Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02678

 


 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

       Дугаар 183/ШШ2021/02678

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Х овогтой, Г.С-д холбогдох,

               Гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Г.С, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц миний бие 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Харлей Дэвидсон маркийн мотоциклыг 23.000.000 төгрөгөөр Г.С-д худалдсан юм. Тухайн үед Г.С нь 4.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 19.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд Г.С-оос  мотоциклын үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Ц-оос  2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Харлей Дэвидсон маркийн мотоциклыг 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, түүнд 4.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж тохирсон боловч бусад шалтгаанаас болж төлж чадаагүй нь үнэн. Миний хувьд 19.000.000 төгрөгийг төлөх нь үнэн, надад байгаа тоног төхөөрөмжийг зараад төлнө гэв.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Д.Ц, Г.С нарын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Д.Ц нь УБ0677 улсын дугаартай, Харлей Дэвидсон маркийн мотоциклыг худалдан авагч Г.С-д шилжүүлэх, худалдан авагч Г.С нь мотоциклын үнэ болох 23.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлөх, үлдсэн 19.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

Уг гэрээний дагуу худалдагч Д.Ц нь УБ0677 улсын дугаартай, Харлей Дэвидсон маркийн мотоциклыг худалдан авагч Г.С-д шилжүүлсэн, худалдан авагч нь нь мотоциклын үнэ 23.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн, мотоциклын үлдсэн төлбөрт 19.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр худалдагчид төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.С-оос  худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд мотоциклын үлдэгдэл төлбөр болох 19.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.С-оос  гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-оос  улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 252.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.С-оос улсын тэмдэгтийн хураамжид 252.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ж.СЭМЖИД