Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 116/ШШ2022/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                 Нэхэмжлэгч: Д  аймгийн Х  сумын ... дугаар багт оршин суух, иргэн Д-ын Д, Ж-ийн Э нарын нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Д аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

               Нэхэмжлэлийн шаардлага: Д  аймгийн Х  сумын -р багийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн MV-017191 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , Ж.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д  аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уугансүрэн, М.А , гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Д, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай гэр бүл 1990 оноос хойш -р багийн нутаг дэсвгэрт шилжин суурьшиж мал маллаж, ногоо тарьж амьдарч ирсэн. Одоогоос 13 жилийн өмнө 2008.03.05-нд Х  сумын -р багийн нутаг дэвсгэрт, Зүүн гэр хороолол 1-01 тоотод 091102287 нэгж талбарын хувийн дугаартай 3500 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар /3 хүний өмч/ өмчилж авсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000052650 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614004606 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас авсан. Харин Т ХХК нь MV-017191 дугаартай, 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012.10.19-ний өдөр буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 4 жилийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан байдаг. Иргэний өмчлөлийн газар дээр давхцуулан тусгай зөвшөөрөл авна гэдэг хууль бус юм. ...2019.06.05-нд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж, улмаар Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019.07.03-ны өдрийн 1/4983 тоот хариу ирсэн. Уг хариу албан бичигт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдсанаар аймгийн Засаг даргад төлөвлөгөө, тайланг ирүүлдэг, үйл ажиллагаанд хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэхээр заасан тухай дурдсан. ...Үүнээс хойш Д  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Байгаль орчны газар, Х  сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, Улсын их хурлын гишүүдэд хүртэл хандаж байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж Т ХХК-д зөрчлийг арилгуулах шаардлага өгч үйл ажиллагааг түр зогсоосон боловч лацыг дураараа авч үйл ажиллагаагаа явуулсаар байна. 2021.03.02-нд ИТХ-ын дарга, Х  сумын Засаг даргад хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Х  сумын ИТХ-ын дарга Батмөнх хурлын дэргэдэх Нутгийн удирдлага, Гадаад харилцаа, Өргөдөл гомдлын хороонд шилжүүлсэн. Өргөдөл гомдлын хороо өргөдлийг хүлээн авч зохих шалгалтуудыг хийж, Мэргэжлийн байгууллагуудаас тайлбаруудыг авч 2021.07.01-нд Х  сумын Засаг даргад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн тухай мэдэгдсэн...

               Т ХХК-ийг тусгай зөвшөөрөл авч байх үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгах, 17 дугаар зүйлийн 17.5.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, 25 дугаар зүйл Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, 26 дугаар зүйл Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа, 26.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна, 26.2.2 хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх, 26.3.3 хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх зэргийг зөрчин тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Иймд Т ХХК-ний бусдын өмчлөлийн талбай дээр давхцуулан олгосон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Д  аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ. 

               Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай гэр бүл 1990 оноос хойш -р багийн нутаг дэвсгэрт шилжин суурьшиж мал маллаж, ногоо тарьж амьдарч ирсэн. Миний бие өөрийн олон жил суурьшиж, амьдарсан газрынхаа бичиг баримтыг хөөцөлдөж, 2012.10.05-нд Х  сумын -р багийн нутаг дэвсгэрт, Дэнж 02 тоотод 2106004880 нэгж талбарын дугаартай 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, миний охин Э.Ууганбилэг мөн 2012.10.05-нд ...Дэнж 03 тоотод 2106005128 нэгж талбарын дугаартай 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Харин Т ХХК нь MV-017191 дугаартай, 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012.10.19-ний өдөр буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 14 хоногийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан байдаг. Иргэний өмчлөлийн газар дээр давхцуулан тусгай зөвшөөрөл авна гэдэг хууль бус юм. Т ХХК-ийг тусгай зөвшөөрөл авч байх үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.5.3, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 26.2, 26.2.2, 26.3.3-т заасныг зөрчин тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Иймд Т ХХК-ний бусдын өмчлөлийн талбай дээр давхардуулан олгосон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Д  аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ. 

               Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Д гийн хувьд 1990 оноос хойш 5 дугаар багт оршин сууж байгаа. 2005 онд гэр бүлийн зориулалтаар 3500м2 газрыг өмчилж авсан. Өөрсдийн амьдардаг газар дээр мэргэжлийн хүмүүс биш тухайн үеийн сумын газрын даамал “энэ танай газар гэж хэлж” газар олгосон байдаг. 2013 оноос Т ХХК хажуу талд нь газар эзэмшиж эхэлсэн. 2016 оноос хойш Т ХХК нь эрчимтэй үйл ажиллагаа явуулж, өдөр шөнөгүй чанга дуу чимээ гаргаж ажиллах болсон. Монгол Улсын иргэн бүр гэртээ тайван амгалан амьдрах, эрүүл аюулгүй амьдрах эрхээр Үндсэн хуулиар хангагдсан байдаг. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд бичиг хүргүүлж байсан. 2021 онд тухайн багт оршин суугч иргэдтэй хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Х  сумын Засаг дарга нарт гомдол гаргасан. Ингээд ИТХ-ын газраас мэргэжлийн хяналтын байцаагч нарыг тухайн газарт ажиллуулж баримтыг цуглуулж эхэлсэн. Өргөдөл гомдлын хороо нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтнуудад саналыг хүргүүлсэн байдаг. Өргөдөл, гомдлын хороо нь аймгийн Засаг даргатай шууд харилцдаг этгээд биш байна гэсэн хариуг албан бичгээр хүргүүлсэн байгаа. Энэ албан бичгийн хариу нь тодорхой бус байна гэж үзэж байна. Иргэн Ж.Э-ын хувьд Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай газар давхцаж олгосон асуудал үүсгэсэн байдаг. Цаг хугацааны хувьд иргэн Ж.Э нь түрүүлж тухайн газрын эзэмшиж авсан байсан. Т ХХК-ийн хувьд нөхөн сэргээлт хийдэггүй учраас тухайн газарт амьдрах боломжгүй болсон. Ж.Эрдэнэбат, Д.Д  нар нь мал аж ахуй эрхэлж, ногоо тарьж амьдардаг. Хувийн мал нь Т ХХК-ийн ухсан нүхэнд унаад үхэж байсан асуудал хэд хэдэн удаа гарч байсан. Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл байгаа юм. Эрүүл ахуйн стандартаар тодорхойлсон эрүүл ахуйн бүст багтсан байна. Энэ бол хүн, малд аюул учруулж болохуйц хязгаарын хэмжээг зааж хэлж байгаа юм. Уг стандартад эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн 500 метр зайд Т ХХК хамрагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад 50 алхамын зайд тоос шороо бужигнуулж, газар ухаж үйлдвэрлэл явуулж байгаа нь харагдаж байна. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Акт тавьдаг боловч зөрчлөө арилгахгүй үргэлжлүүлэн ажлаа явуулдаг. Хариуцагч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн хариу тайлбарт төрийн албан хаагчдын хандлага нь иргэндээ биш компанид тал зассан байдалтай бичигдсэн байсан. Иргэдийн хувьд гэрчилгээний дагуу л газар эзэмшиж байгаа. Хавтаст хэрэгт 3500м2 газар, 700м2 газрын зургийг тодорхой зааж өгсөн. Хууль бусаар эзэмшиж байгаа газар байхгүй гэж хэлмээр байна. Ж.Э-ын өмчлөлийн газар нь уурхайн хилтэй давхацсан байгаа. Гэтэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиас хамаарч бид газар эзэмших эрхийг цуцлах эрхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна. Засаг дарга цуцлахгүй юм бол өөр хэн цуцлах юм бэ? Хэрэгт авагдсан материалаас харахад тусгай зөвшөөрлийг нэг биш нилээн хэдэн удаа зогсоосон байгаа. Гэтэл төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн дур мэдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Т ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлдөггүй. 2022 оны төлбөрийг 2021 онд урьдчилж төлөх ёстой байдаг. Бүр 2013 оноос хойш газрын төлбөрийг төлж байгаагүй. Аймгийн Засаг дарга, Х  сумын Засаг дарга нар эс үйлдэхүй гаргаж газрын төлбөрийг нэхэж авдаггүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ямар хууль зөрчөөд байгаа нь тодорхой бус гэж бичсэн байна. Энэ бол иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа хэлбэр шүү. Ингээд маш олон үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлага байна. 2009 онд тусгай зөвшөөрөл олгогдсон гэж хэлээд байх юм. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. 2012 онд тусгай зөвшөөрөл олгогдсон баримт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийгээд байхад тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байна гэж хэлээд байх юм. Өнөөдрийг хүртэл мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлээгүй байна. Мөн газрын төлбөрийн талаар ярьж байна. Газрын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь аймгийн Засаг дарга биш, сумын Засаг дарга юм. Д.Д гийн хувьд 141 тоот захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн. Гэрчилгээн дээр 3500м2 газар гэж бичигдсэн зөрчилтэй этгээд юм. 2800м2 газрыг ногоо тарих зориулалттай гэж үзсэн. Ер нь бол зөрчилтэй газар эзэмшиж байгаа. Т ХХК-ийн эзэмшлийн газар дээр сүүлд Ж.Э-д давхцуулж газар олгосон байгаа, мөн газрын төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг нь өөр өөр ойлголт энэ хэрэгт газрын төлбөрийн асуудал хамааралгүй гэв.

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2005 оны 141 дүгээр захирамжаар иргэн Д.Д  болон хамтран өмчлөгч нарт 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон, өмчлөлийн газарт бусдад ямар нэг хэмжээгээр давхцуулан газар олгоогүй. Учир нь Д.Д  нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлэлгүйгээр дур мэдэн, эрх бүхий Засаг даргын шийдвэргүйгээр өөрийн өмчлөлийн газар дээрээ хууль бусаар 28427 м2 газрыг илүү ашиглаж байгаа талаарх тайлбарыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас албан бичгээр ирүүлсэн. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009.11.24-ний өдрийн 977 дугаар шийдвэрээр Х  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д олгосон, үүний дараа геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 2012.10.19-ний өдрийн 735 дугаар шийдвэрээр тухайн газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Ашигт малтмалтай холбоотой харилцааг 2014 оноос эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж, түүнтэй холбоотой шийдвэрийг гаргах асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах болсон.  Газрын давхцал шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах гэдэг нь хоёр өөр төрлийн асуудал. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг дурдсан байдаг ба газар давхацсан асуудлын талаар дурдсан зүйл байхгүй. Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Бид өөрсдөө хуульд үндэслэж, зорилгодоо нийцсэн байх шийдвэрийг гаргах ёстой. Өргөдөл, гомдлын хорооноос аймгийн Засаг даргад албан бичиг ирсэн. Аймгийн Засаг даргатай шууд харилцах эрх бүхий этгээд биш гэдгийг тайлбарлаж хэлсэн. Албан бичгийн хариунд хуулийг тодорхой дурдсан байгаа. Нэг бол иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар, эсвэр Хурлын даргаар дамжуулж харилцах ёстой юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, газар давхацсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яг ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж юуг нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна. Мөн нэхэмжлэл дээр газар давхацсан тул тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд шүүхээр далайлгаж Т ХХК-ийг дарамтлах гээд байгаа юм шиг санагдаж байна. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасныг ярьж байна. Энэ тайлбарыг нотлох баримт байхгүй байна. Ямар эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэнд муудаж байгааг нотлоод байгаа юм бэ? Нэхэмжлэгч нар нь тухайн газар Т ХХК-ийн газартай давхцаад байгаа болохоор хэцүү байна. Давхцлыг арилгаад өгөх юм бол сайхан амьдрах гээд байгаа юм шиг зүйл хэлээд байх юм. Т ХХК нь 2009 оноос хойш тухайн газрын эзэмшиж, ашиглаж байгаа юм. Тухайн үед л өөрийнх нь эрх нь зөрчигдөж байгааг мэдэж байсан. 13 жилийн хугацаанд хаана ямар гомдол гаргаж явсан юм бэ? Гэнэт өнөөдөр давхацсан юм шиг зүйл яриад байх юм. Газар давхацлаа гээд тусгай зөвшөөрлийг хурааж авна гэсэн зүйл байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж болохгүй. Хэн нэгэн этгээд төрийн захиргааны албан тушаалтан ч юм шиг, эрх бүхий алба хаагч ч юм шиг хэн нэгэн хүний төлөөлөгчөөр орж ирчихээд ингэж хэлээд байж болохгүй гэв.

                Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн ашиглаж буй талбай нь Ж.Э, Д.Д  нарын эзэмшиж буй газартай давхцаж байгаа эсэхийг шалгуулсан. Ингээд Ж.Эрдэнэбатын хувьд давхцаж байгаа нь тодорхой болсон. Тиймээс анх нэхэмжлэл гаргах эрхтэй болсон гэж ярьж байна. Нэхэмжлэл гаргахын тулд эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байх ёстой. Эрүүл аюулгүй орчин гэж ярихаас илүү газраа өмчлөх эрхийг ярих ёстой мэт санагдаж байна. Давхцаж байгаа газрын хэсэг дээр л эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Эс үйлдэл байна гэж үзэж гомдол гаргасан байгаа. Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ч гэсэн эс үйлдэхүйн улмаас гаргана. Захиргааны байгууллага асуудал шийдвэрлэхгүй орхисон тохиолдолд эс үйлдэхүй болно. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах нэхэмжлэлийг Засаг даргад хандаж гаргасан байна. Эс үйлдэхүй байхгүй учраас хууль бус хууль ёсны гэх зүйлийг ярих ч шаардлага байхгүй байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн байхыг тодорхойлно гэж заасан. Тэгэхээр бүрдүүлбэр хангагдаагүй гэж ойлгож болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэхээр эс үйлдэхүй гэдэг зүйл маань огт байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан тайлбараас харахад газрын давхцалтай, тоос шороо, дуу чимээ их гаргадаг, актын шаардлага хангадаггүй, газрын төлбөр төлдөггүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч нар болон 5 дугаар багийн иргэдийн дунд ямар нэг хууль зөрчсөн, алдаа гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж ойлгоод байна. Энэ бол буруу юм. Тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Аймгийн Засаг даргад байдаг. Үүнд 4 үндэслэл л дурдаж өгсөн байгаа. Цуцлах үндэслэлд огт хамаарахгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Жил бүрийн төлбөрийг өмнөх жилд нь төлж явдаг. 2021 оны төлбөрийг 2020 онд, 2022 оны төлбөрийг 2021 онд тус тус төлсөн байгаа. Энэ талаар нотлох баримт хавсаргагдсан. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэг зүйлийг мөн гаргаж байна. Тэгвэл эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарсан байх ёстой байдаг. Гол үндэслэлүүд нь бүрэн няцаагдаж байна. Хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Д.Д , Ж.Э нар нь тус шүүхэд “...Х  сумын -р багийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн MV-017191 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

           Дээрхи нэр бүхий иргэд нь анх тус шүүхэд тус тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар нэгтгэсэн.[1]

               Д  аймгийн Засаг даргын 2005 оны 141 дүгээр захирамжаар Д.Д  болон түүний хамтран өмчлөгч нарт 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, гэрчилгээ олгогджээ.[2]

              Мөн Д  аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжаар Д овогт Ж-ын Э-д Х  сумын .. дугаар баг Д-ийн .. тоотод 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, 2012 оны 10 дугаар сарын 5-нд газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.[3]

            Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... Т ХХК нь MV-017191 дугаартай, 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012.10.19-ний өдөр буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 4 жилийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан, нэхэмжлэгч Ж.Э мөн... Т ХХК нь MV-017191 дугаартай, 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012.10.19-ний өдөр буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 14 хоногийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан, иргэний өмчлөлийн газар дээр давхцуулан тусгай зөвшөөрөл авна гэдэг хууль бус гэж тайлбарладаг.

                 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... Т ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрхи иргэдийн өмчлөлийн газартай давхцаагүй, газрын давхцал байсан ч энэ нь тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй” гэж маргадаг.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 977 дугаар шийдвэрээр Т ХХК-д анх Х  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 15319Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[4] 3 жилийн хугацаатай олгосон, дараа нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр МV-017191 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.[5]

             Гэтэл Т ХХК нь анх 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байхад нэхэмжлэгч нар нь тус компанийн 2012 онд авсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

             Өөрөөр хэлбэл Т ХХК нь Х  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2009 оноос ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлөө аваад хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн байсан, нэхэмжлэгч нарын тухайн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө тус газар дээр хайгуулын үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Зүүн гэр хороолол 1-01 тоот хаягтай газар нь аймгийн Засаг даргын 2005 оны 141 дүгээр захирамжаар Б.Д, Д.Д , Д.Б нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн 3500 м2 газар нь Т ХХК-ийн МV-017191 дугаартай, 60.87 гектар талбайтай давхцаагүй байна. Харин Ж.Эын өмчлөлийн 700 м2, Э.У-ийн өмчлөлийн 700 м2 газар нь Т ХХК-ийн МV-017191 дугаартай, 60.87 гектар талбайтай бүрэн давхцалтай нь, мөн нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн газраас илүү газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь  тогтоогдсон.[6]

             Нэхэмжлэгч Д.Д гийн өмчлөлийн газар нь Т ХХК-ийн МV-017191 дугаартай, 60.87 гектар талбайтай давхцаагүй болох нь шинжээчийн дүгнэлт, тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Д аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2021 оны 2/683 дугаар албан бичиг[7] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

                Харин Т ХХК-д  2009 онд Х  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 15319Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш иргэн Ж.Э-д тус компанийн газартай давхцуулж өмчлөлийн газар олгосон, мөн иргэн Д.Д д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөлийн газар олгосон захирамж, гэрчилгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа нь төрийн захиргааны эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”,

37.1.1 “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”,

37.1.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”,

37.1.3 “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”,

37.1.4 “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

               Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХХК-ийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж маргадаг бөгөөд хэдэн оны төлбөрийг төлөөгүй гэж гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, гэтэл Т ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.[8]

                 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан 4 үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд Т ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017191 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

             Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар давхцуулан олгосон гэж маргаж буй үндэслэл нь Т ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дээрхи хуульд заасан үндэслэлээр шууд цуцлах үндэслэл болохгүй юм.

              Mэргэжлийн байгууллагуудаас тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд аймгийн Засаг даргад Т ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлага зэргийг хүргүүлж байгаагүйг дурдах нь зүйтэй.

                Хавтаст хэрэгт авагдсан Т ХХК-ийн үйл ажиллагаанд Д  аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлагууд нь тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, илэрсэн зөрчил дутагдалд шийтгэл ногдуулсан эрх зүйн акт бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтыг явуулж дүгнэлт гаргаагүй  байна. 

              Иймд нэхэмжлэгч Д.Д, Ж.Э нарын “...Х сумын -р багийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн MV-017191 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Д , Ж.Э нарын, Д  аймгийн Засаг даргад холбогдуулан  гаргасан,  “...Х  сумын -р багийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн MV-017191 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 148-р хуудас

[2] Хавтаст хэргийн 21-22, 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 131, 160-161-р хуудас

[4] Хавтаст хэргийн 108-р хуудас

[5] Хавтаст хэргийн 83-84-р хуудас

[6] Хавтаст хэргийн 173-174-р хуудас

[7] Хавтаст хэргийн 20-р хуудас

[8] Хавтаст хэргийн 27-28, 241-р хуудас