Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2019/02219

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..овогт ...ын ...,

Хариуцагч: ... овогт ...гийн ... нарт холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,456,548 /хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С...., С.... нар нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн миний өөрийн өмч болох Сүхбаатар дүүргийн ... тоот 1 өрөө байрыг сард 350,000 төгрөгөөр, цахилгаан, СӨХ-ны мөнгийг түрээсээс гадна тусад нь төлөх нөхцөлтэйгөөр 1 жил болон түүнээс дээш хугацаагаар түрээсэлсэн. Бид түрээсийн гэрээг бичгээр үйлдээгүй, аман гэрээгээр түрээсэлсэн. Хариуцагч нар нь Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн урд талын 14/2и байранд Гарьд фитнес, бодибилдинг клуб ажиллуулдаг байсан. Ажилдаа ойрхон гэж 2 хүүхдийн хамт манай байрыг түрээслэн амьдарсан. Тэд байрны түрээсийн төлбөрийг миний Хаан банкны дансаар, СӨХ-ны төлбөрийг тус байрны СӨХ-д, цахилгааны төлбөрийг Төрийн банкны дансаар тус тус төлж байсан. 2017 оны 10 сараас хойш СӨХ болон цахилгааны мөнгийг, 2018 оны 4 дүгээр сараас хойш байрны түрээсийг тус тус төлөхгүй хойшлуулсаар сүүлдээ төлөхөө больсон. С....тай уулзаж шаардаж байж 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр суллаж авсан. Түүнээс хойш байрны түрээс, бусад тооцоог хийнэ гэсэн боловч одоог хүртэл хийлгүй утсаа авахаа больсон. Ажиллуулж байсан фитнес клубээ ч ажиллуулахаа больсон. Иймд С...., С.... нараас 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх 9 сарын хугацааны цахилгааны үнэ 165,068 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 619,500 төгрөг, хугацаандаа СӨХ-ны төлбөр төлөөгүйн алданги 234,480.75 төгрөг, даатгал 37,500 төгрөг, 2018 оны 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх 4 сарын хугацааны байрны түрээс 1,400,000 төгрөг, бүгд 2,456,548 төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч С.... хуралд орж мэтгэлцэнэ гэсэн байсан боловч хэд хэдэн удаа шүүх хурал зарлагдахад тов мэдсэн хэрнээ шалтгаангүйгээр ирэхгүй байгаа. Өмнөх хурлаар хариуцагч нарыг шүүх хуралд оролцуулахаар хойшлуулж байсан. Гэтэл өөрөө тайлбараа дэмжиж ирэхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэсэн тайлбараа нотлох баримтуудаа гаргаж ирээгүй. С....ын тайлбарын хувьд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ерөнхий агуулгатай зөрчилдөхгүй байгаа. Гэхдээ С.... өөрөө тухайн үед байрыг буцааж хүлээж авах үед гадагшаа явчихсан, Монголд байхгүй байсан учраас сүүлийн хугацаанд байр хүлээж авахад нөхцөл байдал ямар байсныг мэдэхгүй. 6 сард хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч үнэндээ би өөрөө араас нь хөөцөлдөж байж 8 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэл үйлдэж хүлээж аваад, нөхцөл байдал ямар байгааг тэр хэвээр нь бичиж тэмдэглээд, С....д танилцуулж, өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Дотор нь дүүрэн хог байсныг нь гаргуулаад, хаалганы цоож эвдэрсэн байсныг нь өөрөө засч, хоёр цонх нь давхраараа хагарсан байдалтай авч үлдсэн... гэв.

Хариуцагч С.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ... овогт ...гийн ... нь ... болон миний биед холбогдуулан байрны түрээс, цахилгааны төлбөр, СӨХ-ны мөнгө гэх 2,465,548 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байнаа. Иймд тооцоолол хийж шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар оролцоно... гэжээ.

Хариуцагч С.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... овогтой ... миний бие нь 2017 оны 7 дугаар сард ... овогтой ...гийн Сүхбаатар дүүргийн ....тоот нэг өрөө байрыг сард 350,000 төгрөгөөр, цахилгаан болон СӨХ-ны мөнгийг түрээсээс тусад нь төлнө гэж нэг жил болон цаашид гэрээгээ сунгана гэсэн нөхцөлтэй аман гэрээ хийж түрээслэж суусан болно. 2017 оны 7 дугаар сараас нүүж орсон цагаас байрны түрээсийн мөнгө, цахилгааны мөнгө, СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлж байсаан. Цахилгааны төлбөрийг Төрийн банкинд тушаадаг, СӨХ-ны төлбөрийг тухайн түрээслэж сууж байсан 64 дүгээр байрны дэлгүүрийн худалдагчид өгдөг байсан. Уг дэлгүүр нь 64 дүгээр байрны 1 давхарт байрладаг байсаан. Төлбөр төлсөн баримт өгдөггүй, дэвтэр дээр бичиж авдаг байсан. Уг ...гийн түрээслүүлсэн байр нь маш их тоостой, 7 хоногтоо 1 удаа бохир нь бөглөрч, баас шээс нь урсдаг байсан. Энэ тухай түрээслүүлэгч ...д удаа дараа утасдаж хэлдэг байсан боловч арга хэмжээ авч өгдөггүй байсан. 2018 оны 4 дүгээр сарын байрны түрээсийн төлбөр болох 350,000 төгрөг өгөөгүй байсан учир ... нь байраа суллаад гар гэж утсаар ярьсан. Тухайн үед миний бие ажлаар гадагшаа явсан байсан. 2018 оны 4 дүгээр сарын байрны түрээсийн 350,000 төгрөгийг ...гийн Хаан банкны дансанд Монгол руу мөнгө шилжүүлдэг хүнээр шилжүүлж хийсэн болно. Тэр үед 5 дугаар сар гарсан байсан тул дараа сарын байрны түрээс нэхэгдэж байсан. Миний бие ажлын улмаас Монголд ирээгүй байсан учир миний нөхөр С.... нь түрээслүүлэгч ...д байрнаас гарах тухайг утсаар мэдэгдэж хэлээд, 2018 оны 6 дугаар сард байрыг суллаж нүүсээн. Өмнөх сарын түрээсийн 350,000 төгрөгийг тухайн үед ...тай ярилцаж удаахгүй өгнө гэж тохиролцон ярьсны учир байрыг суллаж нүүсэн болно. Жич: байранд хүлээлцэх эд хогшил байхгүй, гадна хаалганы түлхүүр түрээслүүлэгчид байдаг, дотор хаалга гараар онгойдог цоожтойг ...д хэлсэн байсаан. 2018 оны 8 дугаар сард ... нь ...ын ажиллуулдаг бэлтгэлийн зааланд ирж түрээсийн мөнгө цахилгааны төлбөр нэхсэн байсан. ...гийн нэхэмжилж байгаа 2,456,548 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И.... нь хариуцагч С...., С.... нарт холбогдуулан, Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,456,548 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марган, С.... шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх талаар хариу тайлбартаа тусгасан. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр анх товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсэн боловч С...., С.... нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд, нэхэмжлэгч талын хүсэлтээр тэднийг биечлэн шүүх хуралдаанд оролцуулахаар хойшлуулсан байна. /хх 29/

Гэвч дахин товлогдсон 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн болон, энэ удаагийн буюу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүхэд хандан хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хариуцагч нарын эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. /хх 34-36, 38-39/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч И.... нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 18б тоот дахь 1 өрөө орон сууцыг хариуцагч С...., С.... нарт 2017 оны 7 дугаар сараас эхлэн нэг сарын 350,000 төгрөгөөр, цахилгаан болон СӨХ-ны төлбөрийг тусад нь тооцохоор, 1 жил болон түүнээс дээш хугацаагаар хөлслүүлэхээр харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг аман хэлбэрээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба, гэрээний хугацаанд төлөгдөөгүй ашиглалтын зардлын болон СӨХ-ны төлбөрийг орон сууцны өмчлөгч И....гаас холбогдох байгууллагууд нэхэмжилсэн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь тэдгээр төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж хуульчилсны дагуу гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээний хөлс болон нэмэлт зардлын талаар харилцан тохиролцсон, хөлслүүлэгч И.... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Харин хариуцагч нар орон сууц хөлсөлсний төлбөрийг ашиглалтын зардлын хамт гэрээ байгуулснаас хойш төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох боловч, 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх 9 сарын хугацааны цахилгааны үнэ 165,068 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 619,500 төгрөг, хугацаандаа СӨХ-ны төлбөр төлөөгүйн алданги 234,480.75 төгрөг, даатгал 37,500 төгрөг төлөгдөөгүй болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон, 2018 оны 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх 4 сарын хугацааны байрны түрээс 1,400,000 төгрөг төлөгдөөгүй, улмаар хөлслөгч нар нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлсөн болох нь С....ын 2018 оны 6 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд үйлдсэн Баталгаа, мөн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн И...., С.... нарын үйлдсэн Байр хүлээлцсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч С...., С.... нар гэр бүлийн гишүүд болох талаар зохигчид тайлбарлах ба, хэн аль нь орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж, гэрээний зүйл болох орон сууцанд хамт амьдарч байсан учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу нэхэмжлэгч И.... орон сууц хөлслөх гэрээний үүрэг 2,456,548 төгрөгийг С...., С.... нараас шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С...., С.... нараас 2,456,548 /хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И....д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54,255 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 54,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА