Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2020/03513

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байр0 тоотод оршин суух хаягтай, Бовогт Ц ... /РД-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд голын үйлчилгээний төв, 4 дүгээр давхар, 403 тоотод оршин байх, “л” ХХК /РД

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 25 гудамж, 390 тоотод оршин суух хаягтай Ц ... нарт холбогдох,

 

12,195,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.... нь “л” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №03 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” нэртэй 144 айлын 9 давхар орон сууцны А блокын 2 дугаар орцны 6 давхарт 58 тоот хаягт байршилтай, 62.7 м2 талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар болсон. Үүний хариуд хариуцагч компани нь 2017 ондоо багтааж байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг харилцан хүлээсэн.

Ингээд нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “л” ХХК-ийн захирал Ц....гийн Хаан банкны0 тоот дансанд шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 595,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, нийт 12,195,000 төгрөгийг шилжүүлсэн.

 Хариуцагч байрны засварыг бүрэн хийж дуусгаагүй байсан учир нэхэмжлэгч байрны засварын дуусгаагүй хэсгийн ажлыг өөрийнхөө зардлаар гүйцээн орж, гарсан зардлыг үлдэгдэл төлбөрөөс нь хасуулахаар харилцан тохирсон байдаг. Үүний үндсэн дээр байрны түлхүүрийг гардан хүлээн аван засварын ажлыг өөрсдөө гүйцээн орсон. Бид байранд орсны дараа 2018 онд “л” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.... нь нягтлан Т.Ч уг компанийн хувьцааг 100 хувь шилжүүлэх замаар солигдон өөр эзэнтэй болсон уг бариулсан байрны хөрөнгө оруулагчид нарын хооронд, мөн оршин суугч иргэдийн хооронд шүүхийн маргаан үүссэн тул шүүхээс “л” ХХК-ийн данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд уг асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл төлбөрийг цааш нь үргэлжлүүлэн төлөхийг компанийн удирдлага болон хөрөнгө оруулагч нарын зүгээс түр зогсоох мэдэгдлүүдийг хийсэн.

Хариуцагч “л” ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 58 тоот байрыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “л” ХХК нь хөрөнгө оруулагч иргэн Болормаагийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан. Уг асуудлаар иргэн Болормаагийн бие төлөөлөгчөөр нь дамжуулан тодруулсан боловч Болормаа нь уг байрыг “л” ХХК-иас зээлсэн хөрөнгийнхөө барьцаанд захирал Т.Ч хүлээн зөвшөөрүүлэн шүүхийн журмаар авсан байр, бид шүүхийн журмаар танай оршин суугаа 58 тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр болсон байгаа. Тийм учир та бүхэн тус байрыг хурдан чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Нэгэнт хариуцагч “л” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байтал өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул нэхэмжлэгч “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж байна. Гэрээнээс татгалзаж байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш байрны төлбөрт “л” ХХК, уг компанийн өмнөх захирал Ц....гийн дансанд төлсөн нийт 12,845,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан.

Бид энэ хэрэгт хамтран хариуцагчаар “л” ХХК-ийн захирал Ц....г татсан байсан. Гэвч нэгэнт бид мөнгийг “л” ХХК руу шилжүүлсэн, гэрээг “л” ХХК-тай байгуулсан учир Ц....д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Мөн 12,845,000 төгрөгийн шаардлагын хэмжээгээ 12,195,000 төгрөг болгон багасгаж байна. Учир нь бид байранд орохдоо засвар хийсэн мөнгөө нэхэмжлэх байсан ч анхнаасаа нэхэмжлэлд дурдаагүй учир засварт холбогдох шаардлагаасаа татгалзаад яг байрны төлбөрт шилжүүлсэн, баримтаар нотлогдож байгаа үлдэх 12,195,000 төгрөгөө нэхэмжилнэ. Иймд 12,195,000 төгрөгийг “л” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ц.... болон хариуцагч “л” ХХК-иуд №03 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулжээ.

 

Уг гэрээгээр нь “л” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар хороолол, 11 дүгээр багийн нутагт байрлах, 144 айлын орон сууцны барилгын 10а байрны 2 дугаар орц, 6 давхар, 58 тоот хаягт байршилтай, 62.7 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сард багтаан олгох, үүний хариуд нэхэмжлэгч Ц.... 74,750,000 төгрөгийг “л” ХХК-д төлөхөөр харилцан тохирчээ.

 

Хэдийгээр талууд гэрээгээ “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч хэрэгт цугларсан баримтууд болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан харилцаа үүссэн байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ц.... хариуцагч “л” ХХК болон Ц.... нарт холбогдуулж 12,845,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж мөнгөө шилжүүлж байсан. Гэтэл ‘л’ ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргасан. Цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй” гэжээ. 

 

Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч хариуцагч Ц....д холбогдох шаардлагаасаа “...төлбөрийг ‘л’ ХХК-д шилжүүлж байсан” гэсэн үндэслэлээр татгалзсанаас гадна нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12,195,000 төгрөг болгон багасгаж байна.

 

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.... нь хариуцагч Ц....д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Хариуцагч “л” ХХК-ийн хувьд дээрх нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “л” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 595,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, нийт 12,195,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Дээр дурдсанчлан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр хариуцагч “л” ХХК нь нэхэмжлэгч Ц....т Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар хороолол, 11 дүгээр багийн нутагт байрлах, 144 айлын орон сууцны барилгаас орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Болормаагаас нэхэмжлэгч Ц....т хандан ирүүлсэн “...Дархан сум, 13 дугаар хороолол, 11 дүгээр багийн нутагт байрлах, 144 айлын орон сууцны барилга нь Л.Болормаагийн өмчлөлийн зүйл” гэсэн утга бүхий албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн.   

 

Дээрх баримтаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч “л” ХХК-иас 12,195,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.... нь хариуцагч Ц....д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “л” ХХК-иас 12,195,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц....т олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “л” ХХК-иас 210,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц....т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ