| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/04265/И |
| Дугаар | 102/ШШ2021/00519 |
| Огноо | 2021-03-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .................... тоот хаягт оршин суух, Т овогт Ш.Ц /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... байрлах, У ХНН холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц тус байгууллагад 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил тасралmгүй ажиллаж байна. 2019 онд захиргааны чөлөө 1 жилийн хугацаатай авсан. Захиргааны чөлөөний хугацаа дуусах үед үргэлжлүүлэн чөлөөгөө сунгасан. Захиргааны чөлөө нь 2020 оны 08 сарын 23-ны өдөр дуусах байсан тул 2020 оны 08 сарын 24-ний өдрөөс ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ 2020 оны 08 сарын 17-ны өдөр гаргасан байдаг. Уг хүсэлтийг хариуцагч байгууллага хүлээн аваад, та техникийн шалгалтаа өгөөд ир гэж хэлсэн. Холбогдох хяналтын албаны хүмүүстэй уулзаад, техникийн шалгалтаа өгөөд, шалгалтанд тэнцсэн хуудсаа авчирч өгсөн. Гэхэд 2,3 хоногийн дараа тушаал нь гарна гэж хэлсэн. Үүнээс хойш тушаал нь одоог хүртэл гараагүй байгаагүй. Энэ асуудлаараа Тээвэр зохион байгуулалтын даргатай уулзсан. Гэвч хуулийн үндэслэлгүйгээр Ш.Ц-г ажилд нь аваагүй. 2020 оны 09 сарын 02-ны өдөр Ш.Ц-г шалгалтад оруулах комисс томилсон даргын тушаал гарсан байна гэдгийг 2020 оны 09 сарын 09-ний өдөр 99118436 дугаараас утасдаж хэлсэн байдаг. Яагаад дахин шалгалт өгөх болсон талаараа тодруулахад та У-ын даргын 2009 оны А/55 дугаартай тушаалын дагуу шалгалт өгнө гэж хэлсэн. Уг асуудал нь ажил олгогчийн зүгээс дарамт шахалтын шинжтэй, даамжирсан ажиллагаа болж байгаа нь намайг халах зорилго агуулсан байна, яагаад надаас удаа дараа шалгалт авах гээд байгааг ойлгоогүй. Энэ асуудлаар Хүний нөөцийн албанд хандаад би энэ шалгалтыг өгөх боломжгүй, техникийн шалгалтаа өгөөд тэнцсэн, намайг ажилд минь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэдгийг хэлсэн. 2020 оны 10 сарын 26-ны өдрийн У-ын хүний нөөцийн албанаас 18636 дугаартай албан бичгээр та энэ шалгалтыг өгсөн байх ёстой, уг шалгалт нь Зам тээврийн яамны 2020 оны А/154 сайдын тушаал, У-ын ХНН-ийн даргын 2019 А/274 тушаалуудад нийцүүлж шалгалт өгөх ёстой гэсэн тайлбарыг тусгасан албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийг хүлээн аваад, намайг үнэхээр ажилд авахгүй гэж байгаа юм байна гэж үзээд, өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Ц-г ажилд нь томилохгүй, ажлыг нь хүлээлцүүлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогч ажилтныг ажлаар хангах үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т захиргааны чөлөөтэй байгаа ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед нь ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан. Уг заалтын үр дагавар нь ажилтан ажилдаа орох хүсэлт гаргаснаар, мөн чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орох болсноор, ажилтныг ажлаар хангах агуулгыг зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтныг хүүхэд асрах чөлөөнөөс, захиргааны чөлөөнөөс ажилд эргэн ороход нь шалгалт авах талаар, Төмөр замын тээврийн тухай хууль, Зам тээврийн яамны холбогдох тушаал, шийдвэрт тусгагдаагүй. Гэтэл хүний нөөцийн албаны дарга А/154 дугаартай сайдын тушаалыг үндэслэж ажилладаг гэсэн боловч 2020 оны А/154 тушаал нь Зам тээврийн яамны цахим хаягаас харахад 2020 оны 08 сарын 17-ны өдөр уг Сайдын тушаал батлагдаж гарсан байдаг. Зам тээврийн яамны Хууль тогтоомж цахим хаягт байршуулсан байсан. Уг тушаалыг үндэслэж Ш.Ц-гээс шалгалт авах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч талаас гол нотлох баримт болгон гаргаж өгсөн А/55, А/274 тушаалууд нь хуулийн үндэслэлгүй байна. Хуулийн үндэслэлдээ У-ын даргын 22/А гэсэн үндэслэлийг баримталдаг. Уг үндэслэлд замын даргын гаргаж буй шийдвэр нь тушаал байх талаар заасан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хуулийн заалтыг баримтлаагүй. Үүнээс болж Ш.Ц-гийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж байна. Бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад У- ХНН-ийн дарга дур зоргоороо авирлаж, тушаал шийдвэр гаргаж болохгүй. Хариуцагч талаас шалгах эрхийн үнэмлэхээ шалгалт өгч аваад, ажилдаа ор гэх шаардлагыг хүний нөөцийн албанаас тавьдаг. Гэтэл шалгах эрхийн үнэмлэх нь Ш.Ц гэдэг хүн нь хуульчдын холбоо, төмөр замын тээврийн дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгогддог үнэмлэх биш. Ш.Ц өөрөө уг мэргэжлийн ажлын шаардлагыг хангана. Тээврийн дээд сургуулийг төгссөн, дараа нь Бакалавраар суралцаж төгссөн, мэргэжлийн сургалтад суралцаж байсан, 20 жил ажилласан мэдлэг туршлагатай ажилтан. Харин шалгах эрхийн үнэмлэхийг У- ХНН өөрөө олгодог. 2015 оны 11 сарын 25-ны өдөр Ш.Ц анх байцаагчаар томилогдож ажиллахад шалгах эрхийн үнэмлэх байгаагүй. Ажилдаа орсны дараа шалгах эрхийн үнэмлэхийг тамга тэмдэгтэй нь гардуулж өгсөн байдаг. Гэтэл одоо Ш.Ц-г ажлын шаардлага хангахгүй ажилтан шиг, шалгах эрхийн үнэмлэхийг шаардаж байгаа нь хууль бус байна. Цалин хөлсний талаархи гомдолд дурдагдсан. Энэ гомдол дээр Ш.Ц 2018 оны 11 сараас 2019 оны 01 сар хүртэл хамгийн сүүлд ажилласан. Үүнээс хойш өвчтэй, чөлөөтэй байсан үйл баримт харагдаж байгаа. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг жилийн ажилласан өдөрт нь хуваахаар 12 сар өвчтэй байна. 42 хоног ажилласан байна. Дундаж цалин хөлсөд тооцогдох орлого буюу цалин хөлсний картад тусгагдсан орлогоос унааны мөнгө, томилолтын мөнгийг хассан. 13 дахь сарын цалинг 12 сард нь хуваагаад, 105.000 төгрөгийг 1 сарын орлого дээр нь нэмсэн. Ингэхээр Ш.Ц-гийн нэг өдрийн цалин хөлс нь 118.185 төгрөг болсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байгаа. Листний хугацаа дууссан өдөр нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр байсан. Ингэхээр Ш.Ц ажлын 83 өдөр цалингүй байсан гэж үзээд, ажилгүй байсан хугацааны цалин 9.809.355 төгрөг болсон байна. Ш.Ц-гээс шалгалт авч ажилд нь оруулна гэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч талын тайлбарт үндэслэлгүй зүйл дурдсан нь өөрөө хүмүүсээ сонгоод шалгалт өгсөн гэсэн. Ш.Ц өөрөө шалгалт авах хүмүүсээ сонгох боломжгүй. Тухайн үед ээлжийн амралттай хүмүүсийн оронд ажиллаж байгаа хүмүүс шалгалт авсан. 2020 оны 10 сарын 26-ны өдөр ирүүлсэн албан бичигт тус шалгалт хүчингүй гэснээс энэхүү шалгалтыг хуудсыг хүчингүйд тооцсон ажил олгогчийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Ш.Ц 274 тушаалыг үндэслэж, техникийн шалгалтаа өгөөд, тэнцсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Зорчигч тээврийн газрын зорчигчийн галт тэрэгний байцаагчийн ажилд эргүүлэн орох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 9.809.355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч У нийгэмлэгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа бичгээр гаргасан. Ш.Ц нь захиргааны чөлөөтэй байсан. Захиргааны чөлөөнөөс эргэн орохдоо Зам тээврийн яамны сайдын 22 дугаар тушаалд төмөр замын мэргэжлийн ажилтан бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, шалгалт авах журмын 5.1, 5.2-т заасныг үндэслэж гарсан. Замын даргын 2018 оны А/274 дугаартай тушаалаар батлагдсан Техникийн шалгалт авах дүрэм журам гэсэн эрх зүйн актууд мөрдөгдөж байгаа. Эдгээр эрх зүйн актуудад заасны дагуу техникийн шалгалт авах, дүгнэх журмын 15.5-т ямар тохиолдолд шалгалт авах талаар заасан. 2018 оноос хүчин төгөлдөр байгаа Зам тээврийн яамны сайдын тушаалыг бид нар шүүмжлэх ёсгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У-ын үйлдвэрчний эвлэлийн хуульч хүн байгаа. 2018 оноос хойш мөрдөж тушаалыг хууль бус гэж яриад байх юм. У ХНН нь Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоотой. Тэр үедээ хууль бус гэж маргаагүй байж, одоо үгүйсгэж байгааг гайхаж байна. 2020 оны 08 сарын 17-ны өдөр техникийн мэдлэгийн түвшин тогтоох, шалгалтын дүн хуудсыг ирүүлсэн байдаг. Тус шалгалтын хуудсыг үзэхэд Замын даргын 2009 оны шалгалт авах зааварт тус шалгалтын ямар ямар албан тушаалтан, яаж авах талаар тодорхой заасан. Шалгалтын бүрэлдэхүүнд замын ерөнхий инженер буюу хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан даргыг орлогч дарга, хяналтын албаны орлогч дарга, улсын байцаагч нар, хууль зүйн албанаас нэг хүн, хөдөлмөр халамжийн хэлтсээс нэг хүн байхаар зохицуулсан. Албаны байцаагч нар шалгалт өгнө гэж заасан Ш.Ц өөрөө албаны байцаагч. Энэ тушаал шийдвэрүүд одоог хүртэл мөрдөж байгаа, зөвхөн Ш.Ц дээр мөрдөгдөөд байгаа зүйл биш. Нэхэмжлэгчийн эмзэглээд байгаа зүйл нь тухайн шалгалт авах бүрэлдэхүүнд байсан хүмүүст шалгалт өгөөгүй. Энэ журмын дагуу шалгалтаа өгөхийг шаардсан. Өмнөх дүн хууль бус байна, дахиад шалгалтаа өгөөрэй гэж хэлсэн. Хөндлөнгөөс би өөрөө дүгнэхэд 2 жилийн чөлөө авахаасаа өмнө шалгалт өгөөд 73 хувиар унасан. Тэгээд шууд захиргааны чөлөө авсан, 1 жилийн чөлөө аваад, үргэлжлүүлээд дахин 1 жилийн чөлөө авсан. Ингэж байтал мартагдах байх. Захиргааны чөлөөний хугацаа дуусаад ажилдаа ороход нь шалгалтаа өг гэсэн шаардлага тавьсан. Өөрөө яваад, тээврийн хяналтын албаны орлогч дарга Энхболд, Тээврийн хяналтын галын асуудал хариуцсан байцаагч нараас Зам тээврийн албаны ерөнхий инженер Жамъянсүрэн орсон. 79 хувьтай хангалттай гэсэн үнэлгээг авсан байсан. 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 640 тоот дахин шалгалт авах тухай Замын даргын тушаалд комиссыг тодорхой зааж өгсөн байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга, хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн албаны сургалт хариуцсан мэргэжилтэн, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, зорчигч тээврийн албаны үйлчилгээ хариуцсан орлогч дарга гэсэн бүрэлдэхүүнтэй комисс томилсон. Тушаал гарсан та шалгалтаа өг гэхээр намайг халах гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ хүн өөрөө боловсон хүчний шаардлагыг хангахгүй гэдгээ өөрөө мэдэж байгаа учир эсэргүүцэл үзүүлж байна гэж хардах үндэслэлтэй. Өөрийнхөө хийдэг ажилтай холбоотой хууль, дүрэм, журмын талаар нь шалгалт авна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтыг ярьж байна. Эхлээд ажилд нь авчихаад, дараа шалгалтаа авах талаар ярьж байна. Ажил олгогч өөрсдийнхөө ажлын онцлогт тохируулан дүрэм, журмаа боловсруулдаг. Ш.Ц-г ажлаас халаагүй, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчоос гаргасан дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй. Ажилтны эрх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан байгаа. Дүрэм журмаа өөрөө биелүүлэхгүй байж, бусдыг ажлыг шалгах эрхгүй. Ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн гэх зүйлийг ярьсан. Ажил олгогчтой холбоотой гомдлыг ёс зүйн хороонд хэзээ гаргаж байсныг шалгуулах шаардлагатай. Өөрийнхөө бодсоноор ажил олгогчийн дарамт шахалт гэх зүйлийг ярих үндэслэлгүй. Цалин хөлсний асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тодорхой хугацаанд эмнэлэгийн акттай байсан. Үүнд нь 1, 2 хоногийн зөрүү байсан. 09 сарын 11-ний өдрөөс 09 сарын 21-ний өдөр хүртэл, 09 сарын 23-ны өдрөөс 10 сарын 06-ны өдрийг хүртэл, 10 сарын 08-ны өдрөөс 10 сарын 19-ний өдөр хүртэл, 10 сарын 23-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 45 хоногийн 4 удаагийн лист ирүүлсэн. Үүнээс хойш 11 сарын 02-ны өдрөөс ажилдаа огт ирээгүй, шалгалтаа өгөөгүй. Листний дунд завсардсан ажлын 14 хоног байгаа. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажил тасалсан, ноцтой зөрчилд ордог. Гэхдээ үүгээр ажлаас халах гэж байгаа гэсэн үг биш. 2020 оны 09 сарын 02-ны өдөр батлагдсан шалгалт авах комисст шалгалтаа өгөхгүй байгаа. Сүүлдээ 2020 оны 10 сарын 26-ны өдөр хүний нөөцийн албанаас бичгээр шалгалт өгөхийг шаардсан. Ажил олгогчийн зүгээс Ш.Ц-г ажлаас халсан тушаал гараагүй. Шалгалт өгч ажилдаа орох өөрийн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Цалин хөлсний бодолтод У тухайн ажилтны сарын цалинг 200 хувиар нэмж олгодог. Ш.Ц-гийн жилийн үр дүнгийн цалин ч гэсэн 2 дахин үржигдэж орсон. Жилийн үр дүнгийн цалинг 1 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан үед олгодог. Хэрэв 1 дүгээр сарын 05-ны өдөр ажилд орсон бол жилийн үр дүнгийн цалин авахгүй гэсэн үг. Миний бодсоноор 1.244.426 төгрөгөөс 1 хоногийн цалин 56.564 төгрөг гарч байна. 83 хоногоор бодохоор 4.694.879 төгрөг болно. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийтдээ 2 шаардлага гаргасан учир тусд нь тайлбарлаж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч У ХНН холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин хөлс 9.809.355 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ажлаас чөлөөлөөгүй, шалгалт өгөөд ажилдаа ор гэсэн шаардлагыг одоо хүртэл биелүүлээгүй гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Ц нь У-ын Зорчигч үйлчилгээний албаны суудлын галт тэрэгний байцаагчаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-289 тоот тушаалаар ажиллаж байгаад У-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-III-170 тоот тушаалаар мөн өдрөөс 1 жилийн хугацаатай чөлөө, У-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б-III-161 тоот тушаалаар 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөө авчээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэсэн үндэслэлээр ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч Ш.Ц-гийн ажлын байр нь дээрх үндэслэлээр хадгалагдаж байгаа талаар зохигчид маргаагүй.
Харин чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилд орох талаар мэдэгдэхээр хандахад техникийн шалгалт өгсөн байхыг шаардсан байна.
У-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-274 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан Техникийн мэдлэгийн шалгалт авах, дүгнэх журмын 1.5.5-д Хүүхэд асрах болон 1 жил ба түүнээс дээш хугацааны захиргааны чөлөөнөөс, мөн хөдөлмөрийн чадвараа хагас болон бүтэн алдсан ажилтан эргэн ажилдаа орох бол дээрх шалгалтыг авсан байна буюу сургалтын жилийн эцсийн шалгалтыг өгөхөөр заажээ.
Энэ дагуу нэхэмжлэгч нь Техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгч, 79.0% буюу хангалттай үнэлгээ авсан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс уг дүнгийн хүснэгтийг хүлээн зөвшөөрөхгүй, У-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-640 тоот тушаалаар Ш.Ц-гээс техникийн шалгалт авах комисс томилж, энэ комиссын бүрэлдэхүүнээр шалгалт өгөхийг шаардсан ба нэхэмжлэгч дахин шалгалт өгөхгүй гэснээр түүнийг ажилд нь буцаан аваагүй байна.
Ажил олгогч нь Ш.Ц-гээс шалгалт авсан бүрэлдэхүүнийг У-ын даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалт өгвөл зохих албан тушаалын жагсаалтын 2 дугаар хүснэгтэд шалгалт авах бүрэлдэхүүнийг Замын ерөнхий инженер буюу хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга, хяналтын албаны орлогч дарга, Улсын байцаагч нар, хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга, Замын ҮЭХ-ны дарга нарын бүрэлдэхүүнтэй байх шаардлагыг хангаагүй, улмаар 2 жил тутам явагддаг аттестатчлалын 2018 оны шалгалтандаа нэхэмжлэгч тэнцээгүй гэж түүний өгсөн шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Комиссын бүрэлдэхүүн нь дээрх журамд зааснаар бүрдээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс Ш.Ц-гийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн техникийн шалгалтыг хүчингүй болгосон эрхийн акт гаргаагүй байна.
Энэ нь ажил олгогчийг ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй буюу энэхүү эс үйлдэл нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж дүгнэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгчийг У-ын Зорчигч үйлчилгээний албаны суудлын галт тэрэгний байцаагчийн ажилд томилж, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулах нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сард эмнэлгийн чөлөөтэй байсан, шөнийн цагаар ажилласан нэмэгдэл, хоол, унааны мөнгө, томилолтоор ажилласан нэмэгдэл нь түүний цалин хөлсөнд тооцогдсон байх тул түүний албан тушаалын үндсэн цалин нь 1.157.550 төгрөг, тасралтгүй ажилласан жилийн нэмэгдэл нь 86.816 төгрөг, нийт 1.244.366 төгрөгийн цалин хөлсийг тогтмол авч байснаар дундаж цалин хөлсний хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү дундаж цалин хөлснөөс нэг өдрийн цалин хөлсийг тооцоход 59.256 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилд орох ёстой байсан боловч энэ хугацаанд эмнэлгийн хуудсаар өвчтэй байсан тул түүний ажилгүй байсан хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 03-ы өдөр хүртэл тооцоход ажлын 83 хоног ажилгүй байжээ.
Иймд ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.918.248 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/-ийг гаргуулж, үлдэх 4.891.107 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 102.136 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-г У-ын Зорчигч үйлчилгээний албаны суудлын галт тэрэгний байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.918.015 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч У ХНН даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.891.107 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93.642 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ