Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/03363

 

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03363 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... гудамжид байрлах ............. ХХК /РД: ............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ тоотод байрлах ............ ХХК /РД: ............/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 5,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. ХХК нь ............ ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт хэрэгжих нэг удаагийн тариурын үйлдвэрийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах №18/65 тоот гэрээг байгуулж, гэрээ биелүүлэх хугацааг талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гүйцэтгэгч тал нь захиалагч талд ажлын 45 хоногт багтаан бүрэн хүлээлгэж өгөх, ажлын нийт үнийн дүн 5,500,000 төгрөг бөгөөд урьдчилгаа хөлсөнд 3,850,000 төгрөгийг Төрийн банкны 343100211531 тоот дансанд шилжүүлж ажлыг бүрэн дуусгаж захиалагч талд хүлээлгэж өгөх үед үлдэгдэл 1,650,000 төгрөгийн тухайн дансанд шилжүүлэхээр тусгасан байдаг. ............. ХХК 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний дагуу урьдчилгаа 70 хувь буюу 3,850,000 төгрөгийг тус компанийн 343100211531 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч ............ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ............. ХХК-ийн дараа дараагийн ажлууд удааширч, хойшлогдсоор байна. Иймд Нэг удаагийн тариурын үйлдвэрийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах 18/65 тоот гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 3,850,000 төгрөг, алданги 1,925,000 төгрөг, нийт 5,775,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК нь хариуцагч ............ ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 3,850,000 төгрөг, алданги 1925,000 төгрөг, нийт 5,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ............. ХХК нь хариуцагч ............ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт хэрэгжих нэг удаагийн тариурын үйлдвэрийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал болох ............ ХХК нь нэг удаагийн тариурын үйлдвэрийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ ажлыг ажлын 45 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч тал болох ............. ХХК нь ажлын хөлс 5,500,000 төгрөгөөс урьдчилгаа 3,850,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,650,000 төгрөгийг ажлыг бүрэн дууссан үед төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Хариуцагч ............ ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч ............. ХХК ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 3,850,000 төгрөгийг төлсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна. Хариуцагч талаас дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч ............ ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид шилжүүлээгүйтэй холбогдуулан гэрээг цуцлах талаар удаа дараа хариуцагчид мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул шилжүүлсэн ажлын хөлс 3,850,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч ............. ХХК-аас хариуцагч ............ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу алданги 1,950,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд ажлыг биелүүлж дуусаагүй тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчид хугацаа хэтэрсэн хоног тутмын гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон тул тэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрхгүй. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ............. ХХК нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохирлын хэмжээг гэрээ байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны алдангийн хэмжээнд дүйцүүлэн шаардсан гэж үзэхээр байх ба хариуцагч талаас энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ............ ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 3,850,000 төгрөг, хохирол 1,925,000 төгрөг, нийт 5,775,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............. ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-аас 5,775,000 /таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............. ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 107,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............. ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ