Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2020/03892/И |
Дугаар | 102/ШШ2021/00673 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/00673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..................... тоот хаягт оршин суух, Б овогт Д.А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................... байрлах, Н газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01973 шийдвэрээр Д.А-аас 83.216.575 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа Н газарт явагдаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн ................ тоотын 4 өрөө орон сууцыг Н газраас битүүмжилж, хурааж, хөндлөнгийн шинжээчээр Ф ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 249.200.000 төгрөгөөр үнэлсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн. Манай хөрөнгө нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, м.кв нь 5.000.000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй үнэлэгддэг, 556.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагаар биш, өртөгийн хандлагаар үнэлсэн юм болов уу гэж бодоод, гэрчээр Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Манай зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд 375.000.000 төгрөгөөр худалдаж авсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 01973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 1618 дугаартай магадлалаар Д.А-аас 83.216.575 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 04 сарын 02-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.А-т сайн дураараа биелүүлэхийг удаа дараа анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд түүний үүргийг гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн ............... тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Үүний дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үнэлгээ хуулийн дагуу явагдсан, зах зээлийн үнэ цэнээс доогуур үнэлсэн зүйлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1618 дугаар магадлалаар төлбөр төлөгч Д.А-аас 83.216.575 төгрөг 60 мөнгийг гаргуулан төлбөр авагч Г ХХК-д олгох, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт байрлалтай, Д.А, Н.М нарын өмчлөлийн 107 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 4 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15899 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 1177 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 20250345 тоот тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.
2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/0345 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Хан-Уул дүүрэг, .............. тоотод байрлах, 107 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0345 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Хан-Уул дүүрэг, .............. тоотод байрлах, 107 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хураан авчээ.
Төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 375.000.000 төгрөгийн санал гаргасан байх ба төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.
Үүний дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгчид хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.
Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар өөр өөр саналтай, тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.
Шинжээч нь орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч Файн эстимэйт ХХК нь Хан-Уул дүүрэг, ............... тоотод байрлах, Д.А, Н.М нарын өмчлөлийн 107 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 4 өрөө орон сууцыг тухайн хотхонд худалдахаар нийтэд нээлттэй зарласан орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар 249.200.00 төгрөгөөр тодорхойлж, үнэлсэн байна.
Тухайн орон сууц нь төлбөр төлөгчийн санал болгосон болон худалдан авсан гэх үнэтэй болох нь, орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь баримтаар нотлогдоогүй тул хэт бага үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт байрлалтай, Д.А, Н.М нарын өмчлөлийн 107 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 4 өрөө орон сууцанд хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ