Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03588

 

2020 оны 12 сарын 22 өдөр                             Дугаар 102/ШШ2020/03588                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байрлах, “Ж ” ХХК /РД:5838541/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*** тоотод оршин суух,*** овогт ***ийн Б /РД:*** /-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 8,293,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү, иргэдийн төлөөлөгч Ц.Ж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 21 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн баруун талын замд Тоёота чейзер /Toyota Chaser/ маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөний улмаас замаас гарч манай компанийн өмчлөлийн 287 дугаартай “Д ” нэртэй автобусны зогсоолын саравчийг мөргөж, компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Бид өөрт учирсан хохирлыг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “*** ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. “*** ” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээрх хохирлын үнэлгээг 7,981,000 төгрөгөөр тогтоосон. Ч.Б нь тээврийн цагдаад дуудлага өгч, тухайн зам тээврийн осол гарсан байршилд үзлэг, хэмжилт хийлгэсэн бөгөөд хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон бусад баримтаар иргэн Ч.Б ы буруутай үйлдэл болох нь тогтоогдсон байдаг. Гэсэн хэдий ч тэрээр хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож манай компанийн эд хөрөнгөд учруулсан хохирол болох хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 7,981,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 312,770 төгрөг, нийт 8,293,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чинзориг овогтой Б миний бие автобусны буудал мөргөсөн нь үнэн. Мөн автобусны буудлыг төлөх нь миний өөрийн ёс зүйн хэрэг тул өөрийн боломж бололцоогоороо цуглуулан төлж барагдуулах хүсэлтэй байна. Тус буудлын хоёр шилэн хавтас, дээврийн хэсэг гэмтээгүй тул түүнийг ашиглаж загвар, хийц сайтай бат бөх хийцтэйгээр гүйцэтгэх хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Гэмтэл Согог судлалын үндэсний төв”-ийн баруун талын замд Тоёота чэйзер” /Toyota Chaser/ маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөний улмаас замаас гарч 287 дугаартай, “Д ” нэртэй автобусны зогсоолын саравчийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, “Ж ” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх дүгнэлт хийсэн 123 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Тээврийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан байна.

 

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заасан байдаг.

 

Хариуцагч Ч.Б нь түүний буруутай үйлдлээс шалтгаалан уг осол гарсан тал дээр маргаагүй, зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлснээс үзэхэд тэрээр дээр дурдсан осол гарсан болон ослын шалтгаан нь түүний буруутай үйлдлээс болсон тал дээр маргаангүй байна.     

 

Аливаа тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртайг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заажээ.

 

Нэгэнт хариуцагчийн буруугаас шалтгаалж дээр дурдсан зам тээврийн осол гарсан учир нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсжээ. 

 

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Ч.Б д холбогдуулж 8,293,770 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруугаас шалтгаалж манай компанийн өмчлөлийн автобусны буудлын шилэн самбар, хогийн саванд хохирол учирсан. Иймд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 7,981,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 312,770 төгрөг, нийт 8,293,770 төгрөгийг  хариуцагчаас шаардах эрхтэй” гэж тайлбарласан. 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт “*** ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 230 тоот “Ж ” ХХК-ийн эзэмшлийн автобусны зогсоолын гэрэлт самбар /сүүдрэвч/ болон хогийн саванд учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээний тайлан, мөн уг үнэлгээ хийлгэхэд төлсөн гэх 312,770 төгрөгийн төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “...үнэлгээ хэт өндөр байна, ...буудлын хоёр шилэн хавтас, дээврийн хэсэг гэмтээгүй тул түүнийг ашиглаж загвар, хийц сайтай бат бөх хийцтэйгээр өөрөө засварлаж өгөх хүсэлтэй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарласан.

 

Дээр дурдсанчлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.

 

Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн бичгийн баримтыг үгүйсгэсэн, өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.

 

Ийм учраас “*** ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 230 тоот “Ж ” ХХК-ийн эзэмшлийн автобусны зогсоолын гэрэлт самбар /сүүдрэвч/ болон хогийн саванд учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүнгийн хэмжээгээр буюу 7,981,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Харин нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн үнэлгээ хийлгэхэд төлсөн 312,770 төгрөгийн төлбөрийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 312,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Б аас 7,981,000 төгрөгийг гаргуулан “Ж ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 312,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Ч.Б аас 142,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ХАНГАЛ

 

                           ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА

 

                                                                                       Ч.МӨНХЦЭЦЭГ