| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/03842/И |
| Дугаар | 102/ШШ2020/00196 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2020/00196
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ........... тоотод оршин суух Б овогт Б-н Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ....................... тоотод оршин суух Х овогт Д-ын О-т холбогдох 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б..... нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.О.........т 10.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн автомашиныг 5.000.000 төгрөгт тооцож нийт 15.000.000 төгрөгийг өгч, үүнээс 5.000.000 төгрөгт хүү бодож авахгүйгээр “Зээлийн гэрээ” байгуулсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй учраас шүүхэд хандсан.
Болсон явдал гэвэл анх Д.О......... н.С...... гэдэг хүний 570 маркийн автомашиныг авч, тендерийн ажил олж өгнө гээд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 90.000.000 төгрөгийг зээлүүлээд, ажил нь бүтэхгүй болж Д.О........., н.С......д 45.000.000 төгрөгийг төлсөн байдаг.
Ингээд Д.О......... надаас иргэн н.С......г хохиролгүй болгох ёстой гээд 15.000.000 төгрөгийг зээлсэн.
Нэхэмжлэлээ тодруулан хэлэхэд, 15.000.000 төгрөгийн задаргаа нь Д.О......... “тoyota рrius-11” маркийн суудлын автомашиныг 5.000.000 төгрөгт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Надаас мөнгө аваагүй мэтээр ярьж байна. Д.О.........ын өөрийнх нь цагдаад өгсөн мэдүүлэг хэрэгт баримтаар авагдсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Б.Б.....аас бэлэн мөнгө авсан зүйл байдаггүй. Болсон явдлын тухайд өнөөдрийн хуралд ажиглагчаар сууж буй н.Б.....магнай гэх хүн тендерт зориулж 90.000.000 төгрөгийг Д.О.........т өгсөн байдаг.
Тухайн тендер бүтэхээ больж 90.000.000 төгрөгийг буцаан өгч, 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй хоцорсон.
Гэвч 30.000.000 төгрөг завшсан гэж цагдаагийн байгууллагад хандсан байдаг юм. Энэ хугацаанд н.Б.....магнай өөрийн төрсөн дүү болох н.Б.....сайханыг дуудаж 2016 оны 01 дүгээр сард 30.000.000 төгрөгийг Б.Б.....аас Д.О.........т 15.000.000 төгрөгийг зээлүүлсэн мэтээр гэрээг байгуулсан. Бодитоор мөнгийг зээлж, хүү тооцсон асуудал байхгүй. Хариуцагч, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, төлөх төлбөр тооцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б....., хариуцагч Д.О.........т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 16.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч гэрээний харилцаанд нэхэмжлэгчтэй оролцоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Нэхэмжлэгч Б.Б....., хариуцагч Д.О.........тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөгт хүү тооцохгүйгээр “Зээлийн гэрээ”-г талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан болох нь гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид бэлнээр 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгт “тoyota рrius-11” маркийн суудлын автомашиныг өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хариуцагчийн төлөөлөгч мөнгө, машин аваагүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч “талуудын байгуулсан зээлийн гэрээнд Д.О......... гарын үсгээ зурснаа зөвшөөрдөг” гэх тайлбарыг гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлж, няцааж чадахгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байна гэж шүүх дүгнээд, зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас
-15.000.000 төгрөг /үндсэн зээл/
-10.000.000 х 5 хувь= 500.000 төгрөг /нэг сарын хүү/
-500.000 х 2 /сар/= 1.000.000 төгрөг /2 сарын хүү/
-15.000.000 төгрөг /үндсэн зээл/+1.000.000 төгрөг /хүү/= 16.00.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт Д-н О.........аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Б-ын Б.....т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА