| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/01087/и |
| Дугаар | 102/ШШ2020/01620 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2020/01620
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 5 дугаар хороо, 00Б байранд байрлах, “Ш-Ө” СӨХ /РД:0000000ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 5 дугаар хороо, 00Б байрны 83 тоотод оршин суух, Б-ийн Н- /РД:ЗЮ0000000/-д холбогдох,
1,824,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш-Ө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” СӨХ нь Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 00Б байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус, бохир ус түгээлтийн цахилгааны шугам хамгаалж, шинэчлэх, засварлах, орц хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган ажиллаж байна. Харин манай холбоонд хамаарах 00Б байрны 8 тоотод оршин суух Б.Н нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлдэггүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавихад үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагаа доголдох үндэслэл болоод байна.
Хариуцагч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх нийт 24 сарын төлбөр 1,224,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч Б.Нээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн үндсэн төлбөрт 1,224,000 төгрөг, мөн Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 24 дэх хэсэгт зааснаар оршин суугч нь ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу 600,000 төгрөгийг нэмж нийт 1,824,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Холбогдох хууль тогтоомж болон Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заагдсанаар бидэнд ашиглалт, үйлчилгээний зардлаас хасах, чөлөөлөх эрх байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дах хэсэгт заагдсан үүргээ биелүүлдэггүй. 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа удирдах зөвлөлдөө болон оршин суугчиддаа тайлангаа тавьдаггүй. Миний хувьд “Ш” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд өөрт олгогдсон эрхийн дагуу ажлаа тайлагнахыг удаа дараа шаардсан ч хүлээж авдаггүй. Аргаа бараад санхүүгийн баримтаа гаргаад өг би тайлан тооцоог чинь хийгээд, оршин суугч болон удирдах зөвлөлд тайлагная гэдэг санал гаргасан. Ингээд уг саналын дагуу 1 удаа баримтуудаа гаргаж өгөхөд юунд зарлагдсан нь мэдэгдэхгүй маш олон тамга тэмдэгтэй зарлагын баримт байсан. Ингээд ямар учиртай юунд зарцуулсан талаар асуухад тодорхой хариу хэлэхгүй болохоор нь та ингэж ажлаа хийж болохгүй энэ мөнгө чинь оршин суугчдын мөнгө, хэрэгтэй зүйлд нь зарцуулах ёстой гэж шаардлага тавьснаас болж надад өс хонзон санаж, тааралдах болгондоо муухай харж хашигчиж загнадаг болсон. Манай байрны орц, хонгил, граж, давхруудын цэвэрлэгээ муу, жижүүр үйлчлэгч нараар удаа дараа архины хамааралтай хүмүүс ажиллуулж, оршин суугчдын тайван байдлыг алдагдуулсаар өнөөг хүрсэн. Мөн байрны лифт болон авто зогсоолын хаалга нь ашиглалтанд орсон цагаасаа хойш байнга эвдэрч гацдаг бөгөөд барилгын компанидаа асуудлаа хэлээд, лифт болон авто зогсоолын хаалга нийлүүлсэн байгууллагынх нь баталгаат хугацаа дуусахаас өмнө солиулах арга хэмжээ авахуулъя гэхэд нэг ч удаа хүлээж аваад ажил хэрэг болгодоггүй.
2017 онд цэвэрлэгээ хийдэггүй, цэвэрлэгчгүй байсан үеийнх нь цэвэрлэгээ болон үйлчилгээний төлбөрийг мөн дээр нь автозогсоолын дулааны төлбөр байрны мөнгөн дээр гарч төлөгддөг тул ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс хасдаг байсан. Ингээд 2018, 2019 онд цэвэрлэгчтэй болсон хэдий ч өмнөх жилийнхтэй ямар ч ялгаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу байдаг.
Миний хувьд ашиглалт болон үйлчилгээний төлбөрөө төлөх гэхээр Б.Баярхүү нь алданги нэрийдлээр илүү мөнгө нэхэмжилж байх тул өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байгаа. Мөн “Ш” СӨХ нь ажил үүргээ биелүүлж ашиглалт, үйлчилгээний төлбөрт хураагдсан мөнгийг үр өгөөжтэй зарцуулж ажлаа хийн, оршин суугчдад тайлангаа хууль ёсоор тавьсан тохиолдолд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш-Ө” СӨХ нь хариуцагч Б.Нэд холбогдуулан СӨХ-ны 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 24 сарын төлбөрт 1,224,000 төгрөг, алдангид 600,000 төгрөг, нийт 1,824,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ …СӨХ нь цэвэрлэгээ, үйлчилгээ муу хийдэг, үйл ажиллагаагаа тайлагнадаггүй, төлбөрт хураагдсан мөнгийг үр өгөөжтэй зарцуулдаггүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хэрэгт хариуцагч Б.Нийг Б дүүргийн 5 дугаар хороо, 00Б байрны 83 тоот байрны өмчлөгч мөн болох талаар ямар нэгэн баримт авагдаагүй байх боловч хариуцагч нь уг байрны өмчлөгч мөн болохоо болон тус байранд байрлах 2 ширхэг авто зогсоолын өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Нэхэмжлэгч “Ш” СӨХ нь Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00Б байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Б дүүргийн Засаг даргаас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 251 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул “Ш” СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Иймд хариуцагч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн “…СӨХ нь цэвэрлэгээ, үйлчилгээ муу хийдэг, үйл ажиллагаагаа тайлагнадаггүй, ...төлбөрт хураагдсан мөнгийг үр өгөөжтэй зарцуулдаггүй” гэх тайлбар нь түүнийг энэхүү үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нь 2018 онд 119,250 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
Хэрэгт “Ш” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 айлаас 25,000 төгрөг, нэг гражаас /авто зогсоол/ 13,000 төгрөгийг тус тус хураахаар шийдвэрлэжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нээс сарын 51,000 төгрөгөөр тооцон 24 сарын төлбөрт 1,224,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин СӨХ-ны төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэн алдангид 600,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Талуудын хооронд алданги тооцох талаар ямар нэгэн бичгээр хийгдсэн гэрээ байхгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нээс 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 24 сарын СӨХ-ны төлбөрт 1,224,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 600,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Нээс 1,224,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 600,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжинд 33,926 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА