| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/03538/И |
| Дугаар | 102/ШШ2018/00631 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/00631
| 2018 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2018/00631 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Олимпийн гудамж ..., Цэлмэг тауэр ... тоотод оршин байх, Ү.Б ББСБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, ... тоотод оршин байх, Э.Ц.К ХХК /РД: .../- холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 168,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага зээлийн гэрээг Э.Ц.К ББСБ ХХК-тай байгуулсан тул хариуцагч Д.Баясгалан, Б.Ганболд нараас татгалзаж байна. Нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК нь хариуцагч Элтс цамхаг ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17/164 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, мөн оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17/170 тоот зээлийн гэрээг байгуулж, 90,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 3 дугаар гудамж, 28а, б тоот хаягт байрлах 1218 талбай бүхий Э.Ц.К ББСБ ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг, мөн хорооны Товчоо дэнж 3 дугаар гудамж, 28а тоот хаягт байрлах, 700 м/кв талбай бүхий газар, мөн хорооны Товчоо дэнж 3 дугаар гудамжны 28б тоот хаягт байрлах 700 м/кв газрыг тус тус барьцаалж, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Газрын албанд тус тус бүртгүүлсэн болно.
Хариуцагч Э.Ц.К ББСБ ХХК нь Улаанбаатар хотоос Таван толгой, Нарийн сухайт, Цагаан хад чиглэлд шатахуун түгээх станц, зөөврийн дизел түлш борлуулах бизнесийн үйл ажиллагаанд зориулж уг зээлүүдийг авсан бөгөөд орлого байхгүй гэсэн шалтгааны улмаас зээлийг төлөөгүй. Хариуцагч нь зээлээ төлөх талаарх амлалтаа удаа дараа биелүүлээгүй, зээл эргэн төлөлтийн график зөрчигдөж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Ц.К ББСБ ХХК-иас 168,496,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Ц.К ББСБ ХХК нь нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-иас нийт 120,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, хүү, алдангийг тодорхой хэмжээгээр бууруулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК нь хариуцагч Д.Баясгалан, Б.Ганболд, Э.Ц.К ББСБ ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 168,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бүдрагчаа нь хариуцагч Д.Баясгалан, Б.Ганболд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасантай харшлахгүй байх тул нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Баясгалан, Б.Ганболд нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК нь хариуцагч Элтс цамхаг ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17/164 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, мөн оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17/170 тоот зээлийн гэрээг байгуулж, 90,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 3 дугаар гудамж, 28а, б тоот хаягт байрлах 1218 талбай бүхий Э.Ц.К ББСБ ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг, мөн хорооны Товчоо дэнж 3 дугаар гудамж, 28а тоот хаягт байрлах, 700 м/кв талбай бүхий газар, мөн хорооны Товчоо дэнж 3 дугаар гудамжны 28б тоот хаягт байрлах 700 м/кв газрыг тус тус барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1.т-д Зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь: 4 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 1.12-д Зээлдэгч нь энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК нь эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Э.Ц.К ББСБ ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Э.Ц.К ББСБ ХХК -иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 168,496,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэх ... зээлийн гэрээг цуцалж өгнө үү хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага биш нэхэмжлэл гаргах үндэслэл болж байгааг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Баясгалан, Б.Ганболд нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Э.Ц.К ББСБ ХХК -иас нийт 168,496,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,158,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,158,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР