| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03592/И |
| Дугаар | 102/ШШ2021/03353 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/03353
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03353 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух ........ овогтой .........гийн ......... /РД: ........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ гудамж, өөрийн байранд байрлах, ......... ТӨХК /РД: ........../-д холбогдох,
Албан татварт суутгасан 3,515,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.......... нь 1985 оны 2 дугаар сард ...........ад арматур, шугам хоолойн засварчнаар ажилд орж, тасралтгүй 32 жил 5 сар ажиллаад Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. С.......... өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 35,157,331 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор ...........ын захиргаа шийдвэрлэсэн.
...........аас нэг удаагийн тэтгэмжийг С..........ын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар ........ ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.
Хариуцагч ......... ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.......... нь ...........ад 34 жил 4 сар ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/431 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. ........... ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-т заасны дагуу С..........ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 35,157,331 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны 60 нас хүрсэн үед тэтгэмж олгоно гэж заасан байдаг учир бид 10 хувийн татварыг суутгаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн. С..........од олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутгасан мөнгө нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд байгаа учир Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.......... нь хариуцагч ......... ТӨХК-нд холбогдуулан албан татварт суутгасан 3,515,733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
......... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/439 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн цахилгаан цехийн хуваарилах байгууламж, кабель шугамын засвар угсралтын цахилгааны монтёр .........гийн .........ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, С..........ын Эрчим хүчний салбарт ажилласан 34 жил 04 сард ногдох 35,157,332 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч ......... ТӨХК-аас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн С..........од тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай нийцжээ.
Талууд олгосон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй. Харин тогтоосон тэтгэмжээс албан татвар суутгасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ......... ТӨХК-аас нэхэмжлэгч С..........од нэг удаагийн мөнгөн тэтгэмж 35,157,332 төгрөг олгохдоо тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 3,515,733 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 31,641,598 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга /хэргийн 5 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.
......... ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.
Мөн хариуцагч ......... ТӨХК-аас орлогын албан татварт суутгасан 3,515,733 төгрөгийг холбогдох татварын албанд шилжүүлсэн нь уг мөнгөн хөрөнгийг олгохоос татгалзах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгогдсон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй, харин тэтгэмжээс албан татвар суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэхээр байна.
Иймд ......... ТӨХК-аас тэтгэмжээс албан татварт суутгасан 3,515,733 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С..........од олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан хариуцагч ......... ТӨХК-аас 3,515,733 /гурван сая таван зуун арван таван мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С..........од олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С..........оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 71,202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ