Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж” ХХК--д холбогдох

 

43 219 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Г.Ө

Хариуцагчийн өмгөөлөгч Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- би барилга угсралтын “Ж” ХХК- -д 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгын инженерээр ажилд орж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. “Ж” ХХК- нь “М 3 к” ХХК болж өөрчлөгдөхөд би 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барилгын инженерээр томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр халагдсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ж” ХХК--ийн ерөнхий инженерээр томилогдож 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан болно. Би өөрийн үндсэн ажлын зэрэгцээ “Ж” ХХК--тай хэлцэл байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Л г” ХХК--ийн захиалгатай 54 айлын, үйлчилгээ бүхий 9 давхар, 2 блок барилгын карказ угсралтын ажлыг З.А, Т.Г, Д.Д, М.Ж, Э.М, Б.О, О.С, Ё.С, Э.Т, О.Х зэрэг мэргэжлийн ажилчдаар бригад зохион байгуулж 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Энэхүү барилга угсралтын ажлын хөлс нийт 96 515 460 төгрөгөөс би 2014 оны 6 дугаар сард 1 000 000 төгрөг, 7 дугаар сард 16 260 000 төгрөг, 8 дугаар сард 10 000 000 төгрөг, 9 дүгээр сард 15 000 000 төгрөг, 10 дугаар сард 5 000 000 төгрөг нийт урьдчилгаа 47 610 000 төгрөг бэлнээр авсан. “Ж” ХХК- надаас 7 742 535 төгрөгийн суутгал хийж 55 352 535 төгрөгийн тооцоо хийгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Ж” ХХК--ийн санхүүгийн нягтлан бодогч М.Д миний карказ угсралтын гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахад би 41 162 925 төгрөгийн авлагатай гарсан юм. “Ж” ХХК- 2014 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд ажилчдын орон сууц барих зорилгоор миний цалингаас 1 556 700 төгрөг суутгасан болно. “Ж” ХХК--тай 1 м.кв талбайн цутгалтын ажлыг 40 500 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож “Л г” ХХК-ийн захиалгатай 54 айлын барилгын карказ угсралтын ажлыг манай бригад хийсэн. Барилгын зоорийн давхарт карказны 801 м.кв, 1 давхарт 801 м.кв талбай бүхий цутгалтын ажил хийж 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Л г” ХХК--ийн талбайн инженер Ц.Б-т хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Мөн барилгын 2 дугаар давхрын карказны 878 м.кв, 3 дугаар давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр инженер Ц.Б-т ажил хүлээлцсэн актаар хүлээлгэн өгчээ. Барилгын 4 дүгээр давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр инженер Ц.Б-т хүлээлгэн өгсөн байна. Мөн барилгын 5 дугаар давхарт 116 м.кв талбайн ажил хийснийг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Л г” ХХК-ийн инженер Ц.Б хүлээлгэн өгч нийт 3,884 м.кв талбайн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн. Манай бригад 3,884 м.кв*40 500 төгрөг=157 302 000 төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 43 219 625 төгрөгийг “Ж” ХХК--аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК--д холбогдох Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан хариуцагч талын зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус компанид Д овогтой Б нь Ерөнхий инженер албан тушаалд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж 69 709 500 төгрөгийн бараа материалыг өөртөө завшиж мөн эдгээр бараа материалаа түрээслэнэ гэж авсан бөгөөд одоог хүртэл манай компанид мөнгө төлөөгүй, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 58 029 200 төгрөгийн төлбөрийн хохирол учруулж ажлаас шалтгаангүй гарсан, үүнтэй холбоотой арга хэмжээг бид 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №30 тоот албан өргөдлөөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулж үүнтэй холбоотой хэрэг үүсэн энэ хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа бөгөөд өөрийн гаргасан нэхэмжлэлдээ цагдаагийн газар шалгуулж байгаа гэдгээ дурдаагүй байсан. Мөн энэ хэрэгтэй холбоотой санхүүгийн баримтууд болон ажилд орсон болон гарсан тушаал зэргийг эх хувиар нь хавсарган өгсөн байгаа. Д.Б-ийн гаргасан нэхэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07759 тоот захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК--аас 43 219 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 371 550 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 19 000 төгрөг, нийт 390 550 төгрөгийн 387 198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 352 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Д.Б- нь “Ж” ХХК--д холбогдуулж 43 219 625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Л г” ХХК--ийн захиалгатай 54 айлын, үйлчилгээ бүхий 9 давхар, 2 блок барилгын карказ угсралтын ажил хийж гүйцэтгэх хэлцэл гэрээний үүрэг юм.

2.Нэхэмжлэгч Д.Б- нь “Ж” ХХК--тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байсан нь:

-хэргийн 5-8 талд / нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингаас суутгал хийсэн баримт үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан, цалингаас суутгал хийсэн байдал нь 2014 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн, нягтлан тооцоо гаргахдаа 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гаргасан, ажлын гүйцэтгэлийн хувиар нэгжийн нийт үнэ гэж гаргасан, ажлын хувцасны үнийг суутгасан байдал /,

-хэргийн 38-46 дугаар талд ажил хүлээлцсэн акт зэрэг баримт удаа дараа байгууллагад өгч байсан шаардлага, өргөдөл зэрэг баримт,

-хэргийн 68 дугаар талд ажил гүйцэтгэх гэрээ үүнд: ажил гүйцэтгэх хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 2 дугаар улиралд байгаа, ажлын үнэлгээ 1м2 ажлыг 850 000 төгрөгөөр бодож тооцсон мөн гэрээний 9.1-д туслан гүйцэтгэгч ажлуулж болохоор тохиролцсон.

-хэргийн 97 дугаар талаас 102 дугаар талд нэхэмжлэгчийн тайлбар хамт ажиллаж байсан ажилчдын тодорхойлолт, удаа дараа өгч байсан шаардлага үүнд: дээрх гэрчүүд нь нэхэмжлэгчийг “Ж” ХХК--д ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтарч байсан гэдгийг гэрчилдэг.

-хэргийн 193-203 дугаар талд байгаа гэрчүүдийн мэдүүлгээс мөн дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болох талаар мэдүүлдэг. Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Д.Б- нь ажил хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлсөө аваагүй үлдэгдэлтэй байгаа гэдгийг нотлон харуулж байна. Баримтууд нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоно. Бодит байдал болоод шударга үнэн нь хэзээ ч хөдлөшгүй нотлох баримт билээ.

3.Шүүхээс шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн үүнд шинжээч нь нэхэмжлэгч Д.Б- нь дээрхи барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар гаргасан дүгнэлт, тайлбар бусад баримтыг үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх суурь зарчим алдагдаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагад суутгуулсан цалин хөлс 1 556 700 төгрөг гаргуулах тухай шаардлагын агуулга байдаг. Дээрх шаардлагын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шийдвэрт дурьдаагүй нь шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчим алдагджээ.

5. Хэрэгт Д.Б- би Г.Ө, Б.З нарыг өмгөөлөгчөөр оролцуулахаар гэрээ байгуулж гэрээгээ хэрэгт өгсөн боловч өмгөөлөгч Б.З-д хэргийн материал танилцуулаагүй мөн хэргийг оролцогчдын хувиар шүүх хуралдаанд оролцуулаагүй, эрх үүрэг нөлөөлийн мэдүүлэг танилцуулаагүй байна. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мөн бусад гэрч оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломж олгоогүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Би 2014 онд “Ж” ХХК--д инженерээр ажиллаж байхдаа тус компанийн удирдлагатай ам хэлцэл байгуулан “Л г” ХХК--ийн захиалгатай барилгын карказ угсралтын ажлыг бригад зохион байгуулан хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын нийт хөлс нь 96 515 46 төгрөгөөс урьдчилгаа 47 610 000 төгрөг бэлнээр авсан. Одоо барилгын ажлын хөлсний үлдэгдэл 43 219 625 төгрөг аваагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би шинжээч томилуулж өөрийн бригадын хийсэн барилгын угсралтын ажлын хэмжээ үнэлгээг тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтэд манай бригадын хийсэн ажлыг 43 412 077 төгрөг гэж тооцсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан 42 719 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, 2017 оны 7 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 43 219 625 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч Д.Б- нь тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус компанийн “Л г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хариуцсан талбайн инженер байсан бөгөөд тэрээр ямар нэгэн бригад зохион байгуулж ажил гүйцэтгээгүй, нэхэмжлэлд дурдсан ажилчид нь бүгд “Ж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан ажилчид бөгөөд тусад нь ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлажээ./хэргийн 208-216 дугаар тал/

 

“Ж” ХХК- болон “Л г” ХХК-ийн хооронд 2014 оны 4 сарын 01-ний өдөр АГГ-137/14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ж” ХХК- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй доороо үйлчилгээний талбайтай 56 айлын 2 блок 9 давхар орон сууцны ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 2 дугаар улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцжээ./хэргийн 68-72 дугаар тал/

 

Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч Д.Б- нь “Л г” ХХК-д ажил хүлээлгэж өгөхдөө “Ж” ХХК-ийг төлөөлж цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт нэртэй баримтуудад гарын үсэг зурсныг хариуцагч “Ж” ХХК-д нэхэмжлэгч ажил хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх боломжгүй. Энэ нь нэхэмжлэгчээс “Ж” ХХК-тай ажил хүлээлцсэн акт биш юм. Дээрх компаниудын хооронд байгуулагдсан гэрээнд, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх талаар тохиролцоогүй байна. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Ж” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлан, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 40-43, 94-96, 130-175 дугаар тал/

 

“Ж” ХХК- болон “Л г” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 98 746 612 төгрөг гэж тогтоож, нэхэмжлэгчийн авсан 55 352 535 төгрөгийг хасаж, үлдэх цалин, хөлс 43 412 077 төгрөг гэж тооцсон нь нэхэмжлэгч хариуцагчтай хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан үндсэн ажлаасаа тусад нь хэлцэл хийж, хөлс тохиролцон гүйцэтгэсэн гэдгийг нотлох баримт болохгүй талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг шинжээчийн дүгнэлтээр нотлохгүй.

 

Шүүхэд гэрч Э.М нь нэхэмжлэгч Д.Б-ийг хариуцагч “Ж” ХХК-тай гэрээ байгуулж ажил авсан гэх мэдүүлгийг өгсөн боловч уг мэдээллийн эх сурвалжийг Д.Б-өөс авсан гэж мэдүүлдэг, тухайн үед “Ж” ХХК-ийн ерөнхий инженер, зөвлөх инженерээр ажиллаж байсан гэрч Ч.Ц нь Д.Б- “Ж” ХХК-тай үнэ тохирч ажлыг гүйцэтгэсэн гэх мэдүүлэг өгсөн боловч Ж ХХК-тай гэрээ хийх төсөл явж байсан, үнэ ярьж байсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн болон мэдээлийн эх сурвалжийг хэрхэн олж авсан зэрэг нь тодорхойгүй байх тул “Ж” ХХК- нь Д.Б-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн нөхцөл байдал эргэлзээгүй, үнэн зөв баримтаар хангалттай нотлогдоогүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно./хэргийн 199-203 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгч Д.Б- нь “Ж” ХХК-тай үндсэн ажлынхаа зэрэгцээ барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх хэлцэл байгуулсан, улмаар уг ажлыг гүйцэтгэхийн тулд бригад болон зохион байгуулалтад орж ажилласан гэх этгээдүүдтэй хэлцэл хийсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлд дурьдсан нэр бүхий хүмүүс нь хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан нь хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлан, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэдгээр хүмүүсийг нэхэмжлэгч нь өөрөө бригад болгон зохион байгуулж, хөлс төлөн барилгын ажил гүйцэтгүүлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- болон “Ж” ХХК- нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ямар ажлыг хэний материалаар, хэдий хугацаанд, ямар хэмжээний хөлстэйгөөр гүйцэтгэж, хэзээ, хэрхэн хүлээлгэн өгөх зэрэг ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч байгууллагын нягтлан бодогч М.Д-ын үлдэгдэл төлбөр 41 162 925 төгрөг гэсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн тооцооны баримтыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх хөлс гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 8, 123 дугаар тал/

 

Түүнчлэн дээрх баримтыг үйлдсэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцно.

 

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, мөн оны 7 дугаар сарын 30-ны өдөр 43 219 625 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс гэж тайлбарласан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой цалин хөлснөөс суутгасан 1 556 700 төгрөг гэж шаардаагүй байна./хэргийн 30, 38-39 дүгээр тал/ Мөн энэ талаарх шаардлагыг шүүх хуралдааны үед гаргаагүй./хэргийн 208-216 дугаар тал/ Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г.Ө, Б.З нартай өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийн оролцогч нарт эрх үүргийг нь тайлбарлан хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна./хэргийн 13, 20, 21-22, 32, 74, 113, 178, 205, 206, 208-216 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Ө-ийн хамт оролцсон байх бөгөөд шүүх хуралдааны ирцтэй холбоотой хүсэлт гаргаагүй болох нь тэмдэглэлд тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Б-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.М

 

                                          ШҮҮГЧИД                         А.О

 

                                                                                    С.Э