Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26         

 

 

 

 

 

                                                              

 

 

 

2024         03             04                                                          2024/ШЦТ/26                                     

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***

Шүүгдэгч: *** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой 50-35 ӨМЕ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу гэв.

 

-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа /хавтаст хэргийн 11, 77 дахь тал/,

 

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

 

-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 28-31, 33, 38, 39-42, 43-49  дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн тухайд:

 

    1. Улсын яллагчаас яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *** оролцож гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой *** улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,

2. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 77-р тал/,

3. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум эрх хасагдсан/, хх-ийн 27-р тал/,

4. Гэрч ***: “...Би Цагаанхад суурьшлын бүсийн нүүрс тээврийн авто замын 212 дахь километрт зам тээврийн ослын хэмжилт хийж байхад нэг жолооч машинаасаа бууж ирээд надад хандан хажуугаар нь тойроод гарчих уу гэхээр нь би түр байж байгаарай удахгүй зам чөлөөллөө гэсэн тэгээд би тэр жолоочид хандан та наашаа хүрч ирээд хөндлөнгийн гэрчээр ороод өгөөч гэсэн тэгсэн тэр жолооч тэгье гэхээр нь тухайн жолоочийн мэдээллийг нь авч байх явцад амнаас нь спиртийн төрлийн зүйл үнэртсэн тэгэхээр нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэсэн үгүй гэсэн тэгэхээр нь би тандагч багаж үлээлгэн шалгахад улаан гэрэл ассан тэгээд драгер багаж үлээлгэн шалгахад 0.36% согтолтой байсан тэгээд эрхийн үнэмлэхийг регистрийн дугаараар нь бэлэн бус торгуулийн багажаар шалгахад 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

5. Яллагдагч *** “...Би 2024 оны 1 сарын 16-ны орой 20 цагийн үед БНХАУ-ын Ганц мод хилийн боомт Анд гэх нэртэй зочид буудлын 311 тоотод Дондог найзын хамт 1 шил 0.75 граммын Jack Daniels гэх нэршилтэй виски хувааж уугаад 22 цагийн амраад унтсан. Тэгээд маргааш өглөө нь Howo маркийн 50-35 ӨМЕ улсын дугаартай ХАППИ ӨЛЗИЙТ ЗАМ ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон Гашуун сухайт хилийн боомтоор гарч ирээд Өмнөговь аймаг Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүс НАБТ буюу гаалийн ачилт буулгалтын талбай руу орох гээд БНХАУлсын хилээр гараад явж байсан чинь замд Шалган нэвтрүүлэх 3-р цэгийн урд уулзварт зам тээврийн осол гарсан байсан. Зам түгжрээд хөдөлгөөн зогссон байсан би машинаасаа буугаад замын хажуугийн овоолсон шороон дээгүүр гараад явж болох уу гээд зам тээврийн осол дээр хэмжилт хийж байсан цагдаагийн алба хаагчаас асуусан. Тэр цагдаа намайг тэгээ тэг явж болно гэсэн тэгээд буцаад машин руугаа алхаж байсан чинь байтал ахаа нааш ир ослын гэрч болоод өгөөч гээд цагдаагийн алба хаагч дуудсан тэгэхээр нь тэгье тэгье гээд гарын үсэг зурчхаад эргээд тээврийн хэрэгсэл рүү алхаж байтал дахиад цагдаа дуудаад ахаа ийшээ үлээгээдэх гэхээр нь заа гээд үлээсэн чинь 0.36 хувийн согтолттой байсан тэгээд би өчигдөр орой уусан юм яагаад гардаггүй билээ гээд дахиад үлээж шалгасан чинь дахиад 0.36% гарсан Тэгээд миний унаж явсан 50-35 ӨМЕ улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байршуулан намайг дуудсан цагт ирээрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарласан.

 

1.2. Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт.

 

Шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, шүүх дараахь байдлаар дүгнэлтээ хийсэн болно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой ***улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт оруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Мөн тус зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэх тайлбарыг нэмэлтээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж бол согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг давтан үйлдлээр жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл байна. Эхний үйлдлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх урьдач нөхцөлийг хууль тогтоогч тодорхойлжээ.

 

Энэ хэргийн хувьд шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үндэслэлээр буюу одоо хүчингүй болсон заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 27 дахь тал/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Тодруулбал дээрх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Эрүүгийн хуулиар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн давтан үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй юм. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл хүлээж байсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж прокуророос шүүгдэгч *** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Бунь овогт Эрдэнэбатын Төмөрхуягийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаахаар тогтоов.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ***нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Төмөрхуяг нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.

 

1.5. Бусад асуудлын талаар.

 

Шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгохоор тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Төмөрхуягт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *** овогт *** цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Э.Төмөрхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Э.Төмөрхуяг нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    ***