Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01933

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 00 дүгээр хороо, З гудамж, 00 А, Э хаус 00 тоотод байрлах, КХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, Н хороолол, 00-0, 0 тоотод байрлах, С ХХК /РД:000000/-д холбогдох,

 

19,515,700 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай К ХХК нь Монгол Улсад гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагаа явуулдаг Х дүүрэг, 11 дүгээр хороо, З гудамж, 00А, Э хаус 00 тоот хаягт байрлах барилгад барилгын өргөтгөл, засварын ажил хийлгэхээр 2018 оны 7 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Kim Yong Bok захиралтай, Монгол Улсын хуулийн этгээд болох С ХХК-тай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ-г амаар байгуулан барилгын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд буюу манай компаниас барилгын ажлын хөлс, материалын зардалд нийт 314,032,453 төгрөг гаргуулан авсан. Гэвч ажил гүйцэтгэгч буюу хариуцагч С ХХК нь гэрээгээр хүлээсэн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас барилга болон өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайд болон барилгын засвар, заслын 300 м.кв талбайд дараах доголдол, дутагдал үүсээд байна. Тодруулбал:

1.Өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайн тухайд:

1.1 Барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж барилгын 3 давхраас 1 давхарт байрлах авто машины зогсоол руу ус алдаж гоожиж ордог,

1.2 Х , граж, 2 давхрын тагт зэрэгт эсрэг талаас ус урсаж орж ирсэн,

1.3 Шинээр суурилуулсан цонх цан татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орж ирэхийн зэрэгцээ цонхонд цууралт үүссэн,

1.4 Дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алдсан,

1.5 Барилгын 1,2,3 дугаар давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтэц, чанарт илтэц нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн.

2.Барилгын засвар болон дотор заслын ажлын 300 м.кв-аас гол чанарын доголдлын тухайд:

2.1 Барилгын 1,2,3 дугаар давхрын барилгын болон өргөтгөлийн хэсгийн тааз болон цонхонд хийсэн модон интерьерийн ажлын чанарын гологдол буюу модон хийцэд ан цав гарсан, эвдэрсэн, унасан,

2.2 Барилгын 1 давхрын том өрөө болон 2 давхар руу гарах шатны ханын обой 1.1-ийн улмаас хууларсан,

2.3 Барилгын 1,2,3 дугаар давхрын хана талын өнгөлгөөний эмульс нь хагарсан, унасан,

2.4 Барилгын 1,2,3 дугаар давхрын өргөтгөлийн хэсгийн цонхны амалгааны ажлыг дутуу гүйцэтгэсэн,

2.5 2,3 дугаар давхрын модон дээврийн ажил чанаргүй муу хийгдсэний улмаас ан цав гарч унасан. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь чанарын шаардлага хангахгүй байна. Манай компанийн хувьд барилгын ажлыг бүрэн хүлээн аваагүй учраас дээрх доголдлыг мэдэх буюу илрүүлэх боломжгүй байсан боловч Барилгын тухай хуульд заасан барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд дээрх доголдлууд илэрсэн ба манай компаниас хариуцагчид барилгын ажлын доголдлыг засаж сайжруулахыг 2018 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл удаа дараа шаардсан боловч хариуцагч С ХХК-ийн захирал Kim Yong Bok нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай компанийг дахин 100,000,000 төгрөг нэмж төлсөн тохиолдолд барилгын ажлын доголдлыг хийж гүйцэтгэх тухай хариуг гар утасны зурвас илгээх хэлбэрээр ирүүлсэн.

Гэвч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж заасан ажил гүйцэтгэгчийн хүлээх үүрэгтэй нийцэхгүй, үндэслэл байна. Бид барилгын ажлын дээрх доголдол, дутагдлыг дахин засаж сайжруулан хэвийн байдалд оруулах зардлыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар буюу И ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийлгүүлэхэд тус компанийн дүгнэлтээр барилгын ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлэх ажлын хөлс болон барилгын материалын зардал нийт 18,515,700 төгрөг гэж дүгнэлт гаргасан. Хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг төлсөн. Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 18,515,700 төгрөг, хөрөнгө үнэлгээний зардал 1,000,000 төгрөг, нийт 19,515,700 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: К ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг С ХХК гэж тодорхойлсон байдаг. Манай компаний хувьд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгч талтай амаар болон бичгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйл байдаггүй бөгөөд Х дүүрэгт байрлалтай орон сууцанд завсар үйлчилгээ хийгээгүй гэсэн хариу тайлбар гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан К ХХК нь манай компаний захирал болох Ким Ёон Буктай харилцаж байсан талаар гар утсанд хийсэн үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байдаг. Уг үзлэгээр 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хийгдсэн ажлын талаар яригдаж байгаа боловч С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар дурдагдаагүй байдаг. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй талаар удаа дараа дурдаж байсан ч нэхэмжлэгч талаас хариуцагчаар С ХХК-г татсан хэвээр байсан. Монгол Улсын хуульд С ХХК-ийн захирал Ким Ёон Бук-ыг хувиараа үйл ажиллагаа явуулж болохгүй гээд хориглосон зүйл байдаггүй. Мөн Компаний тухай хуульд заасны дагуу компаний хувьцаа эзэмшигч компаний өмнөөс хариуцлага хүлээхгүй, хувьцаа эзэмшигчийн өмнөөс компани хариуцлага хүлээхгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч талыг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчаа солих талаар манай зүгээс удаа дараа мэдэгдэж байсан. Миний хувьд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргах нь илүүц гэж үзэж байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэх ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 19,515,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч тал нь гэрээний үүргээ зөрчиж, ажлын гүйцэтгэлийг доголдолтой гүйцэтгэсэн учраас уг доголдлыг арилгахад гарах зардлыг нэхэмжилж байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч К ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй тул хариуцагч биш, харин С ХХК-ийн захирал нь иргэнийхээ хувьд К ХХК-тай харилцан тохиролцож, уг ажлыг гүйцэтгэсэн гэх агуулгаар тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх дээр маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоор итгэлээр үнэлнэ.

 

Хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Kim Yong Bok / Ким Ёнг Буг/ мөн болох хариуцагч С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-34 тал/.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гэрчээр Ц.О асуулгаж, нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Ж болон С ХХК-ийн захирал K/ К/ нарын хооронд харилцсан гар утасны харилцан ярианд шүүхийн журмаар үзлэг хийлгэснээс гадна Чингэлтэй дүүргийн татварын албанаас хариуцагч С ХХК-аас худалдан авалт хийсний улмаас төлсөн НӨАТ-ын баримтыг шүүхийн журмаар цуглуулжээ./хх-59-114, 133-134, 181, 143, 151-153 тал/.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор шүүх хуралдаанд гэрчээр Д.Оюунбилэгийн оролцуулснаас гадна, гэрч Ц.Отгонлхавгын дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргуулсан байна./хх-162-180 тал/.

 

Гэрч Ц.О нь гэрчийн мэдүүлэгтээ...би өмнө нь С ХХК-ийн захирлыг таньдаг байсан. Тухайн компанийн захирал нь намайг ирж ажиллаач гэсний дагуу 2018 оны 07 сараас эхлэн тус компанид барилгын туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд Х дүүрэг,00 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 00 а, Э  хаус хотхонд өргөтгөл засварын ажил хийж байсан гэж мэдүүлж байх бөгөөд гэрчийн энэхүү мэдүүлэг нь түүний Хаан банкны дансны хуулгаар буюу цалинг С гэх агуулгаар шилжүүлж байсан байдлаар нотлогдож байна гэж үзлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн татварын албанаас ирүүлсэн татварын баримтаар нэхэмжлэгч К ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С ХХК-д 70,000,000 төгрөгний худалдан авалт хийсэн тухай татварын баримт болон К ХХК-ийн захирал Жү болон С ХХК-ийн захирал K нарын хооронд харилцсан гар утасны харилцан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, уг гэрээний дагуу хариуцагч С ХХК нь Х дүүрэг,11 дүгээр хороо, З гудамж, 00а, Эхаус хотхонд өргөтгөл засварын ажил хийж үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна Иргэний хуулинд зааснаар ажил гүйцэтгэх гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж болно.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл талууд ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан байх бөгөөд захиалагч нь материалын зардалд болон ажлын хөлсөнд нийт 314,032,453 төгрөгийг зарцуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

 

Гэрч Д.О г нь гэрчээр мэдүүлэхдээ ... 2018 онд намар халаалт авч байх үед Х дүүрэг, 11 хороо, Зайсангийн гудамж, Энхжин хаус хотхон байрлах 22а байрны 14 тоотод барилгын сантехникийн ажлыг Ким захиралтай тохиролцож, хийж гүйцэтгэсэн. С ХХК-ийн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг болон гэрч Ц.О цалинг иргэн K B / Кг/-ийн дансаар шилжүүлдэг байсан, гэрч Ц.О хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зэргээр талуудын хоороонд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөгүй байгаа үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын доголдлыг түүний зардлаар арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт Итгэлт эстимэйт-ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан авагдсан бөгөөд уг тайлангаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Х дүүрэг,00 дүгээр хороо, З  гудамж, 00а, Энхжин хаус хотхонд хийгдсэн өргөтгөл засварын ажлын доголдлыг арилгах зардлын хэмжээг 18,515,700 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд уг үнэлгээг хийсэн ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-16-30 тал/.

Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын үр дүнгийн доголдын талаар мэдэгдэж байсан болох нь К ХХК-ийн захирал Ж  болон С ХХК-ийн захирал K / К/ нарын хооронд харилцсан гар утасны харилцан ярианд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал ажлын үр дүнд доголдол байгаа эсэх, уг доголдыг арилгахад гарах зардал үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн тайлбарыг гаргаагүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт өгсөн Итгэлт эстимэйт-ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Кечок ХХК-д талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдыг арилгах зардалд 19,515,700 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сежүнконсол ХХК-аас 19,515,700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч К ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 19,515,700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,529 төгрөгий улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 255,529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА