| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01854/И |
| Дугаар | 102/ШШ2019/02176 |
| Огноо | 2019-08-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2019/02176
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....ХХК-д холбогдох,
Бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,386,400 /хорин сая гурван зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.... нэхэмжлэгчийг төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... ХХК болон ...ХХК нар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний хавсралтанд зааснаар нийт 16,490,000 төгрөгийн үнэтэй 81 ширхэг хаалгыг нийлүүлэхээр тохиролцсоны дагуу ... ХХК нь үүргээ биелүүлж дээрх хаалгануудыг нийлүүлсэн. Харин худалдан авагч ...ХХК нь дээрх мөнгөнөөс 2015 оны 8 дугаа рсарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг л төлсөн байна. Талууд 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл 14,990,000 төгрөг, алдангид 5,396,400 төгрөг буюу нийт 20,386,400 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсныг тооцоо нийлж баталсан юм.
Дээрх байдлаар тооцоо нийлэх хүртэл байнга шаардаж байсан ба тэр болгонд удахгүй төлнө, түр хүлээж бай гэх зэргээр янз бүрийн шалтгаан хэлж байсан. 2018 оны сүүл, 2019 оны эхээр тус компанийн захирал Ж....тай өмгөөлөгч С.... миний бие 2 удаа биеэр уулзаж, эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдвэрлүүлэх санал тавихад зөвшөөрснийх нь дагуу эвлэрүүлэн зуучлалд материал өгөхөд түүний хэлсэн хаяг болох Баянзүрх дүүргийн ... тоот, Эмнэлэг өөрийн байр хаягаар эвлэрүүлэн зуучлалаас дуудах бичиг явуулахад ийм хаяг тус хороонд байхгүй гэсэн хариу ирсэн тул эвлэрүүлэн зуучлалаас ...дугаарын утас руу нь Ж....тай холбогдож 2-3 удаа уулзахаар цаг товлоод, бид хүлээсэн боловч элдэв шалтаг тоочиж мөн л ирээгүй. Сүүлдээ манайх Баянгол дүүрэг рүү нүүсэн гэсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болж, уг хаягийг мессежээр аван очиж шалгахад 18 дугаар байрны 10 тоот гэх хаяг ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байр байсан ба, хамгаалагч нэвтрүүлэхгүй байсан. ...ХХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг тодруулж шалгаад энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаас хойш хариуцагч талыг шүүхэд ирүүлэхээр шүүх хуульд заасан бүхий л ажиллагааг хийж, улмаар захирал Ж....д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд дээрх тооцоо нийлсэн баримтын дагуу ...ХХК-иас 20,386,400 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...ХХК-д холбогдуулан худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 14,990,000 төгрөг, хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн алданги 5,396,400 төгрөг, нийт 20,386,400 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ...ХХК-ийг шүүхэд дуудан ирүүлэхээр хэд хэдэн удаа дуудсаны дагуу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр захирал Адуучин овогт Жамбалдоржийн ... шүүхэд ирж, нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 18-21, 30-33/
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2015/ТХМод тоот Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрээний хавсралт №1-т заасан барилгын материал, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч, төлбөрийг хийх үүрэг хүлээж, гэрээний нийт үнэ 16,490,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 50% болох 8,245,000 төгрөгийг Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлэх, бараа бүрэн хүлээлцэж дуусмагц үлдэгдэл 50%-ийн төлбөрийг худалдагчийн дансанд шилжүүлэх, талууд бараа шилжүүлэх болон төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-иар тооцон нөгөө талдаа торгууль төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, хоёр талын эрх бүхий удирдлагууд гэрээг батламжилж, гарын үсэг зуран тамга дарж байгуулсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна. /хх 10-13/
Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч ...ХХК-д нийт 16,490,000 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлж, хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн заримыг буюу 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлж, 14,990,000 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон ... ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16/11-08 тоот ...ХХК-д хандсан Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн Тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх 14, 15/
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар, хариуцагч ...ХХК нь талуудын хооронд хийгдсэн Тооцоо нийлсэн акт-ын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ хугацааны гүйцэтгээгүй үүрэг болох 14,990,000 төгрөгийн 0,05 хувийн алданги 5,396,400 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь анзыг хариуцагч ...ХХК-иас мөн шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 259,882 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 259,882 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ХХК-иас 20,386,400 /хорин сая гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 259,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,882 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА