Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/03271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 0000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Э овогт В-гийн Г /РД:МЮ0000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 0000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Э овогт Г Ц /РД:0000000/,

            Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Ногоон толгой хаягт үйл ажиллагаа явуулдаг, “Ө” ХХК /РД:0000/,

            Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Ногоон толгой хаягт үйл ажиллагаа явуулдаг, “С” ХХК /РД:000000/ нарт холбогдох,

            160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д хариуцагч Ц, хариуцагч “Ө” ХХК болон С ХХК-ийн захирал Ц, хариуцагчийн өмгөөлөгч С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц нь 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хувьцаа худалдах  худалдан авах гэрээ хийж, Налайх дүүрэг, Ногоон толгойд байрлалтай Ө ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг 100 хувь худалдан авахаар Г, О нартай гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Хариуцагч Ц нь нэхэмжлэгч Гөөс Ө ХХК-ийн үндсэн хөрөнгө болох 20 га газар, 1 км гаруй цахилгаан шугам, трансформаторын хамт, Шинээр баригдсан тоосго шатаах баюу, ажилчдын орон сууц, трактор, тоосго үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан юм. Гэвч хариуцагч Ц нь Ө ХХК-ийг тоосгоны үйлдвэртэйн худалдан авахаар гэрээ хийж, шилжүүлэн авснаас хойш үлдэгдэл төлбөрөө төлөх талаар олон удаа гэрээ, хэлцэл, хурлын тэмдэглэл, баталгааг бичгээр гаргаж өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлэлгүй янз бүрийн шалтаг, шалтгаан, тайлбар тавьж хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №16/11 тоот гэрээгээр хариуцагч Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г надад Улаанбаатар хотын А бүсэд 2 өрөө байрыг 130,000,000 төгрөгөөр худалдан авч тоосгоны үйлдвэрийн үлдэгдэл төлбөрөө төлөхөөр үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Г  би Цтой удаа дараа утсаар ярьж, биечлэн олон удаа уулзаж гэрээгээр хүлээсэн 130,000,000 төгрөгний үлдэгдэл төлбөрөө төлөхийг хэлж, шаардаж байсан ба тухай бүрт удахгүй төлж дуусгана, одоохондоо хүнд байдалд байгаа тул түр хүлээгээч гэх зэргээр дээрхи тайлбаруудаа тавьсаар гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Хариуцагч Ц, нэхэмжлэгч Г бид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний үүргийг биелэлтийг баталгаажуулахаар  тохиролцсон  боловч шүүх дээр хүрэлцэн ирээгүй. Иймд миний бие цаашид хүлээх боломжгүй бөгөөд гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 130,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 160,000,000 төгрөгийг хариуцагч Цгоос гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Ц нь Ө ХХК-ийн 20 га газраас бусад бүх хөрөнгийг Г надаас худалдаж авсан үнийн дүнгээс 4 дахин давсан үнээр үнэлж “Д” ББСБ-аас 130,000 ам долларын зээл авсан боловч Г миний үлдэгдэл төлбөрийг тухайн үед нь төлөөгүй, хууран мэхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ББСБ-аас авсан зээлийн төлбөрөө барагдуулаагүйн улмаас бүх өмч хөрөнгүүд зээлийн барьцаанд байна. 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч С ХХК-ийн захирал Ц нь Ө ХХК-ийн  салшгүй нэг хэсэг 20 га газрыг С ХХК-руу түр хугацаагаар шилжүүлсэн ба бусдад худалдах үед ямар нэгэн маргаан гомдолгүйгээр шууд буцааж шилжүүлэн өгөхөөр баталгаа гаргаж байсан. Иймд хариуцагч С ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэгч Г миний нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх-78 тал/.

Нэхэмжлэгч Г нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч Ц нь Ө ХХК-ийг энэхүү иргэний хэрэгт хамааралгүй мэтээр ярьж байна.  Хариуцагч Ц нь Ө ХХК-ийн бүх хөрөнгийг шилжүүлэн авсан ч үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг төлөхгүй санаа зорилготой байгаа нь илт байна. Тус шүүхэд Г миний нотлох баримтуудаар гаргаж өгсөн баримтууд нь Ө ХХК-ийг хариуцагчаар татахад хангалттай үндэслэл болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу Ө ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нь манай аав Гөөс 2005 оны  05 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Налайх  дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай Ө ХХК-ийг худалдаж авсан. Худалдаж авах гэрээнд зааснаар 20 га газар,  цахилгааны шугам, трансформатор бусад барилга байгууламж, ажилчдын орон сууц, трактор, тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн. Иймд үлдэгдэл төлбөрт 130,000,000 төгрөг, мөн алдангид 30,000,000 төгрөгийг нэмж, нийт 160,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц тухайн эд хөрөнгийг хүлээж авснаа ямар нэгэн маргаангүйгээр хүлээн зөвшөөрдөг. Энэ хэргийг шийдвэрлэхэд хамгийн гол нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуцлуулах, бүрдүүлэхэд хариуцагч тал энийг үгүйсгэсэн юмуу няцаасан баримт гаргаж өгөөгүй. Ганцхан тайлбар нь 130,000,000 төгрөгийн 2 өрөө байр өгсөн л гэж хэлдэг. Хэрвээ байр өгч байгаа бол  үл хөдлөх хөрөнгө учраас тэрийг заавал нотариатаар орж улсын бүртгэлд бүртгүүлж байж, Г гэдэг хүнд өгсөн гэдэг нь батлагдах ёстой байсан. Гэтэл ямарваа нэгэн нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байна. Энэ нь өөрөө нэхэмжлэлийг ямар нэгэн байдлаар няцаах юмуу үгүйсгэх зүйл байхгүй гэдгийг харуулж байна. Иргэний хуулинд зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах хуультай.  Гэтэл хариуцагч олон жил би төлнө, гурван өрөө байр өгнө, 130,000,000 төгрөг өгнө гэж бичээд яваад байдаг. Иймд Иргэний хуульд зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрх нь биелэгдсэн байна гэж үзэж байна. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь өөрийнх нь удаа дараа өгсөн олон гэрээнүүдээр батлагдана. Энэ гэрээнүүд хэргийн материалд байгаа.  2019 оны 05 дугаар сарын 07-нд Цгийн өөрийнх нь гараар бичиж өгсөн баримтад 2019 оны 07 дугаар сарын 01-ны дотор 2 өрөө байр буюу 130,000,000 төгрөгийг өгнө гэсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримт болж байгаа тул энэ мөнгө төлөгдөх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо, илэрхийлээд би төлнө гээд баталгаа гаргаж, бичиж байгаа нь нотлох баримт мөн. Энийг үгүйсгэх ямар ч арга алга. Нөгөө талаар хариуцагч би бичээгүй гэж няцаалт өгсөнгүй. Энэ нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон бичгийн баримт гэж үзэж байна. Нөгөө талаар хоёр иргэн хоорондоо хийсэн гэрээ. Г бол өөрөө ийм хувьцаа гээд аваад ирсэн Үнэндээ хувьцаа гэж байхгүй гэсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ бол анхнаасаа хүчин төгөлдөр хэлцэл байна. Хуулиар тогтоосон хэлцлийг зөрчсөн, хувьцаа нь ямар ч бүртгэлгүй юм бол өгсөн авснаа буцаадаг хуультай, ингээд өгөх үү гэхэд ахынх нь бие өвдөөд байна.  Би өөрийнх нь хэлээд байгаа 130,000,000 төгрөгийн байраа л авъя гэж хэлсэн. Иргэд хоорондын дунд ийм хайнга гэрээ хийгдсэн байна. Гэсэн ч дараа нь баталгаа гаргаж өгч байгаа  тул түүний дагуу нэхэмжилж байгаа юм.  Хэрвээ энэ нотлох баримтуудыг тус тусдаа зүйл, нотлох баримт биш гэж үзэх юм бол цаашдаа буруу жишиг тогтоно. Энэ нотлох баримтууд яаж үгүйсгэгдэх юм бэ? Хариу тайлбар гэж нэг л тайлбар өгсөн гэсэн гэхдээ нотлох баримтуудыг  харахад хоёр өрөө байр Цгоос өглөө гэсэн нэг ч нотлох баримт алга байна. Иймд энэ хэргийг шийдвэрлэхдээ энэ баталгаа бичиг баримтыг үндэслээд нэхэмжлэлийг бүрэн хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч болон хариуцагч Ө ХХК, С ХХК-ийн захирал Ц шүүхэд гаргасан тайлбартаа:      Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие Ө ХХК-ийн хувь нийлүүлэгч нар болох Г,О нартай 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж Ө ХХК-ийн бүх хувьцааг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг 60,000,000 төгрөгийн хувьцаанд 20 га газар эзэмших лиценз, 1 км гаруй цахилгаан шугам, трансформаторын хамт, 20 хувь гүйцэтгэлтэй тоосго шатаах зуух баюу, модоор барьсан 4*10 хэмжээтэй ажилчдын байр, хуучин хуучны ДТ75 трактор, тоосго үйлдвэрлэх боломжгүй хуучин төхөөрөмж зэрэг байсан. Эдгээрийг тухайн үед фото зургийг нь авч баримтжуулсан болно. Маш хуучин буруу технологиор хийгдсэн эд зүйлийг би авсан ба цаашид ашиглах боломжгүй болсон тул би зээл авч шинээр бүгдийг босгосон. Төлбөрийг төлөх талаар дурдсан гэрээний 6.1-д зааснаар эхний 15 сая төгрөгийг 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу гэрээ байгуулах өдрөө төлсөн. Түүнээс хойш төлбөрийг цувуулж төлсөөр ирсэн. Харин 20 га газар эзэмших лицензийн төлбөрөө Г,О нар төлөөгүй байснаа надад хэлэлгүй шилжүүлсэн байснаас 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Кадастрын газрын даргын 803 тоот шийдвэрээр уг лиценз цуцлагдсаныг би цуцлагдсанаас хойш мэдсэн. Ингээд уг газар нь улсын мэдэлд буцаад очсон байдаг. Энэ үед би гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцааж авах тухай хэлж байсан. Дараа нь би өөрийн Сатурнпрогресс ХХК-д уг лицензийг хууль ёсоор нь 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авсан. Иймд уг лиценз  бүхий 20 газар нь нэхэмжлэгчид хамааралгүй юм. Иймд Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд гэрээ байгуулсан. Гэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тоосго үйлдвэрлэж болох бүрэн хэмжээний буюу асар их хөрөнгө оруулалт хийж тоосгоны үйлдвэр байгуулсан. Хугацаандаа төлбөрөө хийж чадаагүй, гэхдээ төлбөрөө цувуулж төлж байсан. Би төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Иймд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хамгийн сүүлд Г тайлбар өгсөн байдаг. Энэ тайлбартаа Ц нь “надад 30,000,000 төгрөг өгсөн” гэж байхад энийг нэг ч төлбөр өгөөгүй гэж үгүйсгэж болохгүй. Манай талаас хамгийн гол нотлох баримтуудыг сая авчирч өгсөн. Энэ баримтуудтай танилцчихаад төлбөр төлөөгүй гэж яриад байгаа нь үнэнд нийцэхгүй. 1157 гэдэг шүүгчийн захирамжийг хоёр тал хоёулаа гаргаж өгсөн. Г нь Эрдэнэчимэг гэдэг хүнээс гэрээний дагуу орон сууц нэхээд, тэрийг нь нөгөө хүндээ өгье гэсэн байгаа. Ө ХХК-ийг Ц авсан. Эрдэнэчимэг чи надад Ө ХХК-ийнхаа хувьцаанаас өгчих, би Гт чиний төлөх мөнгөний оронд 2 өрөө орон сууцаа өгье гээд хуралдаад протокол хийсэн байгаа. Баримтаар Ц 40,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Шүүгчийн захирамжид энэ орон сууцны үнэ байгаа бөгөөд 42,720  ам.доллар буюу 56,434,828 төгрөг. Ингээд 90,000,000 төгрөг болж байна. Иймд үндсэн төлбөр хүү алданги төлөгдсөн гэж үзэж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд бол Г,О гэж байгаа. Өнөөдөр хариуцагч болоод орж байгаа Ө ХХК нь өөрөө энэ гэрээний дагуу зарагдаад байгаа компани. Иймд “Сатурн прогресс” ХХК болон Ө ХХК бол хариуцагч биш юм гэдгийг хэлэх гээд байна. Шүүхэд нэхэмжлэлийг хэн гаргаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй болсон. Г нь худалдах, худалдан авах гэрээ хийсэнОаас итгэмжлэл авсан байдаг. Хавтаст хэргийн 6 дугаар талд байгаа. Гэрээг хоёулаа хийсэн, яагаад ганцхан Г нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? Хэрвээ энэ хүнОыг төлөөлж байгаа юм бол энэ мөнгийгОад гаргуулж өгөөчээ гэж бичих ёстой.О нь Гт итгэмжлэл олгохдоо гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж байгаа. Гэтэл Г энийг зөрчөөд өнөөдрийн хуралд орж ирээд байгаа Г.Түвшинд итгэмжлэл олгосон. Тэгэхээр Т нь яг хэнийг нь төлөөлөөд байгаа юм бэ? Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасан байхад  О ерөөсөө мэдэхгүй байгаа. Мөн хариуцагчаар хоёр компанийг татаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас ч энэ талаар тайлбар хэлсэнгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г нь хариуцагч Ц, “Ө” ХХК, С ХХК нарт холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Г,О нар нь  иргэн Цтой хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Налайх дүүрэг, Ногоон толгойд байрлалтай Ө” ХХК-ийн бүх хувьцааг 60,000,000 төгрөгөөр худалдсан байх ба талууд 2005 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “Эрх шилжүүлэх тухай” гэрээ хийж, Ө” ХХК-ийн 100 хувийн эрх, үүрэг, хариуцлагыг Цд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна /хх-10-13 тал/.

            Талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч тал болох Г, О нар нь гэрээний зүйл болох Ө” ХХК-ийн хувьцааг болон эрхийг худалдан авагч тал болох Цд шилжүүлэн өгснөөр тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт орж, 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц нь тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч болсноор өмнөх хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан Ө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна /хх-111-150 тал/.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 130,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц авч өгөхөөр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16/11 дугаартай гэрээгээр харилцан тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар тайлбарлаж байгаа бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу бүх төлбөрөө төлж дуусгасан ...гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ буюу 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар заалтад: Ө” ХХК-ийн нийт хувьцааны эзэмшлийн харьцаа гэдэгт: Г 15 хувь,О 15 хувь, Ж.Бат 10 хувь, Ж.Мөнхдэлгэр 10 хувь, Xu Zhicheng 40 хувь, Hue Jinshan 10 хувь гэсэн байх ба гэрээний 3 дахь заалтад ...тус компанийн бүх хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс компанийг бүх хувьцааг бусдад худалдах бүрэн эрхийг Г ,О нар олгосон талаар тусгажээ./хх-10-13 тал/.

Мөн хэрэгт Ө” ХХК-ийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол” гэх баримт нотлох баримтаар авагдсан байх ба түүнд Ө” ХХК-ийн хувьцааг худалдан борлуулах гэрээг нийт хувь нийлүүлэгчдийн нэрийн өмнөөс байгуулах бүрэн эрхийг хувь нийлүүлэгч Г,О нарт олгохоор шийдвэрлэв гэжээ /хх-149-150 тал/.

            Дээрх байдлаас дүгнэвэл Ө” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Г байгаагүй байх бөгөөд Г нь бусад хувьцаа эзэмшигчдээс олгосон эрхийн дагуу Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Цтой байгуулсан байна.

Иймд дээрх гэрээний худалдагч тал нь Г,О нар биш, харин бүх хувьцаа эзэмшигчид байх тул хувьцаа эзэмшигч тус бүр өөрийн эзэмшиж байсан хувьцааныхаа үнийг хариуцагч Цгоос шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчО, Ж.Бат, Ж.Мөнхдэлгэр, Xu Zhicheng,Hue Jinshan нар нь дээрх гэрээний дагуу өөрт ногдох хувьцааны үнийг Цгоос шаардах эрхээ Гт шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс гадна 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл, 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 16/11 дугаартай гэрээ,  эдгээр гэрээ хэлцлүүдийн дагуу өр төлбөр барагдуулах тухай баталгаа болон хурлын протокол гэх баримтууд авагдсан байна /хх-14-31 тал/.

Эдгээр гэрээ болон протокол, баталгаа гэх баримтуудад “Г нь Ө” ХХК-д өөрийн эзэмшдэг 36 хувийн хувьцааг иргэн Цд 130,000,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байраар худалдаж, уг 2 өрөө байр буюу 130,000,000 төгрөгийг хэзээ хэрхэн төлөх” агуулга бүхий тохиролцоо тусгагджээ.

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж, 16.2.2 дахь хэсэгт компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг заавал тусгана гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгтКомпанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэжээ.

Хэрэгт  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2000 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ө” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа болон холбогдох бичиг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г нь 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гт дээрх гэрээ хэлцлийн дагуу Ө” ХХК-ийн 36 хувийн хувьцааг иргэн Цд шилжүүлэн өгснөөр түүнээс хувьцааныхаа үнийг шаардах эрх үүснэ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г нь 2005 оны 11 сараас хойш Ө” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй, талууд энэ талаар мэдэж байсан байх тул талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл, 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 16/11 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ө” ХХК болон С ХХК нь нэхэмжлэгч Гтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцож, үүрэг хүлээсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г нь тус компаниудаас хувьцааны үнэ 130,000,000 төгрөг шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Гийн хариуцагч Ц, Ө” ХХК, С ХХК нарт холбогдуулан гаргасан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:                                                                                                                                                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч Гийн хариуцагч Ц, Ө” ХХК, С ХХК нарт холбогдуулан гаргасан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА