Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 116/ШШ2022/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорнод  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: Д  аймгийн Хэрлэн сумын ...-р баг, Т ... тоотод оршин суух, Н-ын Х-ын нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Д аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан,

                 Нэхэмжлэлийн шаардлага: Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022.03.22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х , өмгөөлөгч Ч.Э , хариуцагч Н.Э , гэрч  П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч Н.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018.12 сараас Д  аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтад зарлагдсан Стандарт хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээчийн сул орон тоонд шалгалт өгч тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 165 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолын дагуу Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны Б/05 дугаар тушаалын дагуу Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр томилогдсон. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2019 онд өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Баталгаажуулалтын шинжээчийн эрхийг 2019 онд 2 жилээр авч 2021 онд 4 жилээр сунгуулан хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байсан. Гэтэл тус хэлтсийн дарга Н.Э  нь 2022.03.22-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаал гаргасан. Анх 2021.10 сард орон тооны цомхотголд оруулах талаар надад амаар мэдэгдэж байсан. Учрыг нь асуухад жирэмсний амралттай байсан салбар сан хариуцсан мэргэжилтэн Д.М-ийг сургаж бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр тушаал гаргах тул намайг цомхотголд орно гэж тайлбарласан.  Д.М нь 2017 онд жирэмсний амралт авахаас 2 сарын өмнө бүтээгдэхүүн баталгаажуулалтын “орон тооны бус” шинжээчийн эрх авсан байсан. Гэтэл хэлтсийн дарга Н.Э  нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн 2017.10 сард орон тооны шинжээчээр ажиллуулах тушаал гаргасан байна. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/118 дугаар тушаалд Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтны 2 орон тоо батлагдсан байхад дахин нэмж энэ ажлын байран дээр тушаал гаргах гэж байгаа нь хууль журамд нийцэхгүй гэж байгууллагын дарга Н.Э од хэлсэн боловч “ Д.М чамаас өмнө төрийн албанд орсон, угаасаа шинжээч хүн, чи барьцах хэрэггүй, П.Б-г халж сул орон тоо зарласнаар чи орж ирсэн учир П.Б-тай чи шүүхдэнэ” гэж хэлсэн. Тухайн оны 10.18-ны өдөр миний бие өвдөж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд Covid-19 халдвар авсан тул тус өдрөөс 11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан. Хэлтсийн даргад утсаар мэдэгдэж, эмнэлгийн магадлагааг хэлтсийн хүний нөөцийн ажилтан болон нягтлан бодогчид бичгээр өгсөн боловч өвчтэй байх хугацааны  цалинг 5 хоног дутуу тооцож олгосон. Тухайн үед коронавирус халдвараар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Цалин яагаад дутуу орсон талаар ерөнхий нягтлан бодогч Д.Г-ээс асуухад “Чиний халагдах тушаалыг 10.25-ны өдөр гаргана гэж дарга хэлсэн учир 5 хоног дутуу бодсон” гэж хэлсэн. Акттай байх хугацаанд тушаал гаргана гэхэд гайхаж байсан, мөн ажлаас чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад тушаал гаргана гэж цалингаас хассан нь хууль, дүрэм, журамд нийцэхгүй тохиолдол юм. Гэтэл тухайн үед Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн байсан П.Б-г ажлаас чөлөөлөн Төрийн үйлчилгээний ажилтан байсан Д.М-г ...мэргэжилтнээр тушаал гаргаж, Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох сургалтанд хамруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2021.11.26-ны өдөр өргүүлсэн байдаг. 2022.01.04-ний өдөр хэлтсийн даргын өрөөнд хэлтсийн дарга Н.Э , архив, бичиг хэргийн ажилтан Г.У, ахлах мэргэжилтэн Б.Д, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн  Д.М нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан бөгөөд төрийн үйлчилгээний ажилтан байсан  Д.М нь даргын дэмжлэгээр “Орон тооны бус шинжээч”-ээр эрх авч энэ чиглэлээр огт ажиллаагүй, 2017 онд жирэмсний амралт авсан. Гэвч хэлтсийн дарга эрх мэдлээ хэтрүүлэн 2017 онд орон тооны баталгаажуулалтын шинжээчээр тушаал гаргасан гэдгийг олж мэдсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс ...мэргэжилтэн П.Б холбоотой ирсэн бичгийн дагуу 3.09-ний дотор дахин намайг халах тушаал гаргах талаар амаар мэдэгдсэн. Хэлтсийн дарга Н.Э  нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн үзэмжээр хандаж, хууль бус шийдвэр гаргаж байгаа нь бага насны 3 хүүхэдтэй миний хувьд маш хүндээр тусаж байна. Би Н.Э  даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэдгийг дараах хэдэн зүйлээр батална.

                1. Д  аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн сул орон тоон дээр шалгалт өгөөд 1-р байранд орж жилд томилогдсон.

               2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2019 онд өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Баталгаажуулалтын шинжээчийн эрхийг 2019 онд 2 жилээр авч, 2021 онд 4 жилээр сунгуулан хууль дүрэм, журмын дагуу ажиллаж байсан.

            3. Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5-д заасныг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх тухай байгууллагын даргын тушаал үндэслэлгүй юм. Учир нь байгууллагын ...баталгаажуулалтын шинжээчийн орон тооны батлагдсан бүтэц 2 юм. Энэ орон тоонд П.Б  болон Н.Х  миний бие ажиллаж байсан.

            4. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн орон тоо байхгүй, ажлын сул орон тоо зарлагдаагүй байхад 2017 онд Д.Мөнхцэцэгийг Баталгаажуулалтын шинжээчээр томилсон. Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус ажилд томилох тушаалыг гаргасан.

                5. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 48.1, 48.2 заалтыг зөрчсөн.

               6. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.11 заалтыг зөрчсөн. Миний бие 2022.03.24-ний өдрөөс эхэлсэн Удирдлагын академиас зохион байгуулсан төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад байгууллага миний нэрийг өгсөн учир сургалтад хамрагдаж байх хугацаанд үндэслэлгүй халсан.

                7. Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 78, 135 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн.

               8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Учир нь намайг ажлаас чөлөөлөх талаар амаар мэдэгдсэн бөгөөд үүний хариуд миний бие бичгээр байгууллагын удирдлагад 2022.03.07-ны өдөр хууль зөрчсөн үйлдэл болох талаар бичгээр сануулж өргөдөл өгсөн. Миний бие Төрийн албаны төв зөвлөлд хандсаны дагуу тус зөвлөлөөс 2022.06.24-ний өдрийн 01/1375 дугаартай албан бичгээр хариу ирсэн.

            Иймд Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022.03.22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.М нэхэмжлэгчээс хойш бүтээгдэхүүн баталгаажуулалтын хоёр дахь орон тоон дээр орж ажилласан болох нь батлагдаж байна. Сул орон тоо гэдгийг хуулинд маш тодорхой заасан. Хариуцагч “Би П.Б гийн хүсэлтээр зарласан сул орон тоон дээр авсан” гэж яриад байх юм. Хэн нэгэн хүсэлт гаргаад сул орон тоо гаргачихдаггүй юм. Төрийн албаны зөвлөлийн Б.Баатарзориг дарга хуулийн дагуу тайлбар ирүүлэх ёстой байсан. П.Б гийн хүсэлт гэдэг зүйлийн талаар дурдсан байсан. Н.Э  нь П.Б г ажлаас чөлөөлсөн нь буруу л гэдэг шүүхийн шийдвэр гарсан болохоос биш төрийн албан хаагчийн шалгалтыг хүчингүй болгосон зүйл байхгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдлийг Төрийн албаны зөвлөл гаргасан байсан. Өнөөдрийг хүртэл П.Б  нь тухайн албан тушаал дээр өгөх ёстой шалгалтыг өгөхгүйгээр ажиллаж байна.

             Н.Х ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна. 3 ерөнхий үндэслэлийг дурдаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар ажилд эргүүлэн авах боломжтой. Өмнөх Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн хэрэг дээр Н.Х ыг хууль бусаар томилсон гэж үзсэн нэг ч шийдвэр байхгүй. П.Б г чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна л гэж дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар Н.Х ыг гуравдагч этгээдээр татаж авах ёстой байсан боловч татсан зүйл байхгүй. Тиймээс Н.Х ын эрх ашиг хөндөгдөхөөргүй гэж шүүхээс үзсэн байгаа юм. Болормаа өөрөө хүсээд П.Б д зориулж шалгалт хийгээд байхад шалгалтанд орохгүйгээр ажилдаа томилогдсон байх юм. Д.Мөнхцэцэгийн хувьд орон тооны бус эрхтэй байсан хэдий ч декритээ аваад явчихсан байна. Тэгвэл нэг сул орон тоон дээр ажиллуулж байх ёстой байсан. Захиргааны акт нь хууль ёсны үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг харгалзах талаар заасан байдаг. Хууль ёсны дагуу шалгалтанд орж ирсэн ганц албан хаагч нь Н.Х  байна. Тэрнээс биш 2013 онд ажилд томилогдсон гэж үзээд түрүүлж ажилд томилж байгаа нь буруу юм. Шалгалт өгөөгүй этгээдийг өөр ажилд томилох бүрэн эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд заавал хүргүүлнэ гэдгийг тодорхой заасан. Нэгэнт мэдэгдэл ирээгүй тул хаана хэзээ болох нь тодорхойгүй үлдсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан нэг ч ажиллагаа хийгдээгүй учраас Н.Х  буцааж тайлбар гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх ёстой байсан. Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар шийдвэрийн дагуу нөөц бүрдүүлэх хэлбэрээр ажилд томилогдсон. 2018 оны 12 дугаар сард зарлагдсан шалгалтад ороод 2019 оны 02 дугаар сард ажилд томилогдсон байгаа. Нэгэнт сул орон тоо зарласан. Ингэхдээ П.Б гийн орон тоо гэж зарлагдаагүй. Гэхдээ хоёр сул орон тоотой байсан. Н.Э  даргад хуулиар олгогдсон эрх байгаа. Хоёр орон тоог зарлаж шалгаруулах ёстой байсан. Төрийн албаны зөвлөлөөс Стандарт хэмжил зүйн хэлтэст сул орон тоо байна гэж шалгаруулалт зарласан. Хэний яаж үүссэн орон тоо гэдэг нь Н.Х д хамаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шаардлагыг хангаж шийвэрлэж өгнө үү гэв.

 

               Хариуцагч Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х  нь Төрийн албаны зөвлөлийн Д  аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2018.12.25-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсний дагуу Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2019.02.15-ны өдрийн Н.Х ыг ажилд томилох тухай Б/05 дугаар тушаалаар тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилогдсон.

Өмнө нь Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй П.Б  нь ажиллаж байсан бөгөөд миний бие удаа дараа шаардсаны дагуу өргөдлөө өгч сонгон шалгаруулалт зарлагдсан. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018.12.25-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 165 дугаар тогтоол, 2019.12.31-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 105 дугаар албан бичгийн дагуу баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилохдоо уг албан тушаалд ажиллаж байсан П.Б г 2019.01.16-ны өдрийн Б/04 дүгээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Д  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр П.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2019.01.16-ны өдрийн Б/04 дүгээр шийдвэр хүчингүй болсон. Уг шийдвэрийн дагуу П.Б г урьд ажиллаж байсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр томилогдсоноор Н.Х ыг томилсон шийдвэр хүчингүй болох байсан ч бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Д,  Д.М нар нь жирэмсний амралттай байсан тул Н.Х  үргэлжлэн ажиллах боломжтой болсон.

                 Миний хувьд Хонгорзулыг энэ ажилд ажиллуулах бүрэн сонирхолтой байсан. П.Б  нь Төрийн албаны зөвлөлд 4 сар орчим маргаан гаргаж явсан. Надад бүр шүүхийн шийдвэрийг дагах ёстой, сонгон шалгаруулалтыг шүүхээс хүчингүй болгосон гэсэн тогтоолыг өгсөн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзоригийн шийдвэрийг би эсэргүүцэж чадахгүй.

             Д.М ажилдаа орохгүй хоёр жилийн чөлөө авсан байгаа. Би энэ үед “Чи их азтай байна шүү” гэж хэлсэн. Би эргээд ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Арга ядаад Ганчимэг Улаанбаатар хотод сургалтад суугаад шинжээчээр ажилласан. Бүр Боловсрол соёлын газарт ажиллуулах саналыг хүртэл гаргаж байсан. Би өнөөдрийг хүртэл чамайг хамгаалж, хаацайлж ирсэн. Гэтэл намайг үнэхээр муу муухайгаар бичсэн байсан. Сонсох ажиллагаа гэдэгтэй Хонгорзул өөрөө тайлбарлаж хэлээрэй. Би хэд хэдэн удаа чамтай холбогдож утсаар хүртэл ярьж, хэд хэдэн удаа уулзаж байсан. Би сонсох ажиллагаа хийх гэж дуудахад нийт 10 хоногийн чөлөө аваад ажилдаа ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

               Гэрч  П.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгон шалгаруулалт хууль зүйд нийцсэн гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд хандах эрхийг бүрэн хангахгүйгээр сонгон шалгаруулалт зарласан гэж үзсэн. Уг нь П.Б  өөрөө хүсэлтээ өгсөн. Ажлаас чөлөөлөгдсөн. Иймээс сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтад Н.Х  оролцож тэнцсэн. П.Б гийн хувьд өөрөө шалгалтанд оролцоогүй. 2019 онд хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Үүний өмнө хэрэгжиж байсан хуулиар Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн л бол ямар ч ажил хийх боломжтой байсан. Сүүлийн хуулиар яг нэг албан тушаалд зориулж л ордог болсон. Тухайн сонгон шалгаруулалтад Н.Х аас гадна 3 хүн оролцсон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч нь Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан[1].

 

            Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Нямлхагва овогтой Хонгорзулыг ... тус хэлтсийн Баталгаажуулалтын шинжээчээр анх томилжээ.[2]

           

            Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаар тогтоолын[3] 03 дугаар хавсралтад заасны дагуу ... 74 оноо авч төрийн албаны шалгалтад тэнцэж, улмаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

 

            Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ...П.Б г үргэлжлүүлэн ажиллуулах тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан тул Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Н.Х ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.[4]

 

            Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  73 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 13.2, 14.1, 14.2, 14.4 дэх заалтыг тус тус үндэслэн ... П.Б г Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус хэлтсийн даргад үүрэг болгожээ.[5]

            Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  04/418-р албан бичигт ... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор П.Б г төрийн албаны шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, Д  аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд хууль бусаар томилсон гэж дүгнээгүй байна.

            Тодруулбал, П.Б гийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн эсэх, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн эсэх тухай үйл баримтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоосон бөгөөд шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

                Иймд Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн “...П.Б  төрийн албаны ерөнхий тусгай шалгалт өгөөгүй, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуур хангаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

               Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаар тушаалаар Орон нутгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоо, албан тушаалын дээд хязгаарыг тогтоосон бөгөөд Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст нь хэлтсийн дарга-1, ахлах мэргэжилтэн-1, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн /улсын шалгагч/-3, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн-2, Салбар хариуцсан мэргэжилтэн-1, төрийн захиргааны-8, төрийн үйлчилгээний-5, нийт 13 албан хаагчийн орон тоотой байхаар батлагдсан.

              Монгол Улсын Шадар сайдын 2021 оны Үйл ажилллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсантай холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаар тушаалаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбоотой Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тоо, ангилал зэрэглэлд өөрчлөлт ороогүй хэвээр батлагдсан байна.

             Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3, 62.1.4 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтэц, орон тоонд огт өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх заалтыг тус тус баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр П.Б г төрийн албанаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэх хэсэг нь зорилгодоо нийцсэн, тухайн бодит нөхцөл байдалд тохирсон байхыг ойлгох бөгөөд Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар бүтэц, орон тоо нь өөрчлөгдөөгүй байхад орон тоо хасагдсан үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлсөн нь зорилго, бодит нөхцөл байдал хоорондоо нийцээгүй байна.

             Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасны дагуу Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Б г өмнө ажиллаж байсан тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

               Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасны дагуу Зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлж, биелэлтийн талаарх мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг мэдэгдье гэжээ.

                Иймд Н.Х ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны  зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тогтоолыг үндэслэн Н.Х ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг  баримтлан, нэхэмжлэгч Н.Х ын, Д  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан, Д  аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 13-р хуудас

[3] Хавтаст хэргийн 10-р хуудас

[4] Хавтаст хэргийн 9-р хуудас

[5] Хавтаст хэргийн 58-р хууудас