| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2024 03 07 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр /томилолтоор/,
Гэрч: ***
Хохирогч: ***
Хохирогчийн өмгөөлөгч: ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***
Шүүгдэгч: *** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Наранбаярт холбогдох эрүүгийн 2329002570226 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 8 дахь километрт *** улсын дугаартай “Тоёота Сайя” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, 63-24 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд байсан Д.Батбаатарыг мөргөж зам тээврийн осол гаргаж, *** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уг нь тээврийн хэрэгслээ найздаа өгөөд явуулсан байсан юм. 29 дэх километрээс л өөрийн мэдэлгүй яваад өгсөн. Гэрч Г.Доржнамжамтай цуг өглөө кемп дээр байхад намайг дуудсан. Тэгээд хүрээд ир гээд би очсон чинь нэг юм гаргаж ирсэн. Хоёулаа цуг уусан. Тэгээд *** машинд байхад би тэр архийг уугаад мэдрэлгүй болсон. Намайг архи ууж эхэлж байхад манай найз ирээд сэлбэгт явах гэж байгаа юм машинаа өгчих гээд тэгэхэд нь чи сэлбэгээ аваад кемп дээр орхичихгүй гээд. Би кемпээсээ километрийн наана гэрч *** машинд хамт том тэргэн дотор нь үлдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өөрийн байр сууринаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд дээр бидний хувьд дүгнэлт саналтай байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар алдсан болон сэтгэл санааны хохирлуудыг өөрсдөө ийм байх болов уу гэсэн байдлаар тухайн хүнийхээ байгаа байдал, олж байгаа орлого, эрхэлж байгаа ажил, бусад хууль эрх зүйн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна. Сахиур болон эмчилгээнд гарч байгаа зардлуудыг тооцсон аргачлал болон нэхэмжлэлийн шаардлагуудыг төлөхөө илэрхийлж байна. Сэтгэл санааны хохирол болоод хөдөлмөрийн чадвар алдаж байгаа зүйлүүдийг татгалзаж байна гэхээр 1 дүгээрт, 2023 оны 07 дугаар сарын 31-ний А69, 96 дугаартай тушаалуудын дагуу гэмтлийн зэрэглэлийг тогтоохыг шүүх шинжилгээний байгууллага, тухайлсан мэргэжлийн шинжээчид даалгасан. өөрөөр хэлбэл зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам байгаа, журмын 2.2 дээр шүүгдэгчид хамаарал бүхий, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан зүйлүүдийг хэрхэн шинжилж, сэтгэцэд учирсан хор зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох вэ гэдэг нь заасан байгаа. Үүнтэй уялдуулж байгаагаар мөн аргачлал буюу 2 дугаар хавсралтад заасан байгаа зэрэглэлээсээ хамаараад 46-149 дахин гэсэн байгаа. Гэтэл хохирогчийн зүгээс шууд максимум буюу 149-р тооцоод, үүнийг ямар аргачлалаар яаж тооцох вэ гэхээр тухайлсан гаргасан шүүх шинжээчийн дүгнэлтээр харьцуулсан байдлаар судлаад, өөрөөр хэлбэл хөдөлмөр магадлалын группэд тогтоогдож байгаа юм байна. Группэд тогтоогдсон дүнгээр суутган тооцдог байгаа. Тийм учраас тэдгээр байдлуудаа хамтарсан тушаалын байдлаар шүүх сэтгэцийн шинжилгээний төвөөс хохирогч шинжилгээгээ гаргаад үнэлгээгээр тогтоогдсон дагуу иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой учраас энэ удаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бодит зардал буюу эмчилгээ болон асаргаа, нааш цаашаа явсан зардал тэдгээрийг төлье. Харин өмгөөллийн хөлс энэ хүний өөрөө эрх зүйн туслалцаа үзүүлэх шийдвэр гаргаад, өмгөөлөгчдөө гаргаж байгаа хөлс байгаа учраас түүнийг суутган тооцно уу гэсэн дүгнэлттэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ:
2023 оны 08 дугаар сарын 22-нд ачаатай 8 дахь километрт машинд юм хийж байсан. Ухардаг арай болж өгөхгүй болохоор нь *** гэдэг залууг суулгачхаад, би өөрөө машиныхаа зүүн урд талд, дугуйны харалдаа, арааны дамжуулгууд хараад байж байсан, юу ч мэдэгдээгүй араас тас гээд явсан. Хажуу тийшээ харсан купер мотор маналзаад явсан. Эргээд харсан цээж нүцгэн залуу руль дээрээ байж байсан, хажууд нь нэг хүн байсан. Дугуйгаа хий эргүүлээд урагшаа зүтгүүлээд, Т.Гантөмөр гэдэг залуу сандраад эхэндээ учраа олохгүй байж байгаад нэлээн байж байгаад салгасан. Тэр залуу хаалга онгойлгоод, ухраах гэсэн арааг нь олохгүй байсан гэж байсан. Машиныг гагнуурчин залуу дуудаж ирж ухраасан юм байна лээ. Би хажуу тийшээ харахад хөл тасарсан харагдаж байсан. Тэгээд би шууд эхнэр рүүгээ ярьсан. Тэнд байсан хүмүүс түргэн дуудсан юм байлгүй нэг мэдсэн түргэн ирсэн байсан. Ө.Наранбаяр тэнд машин төлж өг гээд орилоод байсан. Нэг мэдсэн Цэций рүү яваад хагалгаанд орсон байсан. Шөнө нь хотоос хүмүүс очоод Өмнөговь руу онгоцоор өглөө гэмтэл рүү ниссэн. Тэр үедээ би ухаан муутай явж байгаад нэг мэдсэн гэмтэл дээр очсон байсан. Гэмтэл дээр очоод, очсон өдрөө хагалгаанд ороод, шөнө нь эргэж яваад гэмтэл дээр би 4 удаа хагалгаанд орсон, Цэцийтэй нийтдээ 5 удаагийн хагалгаанд орсон. Компанийн машин дээр явдаг байсан. Одоо ажил төрөлгүй, орлогын эх үүсвэргүй болсон. Нэхэмжилж байгаа зүйл, гомдол санал нийтдээ 467,529,360 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмчилгээний, нааш цаашаа явсан унааны зардал гээд их мөнгө гарсан. Сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийнхөө чадварыг алдсан. Өчнөөн хохирол төлбөр гарсан байгаа. Үнэхээр гомдолтой байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч *** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Гэм буруугийн тал дээр прокурорын байр суурьтай байгаа учраас энэ дээр хэлэх зүйл алга. Хохирлын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нийтдээ нэхэмжилсэн хохирлоос тодорхой хэсгүүдийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Зөвшөөрөөгүй хэсэг нь өмгөөллийн хөлсийг төлөх боломжгүй гэж байна. Мөн хөдөлмөрийн чадвар, сэтгэц дээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, бусдыг нь төлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг илэрхийлж байна. Өмгөөллийн хөлсний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөллийн хөлсийг зардалд тооцон гаргуулахаар зохицуулалт байгаа. Хууль зүй, дотоод хэргээс баталсан журам ч байгаа. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Хөдөлмөрийн чадвар алдалт дээр шинжээч 65%-аар тогтоосон учраас түрүүн би тодорхой дурдсан. Цаашдаа гараад явах юм бол үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээвэл бид нар цаашдаа баримтууддаа тулгуурлаад нэхэмжлээд явах боломжтой гэж үзэж байна. Дараагийн дугаарт сэтгэл санаанд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дүгнэлт гаргах журмын 2.3 дахь хэсэгт мөрдөгч заагаад өгсөн. Мөрдөгч 5 дугаар зэрэглэлээр тогтоогоод, талуудад танилцуулаад хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрөөгүй байх юм бол шинжээч томилогдохоор хуулийн зохицуулалт байгаа. Үүн дээр шүүгдэгчийн зүгээс тухайн үед байр сууриа илэрхийлээгүй учраас мөрдөгчийн 5 дугаар зэрэглэлээр тогтоосон байдлыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзсэн. Тийм учраас манайхаас дээд хэмжээгээр нь мөнгө нэхэмжилсэн. Хэрхэн яаж олгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т тодорхой заагаад өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийг тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэлийг нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан учраас энэ эрх нь шүүхэд байгаа. Бодит хохирлоо бид нар өнөөдрийн байдлаар 467.529.361 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Шүүгдэгчийн зүгээс бас байр сууриа илэрхийлсэн учраас өөр нэмж хэлэх зүйл алга байна. Энэ гэмт хэргийн улмаас түрүүн хохирогч шүүхэд маш тодорхой ярилаа. Энэ хүн өнөөдөр хэзээ ч засаршгүй, хэзээ ч хөл эргээд ургаад хэвийн байдалд орно гэж байхгүй. Энэ хүний сэтгэцийн байдал, эргээд ямар байдалтай байна, энэ хүний цаана давхар гэр бүл нь хохирогч болсон. Эд хөдөлмөрлөх насандаа, ажил амьдрал нь тогтоод, мөнгө төгрөг олоод явж байсан нь тухайн ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, дансны хуулгаар тогтоогдож байгаа. Өөрийнх нь бүх зүйл нэг ёсондоо орвонгоороо эргээд, олох ёстой орлогоо олж чадахгүй, нийгмийн харилцаанд орж чадахгүй, ажил хөдөлмөрөө хийж чадахгүй, хүнд өвчтэй болоод явж байгаа үедээ сэтгэл санаа ямар байдлаар хохирсон, энэ хүнд ямар хохирол учирсан бэ гэдэг нь харагдаж байгаа. Эрүүл саруул ажил хөдөлмөр хийгээд явж байхдаа гэр бүлээ хангалттай тэжээн тэтгээд аваад явж байсан гэдэг нь түүний олж байсан орлого зэргээр тогтоогдож байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн зүгээс миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү, хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзэж байгаа тохиолдолд иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** мэдүүлэхдээ:
Би машин тэрэг бариагүй. *** барьж явсан. Осол болсны дараа би машиныг татаж хүчээр арай хийж онгойлгоод, машинаас буулгаад, машиныг нь ухрааж холдуулсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан байсан. Эмнэлэг ирсэн. Би айж сандарсан байсан. Тухайн үед би хар тамирын өмд, хар футболктой байсан. *** бакалтай, хар өмдтэй, сааралдуу футболктой байсан. Би эмнэлэг цагдаа ирэхээр нь буцаад ажил руугаа явсан, маргааш цагдаа нар дуудахаар нь ирсэн гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-30 дахь тал/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дэх тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч*** 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 02 дугаартай магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
-*** улсын дугаартай “Тоёота Сайя” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, “***”-ын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23/3151 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 148, 150 дугаар хуудас/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас/,
-***иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 134, 135, 136, 137, 142 дахь тал/,
-Хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал/,
-Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 190-243 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 89-102 дахь тал/,
-Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/51 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 8 дахь километрт 69-06 УЕА улсын дугаартай “Тоёота Сайя” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...эсхүл согтууруулах ундаа,...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, 63-24 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд байсан Д.Батбаатарыг мөргөж зам тээврийн осол гаргаж, ***биед “зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний тараагуур судасны тасрал, булчингийн үхжилийн улмаас зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрагдсан гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-30 дахь тал/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дэх тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 8 дахь километрт өөрийн унаж явсан 63-24 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Гантөмөр гэдэг залуутай хамт янзалж байхад маш хурдтай машин орж ирээд миний машины жолооч талаар орж ирээд намайг мөргөж машинд хавчуулагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь тоёота Сайя маркийн машин байсан бөгөөд 69-06 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр жолооч дээгүүрээ цээж нүцгэн жижиг туранхай шар залуу байсан бөгөөд намайг хоёр машины голд хавчуулаад шууд машины суудлаа арагш хэвтүүлээд унтаад өгсөн. Тухайн үед миний өвдөгнөөс доош маш их янгинаж чинэрч бадайрч өвдсөн... намайг газар хэвтэж байхад тоёота сайя маркийн тээврийн хэрэгслийн жолооч би дайраагүй хажууд байсан хүнээ чи дайрсан, та нар миний машиныг төлж өгөөрэй гээд шал согтуу өөрийн ухаангүй хашгичаад миний дээрээс дарж унах гээд байсан. Тухайн үед тоёота сайя маркийн машины жолооч өөрийгөө хянах чадваргүй юу болж байгаа талаар огт мэдэхгүй “та нар машин төлж өгөөрэй” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...намайг араагаа дахиад нэг татаадах гэсэн нээх удалгүй тээврийн хэрэгслийн улаан зүтгүүр нь хажуу тийшээ дальсхийх шиг болсон тэгээд Батбаатар гуай ёолж орилсон. Тэгээд би тээврийн хэрэгслийн хаалганы завсраар гараад харахад улаан өнгийн шаланзны зүтгүүрийн жолооч талын дугуйг Toyota sai маркийн жижиг тэрэг мөргөчихсөн. Тухайн үед шаланзны дугуй Toyota sai маркийн жижиг тэрэг хоёрын голд Батбаатар хавчуулагдаад мөргүүлчихсэн ёолж байсан. Тэнд байсан хүмүүс Toyota sai маркийн жижиг тэрэгний жолоочийг ухраач ээ хүн дайрчихлаа гэхэд жолооч нь өөрийн мэдэлгүй ухарч чадахгүй байсан. Toyota sai маркийн жижиг тэрэгний жолоочийг ухраач ээ гээд тэнд байсан хүмүүс зөндөө олон удаа орилж хэлэхэд огт машинаа хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд би жолооч талын хаалгыг нээж жолоочийг суудлаас нь татаж гаргахад тухайн жолооч ямар ч ухаангүй согтуу, тэнд болж байгаа зүйлийн талаар ч мэдэх сөхөөгүй байсан... Toyota sai маркийн жижиг тэрэгний жолооч намхан, жижиг туранхай биетэй шар залуу дээгүүрээ цээж нүцгэн, даавуун хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай залуу “та нар миний машиныг төлж өгөөрэй” гээд хашгираад байсан... Тухайн үед Батбаатар зүүн хөл дугуйтай хамт нидрэгдсэн байсан ба маш их ёолж орилсон өөрт нь зовуурь нэлээн их байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Би 2023 оны 08 сарын 22-ны 18 цагийн үед гэрт дотор ганцаараа хоол хийгээд байж байхад гэрийн гадаа гэнэт түсхийх чимээ гараад хүн чангаар ёолж орилсон. Тухайн үед манай нөхөр Гантөмөр гадаа машин янзалж байсан болохоор би гэрийн хаалга нээгээд хаалгаар шагайхад том улаан өнгийн шаланзны зүтгүүрийн жолооч талын дугуйг Toyota sai маркийн жижиг тэрэг мөргөчихсөн. Тухайн үед шаланзны дугуй Toyota sai маркийн жижиг тэрэг хоёрын голд Батбаатар хавчуулагдаад мөргүүлчихсэн ёолж байсан. Тэнд байсан хүмүүс Toyota sai маркийн жижиг тэрэгний жолоочийг ухраач ээ хүн дайрчихлаа гэхэд жолооч нь өөрийн мэдэлгүй ухарч чадахгүй байсан... тэгээд манай нөхөр Гантөмөр жолооч талын хаалгыг нээж жолоочийг суудлаас нь татаад гаргахад тухайн жолооч ямар ч ухаангүй согтуу, тэнд болж байгаа талаар ч мэдэх сөхөөгүй байсан... Toyota sai маркийн жижиг тэрэгний жолооч 165 см өндөртэй, жижиг туранхай биетэй шар залуу дээгүүрээ цээж нүцгэн, даавуун хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай залуу “та нар миний машиныг төлж өгөөрэй” гээд хашгираад байсан... Тухайн үед эмнэгийн эмч ирээд яаралтай гутлыг нь тайлах шаардлагатай хайч аваад ир гэсэн тэгээд би гэр рүү ороод хайч аваад гараад ирэхэд эмч гутлыг нь тайлаад Батбаатарын өгзгөнд өвчин намдаах тариа хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би найз *** хамт Цогтцэций сумын нүүрс тээврийн 6 дахь км-т ганц нэг юм нийлж уусан. Нүүрс тээврийн 6 дахь км-т машин дотроо 0.75 литрийн Эдэн нэртэй архийг Наранбаярын хамт уусан. Машин дотор 2 том шилтэй 0.75 литрийн архийг машин дотроо уусан. Би нэг мэдээд сэрсэн чинь шороон замаар явж байсан, Наранбаяр жолоо бариад явж байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан.*** жолоо барьж яваад машиндаа юм хийж байсан хүнийг очоод дайрсан. Машиндаа юм хийж байсан хүн улаан өнгийн хово машин байсан ба тус машины хажуу талаас очоод жолоочийн рүүлтэй талын урд дугуй руу хажуугаас нь мөргөсөн ба дугуйны хажууд нэг хүн байсан тэр хүнийг мөргөсөн ба дугуйтай нь хавчуулаад мөргөсөн. Би машин дотор сууж байхдаа хүн дайрчихлаа гэсэн чинь урагшаа хий эргүүлээд зүтгүүлээд байсан учир би машины арааг салгаж Р товчийг дарсан ба машины хажууд зогсож байсан нэг хүн жолооч Наранбаярыг машинаас нь суга татаад машиныг нь ухраасан. Машинаар дайрахад дайруулсан хүнийг цаана зогсож байсан Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй хавчуулаад дайрсан... Машин жолоодоод хүн дайрах үедээ Наранбаяр нүцгэн байсан... зам тээврийн осол нүүрс тээврийн 8 дахь км-ийн нүхэн гарцын наахан, нүүрс тээврийн замын хойд хэсэгт замаас 500 м зайд, айлуудын гэрүүдийн хажуухан зогсож байсан машиныг очиж мөргөж осол гаргасан ба тус машины хажууд нэг эрэгтэй хүн байсан ба тэр эрэгтэй хүнийг очиж мөргөөд гэмтээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...14 цаг гэхэд Наранбаярын гар утас руу холбогдоход Нүүрс тээврийн 29 дэх км-т *** уулзаад байж байна гэсэн бөгөөд надтай согтуу ярьж байсан. Тухайн үед тэр хоёр хамтдаа архи уусан гэж байсан. Тэгээд би Наранбаярыг жаахан загнаж байгаад утсаа салгасан. Тэрнээс хойш холбогдохгүй байж байгаад 23 цаг өнгөрч байхад Наранбаярыг осол гаргасан талаар хамт ажилладаг ажилчдаас сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д*** өгсөн “...Нүүрс тээврийн 28 дахь км-т 2023 оны 08 сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед “Мэнд ирмүүн” ХХК-ийн жолооч Бямбадорж надад Наранбаяр жолоочийн машины түлхүүрийг өгөөд Наранбаяр машины түлхүүрээ асуувал өгөөрэй гэж хэлээд Таван толгой руу нүүрс тээвэрт явлаа гээд явсан. Наранбаяр 11 цаг өнгөрч байхад над руу залгаад ахаа би нүүрс тээврийн 30 дахь км-т байна та Toyota Sai маркийн 69-06 УЕА тээврийн хэрэгслийг дөхүүлээд өгөөч би сэлбэгэнд явлаа гэсэн бөгөөд Наранбаяр тухайн үед надад хаашаа сэлбэгэнд явах гэж байгаагаа надад хэлээгүй... Тэгээд би Нүүрс тээврийн 28 дахь км-ээс нүүрс тээврийн 30 дахь км-ийн гагнуур руy Toyota Sai маркийн***тээврийн хэрэгслийг аваачиж өгсөн... очиход Наранбаяр зүтгүүр дотор Доржнамжам хоёр хамтдаа байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай "1.Ирүүлсэн материалаар Д.Батбаатарын биед зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний тараагуур судасны тасрал, булчингийн үхжилийн улмаас зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал /2023.08.23-ны Зүүн хөлийн шилбэний ил хугарлын шархыг угааж шалган удаан дарагдлыг чөлөөлөн гадна бэхлэгчээр бэхлэх мэс засал, 2023.08.23-ны Зүүн хөлийн шилбэний шархыг шалган угааж А.Tibialis posterior судас сэргээх мэс засал, 2023.08.24-ний Зүүн хөлийн шилбэний шархыг шалгах мэс засал. 2023.08.29-ний зүүн хөлийн шилбэний шарх угаах мэс засал. 2023.08.31-ний Зүүн хөлийн дунд чөмөгний доод 1/3 түвшинд тайрах мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.103.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал/,
-Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/51 дугаартай “Хариулт 1. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Гэвч жолооч Ө.Наранбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хариулт 2. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд жолооч Ө.Наранбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “...эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Тоёота Сайя” маркийн 69-06 УЕА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зөрчжээ. Хариулт 3. Жолооч Ө.Наранбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Хариулт 4. Монгол Улсын ШШТ хуулийн 17.2-д “Шинжээчийн дүгнэлт нь бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна”, 17.4-т “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Хариулт 5. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/51 дугаартай дүгнэлтээр
тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 21-30, 31-34, 35-36, 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *** “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Наранбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч *** биед “...зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний тараагуур судасны тасрал, булчингийн үхжилийн улмаас зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрагдсан гэмтэл” учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Д.Батбаатарыг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 40 дэх тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг прокурор төлөөлж “...эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 3.402.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж өгнө үү” гэх,
Хохирогч болон түүний өмгөөлөгч нь “эрүүл мэндэд учирсан гэм хор болон замын зардалд нийт 47.729.189 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 98.340.000 төгрөг, эхнэр Ч.Чимэддоржийн цалин хөлсний зөрүүнд 17.966.906 төгрөг, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 173.643.266 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 136.850.000 төгрөг, нийт 477.529.361 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бодит зардал буюу эмчилгээ болон асаргаа, нааш цаашаа явсан зардал тэдгээрийг төлье. Харин өмгөөллийн хөлс энэ хүний өөрөө эрх зүйн туслалцаа үзүүлэх шийдвэр гаргаад, өмгөөлөгчдөө гаргаж байгаа хөлс байгаа учраас түүнийг зөвшөөрөхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болон хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрөө жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүх иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэсэн.
1. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг прокурор итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж оролцсон ба түүний нэхэмжилсэн 3.402.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хохирогч *** нь гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн зардал (1 дүгээр хавтас хэргийн 192 дахь талын 21 дэх баримт) гэж үзэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Наранбаяраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 3.402.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор;
2. Эрүүл мэндэд учирсан хохирол болон замын зардалд нийт 47.729.189 төгрөгийг нэхэмжилсэнээс баримттай 25.280.245 төгрөг (1-р хавтас хэргийн 191-199 дэх тал)+332.560 төгрөг (2-р хавтас хэргийн 94 дэх тал)+142.100 (2-р хавтас хэргийн 95 дахь тал)+1.182.143 төгрөг (2-р хавтас хэргийн 96-98 дахь тал)=нийт 26.937.048 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохиролд 26.937.048 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас тайрагдсан хөлийг нутагшуулахад гаргасан зардал болон баримтгүй нэхэмжилсэн 20.792.141 төгрөгийг хэрэгсэхгүй болгож;
3. Өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн зардал шилжүүлсэн баримт зэрэг нь хэрэгт авагдсан (2 дугаар хавтас хэргийн 31-32, 99 дэх тал) байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор;
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тавдугаар” зэрэглэлээр тогтоосон байх ба үүнд шүүгдэгч болон хохирогч маргаж мэтгэлцээгүй болно. /1 дүгээр хавтас хэргийн 183 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.103.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулна” гэж дүгнэсэн байх ба шүүх хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд уялдуулан, мөн шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалан ажил хөдөлмөрөө хийх боломжгүй болсон зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 97 дахин нэмэгдүүлсэн (99%-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэн гэж үзвэл, 65% нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 97 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх гэж)-ээр тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 64.020.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож;
5. Хохирогчийн эхнэр *** ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 17.966.906 төгрөгөөс 12.985.476 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.981.430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч *** эхнэр нь ***мөн болох нь гэрлэлтийн 0046435, Г-796 дугаартай гэрчилгээгээр, *** нь ар гэрийн шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс нэг жилийн чөлөө авсан болох нь Нийслэлийн 201 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/68 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 205, 210 дахь тал/
Хохирогчийн эхнэр ***нь 2023 оны 06 дугаар сард 2.040.717 төгрөг, 2023 оны 07 дугаар сард 1.554.832 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 1.969.656 төгрөгийн цалин авч байсан, 3 сарын цалингийн дундаж цалин хөлс нь 1.855.068 төгрөг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 206 дахь тал/
Хохирогчийн эхнэр ***ажилгүй байсан хугацааг 2023.09.07-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүртэл нийт 7 сараар тооцож, 12.985.476 төгрөг /1.855.068*7 сар=12.985.476/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс асарч сувилах зардал гэж үзэж, 12.985.476 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 4.981.430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож;
6. Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 173.643.266 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 136.850.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Учир нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон комиссын шийдвэр гараагүй, хохирогчийн нийгмийн даатгал төлсөн баримт хавтас хэрэгт авагдаагүй байсан учир тухайн шаардлагуудыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *** жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын асуудлыг нэгтгэн дүгнэвэл:
Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 106.942.524 төгрөгийг хангаж, 60.093.571 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 310.493.266 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 106.942.524 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж тооцохоор, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Ө.Наранбаяраас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч *** Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.1-т заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх,
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан хорих ял оногдуулах санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ө.Наранбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярын саатуулагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярын саатуулагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *** гэм хорын хохиролд нийт 96.942.524 төгрөг (нэхэмжлэлээс хангасан 106.942.524 төгрөгөөс хохирогчийн шүүгдэгчид төлсөн 10.000.000 төгрөгийг хассан)-ийг гаргуулж хохирогч ***олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60.093.571 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 173.643.266 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 136.850.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Ө.Наранбаяраас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 3.402.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***B,C,CE,D ангиллын №958148 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***