Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/02151

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ХХК-д холбогдох,

Түрээсийн мөнгө 225,000 төгрөг, барьцаа төлбөр 250,000 төгрөг, нийт 475,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... ХХК-ийн С....аас гэрээнээс үндэслэлгүй татгалзсаны улмаас гэрээнээс учирсан хохиролд 2,167,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О...., хариуцагч байгууллагын захирал Л.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ... ХХК-ийн ... худалдааны төвийн В1 давхарт байрлах В/10 дугаар бүхий талбайг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед ... худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба, ... ХХК-ийн удирдлагаас түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон. Нийт 20 гаруй түрээслэгч байсан ба, миний хувьд түрээсийн төлбөр 225,000 төгрөг, барьцаа 250,000 төгрөг, нийт 475,000 төгрөгийг ... ХХК-д бэлнээр хүлээлгэж өгсөн. Тохиролцсон хугацаанд талбай, лангуу бэлэн болоогүй, үйл ажиллагаа явуулаагүй учир 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал тавин, өгсөн мөнгөө буцаан авъя гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Талбай түрээслэх гэрээний 4.1-д зааснаар энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө гэсэн үүргээ түрээслүүлэгч биелүүлээгүйгээс иргэн би хохирч байгаа тул түрээсийн мөнгө болон барьцаа төлбөр болох 475,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ... ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр С....д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.... нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас ...биднийг ажлын байраа 2019 оны 4 дүгээр сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад, барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ... худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павилон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр С....тай гэрээ байгуулсан. ... ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19,400,000 төгрөгийн өртөгтэйгөөр, 2 дугаар сарын 20-ны өдөр ... ХХК-тай гэрээ хийж, төлбөрийг шилжүүлэн, павилоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100% бэлэн болгосон байсан. С.... нь гэрээний дагуу үйл ажиллагаа эхлүүлэх байсан боловч ирээгүй. ... ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч С....ыг түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. С....ын одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч дээрх үндсэн шалтгаанаар биш, ... ХХК-ийг гэрээгээ зөрчсөн, павилон байхгүй мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэл: С....ын түрээсэлсэн талбай 10 м.кв хэмжээтэй юм. Тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэлгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. Гэрээ ёсоор 4 дүгээр сарын 15-ны өдрөөс С.... ажиллаж эхлэх байсан. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. С....ыг барилгын материалын чиглэлээр ажиллуулахын тулд ... ХХК урд нь ажиллуулж байсан Хиам өндөг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, түүнтэй гэрээ байгуулсан. Манай компани 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж, үүнээс үүдэн манай компани дараах алдагдлыг хүлээгээд байна. Үүнд:

1.Хиам өндөг түрээслэгчийн сарын түрээс 500,000 төгрөг байсан. 2-4 дүгээр сард орж ирэх байсан түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг,

2.Дулаан, цахилгааны ашиглалтын зардалд ... захын нийт 626 м.кв талбайд оногдож байгаа ашиглалтын нийт зардал 5,383,311 төгрөгөөс С....д оногдох талбайн ашиглалтын зардал 10 м.кв талбайгаар тооцвол нэг сарын 86,000 төгрөг, үүнийг 2-4 дүгээр сард тооцож 258,000 төгрөг,

3.Түрээслэсэн 10 м.кв талбайд оногдох вакум хаалт, хаалга 409,500 төгрөг, нийт 2,167,500 төгрөгийн хохирлыг С....аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай компаний 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өсөн дэвжиж байгаа компанийн нэр хүндэд асар ихээр нөлөөлж байгаа тул маш их гомдолтой байна. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар манай ... төвийн хүнсний зах нь нийт 5 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Цаашид хэдий хүртэл ийм бага түрээслэгчидтэй, компани үйл ажиллагаанд асар их хохирол учрах, хэдэн төгрөгийн алдагдал хүлээхийг одоогийн байдлаар мэдэхгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.... нь ... ХХК-ийн талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжилж буй цахилгаан, дулааны мөнгө 258,000 төгрөг, вакум хаалт, хаалганы мөнгө 409,500 төгрөг, түрээсийн орлого 1,500,000 төгрөг үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... худалдааны төвд лангуу түрээслэнэ гэсэн зарын дагуу очиж гэрээ байгуулсан. 20 орчим хүн байсан. Гэрээ хийгээд 20 хоног хүлээнэ гэж амаараа тохирсон. Гэтэл 3 дугаар сар гараад юу ч үгүй хоцорсон учир гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэсэн. Түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Түрээсийн байр бэлэн болоогүй байсан учир ороогүй байхад яагаад тог, дулааны мөнгө төлөх ёстой вэ? Вакум хаалт, хаалгыг хийлгэх талаар гэрээнд заагаагүй, өөрсдөө санаачлагаараа хийсэн бөгөөд, өөрсдөө өмчтэй болчихоод С....аас нэхэх нь утгагүй хэрэг. Түрээсийн орлого шаардаж байгаа нь ч мөн үндэслэлгүй. Өмнө нь түрээслэж байсан хүний түрээс нэхэмжлэгчид ямар хамаатай вэ? Нэхэмжлэгчийн шаардаж буй 475,000 төгрөг хариуцагчийн дансанд орсон. Уг мөнгөөр хаалт босгосон, одоо түүнийгээ аваад яв гэж байгаа. Хариуцагч хөрөнгөтэй болж үлдсэн, хохироогүй. Талууд байгуулсан гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. ... худалдааны төвийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч компанийн захирал Л....ын өмчлөлийнх гэдэгтэй маргахгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагагүй. С.... хууль мэдэхгүй, юу ч мэдэхгүй учраас мэдэгдэлд гарын үсгээ зурчихсан, төөрөгдөлд орсон байна... гэв.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Л.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК нь миний өөрийн нэр дээр байдаг, нэг гишүүнтэй компани юм. ... худалдааны төв миний нэр дээр байдаг. Манайх зар тавиагүй ба, 3 жил хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хороолол барилгын материалын зах зарагдана гээд манайд 20 хүн 2018 оны 12 дугаар сард анх хандсан. Бид шууд түрээслүүлэх боломжгүй гээд саналыг нь хүлээж авахаас татгалзсан. Дахин дахин хандаад байсан учраас бид В1 талбайг 100% дүүргэвэл түрээслүүлэх боломжтой гэснийг тэд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид өмнө нь түрээслэж байсан хүмүүсээ гаргаж чөлөөлөөд тэднийг оруулахаар болсон. Түрээслэгч нарын хүсэлт, гаргасан план зургийнх нь дагуу павилоноо өөрчлөөд, зохион байгуулалт хийж, барилгын материалын бараа байршуулахаар засварлахаар ярилцсан. Тохиролцсоны дагуу 4 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн болоход тэд Хороолол барилгын материалын дэлгүүр зарагдахаа больсон, энэ олон жил болсон газраасаа гарахгүй гэж хэлсэн. Ингээд л энэ маргаан үүссэн. Сөрөг нэхэмжлэлээр манайхаас гарсан зардлуудаа л шаардаж байгаа. Хохирол гэж байгаа боловч үйл ажиллагаа явуулахад ямар зардал гардаг вэ гэдгийг харуулсан юм. Манайх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай талбай түрээслүүлдэг, 70-80 хувийн дүүргэлттэй байсан. Зарим нь зугтаагаад явсан, зарим нь буруугаа хүлээж уучлалт гуйсан. Эднээс болж манай компани бараг дампуурсан. Гэрээ байгуулахад хаалт хийх талаар бичгээр тусгагдаагүй. Мэдэгдлийг зохион байгуулж байгаа нэг хүнд нь өгөөд, бүх түрээслэгчдээр гарын үсэг зуруулсан. С.... мэдэгдэлтэй танилцаад, гарын үсэг зурсан... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн 475,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан учир түүний төлсөн төлбөрийг буцаах боломжгүй гэх тайлбарыг гарган маргаж, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч С.... гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохирол 2,167,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...С.... түрээсийн зүйлийг ашиглаагүй учир ашиглалтын зардал болон өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй... хэмээн тайлбарлаж байна.

Шүүх дараахь үндэслэлээр С....ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагаас 250,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 225,000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч ... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нэг гишүүнтэй бөгөөд, тус компанийн захирал Л.... нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..... н гудамжинд байрлах ... худалдааны төвийн В1 давхрын В/10 дугаарт байрлах 10 м.кв талбайг нэхэмжлэгч С....д түрээслүүлэхээр 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №В/10 тоот ... худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ байгуулсан болох нь түрээсийн гэрээ, хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдох ба, зохигчид түрээсийн зүйлийн өмчлөгч, тухайн талбайг түрээслүүлэхээр захиран зарцуулах эрхийн талаар хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй. /хх 5-12, 14/

... худалдааны төвийн талбай түрээслэх гэрээний дагуу түрээслүүлэгч ... ХХК нь тус төвийн В/10 тоот лангууг жижиглэн гэрэл худалдааны чиглэлээр С....д 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглуулах, түрээслэгч нь сарын 250,000 төгрөгийн төлбөр төлөх, гэрээнд талууд гарын үсэг зурмагц түрээслэгч 1 сарын төлбөртэй тэнцэх 250,000 төгрөгийн барьцааг хүүгүйгээр түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан байгуулсан байна. /хх 5-12/

Талууд маргаан бүхий гэрээгээр ... худалдааны төвийг бүхэлд нь бус, харин тус төвийн В1 давхрын В/10 дугаар 10 м.кв талбайг ашиглахаар тохирсон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд, тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд маргаан бүхий гэрээний 4.1 дэх хэсэгт ...гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө... гэж заасны дагуу С....д талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, мөн аман хэлбэрээр харилцан тохиролцсон 20 хоногтоо багтаан хүлээлгэж өгөөгүй учир гэрээнээс татгалзаж, төлбөрт өгсөн 475,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан.

Гэтэл ... ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/5 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт түрээслэгчдэд хандан, талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгох, талбайн төлөвлөлт зохион байгуулалт, павилоны хаалт хуваалт хийхэд 19,400,000 төгрөгийн төсөв гарах, мөн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээ цуцалсан тохиолдолд төлөгдсөн барьцаа болон түрээсийн төлбөр буцаан олгогдохгүй болохыг нэхэмжлэгч С....д мэдэгдэж, тэрээр уг мэдэгдэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх 41/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс С.... уг мэдэгдлийг хараагүй, хууль мэдэхгүйгээсээ хавсралтанд нь гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч мэдэгдлийн арын хуудас дахь Хавсралт 1-д зурагдсан гарын үсэг С....ынх мөн болохыг хүлээн зөвшөөрсөн, мэдэгдлийг хараагүй гэх тайлбараа нотлоогүй бөгөөд, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэрээний зүйл болох талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч С.... хариуцагч ... ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу түрээслүүлэгчид 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 10% хөнгөлөлтэйгөөр буюу 225,000 төгрөг, мөн барьцаа 250,000 төгрөг, нийт 475,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар болон, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэрээний үүрэг 2019 оны 4 дүгээр сараас хэрэгжинэ гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд, нэхэмжлэлд дурдсанчлан ... ХХК лангууг бэлэн болгоогүй буюу В/10 тоот талбайг ашиглах нөхцлөөр хангаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх 4/

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ хэмээн гэрээнээс татгалзах журмыг хуульчилсан байх бөгөөд, нэхэмжлэгч С.... тийнхүү гэрээнээс татгалзаж байгаа талаар ... ХХК-д хэрхэн мэдэгдсэн болох нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах талаар санал тавьсан гэж тайлбарлах боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчиж, гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч ... ХХК-иас түрээсийн төлбөрт төлсөн 225,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин барьцаанд төлсөн 250,000 төгрөгийг маргаан бүхий гэрээний 3.15 дахь хэсэгт ...хэрэв түрээслэгч тал хугацаанаас өмнө түрээсийн гэрээг цуцлах тохиолдолд барьцаа мөнгийг олгохгүй гэж заасан байгаа ч, уг гэрээ биелэгдээгүй, өөрөөр хэлбэл: тухайн гэрээний 3.13 дахь хэсэгт заасан барьцааны мөнгөнөөс хохирол суутгах үндсэн нөхцөл нь уг гэрээ хэрэгжсэнээр бий болох тул гэрээ биелэгдээгүй буюу цуцлагдсан үед барьцаа мөнгийг нэхэмжлэгч С....д буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэн, хариуцагчаас 250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч С....аас гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохиролд В/10 тоот дахь 10 м.кв талбайг 2019 оны 2, 3, 4 дүгээр сард бусдад түрээслүүлэн олох байсан орлого 1,500,000 төгрөг, уг талбайн цахилгаан, дулааны 2, 3, 4 дүгээр сарын зардал 258,000 төгрөг, вакум хаалт, хаалга хийлгэсний үнэ 409,500 төгрөг, нийт 2,167,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... нэхэмжлэгч С....аас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...С.... түрээсийн зүйлийг ашиглаагүй учир ашиглалтын зардал болон өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй... хэмээн тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний нөгөө тал үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг шаардах эрхтэй.

Хэдийгээр маргаан бүхий гэрээтэй холбоотойгоор хариуцагч ... ХХК-иас тодорхой зардал гарч, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг ... цонх ХХК-тай байгуулан 16,399,006 төгрөгөөр хаалга, хаалт хийлгэхээр тохирч, төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх боловч, энэ талаар нэхэмжлэгч С....д мэдэгдэж зөвшөөрөл авсан гэх үйл баримт тогтоогдохгүй, мөн С....тай байгуулсан гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх байтал үүнээс өмнөх хугацааны буюу 2019 оны 2, 3, 4 дүгээр сарын цахилгаан, дулааны зардал шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс маргааны зүйл болох лангууг бусдад нэг сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлж байсан гэх зардлыг 2019 оны 2, 3, 4 дүгээр сараар тооцон 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, Б.Нарантуяа гэгчтэй 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан В/7-11 тоот ... худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргасан. /хх 24-32/

Гэвч дээрх гэрээгээр маргаан бүхий В/10 тоот С....д хөлслүүлэхээр тохиролцсон талбай бус, харин В/7 тоот дахь талбайг иргэн Б.Нарантуяад түрээслүүлсэн байх бөгөөд, тэрхүү талбай нь маргаан бүхий В/10 тоот талбай мөн эсэх нь тогтоогдохгүй, мөн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн ашиглах боломжгүй буюу 2019 оны 2, 3, 4 дүгээр сараар тооцон шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Л....ын цахилгаан болон дулааны төлбөр төлсөн баримтууд болон ... цонх ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч С.... гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч талд 2,167,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй ба, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С....д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,000 төгрөгт холбогдох хэсэг, мөн С....аас 2,167,500 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С....аас тэмдэгтийн хураамжид төлсөн 14,900 төгрөг, хариуцагч ... ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49,630 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА