Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

  2024          01          02                                      2024/ШЦТ/35

                                                                                                                                    

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Наранбулаг,

Иргэний хариуцагч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н С-т холбогдох эрүүгийн 2303005870496 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр .......... аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............. ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамтаар ................... дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00-00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, Б овогт Э-н С /РД:00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд “Xiamen” загварын 00-00 УУУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, тоормослосны улмаас тухайн автобусан дотор зорчиж явсан зорчигч болох хохирогч Х.Д унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Тухайн өдөр түгжрээтэй байсан. Гэрлэн дохио асаад урд машин байгаагүй тул амжина гээд явж байтал урдуур гэнэт 2 дугаар эгнээнээс жижиг тэрэг орж ирэхэд нь мөргөхгүйн тулд тормосс гишгэсэн. Тэгээд тухайн өдрийн камерын бичлэгийг авах гэсэн ч нөгөө тийшээ харсан байсан. Болсон явдалд харамсаж байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “... 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед уг хэрэг болсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар хурдыг 40 км гэж тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс яаралтай тоормос гишгэх ямар шаардлагатай байсан гэвэл цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урдуур нь орж, хөдөлгөөнд саад учруулсан гэдэг. Энэ үер зорчигч унаж, гэмтсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн гадна камер ажиллахгүй байсантай холбоотой шүүгдэгчийн ярьж буй цагаан машины асуудлыг тогтоох боломжгүй болсон. Мөрдөгч, прокурорын зүгээс тухайн цагаан машиныг олж тогтоох ямар нэг ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д жолоочийн хориглох зүйлсийг заасан буюу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс өөрөөр огцом тоормослохыг хориглоно гэж заасан. *******ийн хувьд урдуур орсон тээврийн хэрэгсэл шалтгаангүй зогссоноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээр тормосс гишгэж, зогсоох арга хэмжээ авсан байдаг. Хэрэгт авагдсан мөрдөгчийн үйлдсэн магадалгаанд ******* нь ямар нэг тээврийн хэрэгсэл мөргөөгүй, шүргээгүй буюу замын хөдөлгөөнд хурдаа тохируулж явсан байдаг. Үүгээр юу хэлэх гэж байна гэвэл тухайн үед ямар ч шалтгаангүйгээр огцом тормосс гишгээгүй гэж ойлгогдож байна. Гэтэл мөрдөгч, прокурор хажуугаас орж ирсэн гэх авто машинтай холбоотой ажиллагаа огт хийгээгүй байдаг. Гэсэн хэдий ч шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд ямар нэг маргаангүй. Хохирогчийн эрүүл мэндийн зардалтай холбоотой хохирлыг даатгалаас төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс автобусанд байсан бүх хүн унасан гэдэг ч ганцхан Х.Д унасан болох нь камерын бичлэгээр нотлогдоно. Хохирогчийн зүгээс 3.000.000 төгрөгийн цалинтай болон нийгмийн даатгалын шимтгэлд гэж 8.000.000 төгрөг нэхэмжилдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хувьд тус ажилладаг гэх компанийн захирлын тушаал болон цалингийн тодорхойлолт авагдсан байдаг ч энэ баримтуудаар хохирогчийн ажилладаг болон цалингийн хэмжээг нотлох боломжгүй...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т шүүхийн хэлэлцүүлэгт “...Бүгд сая сонслоо. Гэхдээ бидний эмзэглээд байгаа зүйл бол хүн уначхаад байхад баахан загнасан байгаа юм. “муусайн авгай нар заавал ингэдэг, бааштай, муухай ханиалгаад ханиадтай хүн байна” гэх мэтээр хэлсэн байдаг. Түргэнийг манай эхнэрийн дүү дуудсан. Ядаж харааж, ерөөхгүй, загнаагүй хүнлэг чанар гаргасан бол асуудал өөр. Одоо цоо эрүүл хүн эрэмдэг болсон байгаа. Манай гэр бүлийн уур амьсгал шал өөр болсон. Өмгөөлөгч нь хүртэл машин мөргөсөн үү? л гээд байна. Тэр ямар хамаатай юм бэ? засаад л болно. Доторх хүн нь 6 хадаас хадуулсан. Эдгэрэлт нь 1 жил, 6 сар үргэлжилж, дахиад хагалгаанд орно. Энэ бол тухайн үеийн анхан шатны хохирол төлбөр. Одоо дахиад хагалгаанд орно, сэтгэл санааны хохирол, нөхөн сэргээх эм, эмчилгээний зардал зэрэг бөөн юм болно. Өнөөдөр гэмтгүй царайлаад зогсоод байна...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Наранбулаг шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Д-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт, гэм бурууг хэлэлцэж байна. Хүн болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж болно гэж хэлэхгүй ч хэнд ч тохиолдоно. Шүүгдэгч нь зүгээр машин биш автобус жолоодож байгаа буюу мэргэжлийн байх ёстой. Хүнлэг чанар, хүн ёс байвал бид бүхэн ойлгоно. Гэтэл хохирогчийн хувьд хэлэхдээ төв шуудангийн замд осол гарсан. Гэрлэн дохиогоор амжих гэж маш хурдтай явсан ч тормосс гишгэсэн. Урдуур нь машин орсон эсэх хамаагүй. Та бол нийтийн тээврээр үйлчилж байгаа бол энэ эрсдэл үүсгэхгүй байх үүрэгтэй байсан. Та гэнэт авто машин орж ирсэн гэдэг ч үүнийг чинь өмгөөлөгч чинь асуугаад байна. Та ийм нөхцөл байдал үүсгэхгүйгээр нийтийн тээвэр жолоодох байсан. Үйл баримтын хувьд таны туршлага, анхаарал дутсан байж болно. Гэтэл та хүн гэмтчихээд байхад тусламж үзүүлэхгүйгээр цааш яваад байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Та тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Өнөөдрийг хүртэл та үүрэггүй байсан мэт хандаад байна. Яагаад та өөрийгөө ийм үүрэггүй гэж ойлгож байна вэ? Хүмүүс 103 дуудсан гэж хэлээд байгаа ч хэн ч дуудаагүй. Дүүтэйгээ яриад дүү нь эмнэлэг дуудсан. Бүхэл бүтэн нуруугаа хугалсан хүн хорооллын эцэс хүртэл явсан байна. Таныг хорооллын эцэстээ очиход түргэн болон цагдаа ирчихсэн байсан. Таныг би ойлгож байна. Өрх толгойлсон 3 хүүхэдтэй хүн. Тиймээс би хүн чанар, хүнлэг байдал яриад байгаа юм. Хүн нуруу нь өвдөөд орилоод байхад та яагаад эсрэгээрээ тэр хүн рүү орилоод байна вэ? Тэр ч байтугай та анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, тэр мэдлэгийг таны компани танд заах ёстой байсан. Гол нь танд хүнлэг сэтгэл дутлаа. Тэглээ гээд би таны эрүүгийн хариуцлага дээр хүндрүүлэх санал хэлэхгүй. Хамгийн харамсалтай нь яагаад шүүгдэгчид хүнлэг сэтгэл байхгүй байна вэ? Та хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг хараарай. Худлаа үнэн баримт бүрдүүлж олон сая төгрөг нэхсэнгүй. Байгаа баримтаа л хавсаргасан. Энэ хүн гарч чадахгүй байнгын хэвтэрт байгаа тул нөхөр нь хүртэл үргэлж хажууд нь байж ажилдаа явахгүй байгаа. Энэ хүний амьдралын чанар хүртэл буурсан. Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ хайр энэрэлийг авч чадахгүй байна. Өөр дээрээ байгаа баримтуудаа л гаргаж өгсөн. Бүгд олон олон шүүх хуралд орж байгаа. Шударгаар хэдэн баримтаа л өгсөн нь энэ. Гэтэл хэрэг болсноос хойш 3 сар өнгөрсөн байхад 1 ч удаа утсаар ярьж холбоо тогтоогоогүй. Өнөөдөр би хүн чанар, хүнлэг сэтгэлийг ярьж байна. Хохирлын баримтын хувьд . Хүндэвтэр гэмтэл тогтоогдсон удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдахыг тогтоосон. Тиймээс хохирол, төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой...” гэжээ.

Иргэний хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “... Хэргийн материалтай танилцлаа. Хавтаст хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой 8 баримт авагдсан байна. Хэрэгт гаргаж өгсөн тооцооллоос хагалгааны өмнөх болон дараах бүсийн баримт авагдаагүй байна. Бид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 700 гаруй жолоочтой 2 ээлжээр жолооч ажиллуулдаг. Жил бүр тендэр зарлаж даатгалаар ажилладаг. Хуулийн дагуу 10.000.000 төгрөг хүртэлх хохирлыг даатгалаар барагдуулдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд дутуу болон тамгагүй байна. ЭМД-с 500.000 төгрөг төлсөн баримт байна. 3.000.000 төгрөгийн цалинг 12 сараар үржүүлсэн байна. Цалинг иргэний хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт 1 жилийн цалингийн чөлөө олгосон гэх захирлын тушаал байгаа ч уг тушаал нь яг ямарр хууль, журмыг үндэслэж байна вэ? Хөдөлмөрийн чадвар алдсан гэх актыг эрүүл мэндийн хөдөлмөрийн комисс 90 хоногоор гаргадаг. Тиймээс захирлын тушаал хууль бус байна. Мөн 3.0 сая төгрөгийн цалинтай гэж байгаа ч энэ тодорхойлолтоор цалин нотлогдохгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Ажил хийсэн бол цалин авна. Харин нийгмийн даатгал яагаад сайн дураар төлдөг болохыг мэдэхгүй байна. Гэхдээ энэ талаар баримт огт алга. Тиймээс цалингийн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул үндэслэлгүй байна. Эмчилгээний зардлыг баримтын хэмжээнд даатгалаас төлж барагдуулна...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд “Xiamen” загварын 00-00 УУУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, тоормослосны улмаас тухайн автобусан дотор зорчиж явсан зорчигч болох хохирогч Х.Д унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Дгийн өгсөн “... Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 120-ын автобусны буудлаас улаан өнгийн 00 дугаартай автобусанд суугаад хойшоо алхаад бариулаас бариад зогссон. Тэгээд хөдлөөд явж байхад Номын сангийн буудал өнгөрөөд явж байхад уг автобус гэнэт тоормозлоод би шалан дээр унасан. Жолооч нь урдаас зааландаа ирээд намайг загинаад хэл амаар доромжилсон. Тэгээд автобус хөдлөөд хүнээ буулгаж суулгаж явсаар байгаад Баянгол дүүргийн нутаг хорооллын эцсийн автобусны буудал дээр очсон. Тэр хүртэл жолооч эмэгтэй намайг загинаад зөндөө хэл амаар доромжилсон. Тухайн үед 103 ирж намайг үзээд түргэний машинаар гэмтэл орж үзүүлэхэд нуруу хугарсан байна гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Дгийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзоригтийн өгсөн “...Манай эхнэр осолд орсноос хойш гэртээ хэвтрийн байдалтай байгаа, гадуур явж чадахгүй учир би өмнөөс нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа, би өөрөө шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно. Осол гарсан өдрөөс хойш хагалгаанд 5.416.000 төгрөг, мөн манай эхнэр ........-д салбарын эрхлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд ажилгүй байх хугацааны нийт цалин 36.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нэг сард 3.000.000 төгрөгний цалин авдаг ба 1 жил ажилдаа явж чадахгүй болсон. 9 сар хэвтрийн дэглэм барь гэсэн одоогоор нуруундаа хадаастай байгаа. 1 жилийн дараа хадаасаа авахуулах ёстой. Манай эхнэр нийгмийн даатгалыг хувиараа нэмж төлдөг учир нийгмийн даатгалын хохиролд нэг жил ажилгүй байх хугацааны 8.910.000 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна. Хагалгаа эмчилгээний төлбөр, ажилгүй байх хугацааны төлбөр, нийгмийн даатгалын нөхөн төлбөр зэрэгт нийт 52.296.800 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Ц.Б-ийн өгсөн “...Уг автобус нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2023 оны 01 дүгээр сард Монгол улсад орж ирсэн манай байгууллагын эзэмшлийн автобус юм. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Ослын улмаас манай байгууллагын өмчлөлийн уг автобусанд ямар нэгэн эвдрэл гараагүй, харин гадна талын камер нь тухайн үед ажиллахгүй байсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан бөгөөд жолооч С нь надтай холбогдож энэ ослын талаар хэлсэн. Мөн уг автобусыг журмын хашаанд орсон талаар хэлсэн. Хохирлыг даатгалаас төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо Төв шуудангийн урд замд Х|атеп маркийн 00-00 УУУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь зогсолт хийх үед зорчиж явсан зорчигч Х.Д нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 368.000 төгрөг гарсныг жолооч *******ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/-р тал,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10903 дугаартай “...Х.Дгийн биед сээрний 12-р нугалмын далд хугарал, бүсэлхий нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/-р тал,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 37-39/-р тал,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1127 дугаартай “...Xiamen маркийн 00-00 УУУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 56-57/-р тал зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Монгол Улсад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргээс дээш хэмжээний хохирол, цаашлаад бусдын амь насыг хохироосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулахаар эрүүгийн хуульд тусгалаа олсон ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх суурь эрхийг баталгаажуулж байгаагийн нэг хэлбэр мөн.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд “Xiamen” загварын 00-00 УУУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, тоормослосны улмаас тухайн автобусан дотор зорчиж явсан зорчигч болох хохирогч Х.Д унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *******ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрлэн дохио асаад урд машин байгаагүй тул амжина гээд явж байтал урдуур гэнэт 2 дугаар эгнээнээс жижиг тэрэг орж ирэхэд нь мөргөхгүйн тулд тормосс гишгэсэн. Тэгээд тухайн өдрийн камерын бичлэгийг авах гэсэн ч нөгөө тийшээ харсан байсан...” гэх тайлбарыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч *******ийн жолоодож явсан 21-40 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур гэнэт өөр тээврийн хэрэгсэл орсон гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн гаргасан дээрх мэдүүлэгт үндэслэн холбогдох ажиллагааг явуулсан ч хэргийн үйл баримтад нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл урдуур гэнэт машин орж ирээд тоормос гишгэсэн талаар гагцхүү шүүгдэгч ******* л мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өөр бусад бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн зүгээс хэргийн талаар гагцхүү үнэнг мэдүүлэх талаар үүрэг хүлээхгүй болохыг дурдвал зохино.

Мөн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч Х.Д нь зогсох ёсгүй газар зогсож байгаад автобус тоормослох үед унаж бэртсэн...” талаар тус тус тайлбарласан.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор батлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS5012-2011 стандартад зааснаар нийтийн тээврийн автобусанд зорчих зорчигчдийн дээд болон доод хэмжээг тогтоосон зүйл байхгүйн дээр автобусан доторх зорчигч иргэнийг зогсож зорчих боломжтой болон боломжгүй газрыг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй байна.

Нөгөөтээгүүр, хэдийгээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гаргасан ч дээр дурдсан асуудал бүрээр тайлбар гаргасан тул шүүхээс дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүгдэгч *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын төлөө Монгол Улсын Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх хувь хүн ба хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэж ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг үндсэн ажилтан мөн болох нь тогтоогдсон энэ тохиолдолд мөрдөгчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Дгийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад ажилгүй байсан үеийн хугацааны цалин, нийгмийн даатгал төлсөн шимтгэл, мөн эмчилгээ, сувилгаа хийлгэсний төлбөрт тооцож нийт 52.296.800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал хохирогч Х.Д нь Apex group LLC-д ажилладаг талаарх мөн ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал бүхий албан тоотууд тус тус авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан тодорхойлж нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах учиртай.

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхээс хохирогчийн эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой баримтуудыг үндэслэн шууд учирсан хохиролд тооцож иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохоор хуульчилсан бол  тус хуулийн 39.8 дугаар зүйлд “...Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална...” гэж тус тус заажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ.  Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг  3 дугаар зэрэглэлд хамруулан 9-15 хуваарь тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.

Иймд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ын 4 дэх хүснэгтийн дагуу хохирогч *******ийн сэтгэл санааны хохирлыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 9.900.000 төгрөгөөр, үүн дээр хохирогч *******ийн эмчилгээ, сувилгааны зардал болох 2.420.800 төгрөгийг нэмж нийт 12.320.800 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж, хохирогч Х.Дд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар хохирогч Х.Дгийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөр болох 368.000 төгрөгийг мөн иргэний хариуцагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх бөгөөд дунд хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь баримтаар тогтоогдсон. Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, энэ удаа шүүгдэгчид оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг, шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэх тайлбарыг тус тус гаргасан бол хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав. Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н С-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /Хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /Нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Монгол Улсын  Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ын 4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-с нийт  12.320.800 /Арван хоёр сая гурван зуун хорин мянга найман зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч Т овогт Х-ийн Д /РД:00000000/-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан үеийн хугацааны цалин хөлс болох 36.000.000 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 8.910.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Д нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 368.000 /Гурван зуун жаран найман мянга/-н төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

  7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН