| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02270/И |
| Дугаар | 102/ШШ2021/02895 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/02895
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ТӨХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц-д холбогдох,
25,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-ийн захирал Ц.Ц нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээ, хэлцлийн үндсэн дээр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 43-47 дугаар байрны хороолол дундах авто замын засварын ажил гүйцэтгэсэн. Ийнхүү ажлаа хийхдээ “Н” ТӨХК-ийн ажилчдыг туслан гүйцэтгэгчээр аман хэлцлийн үндсэн дээр ажиллуулсан байдаг. Ингээд харилцан тохиролцсоны дагуу “Н” ТӨХК-ийн 15 ажилтан нь хариуцагчийн хийж байсан засварын ажилд нь туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж, тогтооосон ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн. Нийт 189,880,000 төгрөгийн төсөв, тендертэй замын засварын ажлаас манай компани нь 54,812,604 төгрөгийн хөлс бүхий ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс тооцоо нийлсний дагуу үлдэгдэл ажлын хөлс 12,408,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй компанийн ажилчдыг хохироосоор байна. Ийм учраас уг 12,408,000 төгрөгийг хариуцагч Ц.Ц-аас нэхэмжилж байна.
Хариуцагч Ц.Ц нь дээр дурдсан ажлын тендер авахад зориулж 11,300,000 төгрөгийг манай “Н” ТӨХК-иас төлүүлсэн. Нэхэмжлэгч “Н” ТӨХК-ийн захирал нь хариуцагчтай найз нөхдийн харилцаатай байсан учраас түүнтэй аман гэрээ байгуулаад мөнгийг өмнөөс нь төлсөн. Хариуцагч нь “...манай компанид төсөв мөнгө орж ирэхээр буцаан өгнө” гэсэн боловч өгөөгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд уг 11,300,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.
Мөн “Н” ТӨХК нь “С” ХХК-д 2,000,000 төгрөгийг “Битумын эмульс цацлагын үнэ” гэсэн утгаар хариуцагч Ц.Ц-ы өмнөөс төлсөн. Уг төлбөрийг хариуцагч нь манайд буцаан төлөх ёстой. Тухайн үед “Ө” ХХК, захирал Ц.Цтай бичгээр гэрээ байгуулах гэхэд гэрээнд гарын үсэг зурахгүй чирэгдүүлж, “...гэрээний шаардлагагүй, манай зүгээс ажлын хөлсийг ямар ч асуудалгүй төлнө” гэж хэлээд амаар тохиролцож, хэлцлийн үндсэн дээр зам засварын ажлыг хийлгэсэн. Ц.Ц нь “ажлын хөлсийг нэг их удаахгүй, мөнгө орж ирэхээр өгнө, хүлээж байгаарай” гэх зэргээр худал хэлж олон жилийг өнгөрөөсөн тул биднийг залилсан гэж үзэж шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн газарт 2019 онд гомдол гаргасныг Цагдаагийн газар хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэвч Баянгол дүүргийн прокурорын газраас залилах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэргийг хаасан нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий прокурор болон Нийслэлийн Прокурорын газраас хүлээн авч хянаад энэ хэрэг нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэсэн хариу мэдэгдэх хуудас өгсөн. Ингээд нийт 25,708,000 төгрөгийг одоо болтол төлөхгүй хохироосоор байна. Тухайн үед манай компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан, ажлын хөлсийг бүрэн гүйцэт төлөөгүй болох нь битумын цацлагын бэлэн мөнгөний зарлагын баримт болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаарх тооцоо нийлсэн акт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, гомдол, гомдлын хариу зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Иймд Ц.Цаас нийт 25,708,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай зүгээс “Ө” ХХК-ийн хаяг, оршин байгаа газрыг мэдэх боломжгүй байсан учраас захирал Ц.Ц-ыг хувь хүнийх нь хувьд хариуцагчаар татсан, хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Н” ТӨХК нь “Ө” ХХК-ийн захирал болох Ц.Ц-тай харилцан тохиролцож гэрээ хэлцлийн үндсэн дээр зам засварын ажилд оролцсон ажлын хөлс 25,708,000 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ. Ингээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд “Н” ТӨХК-ийн 15 хүнийг ажиллуулсан тул ажлын хөлсийг нэхэмжилж гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч “Н” ТӨХК нь бодит байдал дээрээ ямар ч ажил гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй төдийгүй ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнг хүлээлцсэн баримт байхгүй. “Ө” ХХК-иас ч энэ компанийг захиалгаар ажиллуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг хүлээн зөвшөөрсөн тухай мөн хүлээн авах санал гаргасан тухай ямар ч баримт байхгүй байна. “Ө” ХХК-ийн хувьд Нийслэлийн авто замын газартай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Налайх дүүргийн зам засварын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Ингэхдээ ямар нэг байдлаар туслан гүйцэтгэгч авч ажиллуулж байсан зүйл байдаггүй. “Н” ТӨХК-иас манай компанитай хамтран ажиллах саналыг гаргаж түүнийг нь хүлээн зөвшөөрч ажиллуулсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “Ө” ХХК-ийн зүгээс хамтран ажиллахаар тохиролцсон зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохигч нь гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Гэтэл “Н” ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэл нь огт худал, бодит байдалд нийцээгүй. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт хамааралгүй “Н” ТӨХК-ийн байгууллагын дотоод ажлын тайлангийн нэг хэсэг байдаг. Бодит байдал дээрээ ч “Ө” ХХК-иас “Н” ТӨХК-тай холбоо тогтоож ажиллах санал тавьж байгаагүй байхад нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч “Н” ТӨХК нь Ц.Ц-ыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эцэст нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан талаар болон Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлийг тохиролцсон зүйл хавтаст хэрэгт алга байна. Тендерийн баталгаа болон тендерийн хураамж гэсэн 2 төрлийн хураамж авдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тендерийн зардалд 11,300,000 төгрөгийг туслан гүйцэтгэгч “Ө” ХХК-ийн өмнөөс төлсөн баримт байхгүй байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ТӨХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12,408,000 төгрөг, хариуцагч Ц.Цы өмнөөс тендер авахад зориулж төлсөн 11,300,000 төгрөг, мөн хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 2,000,000 төгрөг, нийт 25,708,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12,408,000 төгрөг:
Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...манай компани нь Ц.Ц-ы хүсэлтээр 54,812,604 төгрөгийн хөлс бүхий ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс тооцоо нийлсний дагуу үлдэгдэл ажлын хөлс 12,408,000 төгрөгийг хариуцагч Ц.Цаас нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч Ц.Ц-ы зүгээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...нэхэмжлэгч ‘Н” ТӨХК’ ХХК-тай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Зохигчид талуудын хооронд гэрээний харилцаа, тэр дундаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх дээр маргаантай байна.
Гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалт нь хэлцлийн ойлголттой шууд холбогдох бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч “Н” ТӨХК ХХК нь хариуцагч Ц.Ц-тай ямар нэг гэрээний харилцаанд орсон, орох хүсэл зориг байсан, улмаар хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэлтэй байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох үүднээс ямар нэг хүсэлт гаргаагүй байна.
Иймд хариуцагч Ц.Ц-аас 12,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Хоёр. 11,300,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн шаардлага:
Нэхэмжлэгч 11,300,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ц.Цы өмнөөс түүнийг тендер авахад нь зориулж нэхэмжлэгч компани 11,300,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч ‘Н’ ТӨХК-ийн захирал нь хариуцагчтай найз нөхдийн харилцаатай байсан учраас түүнтэй аман гэрээ байгуулаад мөнгийг өмнөөс нь төлсөн. Гэвч хариуцагч мөнгийг буцааж төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэжээ.
Харин 2,000,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “... ‘Н’ ТӨХК нь ‘С’ ХХК-д 2,000,000 төгрөгийг ‘Битумын эмульс цацлагын үнэ’ гэсэн утгаар хариуцагч Ц.Цы өмнөөс төлсөн. Уг төлбөрийг хариуцагч нь манайд буцаан төлөх ёстой” гэж тайлбарласан.
Бусдын өрийг сайн дураар, эсхүл андуурч төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсэж, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээдэд эд хөрөнгийн алдагдал үүссэн бол төлсөн этгээд нь зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Н” ТӨХК нь хариуцагч Ц.Ц-ы өмнөөс 11,300,000 төгрөгийг тендер авахад нь зориулж төлсөн, мөн хариуцагчийн өмнөөс бусдад 2,000,000 төгрөг төлсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсанчлан иргэний хэрэгт зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч хариуцагчаас дээр дурдсан мөнгөн төлбөрүүдийг буцаан шаардах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нотолж чадаагүй буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-аас 25,708,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ