| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
2024 оны 08 сарын 21 2024/ШЦТ/7 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Хишигсувд
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2432000000079 тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Халх, 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 нас 07 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, үеэл ахын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* *******, /Регистрийн : *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч У.******* нь 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 баг, ******* сааданд иргэн Ц.Даваадоржтой тухай үед үүссэн таарамжгүй харилцаа буюу “гадаа шээчихлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, эрүү, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:”.. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралд дахин мэдүүлэг өгөхгүй...”гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:”...Залуу хүүхдүүд шаардлага тавьсан нь зүй ёсны үйлдэл. Харин цохисон нь буруу үйлдэл болж байна. Уг нь томоотой, ангидаа үлгэр жишээ болсон хүүхэд байгаа юм. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж шүүхдээ найдаж байна. Уураа барьж зөв шаардлага тавьж яваарай гэж хэлмээр байна. Би *******ыг цаашдын хүмүүжилд байнгын дэргэдээ авч анхаарал сулруулахгүй байж чадна гэж бодож байна...” гэжээ.
Эрүүгийн 2432000000079 тоот хавтаст хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би 2024 оны 05 сарын 29-ний өдөр Зүүнхараа Сансар захын орчимд банк руу явж байх үедээ найзтайгаа тааралдаад 1 шил архи хувааж уугаад тэгээд банк орж хүүхдүүддээ баярын бэлгийн мөнгө шилжүүлчхээд гэр рүүгээ харих гэж явахдаа Мандал сумын 2, 9 дүгээр багийн хажуу талын сагсны шийдийн талбай дотор нагац ах Тахиа нэг найзтайгаа 0.5 литрийн архи уугаад сууж байхаар нь явж очоод хамт уучхаад салж яваад ******* 4 дүгээр байр руу Тахиа ахын төрсөн ахынд очих гэж явахдаа ******* сагсны шийдийн хойд талд явж байх үед үл таних 18-20 насны 4-6 эрэгтэй хүүхдүүд байх шиг байсан. Тэр хүүхдүүдийн хажуугаар нь өнгөрч явах үед бөмбөг нь над руу өнхрөөд ирэхээр нь би өөдөөс нь өшиглөчихсөн чинь тэр хүүхдүүд наадах чинь хөл бөмбөгийн бөмбөг биш гээд нэг хүүхэд нь намайг хэд хэдэн удаа нүүр рүү тал талаас өшиглөсөн. Тэрүүхэн тэр үед тэнд байсан хүүхдүүд миний нүүр нь тал талаас өшиглөсөн. Тэрүүхэн тэр үед ухаан балартаж хэвтэж байгаад сэргээд очих гэж байсан нагац ахынд ороод эхнэрийг нь дагуулж явж эмийн сан ороод өвчин намдаах эм авч уугаад замд найз тааралдаад намайг эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэгт үзүүлэхэд миний эрүүний ясны зураг авах шаардлагатай гээд рентген зураг авхуулаад эрүүний яс 2 хугаралтай байна гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Тухайн өдөр би *******тай хамт ******* дунд саадад сууж байсан чинь ******* хажууд үл таних согтуу хүн шээгээд зогсож байхаар нь *******тай хамт дэргэд нь явж очоод энд яагаад шээгээд байгаа юм, ядаж нойл орооч гээд уг хүнд шаардлага тавьсан чинь тэр хүн би шээгээгүй гээд орилж, дайраад ойртож ирэх үед ******* тэр ахыг хэд хэдэн удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд бид хоёр тэр ахаас холдоод ******* шийд рүү орж тоглох гэж байхад нөгөө ах араас хөөж ирээд намайг харчхаад цохих гээд ирэх үед нь би тэр хүний зүүн талын гуя, ташаа хэсэг рүү хөлөөрөө жийгээд зугтаасан юм. Ууганаа нь тухайн хүний нүүр хэсэг рүү нь баруун зүүн гараараа нийт 3 удаа угсруулаад цохих үед тэр ах хойшоогоо бөгсөөрөө газарт унаад суучихсан юм. Намайг өшиглөх үед газарт унаагүй араас хөөгөөд байхаар нь би гүйгээд зугтаачихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би Өнөболдтой хамт сургуулиас гараад давтлагаа тараад ******* саад руу сагсны шийд рүү явж байх үед *******, Анар-Эрдэнэ хоёр саадны хажууханд үл таних согтуу хүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Тухайн хүн нь согтуу байсан бөгөөд ******* байр руу шээсэн юм шиг байсан ба Ууганаа тэр хүнийг байр руу шээлээ гээд шаардлага тавиад зогсож байсан. Тухайн үед ******* уг байр руу шээсэн хүнд шаардлага тавьсан чинь тэр хүн байр руу шээгээгүй гээд хэрүүл хийж, камераа шүүгээд үз би шээгээгүй гээд зогсож байсан. Тухайн үед хажуугаар нь би болон манай найз Өнөболд бид хоёр зөрж явж таарсан бөгөөд тэр согтуу ах Ууганааг цохих гэж далайж дайрах үед нь Ууганаа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Миний харснаар тэр ахын нүүр рүү нь доороос нь хоёр удаа өлгөж цохиж байхыг нь харсан юм. Тухайн үед нөгөө согтуу ах газарт унаад босож ирээд ******* руу дайрсан чинь Өнөболд урдуур нь орж салгасан юм. Гэтэл нөгөө ахын хажууд байсан нэг эгч гүйж ирээд Ууганааг сагсны шийдийн хашаа руу түрүүлээд явуулчхаад араас нь Анараа, Өөнөө бид гурав нөгөө ах эгч хоёроос салаад сагсны шийд рүү орох гэж байсан чинь нөгөө согтуу ах араас ирээд Анарыг Ууганаатай андуураад араас нь элдэж хөөгөөд ******* 3 байр хүртэл гүйгээд бариад авсан чинь Анараа тэр ахыг хөлөөрөө жийгээд гараас нь мултраад байр тойроод зугтаасан юм. Тэр хоёр согтуу хүнийг унагааж дээрээс зодсон үйлдэл болоогүй бөгөөд *******тай маргалдаж байх үед нь Ууганаа нүүр рүү нь өлгөж цохиж байхыг харсан. Харин Анарыг хөөж байх үед Анар нэг удаа өшиглөөд зугтсан өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 145 тай “Хүний биед хийсэн шинжилгээ гэсэн дүгнэлт: 1.ийн биед эрүүний их бие, зүүн салааны хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Эрүүний хугарлыг эвлүүлж, хадуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх /хх-ийн 40-41-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Ширхэнцэг 300-р үйлдвэр 3 гудамж -р байр тоотод оршин суух лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, өсвөр насны шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Өсвөр насны шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Өсвөр насны шүүгдэгч У.******* нь 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 баг, ******* сааданд иргэн Ц.Даваадоржтой тухай үед үүссэн таарамжгүй харилцаа буюу “гадаа шээчихлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, эрүү, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 6-р тал/, насанд хүрээгүй гэрч Э.Хангал-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 25-27-р тал/, насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 30-32-р тал/, гэрч Ө.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 34-35-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч ид 2024 оны 06 сарын 15-нд эхнэр Гэрэлчимэгт 150 000 төгрөг, эрүүний дэлгэмэл зураг авхуулсан зардал 30 000 төгрөг, эм тариа авсан зардал 33 600 төгрөг, шатахууны зардалд 90 000 төгрөг, 2024 оны 06 сарын 17-нд шатахууны зардалд 65 000 төгрөг, дэлгэмэл зураг авхуулсан зардалд 30 000 төгрөг, цусны бүлэг тодорхойлох 8 000 төгрөг, ид өөрт нь 200 000 төгрөг, нийт 606 600 төгрөг төлсөн байна.
Мөн хохирогч ийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж түүнийг шинээр нотлох баримт гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах эрхийг шүүх хангасан боловч хохирогч нь энэ эрхээ эдлээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй шүүх хуралд ирээгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав.Өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 баг, ******* сааданд иргэн Ц.Даваадоржтой тухай үед үүссэн таарамжгүй харилцаа буюу “гадаа шээчихлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, эрүү, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 8.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хорих ял оногдуулахыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36. зүйл, 36.13 зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 8.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.