Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00060

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг

 Улсын яллагч Н.Дүүрэнжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн Р.Даваасүрэнд холбогдох 201718020107 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг баянчандмань суманд 1960 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-10 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Равдангийн Даваасүрэн. /РД:НН60030878/

 

Шүүгдэгч Р.Даваасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Ардчилсан намын байрны гадна иргэн С.Сүхбаатарыг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг түлхэж унагаснаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Даваасүрэнгийн өгсөн ..... 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр орон даяар явагдсан Ардчилсан намйн даргын сонгуульд оролцож санал өгөхөөр Мандал сум дахь Ардчилсан намын байранд 14 цагийн үед ирсэн. Тэгээд саналаа өгчихөөд гарч ирээд Монгол улсын гавьяат жүжигчин Сүхбаатарын машин байхаар нь дотор нь орж суусан. Машин дотор Батбаяр, Сүхбаатар гавьяат хоёр байсан. Би арын суудалд суугаад бид гурав 1911 оны үндэсний хувьсгалын тухай ярьж сууж байтал Сүхбаатар гавьяат саналаа өгөхөөр машинаас буусан. Тэгээд Батбаяр бид хоёрыг юм яриад сууж байтал гаднаас хохирогч С.Сүхбаатар орж ирээд гавьяат Сүхбаатарын суудал дээр суусан. Сэлэнгийнхэн Баярцогтыг хүлээж авсангүй оффшор данстай болохоор гэсэн юм С.Сүхбаатар ярихаар нь наадхыг чинь шүүх хэмжээний улсууд бид биш Батбаяр бид хоёр юм ярьж байна та түр гарч бай гэсэн чинь чи муу цагаач намайг хөөх болоогүй гээд над руу дайрч барьж явсан богино модон таягаараа над руу чичлээд миний цээж толгой орчимд 2-3 удаа цохихоор нь та яаж байна гэхэд чи муу цагаач чамайг газрын хөрснөөс арчина гээд буугаад арын хаалгаар орж ирээд миний шанаа руу 2-3 удаа цохиод гэдэс рүү чинь хатгаж хийг чинь гарган гээд гараа өмд рүүгээ явуулахаар нь би машинаас буусан. Намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан. Гэтэл тэнд байсан Энхтайван гэх хүн бид хоёрыг салгах үед нь би Сүхбаатарыг заамдаж байгаад түлхчихсэн юм. Тэгээд эргэж харалгүй тэр чигтээ яваад өгсөн юм. Ямар ч байсан газарт унаж байгаа харагдсан. Би одоо өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирогч С.Сүхбаатар бид хоёр эвлэрсэн. Би түүнд хохирлын мөнгө гэж нэг сая төгрөг өгсөн. Уучлалт гуйсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.Сүхбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн ….  2017 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр Ардчилсан намын дотоод сонгууль өгөх гээд Ардчилсан намын байранд очсон байсан. Тэгээд би тэнд байж байтал Монгол улсын гавьяат жүжигчин Сүхбаатарын машинд хүн байхаар нь би жолооч талын хаалгаар нь орж суусан. Машинд хоёр хүн сууж байсан. Тэгээд сонгуулийн тухай ярьж байгаад удалгүй оффшор дансны тухай ярьж байгаад Даваасүрэн бид хоёр маргалдсан. Оффшор дансанд байгаа 17 тэрбум төгрөгийг би хурааж авч иргэдэд өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл Даваасүрэн тэр хувь хүний хөрөнгө болсон тэгж болохгүй гэж маргалдсан. Түүнээсээ болоод намайг Даваасүрэн буу зайл гэж хөөсөн. Тэгээд маргалдаад би машинаас буутал арын хаалганаас Даваасүрэн бууж ирсэн. Нэг мэдэхэд би дээшээ хараад уначихсан Даваасүрэн миний дээр өвдөглөчихсөн таягийг минь авах гээд булаацалдсан. Гэтэл 4-5 хүн ирээд бид хоёрыг салгасан. Тийм л зүйл болсон… Даваасүрэн намайг араас бариад авсан. Тэгээд л би газар унасан. Түлхэж унагаасан, дэгээдэж унагасан алийг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн миний дээр өвдөглөчихсөн байсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Т.Батбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн ….. Би тэр өдөр Ардчилсан намын байранд санал өгөхөөр очсон байсан. Тэр үед шуургатай өдөр байсан. Хүмүүс очероор орж санал өгч байсан чинь гавьяат жүжигчин Сүхбаатар машинтай ирээд зогссон. Тэгэхээр нь би машинд нь суугаад хамт байж байсан чинь Даваасүрэн орж ирээд арын суудалд суусан. Тэгээд бид гурав үндэсний эрх чөлөөний тухай ярьж байгаад Сүхбаатар гавьяат саналаа өгөхөөр машинаасаа буугаад дотогш орсон. Тэгээд байж байтал С.Сүхбаатар машинд орж ирээд жолооч талын суудалд суусан. Тэгээд Сүхбаатар үндэсний эрх чөлөөний талаар ярьж байсан Даваасүрэн рүү эргэж хараад чи улс төржлөө гээд барьж явсан таягаараа бие рүү нь хатгаад байсан. Тэрнээс болоод тэр хоёр муудалцаад байсан. Тэгж байгаад тэр хоёрын хэн нь эхэлж буусныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь хоёулаа машинаас буучихсан барилцаад авчихсан байсан. Тэгээд хүмүүс тойрчихсон байсан болохоор сайн хараагүй би машинаас буугаагүй. Би хүний машинд сууж үлдсэн болохоор хаяж бууж чадахгүй байсан. Гавьяат Сүхбаатарыг гарч ирэхээр нь би бууж явсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 92 ..... Дүгнэлт

             1.Сүхбаатарын биед баруун гарын тохойн үений үрэвслийг зүслэг хийж нээсэн, баруун гарын сарвуу, шуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 17 дугаар хуудас/

Р.Даваасүрэн нь Баянсуудлын 2-10 тоотод ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 27 дугаар хуудас/

Р.Даваасүрэн нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 29 дүгээр хуудас/

Хохирогч С.Сүхбаатарын эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг өгч, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн тухай баримт /Хх-н 30 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.Даваасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Ардчилсан намын байрны гадна иргэн С.Сүхбаатарыг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг түлхэж унагаснаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Даваасүрэнгийн хохирогч хохирогч С.Сүхбаатарыг заамдаж аваад түлхэж унагаан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу улс төржлөө, буу гэж хөөлөө гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба С.Сүхбаатарын биед баруун гарын тохойн үений үрэвслийг зүслэг хийж нээсэн, баруун гарын сарвуу, шуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Р.Даваасүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн гаргаж нотариатаар гэрчлүүлэн өгсөн байх тул Р.Даваасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Даваасүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

 

 

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Равдангийн Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Даваасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Даваасүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Даваасүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                         

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.