Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01938

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Б  дүүргийн 00 дугаар хороо, Т  000-00 тоотод оршин суух, Б овогт С-ын Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Б дүүргийн 00 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, Б Ш овогт А Г /РД:РЭ0000000/-т холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн С.Б, А.Г нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Г-ийн хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулан мөнгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээнд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүүг төлж, үндсэн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөрт багтааж бүрэн дуусгахаар мөн мөнгө шилжүүлэх дансны дугаар зэргийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч А.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эхний сарын хүү болох 210,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл гэрээнд заасны дагуу 0.5 хувиар алданги тооцож нийт 13,000,000 төгрөгийг А.Г-ээс нэхэмжилсэн. Гэвч өнөөдөр өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөөд хуульд заасны дагуу хариуцагч А.Г-ээс үндсэн зээлийн төлбөр 7,000,000 төгрөг, 2 сарын хүү 420,000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй буюу 3,500,000 төгрөгөөр тооцож, нийт 10,920,000 төгрөг болгож, нэхэмжлэлийн шаардлагыг 2,080,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч А.Г-ээс 10,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. А.Г-ийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй байдаг. Харин А.Г- нь С.Бээс 2017 оны 04 дүгээр сард амаар тохиролцож 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, өдөрт 100,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож зээлсэн байдаг. А.Г-ийн хувьд 19 хоног зээлийн гэрээний дагуу өдөрт 100,000 төгрөг шилжүүлж нийт 1,900,000 төгрөгийг төлсөн. Ингээд зээлж төлж байх хугацаандаа буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин С.Бтэй амаар тохиролцож 2,250,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж бэлнээр авсан. А.Г- нь тухайн үед караокений зөвшөөрөл авах зорилгоор уг мөнгийг зээлсэн ба цааш нь хүнд өгөөд алдчихсан байдаг. Ингээд С.Бээс зээлж авсан мөнгөний хүү болон үндсэн зээлийг төлөх боломжгүй болсон бөгөөд 2018 оны 6-7 сард А.Бийн гэрт очиж 500,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш зээл болон хүүг төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Ингээд С.Б нь А.Г-тэй уулзаж ...Чиний 2017 оны 04 сард зээлж авсан мөнгөний үлдэгдэл болон 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээл болон хүүг тооцож үзэхэд нийт 7,750,000 төгрөг байна. Үүнээс чиний өгсөн 500,000 төгрөгийг хасъя, одоо 7,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гээд баримт үйлдье.. гэж хэлэхэд А.Г- хүлээн зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг авсан мэтээр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байдаг. Түүнээс биш А.Г- нь тухайн өдөр 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн уг гэрээ нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ба А.Г- 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хүү болох 210,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбар гаргадаг. Гэтэл А.Г-ийн хувьд 2017 онд зээлж авсан мөнгөний хүүг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Үүнээс харвал 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө аль хэдийн зээлийн гэрээ байгуулагдаад тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Бтэй зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөг аваагүй. А.Г-ийн хувьд 2017 оны 04 дүгээр сард С.Бтэй амаар тохиролцож 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба тухайн зээлээс 1,900,000 төгрөгийг нь төлсөн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин 2,250,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд тухайн зээлээс 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл мөнгийг буцаан төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон тул Б ...Авсан мөнгийг чинь хүүтэй нь тооцож үзсэн одоо баримт үйлдэж баталгаажуулж, зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй байна... гэж хэлсний дагуу 2019 оны 07 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Түүнээс биш 2019 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд заасанчлан мөнгө авсан, өгсөн зүйл байдаггүй. Иймд Б болон А.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байгаа. 2019 оны 07 сарын 23-ны өдрийн гэрээг харвал оролцогч талууд нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай байх бөгөөд өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн нь харагддаг. Мөн тухайн гэрээг нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээнд бэлнээр мөнгө авсан гээд, хүү болон алдангийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт А.Г-ийн гэрээний үүргийн дагуу 1 сарын хүү төлж байсан баримт авагдсан байгаа. Нэмж хэлэхэд С.Б болон А.Г- нар нь өмнө нь маш олон удаа итгэлцлийн үндсэн дээр аман хэлбэрээр мөнгө өгч, авалцдаг байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдаж байсан аман хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээг өнөөдрийн хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээтэй хольж, хутгаад хажууд нь хамт байсан юм шиг яриад байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч ярьж байгаа зүйлээ нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч А.Г-т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч А.Г- нь нэхэмжлэгч С.Бд холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,080,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 10,920,000 төгрөгийг нэхэмжилж байх ба үндэслэлээ... талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7,000,000 төгрөг, 2 сарын хүүнд 420,000 төгрөг, алдангид 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байх ба үндэслэлээ... энэхүү зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг аваагүй, өмнө нь амаар тохиролцон авч байсан зээлийн гэрээний хүү алдангийг нэмж тооцон зээлийн гэрээг байгуулсан тул дүр үзүүлсэн хэлцэл юм... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч А.Г- нь нэхэмжлэгч С.Бээс 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Энэхүү үүргийнхээ дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг аваагүй, ...өмнө амаар хийгдсэн зээлийн гэрээний хүү алдангийн үнийн дүн дээр зээлийн гэрээ байгуулсан... гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагчийн гаргасан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.4-д 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг бэлнээр авлаа гэж бичиж, хариуцагч А.Г- гарын үсэг зурсан байх ба хариуцагч А.Г- нь уг гарын үсэг болон зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд дээрх гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу нэхэмжлэгч С.Б нь хариуцагч А.Г-ээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7,000,000 төгрөг, 3 сарын хүүнд нийт 630,000 төгрөг, нийт 7,630,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байснаас 1 сарын хүүгийн төлбөр болох 210,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлж, үлдэх 7,420,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна./хх-54 тал/.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд 1 хоногийн алдангийн төлбөр 37,100 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байх ба гэрээ дуусах хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 173 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь нийт алдангид 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч А.Г-ээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 7,000,000 төгрөгийг, хүүнд 420,000 төгрөгийг, алдангид 3,500,000 төгрөг, нийт 10,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, хариуцагч А.Г-ийн нэхэмжлэгч С.Бд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Г-ээс 10,920,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Бд олгож, хариуцагч А.Г-ийн нэхэмжлэгч С.Бд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 189,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА