Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

Э.ЦО, Б.Н нарт

  холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

            прокурор Д.Хорлоо,

            шүүгдэгч Э.ЦО,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, 

нарын бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Э.ЦО-ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарт холбогдох эрүүгийн 2030000000160 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг Ө гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н /РД:........./,

 Монгол Улсын иргэн, 19... онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., хүүгийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ... дугаар баг “А” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Э.ЦО /РД:........../.

 

Б.Н нь бусадтай бүлэглэж болон дангаараа 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Түвшинширээ сумын ... дүгээр баг Халгайтын ....... тоотын хүн байнга амьдрах зориулалттай Ш.Б-н байшингийн цоожийг эвдэн нэвтэрч “Соёрхол”, “Ерөөл” “нэртэй 0.75 литрийн 10 шил архи  хулгайлсан, 

Э.ЦО нь бусадтай бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Түвшинширээ сумын 1 дүгээр баг Халгайтын .... тоотын хүн байнга амьдрах зориулалттай Ш.Б-н байшингийн цоожийг эвдэн нэвтэрч “Ерөөл” “нэртэй 0.75 литрийн 2 шил архи хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.ЦО-ыг 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нэг жил гурван сар, Э.ЦО-т оногдуулсан хоёр жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Н, Э.ЦО нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Ш.Б-д учирсан 156.500 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн “ 17.1-2-2.1 “ гэсэн бичвэртэй цагаан өнгийн ДВД-г хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан 70 см урттай, 4 см өргөнтэй, угольник төмөр, гогцоо хэсэгт нь латин үсгээр “HARDENED  гэсэн бичигтэй  цагаан өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.ЦО давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 11 настай хүүхэдтэй, ганц бие эцэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ЦО өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч ЦО нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн байдаг. ЦО болон Н нарын мэдүүлэг нь хоорондоо зөрдөггүй юм. Гэвч дээр дурдсан ЦО удаа дараагийн мэдүүлгээр болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлаар түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь нотлогддог. Гэтэл шүүх “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байгаа” хэмээн хуулиар хүлээлгээгүй үүргийг түүнд хүлээлгэн, хуульд байхгүй үндэслэл заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх “шүүгдэгч Э.ЦО-ын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж, хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, эх, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэлээ” гэсэн боловч 2 шил архи буюу 26000 төгрөгийн хохиролд 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэг, учирсан хохирол, хувийн байдалд тохироогүй байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, шүүгдэгч Э.ЦО-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.ЦО нь бусадтай бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай Х.Б-н байшингийн цоожийг эвдэн нэвтэрч “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 2 шил архи хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байгаа гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч Э.ЦО-оос гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.ЦО-ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

          Шүүгдэгч Э.ЦО нь Б.Н-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагаас 12 цагийн үед Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Халгайтын ...... тоот дахь иргэн Ш.Б-н байшингийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 0.75 литрийн “Ерөөл” архи хоёрыг хулгайлан авч, 26000 төгрөгийн хохирол учруулсан,

          шүүгдэгч Б.Н нь Э.ЦО-той бүлэглэж, дээр дурдсанаар иргэн Ш.Б-н байшингийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 2 шил архи хулгайлан авснаас гадна ганцаараа тухайн өдрийн 17 цагаас 19 цагийн үед 3 удаа тус тус уг байшинд хууль бусаар нэвтэрч, тус бүр 2-3 шил архи, нийт 10 шил архи хулгайлан авч, 156500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ.

         

          Тодруулбал, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Б.Н-ын “...Б-н байшин цоожтой байхаар нь би цоожийг нь эвдэх гэж төмрөөр хэд хэдэн удаа цохиж байгаад ЦО ахыг хэд цохиодох гээд төмрөө өгсөн. ЦО ах 2, 3 удаа цохиж байгаад надад буцааж өгөхөөр нь би цоожийг эвдэн байшинд ганцаараа орж, 0.75 литрийн “Ерөөл” архи 2 шилийг авсан.” гэх /хх 74-75, 132-133/,

          -шүүгдэгч Э.ЦО-ын “... Цагаан цэнхэр өнгийн дааман хаалгатай хашаа руу орж, улаан тоосгон байшинтай айлд очиход цоожтой байсан. Н төмрөөр цоожийг нь цохиж байгаад чи хэд цохиодох гэсэн. Би айлын цоож эвдэж болохгүй, эргэж уулзахгүй нүүр биш гэхэд Н: “-Би арыг нь даана” гэхээр нь би 2, 3 удаа цохисон. Н цоожийг эвдэн байшинд орж, хоёр шил архи аваад гарч ирсэн. Нэг шил архийг нь хувааж уусан, нөгөө архийг нь би аваад хөдөө гэр лүүгээ явсан.” гэх /хх 77-81, 133-134/,

          -гэрч Д.Ч-н“...Тэгээд архи дуусаж байхад Н, ЦО хоёр дахин архи авна гээд сумын төв рүү явсан. Удалгүй “Ерөөл” архи 2 шилийг авчирсан. Нэг шил архийг нь хувааж уусан, нөгөө архийг нь ЦО, Н хоёр хөдөө аваад явсан.” гэх /хх 30-31/,

          -хохирогч Ш.Б-н “2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 22 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Манай гэрээс нийт 10 шил архи хулгайд алдагдсан. Б.Н, Э.ЦО нар 156500 төгрөг өгсөн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх /хх 16-20/ мэдүүлгүүд,

          -хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн “2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 46 минутад Халгайтын .... тоот хашааны дааман хаалга байгаа хэсэгт мотоциклтой хоёр хүн ирж, уг хашаа руу ороод 19 минутын дараа хашаанаас гараад баруун хойд зүгт явсан...” гэх тэмдэглэл /хх 7-8/,

          -хэргийн газрын үзлэгийн “Байшингийн цоожийг эвдэхдээ ашигласан гэх 70 см урттай, 6 см өргөнтэй угольник төмрийг гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,

          -эд мөрийн баримтаар хураан авсан 70 см урттай, 4 см өргөнтэй уголник төмөр, цагаан өнгийн цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.ЦО нь хохирогч Ш.Б-н байшинг цоожтой, хүнгүй байгааг мэдсэн атлаа шүүгдэгч Б.Н-ын үйлдлийг дэмжиж, хаалганых нь цоожийг эвдэхийн тулд төмрөөр 2-3 удаа цохиж, Б.Н-ын хулгайлсан хоёр шил архины нэгийг нь хуваан ууж, нөгөө архийг нь авсан үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул түүнийг Б.Н-тай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

         

          Б.Н нь энэ гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан,  тухайн өдөр дөрвөн удаагийн үйлдлээр хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрсэн, үйлдлийн тоо, учруулсан хохирлын хэмжээгээрээ Э.ЦО-оос илүү байх тул түүнд оногдуулсан ялаас ихгүй ялыг шүүгдэгч Э.ЦО-т оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцнэ. 

 

           Э.ЦО нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 26000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүтэйгээ хоёулаа амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Шүүгдэгч Э.ЦО-ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн “Ял хөнгөрүүлэхийг хүссэн” давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

          1/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.ЦО-ыг 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.ЦОыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

          2/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Э.ЦО-т оногдуулсан хоёр жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “... Э.ЦО-т оногдуулсан нэг жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

          3/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Э.ЦО нарын цагдан хоригдсон нийт 98 /ерэн найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                             О.БААТАРСҮХ

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА