| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/03497/И |
| Дугаар | 102/ШШ2020/03120 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2020/03120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, О овогт Б.У /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягт байрлах, Ю ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Б гэх хүнд Mercedes benz G-400 маркийн автомашинаа 32.000.000 төгрөгөөр зарахад Ж.Б бэлэн 25.000.000 төгрөг өгч, үлдсэн 7.000.000 төгрөгт 0000 ААА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг надад өгөхөөр болж уг приус-30 автомашинаа Ю ХХК санхүүгийн байгууллагаас зээлээр авсан, зээлээ төлж дуусаагүй 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсний дагуу Ж.Б-ийн хамт уг санхүүгийн байгууллага дээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр очиж Ж.Бэс 0000 ААА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж байна, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж асуухад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн хэвийн төлөөд явж байгаа, харин 2018 оны 12 дугаар сарын 04, 2019 оны 1 дүгээр сарын 03, 2019 оны 3 дугаар сарын 04, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үндсэн зээл болох 1.282.188 төгрөгийг төлөөгүй, үүрэг хүлээгч өөрөө төлөхөөр байгаа, та 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойших зээлийг графикийн дагуу төлж дуусгаад машинаа нэр дээрээ шилжүүлэн авч болно гэж тохиролцсон. Тохиролцооны дагуу би Ю ХХК-ийн 0000000000 дугаарыг данс руу бэлнээр нийт 7.430.000 төгрөг төлж үүргээ биелүүлсэн. Гэтэл одоо тухайн байгууллага тохиролцсоны дагуу үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 0000 ААА улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг миний өмчлөлд шилжүүлэхийг Ю ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б фидуцийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 0000 ААА улсын дугаартай, цагаан өнгийн Toyota prius-30 маркийн авто машин дээр 10.850.000 төгрөгийн зээл олгосон. Манай компанийн зээлийн графикийн нийт төлөх дүн зөв гарсан бөгөөд тухайн сар бүр төлөх дүнгүүд программаас болж алдаатай гарсан байсныг Ж.Б-д удаа дараа хэлж график шинэчилж төлөх ёстойг танилцуулсан. Зээл олгосноос хойш 2018 оны 4 дүгээр сар, 2018 оны 5 дугаар сар, 2019 оны 3 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сар нийт 1.302.081 төгрөг хийгдээгүй, зээлийн үлдэгдэл дүнгээс хүү бодогдож төлөгдөөгүй дүн 6.171.863 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 5 дугаар сараас Б.Уын данснаас төлөлт хийгдсэн боловч зээлийн гэрээг Ж.Б-тэй байгуулсан. Мөн Ж.Б-ийн төлөх ёстой зээлийн үлдэгдэл байгаа тул авто машиныг шилжүүлж өгөх боломжгүй. Түүнчлэн фидуцийн гэрээ дуусгавар олоход Ж.Б-д автомашиныг буцаан өгөх болохоос нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй аман яриа болсон тул хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд орж, үүрэг хүлээгээгүй, хийгдсэн гэх хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх бөгөөд нэхэмжлэгчийг Ж.Б-ийн өмнөөс 7.430.000 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
00-00 ААА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б, Ю ХХК-тай байгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ю ХХК нь бүртгэгдсэн байна. Фидуцийн гэрээ байгуулах үндэслэл нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 74 тоот Ж.Б, Ю ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байна. Дээрх гэрээгээр Ж.Б нь 10.850.000 төгрөгийг 25 сарын хугацаатай зээлжээ.
Улмаар нэхэмжлэгч Б.У нь өөрийн өмчлөлийн автомашинаа Ж.Б-д худалдаж, үнийн дүнгийн зөрүүнд 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр үнэлж, 7.000.000 төгрөгийн төлбөрт, 7.000.000 төгрөгийн зээлийн үүрэгтэй автомашиныг шилжүүлэн авахаар тохирчээ.
Энэхүү тохиролцоогоо баталгаажуулахаар хариуцагч Ю ХХК-ийн зээлийн ажилтантай уулзаж, Ж.Б-эр эргэн төлөлтийн хуваарийн зөрчил 1.282.188 төгрөгийн төлбөрийг төлүүлэх, үлдэх 7.000.000 төгрөгийг Б.У нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж, автомашиныг нэр дээрээ шилжүүлэхээр тохиролцсон гэж шаардах эрхээ тодорхойлж байна.
Түүний шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих зохицуулалт хамаарч байна.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгчид зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг шилжиж ирэхдээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан шаардлага хангаагүй байна.
Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасан бичгээр байгуулах хэлцэл байна.
Хэдийгээр хариуцагчийн зээлийн ажилтантай тохиролцсон гэх боловч нэгд бичгээр байгуулах шаардлага хангаагүй, хоёрт компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй байх тул амаар хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.У, Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хооронд бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй гэж заасны дагуу хариу шаардлагыг Ю ХХК-д тавих эрхгүй болжээ.
Улмаар Ж.Б нь зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй хэвээр байгаа талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох хэлцэл буюу зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой юм.
Иймд нэхэмжлэгчийг фидуцийн зүйлийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Ю ХХК-иас 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ