” гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэсэн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэлд “... Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн №12 тоот бэлтгэл талбай тусгаарлалтын материалд тусгасан бэлтгэх ёстой модноос 74.94 м3 мод илүү бэлтгэсэн нь тогтоогдсон” гэх, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч *******гийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч оролцуулах тухай тогтоолын дагуу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлтээр дээрх илүү бэлтгэсэн гэх 75 м3 модонд экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон ба 1 шоо метр нарс модны үнэлгээг 234.707 төгрөгөөр тооцож нийт 31.685.445 төгрөг болсон байна. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дахин шинжээч томилсон тогтоолын дагуу 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар ойн ангийн инженер *******ээр хийлгэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба энэхүү дүгнэлт нь зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол болон 13 дугаар шинжээчийн дүгнэлт, шалгалт хийсэн тэмдэглэлтэй зөрчилдсөн байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт үйлдсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Нэгдүгээрт: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Элстэйн ам” гэх нэртэй газарт илүү бэлтгэсэн 411.623 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 135.213.051 төгрөг гэсний тухайд: “Шинэ бадрах” ХХК нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Элстэйн ам” гэх газар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мод бэлтгэх гэрээ байгуулан зөвшөөрөл авч ажилласан болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Сүхбаатар сумын иргэдэд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Элстэйн ам” гэх газарт 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон ба манай компаниас бусад иргэдийн бэлтгэсэн модны хожуулыг нийтэд нь тоолж хохирлыг “Шинэ бадрах” ХХК-нд дангаар нь хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: “Шинэ бадрах” ХХК нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Моностойн ам” гэх газар 520.4 м3 шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн тухайд: 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан мод бэлтгэх гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Моностойн ам” гэх газарт цэвэрлэгээний зориулалтаар 599.99 шоо метр үүнээс хэрэглээний мод 500 шоо метр, түлээ 99.99 шоо метр шинэс модыг бэлтгэхээр болсон ба гэрээнд заасан хугацаанд бэлдсэн боловч бороо ихээр орсноос шалтгаалж доод агуулах руу тээвэрлэж амжаагүй байсан учраас мод бэлтгэх гэрээнд зааснаар тээвэрлэлтийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан. Тухайн газар нь намаг болон хөрсний гулгаа ихтэй зөөвөрлөхөд хүндрэлтэй байснаас шалтгаалж дүгнэлт гаргахаар мэргэжилтэн ирэх үед ч модыг тээвэрлэж амжаагүй байсан болно.

Гуравдугаарт: Тусгаарласан мод бэлтгэх талбайн хилээс хэтрүүлэн гадна талд зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 8.664 мЗ /3 ширхэг/ нарс модны тухайд: Ойн ангиас ойд хийх арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрийн огтлолтын талбайн тусгаарлалтыг зааж өгөх бөгөөд манай компани цэвэрлэгээний огтлолтын талбай, тусгаарлалтын дагуу ажилласан. Мөн Түшиг сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 захирамжийн дагуу дээд агуулахын үйл ажиллагааг бүрэн зогсоож, доод агуулахын үйл ажиллагаа явуулснаар 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажилчид бүрэн буусан. Зөрчилд дурдагдсан 3 ширхэг нарс буюу 8.664 мЗ модыг манай компанийн ажилчид бэлтгээгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй, захиргааны хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явагдаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгуулахаар дахин шинжээч томилох хүсэлтийг гаргасан боловч хангаагүй зэрэг нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудас нь хуульд заасны дагуу гараагүй гэх үндэслэл болж байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудас бүхий мөнгөн торгууль, нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй улмаас дээд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан ба тухайн гомдлын хариуг хүлээж байсан болно. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхээс дээрх шийтгэлийн хуудсыг баталгаажуулах материал ирснийг мэдэгдсэн ба тус материалд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хариу хүргүүлсэн албан бичиг ирсэн байсныг мэдсэн.

Тус албан бичгийн утга агуулга нь ямар утгатай гарсныг манай байгууллагын зүгээс албан ёсоор хуулийн дагуу хүлээж аваагүй учраас мэдэхгүй байсан. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хариуг “Ихо ресторан”-д очиж ******* /зөөгч/ гэдэг хүнд гардуулсан талаар манай компанийн зүгээс тус шүүхэд зөрчлийн материалтай танилцах үед мэдсэн ба тухайн бичиг нь цаг хугацааны хувьд хэзээ гардуулагдсан нь тодорхойгүй, тухайн гардан авсан гэх хүн нь “Шинэ бадрах” ХХК-ний удирдлагад өгөөгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “... захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна ...” гэж заасан. Хаяглагдсан этгээд гэдэгт эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Шинэ бадрах” ХХК-ийг ойлгох ба тус компанийн албан ёсны оффис нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэгт байдаг учраас “Ихо ресторан”-д хариу хүргэгдэх боломжгүй мөн компанийн бичиг хэргийн ажилтанд дээрх хариу ирээгүй байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт “захиргааны байгууллага хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас факс шуудан цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэгт хавсаргасан баримт нь хариуг хэдний өдөр явуулсан эсэх, хүргүүлсэн эсэх, авсан эсэх хугацаа нь тодорхойгүй байсан учраас манай компанийн зүгээс албан ёсоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дээд шатны байгууллагын хариуг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлөөлөгчөө явуулж гарын үсэг зурж авсан болно. /нэхэмжлэлд хавсаргав/ Иймд дээрх нөхцөл байдлуудад бүрэн дүгнэлт хийгээгүй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Шинэ бадрах” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/85 тоот “Нэхэмжлэл гаргах нь” тухай албан бичигтэй танилцаж, хариу тайлбар гаргах нь Түшиг сумын байгаль хамгаалагч ******* 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ бадрах” ХХК-ний талаар гомдол гаргасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн 2131000184 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор “Шинэ бадрах” ХХК-нд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

1.Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Ой эзэмшүүлэх тухай” 19 дүгээр тогтоолоор “Шинэ бадрах” ХХК-нд Хар горхийн хэсгийн “Баяны хавтгай”, “Харгистай”-д 15000га ойн санг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Ойн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтад” гэснийг зөрчсөн байна.

Мөн ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тогтоолоор батлагдсан Баяны хавтгай, Харгистай гэх газруудад “Шинэ бадрах” ХХК-ний мод бэлтгэсэн 85 дугаар хэсэглэл нь “Шинэ бадрах” ХХК-ний ойн санд хамаарахгүй байна. Мөн “Шинэ бадрах” ХХК нь Түшиг суманд ойн санг эзэмших гэрээгүй ойн санд үйл ажиллагаа явуулж байна. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1.3-т “ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан ойн менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна” гэж заасан. “Шинэ бадрах” ХХК нь 2020, 2021 онд ойн менежмент төлөвлөгөөгүй мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан нь зөрчил хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах явцад тогтоогдсон. Энэ нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.7, 18.3.12, 32.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Үүнээс үзэхэд Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон эрх бүхий албан тушаалтнууд нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага болох “Шинэ бадрах” ХХК-нд холбогдох баримт бичиг дутуу байхад хууль зөрчин мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй байх тул Прокурорын газраас “Авлигатай тэмцэх газар”-т мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгуулахаар шилжүүлсэн.

2.Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа шинжээчийн дүгнэлтэд гэрчээр оролцохоос татгалзсан тул Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-т заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Ерөө бүсийн сум дундын ойн ангийн инжемер *******ээр 2 дахь шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2 дахь шинжээч Ерөө бүсийн сум дундын ойн ангийн инженер ******* тухайн газар дээр нь дахин хэмжилт хийж 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №06 дугаар дүгнэлтийг гаргасан. Зөрчлийн хэргийн материалын 65-75 дугаар хуудаст шинжээчийн дүгнэлт гаргахад хэрэглэгдсэн арга зүй, зураг, нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.“Шинэ бадрах ХХК-ний 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ц О-Н-12 дугаар гэрээний дагуу мод бэлтгэсэн талбайд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн нэхэмжлэл дээр дурдсан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мод бэлтгэлийн талбайд хяналт шалгалтыг хийж гүйцэтгээгүй. Иймд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүхбаатар сумын иргэдэд Түшиг сумаас түлшний мод бэлтгүүлэхээр Сүхбаатар сумын Засаг дарга, Түшиг сумын Засаг дарга, Сэлэнгэ бүсийн СДОАнги “Шинэ бадрах” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №02 дугаартай “Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэгцээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн түлшний модыг бэлтгэхээр гэрээнд тусгасан. “Шинэ бадрах” ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл түлшний мод бэлтгэж иргэдэд олгосон.

“Шинэ бадрах” ХХК нь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангитай 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Элстэй ам” гэх мод бэлтгэх талбайг сонгон акт үйлдэн мод бэлтгэх гэрээг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан байна. Иймд тухайн “Элстэйн ам”-ны хэсэглэл-85, ялгарал-3 дугаар талбайд иргэдийн түлшний мод бэлтгэгдээгүй байна. Учир нь тухайн иргэдийн түлшний модыг “Шинэ бадрах” ХХК-ний 2020 оны үйлдвэрлэлийн огтлолт явуулсан нарс модны талбайд “Гурван ховил” гэх газрын хэсэглэл-37, 38, 39, ялгарал-1, 2, 3, 6 дугаар талбайгаас бэлтгэгдсэн нь эрхийн бичгээс харагдаж байна.

4.“Шинэ бадрах” ХХК нь Түшиг сумын “Моностой ам” гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор шинэс мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан хэдий ч Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт “Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний огтлолт”, 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг тус тус зөрчин мод бэлтгэсэн байна. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт “ойг хавтгайруулан огтлох аргаар мод бэлтгэх, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт “иргэн, ойн нөхөрлөл аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах” гэснийг тус тус зөрчин ойд хориглох үйл ажиллагаа явуулсан байна. 269 ширхэг нас гүйцсэн нойтон шинэс мод 520.4 мЗ байгаа тул огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн шинэс модонд экологи-эдийн засгийн үнэлгээг тооцсон. Зөрчлийн хэргийн материалын 25-33 дугаар хуудаст Түшиг сумын Засаг дарга Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын өгсөн тайлбар мэдүүлгээр түймрийн аюултай үе буюу 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл мод бэлтгэж, тээвэрлүүлэх боломжгүй гэх тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Мод бэлтгэсэн талбайн гадна талд зөвшөөрөлгүй бэлтгэсэн 8.6 мЗ нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцсон.

5.Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн “Шинэ бадрах” ХХК нь мод бэлтгэлээр ойн ангийн мод бэлтгэл талбай тусгаарлалтын №12 тоот материалд тусгагдсан тооллогын хүснэгтээр Түшиг сумын “Элстэйн ам” гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор нийт 421.06 м3 нарс мод бэлтгэхээр гарсан байна. Харин үзлэг, шинжээчийн гаргасан дүгнэлтээр тус компаний бэлтгэсэн модны хожуулыг тоолоход мийт 832.66 мЗ нарс мод бэлтгэсэн нь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн №12 тоот мод бэгтгэл талбай тусгаарлалтын материалд тусгасан бэлтгэх ёстой модноос 411.6 мЗ илүү нойтон нарс мод бэлтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шинэ бадрах” ХХК нь Түшиг сумын “Элстэйн ам” гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор нарс мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан хэдий ч Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт “Түймэр, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний огтлолт” 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг тус тус зөрчин мод бэлтгэсэн байна. 202 ширхэг нас гүйцсэн нойтон нарс мод 411,6 мЗ байгаа тул огтлолтын төрөл өөрчлөн илүү бэлтгэсэн 411.6 мЗ нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 135213051,4 төгрөг болж байна.

Шинэ бадрах” ХХК нь 2021 онд Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангитай “Мод бэлтгэх” гэрээг Түшиг сумын 2 дугаар баг “Элстэйн ам” гэх газарт ойн сангийн 85 дугаар хэсэглэл, 3 дугаар ялгарал, 48 га талбайд цэвэрлэгээний огтлолтоор нарс мод бэлтгэхдээ 2021 оны 3 дугаар сарын 18-наас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мод бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Мод бэлтгэх 022016 дугаартай эрхийн бичгийг 2021 оны 3 дугаар сарын 18-наас 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бэлтгэж, тээвэрлүүлэхээр олгосон байна. “Шинэ бадрах” ХХК нь мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед буюу түймрийн аюултай үед 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж, тээвэрлэлт хийсэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.3 дахь заалт “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” байна. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/70 дугаар “Ой хээрийн түймрээс урьдчилэн сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Түшиг сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай захирамж, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.14, 22 дугаар зүйлийн 22.1.13 ойн түймрийн аюултай үед ойгоос мод тээвэрлэхдээ ой, хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа гаргуулаагүй, хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр ойд үйл ажиллагаа явуулсан байна. Мөн байгаль хамгаалагчийн тухайн талбайн газар дээрх мод бэлтгэж байгаа гэрэл зураг, гэрчийн мэдүүлгээр тодорхойлогдож байна. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 3 дахь заалт “ойг хавтгайруулан огтлох аргаар мод бэлтгэх”, 29 дүгээр зүйлийн 29.1.7 “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах” гэснийг тус тус зөрчсөн нь ойд хориглох үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал илэрсэн нь байх тул зөрчлийн хэрэгт холбогдох баримт бичиг шинжээчийн дүгнэлт, гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон.

Зөрчлийн 2131000184 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх” тухай эрх бүхий албан тушаалтны саналыг аймгийн Прокурорын газарт гаргасан аймгийн Прокурорын газраас “Эрх бүхий албан тушаалтны саналыг хүлээн авахаас татгалзах” тухай 12 дугаар тогтоолын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны прокурорт гомдол гаргасан. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар “Шинэ бадрах” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул 500 нэгж, 619.852.459 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, “Шинэ бадрах” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-14-015/147 дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаар шийтгэлийн хуудас зэргийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Шинэ бадрах” ХХК-ний захирал ******* нь манай компани мэргэжлийн байгууллага, хууль ёсны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын модны хувиарлалтын дагуу манай компанид хувиарлагдсан модыг ойн ангийн цэг тавьж, хэмжээ хийж будсан модыг хугацаанд нь бэлтгэсэн гэж маргажээ.

Сэлэнгэ аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь гомдол гаргагч “Шинэ Бадрах” ХХК-ийг зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлэн модны төрөл зориулалт бэлтгэх арга технологийг зөрчин 411,6 м3 нарс мод илүү бэлтгэсэн, шинэс мод бэлтгэх талбайн хилээс гадна талбайд нарс мод бэлтгэсэн 8.6 м3, мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацаа дууссан үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэн тээвэрлэсэн гэх зөрчилд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн улсын байцаагчийн 18-047-015/47 дугаар акт үйлдэн, 0033530 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож, ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 619.852.459 төгрөг 80 мөнгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, 42.1.1-д “хориглосон үйл ажиллагаа явуулсан”, 42.2-д “Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина.”, 42.4-д “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт байгалийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Байгаль орчинд учруулсан хохиролыг дараах байдлаар ангилна”, 49.2.1-д “Ойн санд учруулсан хохирол”, 49.4-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохиролыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”, 49.4.1-д “Ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ.

“Шинэ Бадрах” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженер тэй гэрээ хийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын  “Моностойн ам” гэх газар буюу Түшиг сумын ойн сангийн 85 дугаар хэсэглэлд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 31га талбайд талбайн тусгаарлалтын ажил хийлгүүлэн цэвэрлэгээний огтлолтоор шинэс мод бүгд хэмжээ 599.99 шоо метр үүнээс хэрэглээний мод 500 шоо метр, түлээ 99.99 шоо метр мод бэлтгэхээр мөн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженертай гэрээ хийн Түшиг сумын “Элстэйн ам” гэх газар буюу Түшиг сумын ойн сангийн 85 дугаар хэсэглэлд  2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 48га талбайд тусгаарлалтын ажил хийлгүүлэн цэвэрлэгээний огтлолтоор нарс мод бүгд хэмжээ 421.06 шоо метр үүнээс хэрэглээний мод 349.77 шоо метр, түлээ 71.29 шоо метр мод бэлтгэхээр болсон байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Байгаль хамгаалагч *******аас ирүүлсэн гомдлыг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “Шинэ Бадрах” ХХК-ний Түшиг сумын “Элстэйн ам”, “Моностойн ам” гэх газруудын мод бэлтгэсэн газар дээр очин үзлэг шалгалт хийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 213/000/84 дугаар зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулж “Элстэйн ам” гэх нэртэй газарт цэвэрлэгээний огтлолтоор нарс мод бэлтгэхдээ гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн, модны төлөв, зориулалт бэлтгэх арга технологийг зөрчиж 202 ширхэг буюу 411.6 м3 нас гүйцсэн нойтон нарс мод илүү бэлтгэсэн, мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан болон түймрийн аюултай үе буюу ойд үйл жиллагаа явуулахыг хязгаарласан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар захирамж гарсан ойн түймрийн аюүлтай үед ойгоос мод бэтгэж тээвэрлэхдээ ой хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа гаргаагүй, хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр ойд хориглосон үйл ажиллагаа явуулж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж тээвэрлэлт хийсэн.

Мөн “Моностойн ам” гэх нэртэй газар тусгаарлуулсан талбайн хилээс гадна талд зохих зөвшөөрөлгүй 3 ширхэг нарс мод буюу 8.664 м3 бэлтгэсэн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ойгоос мод бэлтгэж тээвэрлэлт хийсэн, огтлолтын төрөл өөрчилж 269 ширхэг нас гүйцсэн нойтон шинэс мод буюу 520.4 м3 ойд хавтгайруулан огтлолт хийсэн зөрчлүүд гаргасан нь зөрчлийн талаар амаар болон холбоо хэрэгслийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, мод бэлтгэсэн талбайн тооллогын хүснэгт, үзлэг хийсэн үед авсан фото зураг, гэрчүүдийн мэдүүлгүүд, “Шинэ Бадрах” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс авсан мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт болон зөрчлийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ойн санд учирсан хохирлын хэмжээг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөө бүсийн сум дундын ойн ангийн инженер *******ийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №6 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцжээ.

Шинжээч дүгнэлтдээ “Элстэйн ам” гэх газарт цэвэрлэгээний огтлолтоор 421.06 м3 нарс мод бэлтгэх байсан бол тооллогын дүнгээр 196 ширхэг хуурай нарс 332.6 м3, 202 ширхэг нас гүйцсэн нойтон нарс мод 411.6 м3 нийт 398 хожуул тоологдож 832.66 м3 мод бэлтгэсэн байгаа тул огтлолтын төрөл өөрчлөн илүү бэлтгэсэн 411.6 м3 нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 135.213.051 төгрөг 40 мөнгө, “Моностойн ам” гэх  газар цэвэрлэгээний огтлолтоор шинэс мод 600 м3 бэлтгэх байсан бол тооллогын дүнгээр 269 ширхэг нас гүйцсэн нойтон шинэс мод 520.1 м3 байгаа тул огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 69.948.883 төгрөг 20 мөнгө талбайн гадна талд бэлтгэсэн 3 ширхэг гэж нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.455.552 төгрөг гэж хохирлын хэмжээг тус тус тогтоожээ.

Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасны дагуу тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “Шинэ Бадрах” ХХК-ний мод бэлтгэлийн хууль бус үйл ажиллагаанаас ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь нийт 619.852.459 төгрөг 80 мөнгөөр тогтоож акт үйлдсэнийг  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар захирамжийн дагуу Ойн судалгаа хөгжлийн төвөөс томилогдсон шинжээч нар шинжээчийн дүгнэлтдээ “Моностой ам” гэх газарт огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн моддын экологи-эдийн засгийн үнэлгээг 55.614.720 төгрөг  гэж ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтй тэнцэх хэмжээ нь 166.844.160 төгрөг гэж тогтоосон, мөн “Элстэйн ам” гэх газарт  зөвшөөрлийн баримт бичиг гэрээг зөрчиж огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн экологи эдийн засгийн үнэлгээг  164.966.472 төгрөг гэж ойн санд учирсан хохирлыг ойн  экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 494.899.418 төгрөг гэж тогтоосон боловч зөвшөөрлийн баримт бичиг гэрээ зөрчиж огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ нь 550.514.138 төгрөг гэж бичилтийн алдаа гаргасан байх тул шүүх тус дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хуульд заасан үүргээ биелүүлээгүй Ойн болон Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж учруулсан хохирол 619.852.459 төгрөг 80 мөнгөний нөхөн төлбөрийг гаргуулж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн акт нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.4.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.2, 42.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1-д заасныг тус тус баримтлан “Шинэ Бадрах” ХХК-ний гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0033530 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуудлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.БУРМАА