Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар   2024/ШЦТ/76   

 

 

 

 

 

 

 

   

     2024             06                  05                                                  2024/ШЦТ/76                                       

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***

Шүүгдэгч: *** /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч *** нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын, Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүсэд “Дагалай шарга 88 транс" эзэмшлийн Faw маркийн 78-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:

Хүн машинаа урагшлуулчхаад ирье энэ машиныг харж бай гэх хооронд энд харж байхаар гэрийнхээ тийш аваачъя гэж бодоод 100 метр хүрэхгүй ухарсан,  асаагаад хойшлох гэж байсан хоёр цагдаа хүрээд ирсэн. 0.5 литрийн хараа уусан. Драйгер багажаар үлээлгэсэн. Ам бүл гурав, нэг хүүхэд Дарханд байдаг, би эхнэрийн хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт эхнэрийн хамт амьдардаг, эхнэр өндөр насны тэтгэвэрт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн хамтаар хоол хийж нүүрс тээврийн жолооч нарт зардаг, өдөрт 50.000-60.000 төгрөг, сард 100.000-150.000 төгрөгийн орлоготой. Гэм буруугийн хувьд маргахгүй байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12, 72 дахь тал/,

 

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад *** гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 38, 40, 41, 42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч*** нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүсэд “Дагалай шарга 88 транс" эзэмшлийн Faw маркийн 78-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.66 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2.66 хувийн согтолтой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12, 72 дахь тал/,

 

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *** өгсөн *** “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дайлангийн хишиг ХХК-нд ажилладаг *** манай нэг жолооч согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд хэлсэн юм. Тэгээд би Шалган 4-р постон дээр ирээд цагдаагийн алба хаагчтай уулзахад Цагаахад суурьшлийн бүс, Хаан банкны баруун талд цагдаагийн алба хаагчийн хамтаар очиж тээврийн хэрэгслээ хүлээж аваад журмын хашаанд оруулсан юм. 78-36 ӨМЭ улсын дугаартай паав маркийн тээрийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь ***гэдэг хүн надад хэлэхдээ би ухрах гэж байгаад алдаа гаргасан талаар надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *** өгсөн “...78-36 ӨМЭ улсын дугаартай Паав маркийн тээврийн хэрэгслийг ачаанд оруулах болоогүй байсан учраас манай гэрийн гадаа аваачиж тавих гэж байсан...хөдөлгөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаасан байсан. Драгер үлээсэн 2.66 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 29-30 дахь тал/

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч*** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаагаар, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтуурсан 2.66 хувийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдож байна. /хавтас хэргийн 12, 39 дэх тал/

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болохоо мэдэж байгаа мөртлөө дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч*** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч ***гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** өөрийн оршин сууж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын  нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***мэдэгдсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...ам бүл хоёр, эхнэрийн хамт амьдардаг, эхнэр өндөр насны тэтгэвэрт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн хамтаар хоол хийж нүүрс тээврийн жолооч нарт зардаг, өдөрт 50.000-60.000 төгрөг, сард 100.000-150.000 төгрөгийн орлоготой” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого тодорхойгүй, тогтмол орлогогүй байх тул улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан торгох ялын саналыг шүүгдэгчид оногдуулахад тохиромжгүй гэж үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг, түүний оршин сууж буй газраар хязгаарлан оногдуулах нь илүү зохимжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч *** хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын  нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *** мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       ***