Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1116

 

 

 

 

 2024        10         17                                   2024/ШЦТ/1116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Ц.Чингүүн,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 00, 00 хүүхдийн хамт ХХаймаг ХХ сум 00 дугаар хороо 00 дугаар хэсэг 00 дүгээр гудамж 00 тоотод суух хаягтай,

            Б.С /РД: ХХ00000000/

      

            Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Б.С нь 2023 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХ” нэртэй шөнийн цэнгээний газарт  тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ХХ-тэй маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр болсон үйл явдлыг санадаггүй юм. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд ч хэлсэн. Надтай хамт явж байсан эмэгтэй та хүн зодоогүй гээд хэлсэн болохоор би хүн зодоогүй юм байна гэж бодоод яваад байсан, гэтэл тэр эмэгтэй мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө надад хэлснээсээ өөр зүйл ярьсан байна лээ  ...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан “ ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө сансрын бааранд хүнд зодуулсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

          2024 оны 02 дугаар сарын 26-ны өлөх хохирогч ХХ-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

          2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч ХХ-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,

 

          Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6559 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

          2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

 

          Шинжээч Ц.Г 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

          2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 108 дахь тал/,

         

          2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/,

 

          2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

          2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,

 

          2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,

         

          2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 135 дахь тал/

 

          Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байрнаас ирүүлсэн холбогдох баримт /хавтаст хэргийн 130 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 43 дахь тал/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 42 дахь тал/

- Гэрлэсний бүргэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 47 дахь тал/

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хавтаст хэргийн 37 дахь тал/

- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 38 дахь тал/

- Эрүүл мэндийн даатгалын төлөлт, /хавтаст хэргийн 40 дахь тал/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 41 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс долоон зуун гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг долоон жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Сгийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.С нь 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХ дүүргийн 00 дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХ бааранд хохирогч ХХ-тэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой хэсэгт нь гараараа цохих зэргээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь баруун хацрын шонтод няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан “ ХХ дүүргийн 00 дугаар  хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө сансрын бааранд хүнд зодуулсан” гэх тэмдэглэл,

 

          2024 оны 02 дугаар сарын 26-ны өлөх хохирогч ХХ-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тухайн үйл явдал нь 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө ХХ нэртэй бааранд болсон юм. Би тухайн өдөр танил ах эгч хоёртойгоо ХХ нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг үл таних эмэгтэй миний хацар луу цохих шиг болж гэмтэл учруулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тухайн хүний нэр, нарийн зүйлийг танихгүй байна. Одоо зургийг нь харвал танина. Миний баруун хацарт шарх гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг бүжгийн талбай дээр бүжиглэж байх үедээ цохиулж авсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг,

          2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч ХХ-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "... Би анх мэдүүлэг буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгтээ нэг эмэгтэйтэй маргалдсан юм шиг байна гэж мэдүүлсэн. Тухайн хэрэг болох үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон асуудлын талаар тухайн үед санаж байгаа зүйлээ мэдүүлсэн. Харин 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгт тухайн хэрэг болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн байсан тул би тухайн үйл явдал болон тухайн хүний царайг тодорхой санасан учир мэдүүлэг өгч, хэрэв тухайн эмэгтэйн зургийг харвал танина гэж мэдүүлсэн. Тийм учир таньж олуулах ажиллагааг тухайн эмэгтэйн зургийг заасан..." гэх мэдүүлэг,

          Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6559 дугаартай “ ... Ц.Дд баруун хацрын шонтонд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтооно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт,

          2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл,  

          Шинжээч Ц.Г 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн "... Цохих гэдэг нь төвд тэмүүлэл цочир үйлдэл юм. Хурц, хүчтэй, маш богино хугацаанд өрнөдөг. Цохих үйлдэлд идэвхтэй гарын үйлчлэл хамаарагдана, хэрэв хөлөөр үйлчлэл үүсвэл өшиглөх гэдэг. Тухайн хүний биед үүссэн шарх нь нэг шарх байсан. Уг нэг шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгддэг. Баруун хацрын шонт нь ясанд ойрхон байдаг учир хохирогчийн өгсөн мэдүүлэгт тусгайлан цохих үед үүсэх боломжтой байдаг..." гэх мэдүүлэг,

 

          2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 цаг 30 минутын үед гэж санаж байна ХХ гэх эмэгтэй ХХ дүүргийн 00 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ нэртэй бааранд үл таних эмэгтэйд зодуулсан гэх яриа өгүүлэлтэй, баруун хацарт цус гарсан шархтай ирсэн. Би тухайн үед ХХ гэх эмэгтэйн согтуурлын зэргийг шалгах зорилгоор драйгер багаж ашиглан үзэхэд тухайн эмэгтэйн согтуурлын зэрэг нь 1.49 гарсан тул мэдүүлэг авах ажиллагааг хойшлуулсан. Би хойшлуулшгүйгээр тухайн эмэгтэйд Гэмтлийн зэрэг тогтоох тогтоол үйлдэн явуулсан, мөн холбогдогч Б.Сг эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулсан. Зодуулсан гэх ХХ гэх эмэгтэй тухайн үед "намайг бааранд бүжиглэж байтал үл таних эмэгтэй цохичихлоо" гэх яриа өгүүлэл гаргаж байсан. ..." гэх мэдүүлэг,  

                    2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "... Би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн хэлтэс дээр ХХ нэртэй бааранд үл таних эмэгтэйд зодуулсан гэх ХХ гэх хүн ирсэн, харин тухайн бааранд дуудлагаар очсон эргүүлийн цагдаа нар тухайн эмэгтэйн биед гэмтэл шарх учруулсан Б.С гэх эмэгтэйг эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулсан байсан. Тухайн үед ХХ нь бааранд байсан махлаг үл таних эмэгтэй миний биед гэмтэл шарх учруулчихлаа гэж байсан..." гэх мэдүүлэг,

          2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тухайн үед ажиллаж байсан ажилчдаас зөөгч Эрхэтбилгүүн ганцаараа одоо ажиллаж байгаа, бусад нь хаана байгаа талаар болон холбогдох дугаар зэргийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг,

          2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэгтэл баар хаах дөхөх үеэр 3 цагийн үед гэж санаж байна, манай баараар үйлчлүүлж байсан нүдний шилтэй эмэгтэй өөр эмэгтэйтэй маргалдаад тухайн үед салгах гээд очоод тухайн 2 эгчийг 2 тийш нь салгасан. Тэгтэл гэнэт нүдний шилтэй эмэгтэйн хацар хэсэгт /аль тал гэдгийг нь санахгүй байна/ нөгөө маргалдаж байсан эмэгтэй хумсаараа маажчих шиг болсон /тодорхой санахгүй бай байна/ нүдний шилтэй эмэгтэйн хацар хэсгээс цус гараад тухайн эмэгтэйчүүд манай баарнаас гараад явсан. Дотор ямар нэгэн байдлаар өөр зодоон болоогүй. Тухайн үед ажиллаж байсан ажилчдаас би одоо ганцаараа үлдсэн ажиллаж байгаа, бусад ажилчид ажлаасаа гарчихсан байгаа, холбогдох дугаар мэдээллийг нь мэдэхгүй байна... ." гэх мэдүүлэг,

 

          2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэгээд би Б.С эгчийн хамт бааранд бүжиглэж байтал Б.С эгч үл таних эмэгтэйтэй бүжиглэж байгаад түлхэлцээд маргалдаад Б.С эгч тухайн эмэгтэйтэй хоорондоо шүргэлцээд түлхэлцээд байхаар нь би Б.С эгчийг салгаад ширээн дээр суулгасан. Гэтэл тухайн үл таних эмэгтэйн хацар хэсгээс гэж санаж байна цус гарчихсан, Б.С эгчийн өмд цус болчихсон байсан. ..." гэх мэдүүлэг,

         

          2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б "... Би 2012 оноос хойш Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицерын ажил эрхэлж байгаа юм. Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би жолоочийн хамт /хэн гэх алба хаагчтай гарч байсан талаараа санахгүй байна/ Сансар орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед ХХ нэртэй бааранд зодоон болоод хүмүүс маргалдаад байна гэхээр нь ортол нэг үл таних 2 эмэгтэй маргалдсан байсан. Тэгэхээр нь нэг эмэгтэйг нь /холбогдогч/ төмөр замын эрүүлжүүлэн саатуулах байранд эрүүлжүүлсэн. ..." гэх мэдүүлэг,

 

          Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байрнаас ирүүлсэн холбогдох баримт /хавтаст хэргийн 130 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

         

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

          Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг аль ч хэлбэртэй  байж болдог.

 

Шүүгдэгч Б.С нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас  хохирогчийн биед халдаж цохиж, зодож буй үйлдэлдээ санаатай хандаж, түүний үйлдлээс бусдад гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж өөрийн хууль бус үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

          Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч ХХгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Б.Сгийн гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

          Хохирогч ХХ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Сг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ