Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1158

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч С.Б******үү нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0069 01214 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М******л овогт С*****уугийн Б******үү, М******л Улсын иргэн, Архангай аймгийн Ихтамир  суманд 1966 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, суух боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *****************оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******үү нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ********** толгойн задгай тоотод байх хохирогч С.М******гийн зуслангийн хашааг эвдэж, өөрийн 19 тооны адууг өвс идүүлэх зорилгоор оруулж орхисны улмаас хохирогчийн тарьж ургуулсан олон тооны модыг адуу нь хугалж гэмтээсний улмаас 6.456.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо,  ******* толгойн 5 дугаар гудамжны 01 тоотод оршин суух шүүгдэгч С.Б******үү нь өөрийн өмчлөлийн 19 тооны адууг өвс идүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд иргэн С.М******гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хэсэгт гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар олгосон хашаалсан газрын төмөр утсаар холбосон 17 дахь дай хэсгийг тайлж адуугаа оруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагч болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...“Сонгинохайрхан дүүргийн ********** толгойн баруун талын иргэн С.М******гийн эзэмшлийн хашаанд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үл таних хүн хашаа эвдэж мал оруулан олон тооны мод хугалж гэмтээсэн байна” гэх гомдол (хавтаст хэргийн 05 дахь тал),  

- Хохирогч С.М******гийн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн ****** толгойн задгай тоотод лагерийн байшинтай. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхрийн хамтаар очиж шалгахад манай хашааны урд талын хэсгийг эвдэж мал оруулсан байдалтай байсан бөгөөд дотор нь байсан олон тооны модыг эвдэлж гэмтээсэн байдалтай байсан. ...Гадаа байсан 2 хяналтын камерыг шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл адуу байлгасан байсан. Яг оруулсан газарт бол камер тусаагүй байсан. ...Манай хайсан хашааны нэг хэсгийн гагнуурыг нь салгаж хаалга болгон ашигласан байсан. ...Дотор нь байсан олон тооны мод гэмтсэн бөгөөд яг тоо ширхгийг нь гаргаагүй байгаа. Манайх хашаандаа нийт 600 ширхэг мод тарьсан бөгөөд чацаргана, хайлаас, мойл, монос, гацуур зэрэг модыг тарьж ургуулсан. ...эвдэлсэн модныхоо тоог гаргаж байж хохирлоо шийднэ. Модыг 2-3 жил дунджаар арчилж тордсон байгаа. Харин хашааны нэг хэсгийг бол 55.000 төгрөгөөр хийлгүүлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч Б.У****лын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо... ********** баруун талд байрлах зуслангийн хашаа байшингийнхаа ...хяналтын камерыг үзтэл манай зуслангийн хашаа руу нийт 19 тооны адуу орсон байхаар нь үдээс хойш 15 цагийн үед эхнэр М******гийн хамт ...зуслангийн хашаа байшин дээрээ ирээд харсан чинь тухайн адуунууд манай хашаанаас гарчихсан байсан. ...манай хашаан дотор байсан моднуудыг тухайн адуунууд нь хугалж, гэмтээж, зарим моднуудын мөчрийг идчихсэн байсан. Тэгээд тухайн гэмтсэн моднуудаа тоолж үзэхэд нийт 150 ширхэг мод гэмтсэн байсан. ...хяналтын камераа хянаж үзэхэд тухайн адуунууд нь хар азаргатай, алаг гүүтэй нийт 19 тооны адуу манай хашаа руу орсон байсан. ...камерын бичлэгээ ухрааж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэг үл таних 45-55 орчим насны эрэгтэй хүн манай сараалжин төмөр... хашаануудын дай бүрийг татаж үзэж дээшээ алхаж явж байгаад хаалганаас дээшээ 17 дахь хашаа (дайг) эвдэлж онгойлгоод адуунуудаа оруулчхаад тухайн хашааг төмөр утсаар боосон байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

С.Б******үү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд

- гэрчээр өгсөн: “...манай адуунууд нэг эзгүй айлын хашааны гадаа зогсож байхаар нь яваад очтол тухайн айлын эзгүй хашаа нь цасан дотроо өвс сайн байгаа харагдаад байхаар нь энэ айлын хашаа руу оруулаад хэд хоног өвс идүүлж байгаад гаргая гэж бодоод ...тухайн хашааны төмөр утсаар холбосон байсан нэг төмөр дай хашааных нь төмөр утсыг тайлж байгаад адуунуудаа оруулсан. ...5-7 хоногийн дараа ...өөрийн адуунуудаа оруулсан байсан хашаанаас хэдэн адуу нь гараад... харин үлдсэн адуу нь тухайн хашаанаас гарж чадахгүй дотор нь зогсож байхаар нь хөөж гаргаад хашааных нь онгорхой байсан хэсгийг буцаагаад төмөр утсаар ороож холбоод орхисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

- яллагдагчаар өгсөн: “..********** баруун талд байрлах эзэнгүй хүнгүй хашаа байсан бөгөөд тухайн хашаа нь өвс ихтэй мал идэнгэтэй хашаа байсан. Тэгээд би тухайн хашаа руу 12 цагийн үед… малаа өвс идүүлэхээр… болсон ба тухайн хашааны хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би тухайн хашааг тойроод урд талын хашаа руу нь очиход төмөр утсаар бэхэлчихсэн хашааны хэсэг байхаар нь би тухайн төмөр утсыг нь салгаад хашааг онгойлгож 19 адуугаа оруулсан юм. Тухайн хашаанд… янз бүрийн жижиг моднууд байсан бөгөөд манай адуунууд өвс идэж байхдаа тухайн моднууд дээр явж гэмтээсэн байх гэж бодож байна. Тэгээд манай адуунууд өвсөө идчихээд би адуунуудаа буцаагаад гаргаад явсан ба би төмөр утсыг нь боочхоод явсан. …Тухайн айлын хашаа их зэрлэгтэй өвстэй байсан бөгөөд би малаа идүүлэх гэж тухайн айлын хашаа руу оруулсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт дүрслэгдэж байна.

 

Харин улсын яллагчаас шүүгдэгч С.Б******үүг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар

  • Хохирогч С.М******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч Б.Ургамалын мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9383 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-37 дахь тал),

- Яллагдагч С.Б******үүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

- Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал),

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б******үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгчийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн…” байхаар тодорхойлсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцогддог.

Түүнчлэн Эрүүгийн эрх зүйн онолд аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг гэмт хэргийн объект, объектив тал, субъект, субъектив талын шинжээр тодорхойлж, эдгээр шинжийн нийлбэр нь гэмт хэргийн бүрэлдэхүүн болно. Гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинж нь дангаараа бус бие биетэйгээ харилцан уялдаатай байна гэж заасан байдаг.

Гэтэл шүүгдэгч С.Б******үүгийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх шинжээс  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн...” субъектив талын гэм буруугийн шууд санаатай тодорхойлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хууль бус...” шинжийг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б******үүгийн үйлдэлд хашааны төмөр утсыг салгасан гэх хууль бус шинж тодорхойлогдохоос бус тус хашаанд байсан модыг устгаж, гэмтээх санаа зорилго тодорхойлогдохгүй байна.

Мөн тэрээр тус хашааны төмөр утсыг салгаж адуугаа өвс идүүлэх гэж оруулсан болохоос тус хашаанд ургаж байсан модыг шууд санаатайгаар адуугаа идүүлж устгуулах, гэмтээх санаа зорилго агуулаагүй нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч С.М******г 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...олон тооны мод гэмтсэн бөгөөд яг тоо ширхгийг нь гаргаагүй байгаа...” гэсэн (хавтаст хэргийн 13-14 дэх тал) байхад “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9383 дугаартай дүгнэлтэд “...нарс 18, гацуур 78, улаан агч 13, буйлс 20, чацаргана 21...” мод гэмтсэн гэж үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч нь хэчнээн тооны мод гэмтсэн талаар мэдүүлэгтээ дурдаагүй, мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй байхад шинжээч дүгнэлт гаргасан нь хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шинжээчийн дүгнэлт 2024 оны 03 дугаар сарын 20 өдөр гарсан байхад мэдүүлгийн эх сурвалж байж болзошгүй гэрчийн мэдүүлгийг 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр авсан, мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэрэг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2408 00690 дугаараар үүссэн байхад шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр үйлдэж тогтоох хэсэгт нь 2408 00690 дугаартай хэрэгт үнэлгээ тогтоохоор даалгажээ.

Тиймээс шүүгдэгч С.Б******үүг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн, нөгөө талаар тухайн гэмт хэргийн хохирогч гэх С.М******г нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.6. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2408 0069 01214 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тэмдэглэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төлдөр болмогц шүүгдэгч С.Б******үүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг шүүгчийг туслахад даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М******л овогт С*****уугийн Б******үүг Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 0069 01214 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.Б******үү нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б******үү нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б******үүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ