Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02843

 

2021 оны 12 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/02843 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 000 тоот хаягт байрлах, ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Х дүүргийн 00 дугаар хороо,  плаза төв, 00 давхар, 3 тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь манай компаниас 2020 оны 2 сарын 7-нд өдөр хүнд даацын дугуй зээлээр худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн болох 30 600 000 төгрөгийн төлбөрөөс 20 600 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөөгүй. Энэ тухайгаа 2021 оны 1 сарын 27-ны өдрийн №07/21 тоот албан бичгээрээ хүлээн зөвшөөрч, 2021 оны 2 сард санхүүжилт орж иртэл түр хүлээнэ үү? гэсний дагуу хүлээсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд манай компани зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулгаар 2020 оны 07 сарын 30-ны өдөр 20 600 000 төгрөгийн орлого дугуйны үнэ-гэх утгаар орсон, хариуцагч ХХК-иас 2021 оны 01 сархын 27-ны өдрийн 07/21 тоот албан бичгээр ...хүнд даацын дугуй худалдан авсан, үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах... агуулга бүхий хүсэлт, эдгээр баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч ХХК-ийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүхээс хуралдааны товыг 2021 оны 11 сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцөгч ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ