| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03146/И |
| Дугаар | 102/ШШ2021/03418 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2021/03418
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03418 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух ............ овогтой ..........ын ..........., РД:............-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........д байрлах .............. ХХК /РД: .........../,
Хариуцагч: ...........тоотод оршин суух ............ овогтой ...........н ............. /РД:.........../-т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хорооллын барилгын материалын дэлгүүрийн 1 давхарт байрладаг .......... ХХК дээр очиж хавтангийнхаа сонголтыг хийгээд зураг зуруулахаар 30,000 төгрөг өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр план зургийг надад үзүүлсэн. Тэр үед надад одоо захиалгаа хийчих юм бол наадмын дараа хүрээд ирэх тул урьдчилгаагаа өгчих гэж хэлсний дагуу би Н..............ын данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг тавилга нь наадмын дараа хугацаандаа ирээгүй, 09 дүгээр сарын 09-ний өдөр ирэхэд нь харахад миний шалгасан хавтангаас тэс өөр, чанарын ялгаатай байсан. Тухайн үед хариуцагч тал үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, захиалсан компани өөр хавтан явуулсан байх тул 3,000,000 төгрөгөөр тооцоод авчих, тэгэхгүй бол бид хохирох гээд байна гэж хэлж байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, мөнгөө авах гэсэн боловч надад 500,000 төгрөгөөр 2 удаа, 300,000 төгрөгөөр нэг удаа буюу нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Эхэндээ ковид-19 вирусээс шалтгаалж ажлаа хийж чадахгүй байх тул хугацаа олгочих гэж хэлэхээр нь би зөндөө хүлээсэн боловч үлдэгдэл 2,700,000 төгрөгийг одоо хүртэл надад өгөөгүй. Энэ талаар хариуцагч Н..............ын төрсөн эгчид нь хандахад мөнгө өгөх боломжгүй хүмүүс ч биш дээ, чи өөрөө учрыг нь ол гэж хэлж байсан. Иймд хариуцагч нараас 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч .............. ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Н..............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр .............. ХХК-ийн захирал Н.............. нь Ц............гийн байранд гал тогооны тавилга, хувцасны шүүгээ хийхээр тохиролцож нийт 7,000,000 төгрөгийн тавилга захиалсан болно. Тавилгын урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг авч, тавилгын үндсэн материал болох хаалгыг нь БНХАУ-ын Бээжин хотоос захиалж ирүүлсэн боловч материал өөрчлөгдөж ирсэн болно. Бид ковидын улмаас баг зэрэг хугацаа жоохон хэтэрч тавилгыг тухайн байранд хүргэгдсэн боловч хаалганы материал арай өөр, жаахан тоос шороотой үйлдвэрээс хүргэгдсэн байсан. Ийм учир Ц............ хүлээн авч чадахгүй гэсэн хүсэлт тавьсан. Биднээс маш их зардал гарч тухайн тавилгыг хийсэн учир урьдчилгаанд авсан 4,000,000 төгрөгийг бүтэн олгох боломжгүй гээд ..........гаас тухайн үед 3,000,000 төгрөгийг 12 сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон. Тухайн үед ковидын үе таарч ажил багатай, бүтэн төлж чадаагүй 1,400,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1,600,000 төгрөгийг шат дараатай төлж барагдуулах болно. Тэр байранд тааруулж захиалсан том тавилга өөр хаана ч таарах боломжгүй учраас зарж борлуулж чадаагүй эрсдэл хүлээсэн болно. Иймд бидний зүгээс 3,000,000 төгрөгөөс тооцоо хийж өр төлбөр барагдуулах болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц............ нь хариуцагч .............. ХХК болон Н..............д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,100,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан тайлбар гаргасан байна.
Хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн байх ба тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц............ нь хариуцагч .............. ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр амаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэгч тал болох .............. ХХК гал тогооны тавилга, шүүгээ хийж гүйцэтгэх, захиалагч тал болох Ц............ нь ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, .............. ХХК-ийн кассын орлогын ордер /хэргийн 5-7 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Нэхэмжлэгч Ц............ дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч .............. ХХК тавилгыг гэрээнд заасны чанар, материалаар хийж гүйцэтгээгүй шалтгаанаар талууд гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч Ц............ гэрээний зүйл болох тавилгыг хүлээн аваагүй болох нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид шилжүүлээгүйтэй холбогдуулан гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч .............. ХХК-аас нэхэмжлэгч Ц............гийн төлсөн ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох Ц............гийн Хаан банк дахь 5031249535 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 15, 17, 25 тал /-аар тогтоогдож байх тул үлдэгдэл 2,700,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч Ц............ нь ажил гүйцэтгэх гэрээг .............. ХХК-тай байгуулсан болох нь ажлын хөлс хүлээн авсан .............. ХХК-ийн кассын орлогын ордер баримтаар тогтоогдож байх ба тухайн ажлын хөлсийг Н..............ын Хаан банк дахь дансаар дамжуулан төлж, тэрээр тавилгын план зургийг зурсан гэх байдал нь түүнтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Н..............д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 2,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч .............. ХХК-аас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц............д олгож, хариуцагч Н..............аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах Ц............гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч Ц............д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч .............. ХХК-аас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц............д олгож, хариуцагч Н..............аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах Ц............гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц............д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ