Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, С овогт Ц.Э /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .........  байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаас авсан зээлийг төлөөгүй биш төлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үлдэгдэл мөнгөнд тааруулж хөрөнгийг үнэлсэн байна. Үлдсэн зээлийн үндсэн төлбөр 78.000.000 төгрөг гаруй байсан байх. Банкууд хаалттай болохоор сүүлийн хуулгыг авч чадаагүй байна. Үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 108-109.000.000 төгрөг болж байгаа, тэр мөнгөнд тааруулаад 2 үл хөдлөх хөрөнгийг худалдах үнийг гаргасан гэж үзэж байна. Хны эдийн засагчтай уулзахад үндсэн зээлийн 80.000.000 төгрөг болгоё, зээлийн хүүгээ төлөөрэй гэсэн зүйлийг ярьж байсан. Гэтэл хариуцаж байсан хүмүүс нь солигдоод, дараагийн хүмүүс нь тухайн асуудлын талаар шийдвэр гараагүй байна гэж байсан. Шар хадны газар нь Баянзүрх дүүргийн 9 хорооны нилээн том газар, байшинтайгаа байгаа. 23.4749.000. төгрөгөөр үнэлсэн нь бага байна. Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах байрын хувьд манай байртай адилхан м.кв-тай 3 өрөө байрыг хажуу айл 220.000.000 төгрөгөөр худалдсан байдаг. Зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтыг авчраагүй. Иймд үл хөдлөхийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э, С.М нарт холбогдох иргэний хэрэг нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн шийдвэрийн дагуу Ц.Э-ээс 119.458.246 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 755.241 төгрөгийн хамт гаргуулан, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үүргийг гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагаа хийгдсэн. Үүнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахаар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг томилж, Баянгол дүүргийн ............ тоот байрлалтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 120.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийдэг Н газрын хамтарч ажилладаг 5 байгууллага байдаг. Тухайн байгууллагууд хамтарч үнэлгээг тогтоохын зэрэгцээ, дарааллын дагуу Ф ХХК үнэлгээг хийсэн. Тухайн компани маргаан бүх Баянгол дүүргийн ............... тоотын 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 120.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлантай танилцахад бүх зүйлийг тодорхой харагдаж байна. Барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо, харьцуулалтын аргаар үнэлсэн. Баянзүрх дүүргийн .............. тоотод байрлах хувийн сууц, газрыг бүхэлд нь 23.749.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг тогтоохдоо ойролцоо 3 өрөө орон сууц, хашаа байшин болон үнэгүй.мн дээрх зартай харьцуулж, шинжээч дүгнэлтээ гаргасан байна. Энэ тухай шинжээчийн тайлан дээр тодорхой тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Н газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Баянгол дүүрэг, .............. тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, .......... тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газарт хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь үнэлгээ хуулийн дагуу явагдсан, зах зээлийн үнэ цэнээс доогуур үнэлсэн зүйлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01380 дугаар тогтоолын дагуу төлбөр төлөгч Ц.Э, С.М нараас 119.458.246 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Х ХХК-д олгох, уг үүргийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, .............. тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.

Хариуцагч байгууллага 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17251014/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалагдсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.Маралгоо нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17251014/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, .............. тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг хураан авч, төлбөр төлөгчөөс үнийн санал авчээ.

Төлбөр авагч нь өмчлөгчийн гаргасан үнийн саналыг зөвшөөрөөгүй байх бөгөөд үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууц, хашаа байшингийн үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгч нарт хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар өөр өөр саналтай, тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.

Шинжээч нь орон сууц, хашаа байшинг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч Ф ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууцыг ижил байршилд байгаа орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар 120.500.000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, .............. тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг ижил байршилд байсан газар, хувийн сууцны худалдан борлуулах үнэтэй харьцуулж, зах зээлийн хандлагын аргаар үнийг 23.749.000 төгрөгөөр тус тус тодорхойлж, тогтоожээ.

Эдгээр орон сууц нь төлбөр төлөгчийн санал болгосон үнэ бүхий болох нь нотлогдоогүй, орон сууц, хашаа байшингийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь баримтаар нотлогдоогүй тул хэт бага үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, ............ тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, .............. тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай газарт хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ