Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02783

 

***1 оны 11 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ***1/02783 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, Залуучуудын өргөн чөлөө-21, *** тоот хаягт байрлах,  ***** ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Хансвилл хотхон, ****** тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ын  /РД:/-т холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 687 298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Б.Т, хариуцагч Ч., түүний өмгөөлөгч О.О, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.тэй ***0 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ20/01 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу нийт 5 000 000 төгрөгийг хүүгүйгээр, 10 сарын хугацаатайгаар зээлэх, зээлдэгч нь ***1 оны 7 сарын 5-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож, хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж 5 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн ба хариуцагч нь нийт 1 874 729 төгрөг төлсөн. 3 125 271 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 6 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор ***1 оны 5 сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ч. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй нэхэмжлэгч талыг хохироосоор байна. Иймд 187 хоногийн алданги 536 241 төгрөг, үндсэн зээл, хүүгийн хамт 3 437 798 төгрөг, нийт 3 687 298 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...***0 оны 8 дугаар сараас  ***** ХХК-ын захирал ******ын саналын дагуу 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 2 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд цалин дандаа дутуу ордог байсан. Сар болгон ажилчдын цалин, илүү цагийн мөнгөний талаар ярихаар хэрүүл ам хийлээ гээд ***1 оны 5 сард үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө ажлаас халсан. Би бол 28-30 хоногтой ордог байсан. Хөдөлмөр хамгааллын дэвтэр намайг гэрчлэх байх. Цалин дутуу бага ороод байхаар нь би цалингаас 500 000 төгрөгөөр суутгаад аваад байна гэж бодсон гэтэл байгууллага аваагүй гээд байна. Би ажил тасална гэж огт байдаггүй, хоцордоггүй хүн. Гэтэл цалин бага ороод л байсан. Мөн бид хатуу хөл хорио тогтоосон байх хугацаанд ч байгууллага дээрээ байрлаж ажиллаж байсан. Тухайн үед зариг.мн гэх мэт сурвалжлагч, мэдээний хүмүүс ирж байсан. Тэр үед ч цалин дутуу орж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч  ***** ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3 687 298 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч цалингаас суутган авсан гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

 

 

Талуудын хооронд ***0 оны 09 сарын 03-ны өдөр ЗГ/20/01 дугаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу  ***** ХХК нь 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдэгч Ч.т шилжүүлэх, зээлдэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснөөс суутгуулан төлөхөөр тохиролцжээ.

 

 

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг ***0 оны 8 дугаар сарын 31-ны өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

 

 

Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч  ***** ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу мужааны даамал албан тушаалд сарын 2 500 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан ба ***1 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/055 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажиллаж байх хугацаандаа нийт 1 874 729 төгрөгийн төлөлт хийсэн гэж тайлбарласан. Хариуцагчид олгосон цалингийн тооцооноос үзэхэд ***0 оны 12 сар, ***1 оны 01 болон 02 сарын цалинг 2 000 000 төгрөгөөр тооцон олгосон байх ба нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын ***0 оны 12 сарын 18-ны өдрийн ****** дугаар барилгын талбайг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэх тухай тушаалыг үндэслэн ажилчдын цалинг 80 хувиар тооцон олгосон гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэж заасан ба үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл тул ажил олгогч дангаараа өөрчилж байгаа нь хуульд нийцэхгүй.

 

 

 

Иймд дээрх гурван сарын дутуу олгосон цалин болох 1 500 000 төгрөгийг хариуцагчийн цалингаас урьд суутгасан гэх 1 874 729 төгрөг дээр нэмж тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн цалин хөлснөөс ***0 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/20/01 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 3 374 729 төгрөгийг суутган авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

 

Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосонтой холбоотойгоор талууд ***0 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/20/01 дугаар зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохирсон нь талуудын зарчимд нийцэх хэдий ч зээлдэгч буюу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг буруу тодорхойлжээ. Нэгэнт хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тодорхойлж хуваарь тогтоосон учир хариуцагчийг уг хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэв. /хх-9/

 

 

 

Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн цалин хөлснөөс 3 374 729 төгрөгийг суутгасан гэж үзэх тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 1 625 271 төгрөг байжээ. Гэрээний хугацаа ***1 оны 11 сарын 13-ны өдөр дуусах байсан ба нэхэмжлэгч ***1 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзнэ.

 

 

 

Талууд ***1 оны 05 сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээгээр хүү тооцохоор тохирсон тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 1 625 271 төгрөгт гэрээ цуцлах хүртэл 4 сарын хугацааны хүү 130 021 төгрөгийг тооцон нийт 1 755 292 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 932 006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.ээс 1 755 292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ***** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 932 006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ