Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 26

 

й

 

 

 

 

                                                                                                                                

 2023          12          25                                   2023/ШЦТ/26                                    

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ын Т-д холбогдох эрүүгийн 2302002880368 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ............хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 0 тоотод оршин суух хаягтай Х овогт Д-ын Т /РД:00000000/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний дэргэдэх ТҮЦ орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 0.8597 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар авч, улмаар дээрх орон зайд байрлуулсан өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгсэл дотор хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй тул хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гэм буруугийн асуудлаар.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний дэргэдэх ТҮЦ орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 0.8597 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар авч, улмаар дээрх орон зайд байрлуулсан өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “....................” загварын тээврийн хэрэгсэл дотор хадгалсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 00-00 УУУ улсын дугаартай “.............” загварын тээврийн хэрэгсэлд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий биед 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 13-19/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 230 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 20-22/-р тал,

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 68-69/-р тал,

Иргэн Ч.Х-ын эзэмшлийн Голомт банкны 0000000000000 дугаартай дансны хуулганд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26-36/-р тал,

*******-ийн эзэмшлийн Хаан банкны 00000000000000 дугаартай дансны хуулганд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37-51/-р тал,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1826 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т 000000000000 1 2023.4.6” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-90/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, *******-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн биед хадгалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараах байгууллага ашиглаж болно...” гэж, 4.1.1-т “...эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага...”, 4.1.2-т “...лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага...”, 4.1.3-т “...харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага...”, 4.1.4-т “...эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж...” гэж тусгайлан хуульчилж, эрх бүхий дээрх байгууллагууд нь Засгийн газрын баталсан тусгай журмын дагуу ашиглахаар зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтуудаас харвал эрх олгосон дээрх байгууллагуудаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгаж өгчээ.

Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн объект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ.

Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* нь дээр дурдсанчлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “Миний үйлчлүүлэгч зүйлчлэл болон гэм буруугийн маргаангүй. Харин улсын яллагчийн санал болгож буй 1 жил, 3 сарын саналыг хэтэрхий хүндэтсэн гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд цаг хугацааны хувьд маш богино болж өнгөрсөн. Энэ хэрэг нь нийгэмд хор уршиг ихтэй боловч бусдад зарах гээгүй өөртөө олж авсан. Мөн тохиолдлын шинжтэй гэмт хэргийг богино хугацаанд үйлдэж, болчимгүй үйлдлээсээ болж гэмт хэрэг үйлдсэн. Хэргийг мөрдөн шалгаж байсан Ж гэгч хүнтэй уулзах үед Г гэх хүнээс болж хэрэг үүсээд байдаг талаар дурдаж байсан. Турк улсаас олон олон Монгол залуусыг хордуулж, бодис зарсан байдаг. Г гэх хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн талаар хэлсэн. Нөхцөл байдлын хувьд үйлчлүүлэгч маань нийгэмд хортой үйлдэл хийсэн нь үнэн боловч тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго болох нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. *******-ий 5-6 минутын хооронд хийсэн үйлдэлд нь 1 жил, 3 сар хорино гэдэг нь хүнд байна. 31 настай залуу гэр бүл байгаа. Бизнес эрхэлдэг ирээдүйгээ ярилцсан залуу гэр бүл. Эхнэр нь гадаа байгаа. Мөн энэ хэргээс хойш ******* нь сэтгэл зүйчтэй уулзаж, эмчилгээ хийлгэж байгаа. Үүгээр өөртөө дүгнэлт хийж байгаа гэдгийг илэрхийлж болох тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой тул шүүх үүнийг анхаарч үзнэ үү” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******-гийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, ........ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явахыг хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******-ий энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдал, түүний хувийн болоод ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн саналыг хүлээн авч хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

Монгол Улсад гол төлөв 18-35 насны залуучууд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, донтогч болж байгаа тоо баримт байдаг бөгөөд өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан бусадтай нийлэх, бусдад уруу татагдах, сониуч зандаа хөтлөгдөх болон хар тамхины хор уршгийн талаар мэдээлэл дутмаг байдлаасаа болж хэрэглэж эхэлдэг.

Өсвөр насны хүүхэд, залуучууд сурч боловсрох болон ажиллаж хөдөлмөрлөх насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, цаашлаад донтогч болж байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг илтгэж байгаагийн нэг хэлбэр мөн.

Өөрөөр хэлбэл хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй, эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг төдийгүй тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодийн болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг бөгөөд дээрх төрлийн бодисыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн эд эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтэж цаашлаад хүний амь насанд ч аюул учруулахуйц үр дагаварт хүргэх аюултай болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 0.5846 грамм, цагаан өнгийн гялгар ууттай амсар хэсгийг нь түлсэн цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 0.2751 грамм, 2 гэж дугаарласан “Лидокайн” гэсэн бичиглэлтэй толгой хэсгийг тайрсан тарианы шил...” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг,

-Мөн эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын 00000000 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AZ2610056 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлж, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ын Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 03 /Гурав/-н жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, .......... дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа, өөрчлөх, зорчин явахыг хориглож түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нутга зүйл, цэвэр жин нь 0.5846 грамм, цагаан өнгийн гялгар ууттай амсар хэсгийг нь түлсэн цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 0.2751 грамм, 2 гэж дугаарласан “Лидокайн” гэсэн бичиглэлтэй толгой хэсгийг тайрсан тарианы шил...” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг,

-Мөн эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын PS09708588 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AZ2610056 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлж, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тус тус даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН