Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/2021/02345/И

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  С- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б- 

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн С.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.С- М.Б-тэй 2013 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2015 оны 5 сарын 20-ны өдөр охин Б.М, 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүү Б.Т нар төрсөн. Бид таарамжгүй харилцаатай байсны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тус шүүхийн 102/шш2019/03204 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, охин Б.М, хүү Б.Т нарыг эх С.С- миний асрамжид үлдээж, эцэг М.Б-эр тэжээн тэтгүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дараа би хоёр хүүхдээ өсгөхдөө орон байраар гачигдуулахгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, нэг өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу иргэн Д.П-оос худалдан авсан. Ингээд Төрийн банктай 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны 140800374433 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг орон сууцыг 18,200,000 төгрөгт барьцаанд тавьж төлбөрийг бүрэн төлсөн. Одоо би Төрийн банкинд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг төлж байгаа бөгөөд зээлийн нийт хугацаа 2030 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусна. Уг орон худалдан авсан орон сууцанд би одоо хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг эх хүухдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэргэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцөлийг бүрдүүлэх, зэрэг үүрэгтэй”, “...эцэг эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн үүргүүдээс чөлөөлөгдөхгүй” гэж заажээ. Иймд С.С- М.Б- бидний дундаас төрсөн охин Б.М, хүү. Б.Т нарыг орон байраар хангуулах үүргийг эцэг эх бидний зүгээс адил тэгш үүрэгтэй оролцох ёстой гэж үзэж байгаа тул 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу эрхийн улсын Ү-*дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000116287 дугаартай, Дархан-Уул аймаг,  1 өрөө, 26,000,000 төгрөгийн үнэ бүхий, миний худалдан авсан орон сууцны үнийн 50 хувь буюу 13,000,000 төгрөгийг насанд хүрээгүй хүүхдүүд болох М.М, Б.Т нарын эрх ашгийг хангуулан тусдаа амьдардаг төрсөн эцэг М.Б-эс гаргуулах хүсэлтэй. Нэгэнт хүүхдүүд миний асрамжид байгаа, тэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эцэг эх нь хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б- шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Б- би нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.Б- миний бие С.С-тэй 2013 онд танилцаж, үерхэж эхэлсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 03-нд гэрлэлтээ батлуулсан билээ. Бид 2013-2016 оны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд суралцаж байсан ба энэ хугацаанд оюутны байранд 1 өрөөнд хамтдаа 3 жил амьдарсан болно. Хамтран амьдрах хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 20-нд охин Б.М, 2016 оны 8 дугаар сарын 17-нд хүү Б.Т нар төрсөн бөгөөд бидний амьдралд аз жаргалтай сайхан  үе байсныг энд зориуд онцлон бичиж байна. Бид оюутан байсан учир миний эцэг, эх хоёр охин Б.Мийг минь 3 сартай байхад нь авч үлдээд, сургууль төгсөөд иртэл эрүүл энх өсгөж бойжуулсныг тодруулж хэлэх нь зүйтэй. 2019 онд тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулан тусдаа амьдрах болсон. С- Дархан хотод орон сууц худалдан авч амьдарч байгаа тэрний 50 хувийн төлбөр болох 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүүхдүүдээ орох оронтой болсныг нь бодоод зөвшөөрч байгаа ба төлбөрийг нь сар сард төлдөг банкны зээлийн графикаар нь төлөх хүсэлтэй байна. Сард 145,000 төгрөгөөр 2 удаа зээл төлдөг юм билээ. 1 удаагийн төлөлтийг нь Б- миний бие төлөөд 1 удаагийн төлөлтийг нь С.С- төлөөд явахад нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэж үзэж байна. Сар бүр хүүхдүүдийн тэтгэмжээ цаг тухайд нь өгдөг болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/шш2019/03204 дүгээр шийдвэрээр С.С- болон М.Б- нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.М, хүү Б.Т нарыг эх С.С-ийн асрамжид үлдээж, хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг М.Б-эс гаргуулан хүүхдүүдэд олгохоо шийдвэрлэжээ.

 

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч С.С- нь хариуцагч М.Б-д холбогдуулж 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эцэг эх нь хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй тул ...26,000,000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны тал хувийг хариуцагч хариуцах ёстой” гэж тайлбарлав.  

 

Хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн алин нь хүлээдэг учир Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасны дагуу орон байраар хангахтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжтой. Гагцхүү энэхүү нөхцөл байдал баримтаар нотлогдож байх ёстой.

 

Нэхэмжлэгч С.С- нь Дархан-Уул аймаг, 1 өрөө 0 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн байрандаа оршин суудаг ба төлбөрийг Төрийн банкинд төлж явдаг болох нь хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Оршин суугаа хаягийн тодорхойлолт, “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №140800374433 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №140800374433 тоот “Барьцааны гэрээ” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх баримтуудыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу С.С-ийн асрамжид хүүхдүүд байгаа нөхцөл байдалтай харьцуулан судлахад нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. Ийм учраас хариуцагч М.Б-эс 13,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-эс 13,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-эс 222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ