Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 116/ШШ2022/0015

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Дорнод  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С-ын М-ын нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан,

                Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.11.29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Д.У, Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч С.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрсдийн эрх хэмжээнээс хэтрүүлэн орон нутгийн өмчит компаниудыг нэгтгэх тогтоолыг 2021.11.29-ний өдөр гаргасан байна. Миний бие энэ тогтоолыг 2022.01.05-ны өдөр аймгийн Хурлын ажлын албаны ажилтнаас хуулбарлан авч мэдлээ. Чойбалсан хотын хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн асуудал нь Хэрлэн сумын буюу Чойбалсан хотын үндсэн эрхлэх ажлын хүрээнд багтдаг бөгөөд орон нутгийн өмчит компаниудыг хууль зөрчин нэгтгэж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн нь буруу. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай 61 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт үндэслэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дэх заалт нь сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг зохицуулсан заалт бөгөөд энэ заалтыг баримталсан нь хууль зөрчжээ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг баримталсан нь аймгийн Хурлын Тэргүүлэгчдэд хамаарахгүй заалт юм. Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4 дэх заалт нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчид хамаарах өөрөөр хэлбэл сумын ИТХ нь сумын өмчийг төлөөлөн өмчлөгч нь байна гэх 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтыг зөрчсөн байна. Энэ нь Хэрлэн сумын бүрэн эрхэд халдсан асуудал боллоо. Хэрлэн сумын эрхийг зөрчсөн гэж үзсэн. Хэрлэн сумын төсөвт байгаа төсөв мөнгийг яах ёстой вэ гэдэг асуудал яригдана. Эхлээд төсөв мөнгөний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байж дараа нь шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн дээрх тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв. 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит компанийг “Тохижилт үйлчилгээ” гэх нэршлээр Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13б тогтоолоор, “Гэрэл сэтгэмж” орон нутгийн өмчит компанийг Тэргүүлэгчдийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд үүсгэн байгуулсан. Дээрх 2 орон нутгийн өмчит компанийг нэгтгэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хуулийн хүрээнд шийдвэр гаргасан нь нийтийн эрх ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэсэн хэрэг болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /хүчингүй болсон/ 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 18 дугаар зүйлийн заалт бүрийг аймгийн ИТХурал бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх эрхтэй юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Хурлын Тэргүүлэгчид нь энэ хуулийн 18.1.1-т заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна Хуралд дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн өмчийн компаниудыг хуулийн дагуу нэгтгэн байгуулсан нь Хэрлэн сумын иргэдийн нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль зөрчсөн, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн хууль бус үйлдэл хийгээгүй болно. Хурлын Тэргүүлэгчид нь ЗЗНДНТУТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дэх хэсгийг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй гэсэн шууд зохицуулалт юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгосон хүрээнд “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-уудыг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ байгуулсан нь нэг зорилготой, Чойбалсан хотын тохижилт үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий нэгжийг ажлын ачаалал, давхардал, үйл ажиллагааны цар хүрээ, хүчин чадал, эдийн засгийн чадавх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж үйл ажиллагааг нэгтгэснээр тулгамдаж буй хотын тохижилтыг иргэдийн эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх нэн чухал байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чойбалсан хөгжил”, “Гэрэлт сэтгэмж” гэх газруудыг нэгтгэсэн байдаг. Анх 2018 онд үүсгэн байгуулагдсан. “Чойбалсан хөгжил”-ийн хувьд 2014 онд тохижилт үйлчилгээ гэсэн нэршилтэй байгуулагдаж Чойбалсан хотын Тамгын газрын захирагчийн албаны дэргэд үйл ажиллагаа эрхэлж байсан. Тэргүүлэгчдийн хувьд хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг аймгийн Засаг даргаас хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж нийт 4 асуудлыг хэлэлцсэн. Эдийн засгийн байдал болон ажиллах хүчний асуудлаас болж нэгтгэх шаардлагатай болсон. Нэг нь Чойбалсан хотын ахуйн үйл ажиллагааг эрхэлж байсан. “Гэрэлт сэтгэмж”-ийн хувьд зам засвар, гэрэлтүүлгийн ажлыг эрхэлж байсан. Хоёр талд хоёр дарга, нягтлан, тусдаа байртай байсан. Тиймээс нэгтгэж цалин хөлсний хэмжээг багасгана. Харин доод шатны ажилчдын тоог нэмэгдүүлэх санаалчилгыг гаргаж, зайлшгүй нэгтгэж, нийлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар хоёр аж ахуй нэгжийг нэгтгэж, /Чойбалсан хотын орон нутгийн төсвөөс санхүүждэг/ 61 тоот тогтоол гарсан. С.М  төлөөлөгчийн хувьд сумын бүрэн эрхийн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжсэн. Орон нутгийн өмчийн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хэмжээг мөн хуульд тодорхой зааж өгсөн. Тиймээс хуулийн хэм хэмжээг хэтрүүлсэн зүйл байхгүй. Өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах, татан буулгах, нэгтгэх бүрэн эрх байгаа. Компанийг нэгтгэх, өөрчлөн байгуулах бүрэн эрх Хуралд байна. “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дүгээр тогтоолын хувьд хууль эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Сумын хөрөнгөөр санхүүжих боломжгүй болсон тул аймгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шаардлагатай болсон, ...аймгийн иргэдийн эрүүл аюулгүй, цэвэрхэн орчинд амьдрах эрхийг хангаж өгч байгаа хэлбэр юм. Нийтийн эрх ашигт бүрэн нийцсэн шийдвэр байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хурлын тов болон хэлэлцэх асуудлыг бүрэн хүргүүлж, 11 төлөөлөгчөөс 9 төлөөлөгч хуралдаанд оролцсон. Хэлэлцэх асуудлыг тэргүүлэгч нар олонхоороо баталж шийдвэрлэсэн гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нотлох баримт болон тайлбараа бүрэн дэмжиж оролцож байна. 2021 онд мөрдөгдөж байсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байгаа. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэх шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хурлын бүрэн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” хэсэгт заасны дагуу нэгтгэн шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хурлын өмчид байдаг. Бүтэн хурал, түүний чөлөөт цагт байгаа иргэдийн Хурлын Төлөөлөгч нар шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сард гаргасан байна. Шийдвэр нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан. Нэхэмжлэлийг бичихдээ Хурлын Төлөөлөгчийн бланк дээр бичигдсэн байсан. Тиймээс Хурлын Төлөөлөгч нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нутгийн удирдлагын байгууллага төлөөлөгч гэж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Уг хуулийн заалтын дагуу сонгогдсон төлөөлөгч нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              Гуравдагч этгээд Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ нь анх байгуулагдахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдан Чойбалсан хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2015, 2016 онуудад Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас санхүүжилтыг авч ажиллаж байсан бөгөөд бусад хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжилтээ авч хотын орон сууцны болон гэр хорооллын хог хаягдал зөөвөрлөх, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, дарж булах, хотын гэрэлтүүлэг чимэглэл, ногоон байгууламжтай холбоотой ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. 2012 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг баримтлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх хоёр орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн байгуулж Чойбалсан хотын иргэд, албан газар байгууллагуудад үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан тухайн хуулийн 22 дугаар зүйлд “Сум чиг үүрэг”-т “хаягдлын цэгийн байршил, энгийн хог хаягдлын менежмент...” гэж заасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дүрэм, удирдах зөвлөлийг байгуулах асуудлыг хэлэлцэн баталсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч нь тус шүүхэд Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.11.29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

             Анх Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13б дугаар тогтоолоор “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит компанийг Чойбалсан хотын Захирагчийн албаны дэргэд “Тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ нэртэйгээр байгуулж, ажиллах журмыг баталжээ.[1]

            Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээий тухай 07 дугаар тогтоолоор “Тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-ын бүтэц, цалингийн санг 1 дүгээр хавсралтаар, “Д  НАА” ХХК-аас “Тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-т шилжих машин механизмын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, айл, өрх аж ахуйн нэгж байгууллагаас авах хуурай хог хаягдлын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

            Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ байгуулах, дүрмийн санг батлах тухай” 10 дугаар тогтоолоор ...Хэрлэн сумын нийтийн зориулалтын гэрэлтүүлэг, реклам, чимэглэлийн эзэмшилт, ашиглалтыг хариуцан ажиллах “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ыг байгуулж, дүрмийн сан, дүрэм, бүтэц орон тоо, цалингийн сан, хөрөнгийн жагсаалтыг тус тус баталжээ.[2]

 

            Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрэл сэтгэмж”, “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг шилжүүлэх тухай 116 дугаар тогтоолоор “Гэрэл сэтгэмж”, “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны төсвийг 2017 оны төсвийн жилээс эхлэн аймгийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцож төсвийн төсөлд тусган, менежментийг боловсронгуй болгож, удирдлагаар хангаж, үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.

           

            Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж, Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор “Гэрэлт сэтгэмж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, эрхлэх чиг үүрэг, хүчин чадал, ажлын онцлогийг харгалзан тус газрын чиг үүрэг, эрхлэх асуудлыг “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдэрийн газарт шилжүүлэн нэгтгэж, “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар өөрчлөн байгуулж, тус үйлдвэрийн газрын дүрмийг баталсан нь хууль зөрчөөгүй байна[3]

            Нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.М  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Чойбалсан хотын хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн асуудал нь Хэрлэн сумын буюу Чойбалсан хотын үндсэн эрхлэх ажлын хүрээнд багтдаг бөгөөд орон нутгийн өмчит компаниудыг хууль зөрчин нэгтгэж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн нь буруу. “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт үндэслэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дэх заалт нь сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг зохицуулсан заалт бөгөөд энэ заалтыг баримталсан нь хууль зөрчжээ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг баримталсан нь аймгийн Хурлын Тэргүүлэгчдэд хамаарахгүй заалт юм. Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4 дэх заалт нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчид хамаарах өөрөөр хэлбэл сумын ИТХ нь сумын өмчийг төлөөлөн өмчлөгч нь байна гэх 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтыг зөрчсөн байна. Энэ нь Хэрлэн сумын бүрэн эрхэд халдсан ... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”-д “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах” эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан бөгөөд тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь энэ хуулийн ...18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дэх хэсгийг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй гэсэн шууд зохицуулалт юм.

             Иймд нэхэмжлэгчийн зүгээс Д  аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-д зааснаар “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна.

            Иймд дээрхи үндэслэлүүдээр Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.11.29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4, 79 дүгээр зүйлд  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.М ын, Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.11.29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай” 61 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 84-87-р хуудас

[2] Хавтаст хэргийн 92-101-р хуудас

[3] Хавтаст хэргийн 61,93-р хуудас