Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/02894

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Х” ХХК -д холбогдох,

 

264,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие “Х” ХХК-ийн бетон зуурмагийг баримтаар хүлээн авч өөрийн **-** УНР HOWO маркийн миксер авто машинаараа 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8м3 бетон зуурмагийг 1м3-ийг нь 18,000 төгрөгт буюу нийт 144,000 төгрөгөөр тохирч баруун туруунд байх захиалагчид нь, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 8м3 бетон зуурмагийг 1м3 -ийг нь 15,000 төгрөгт, нийт 120,000 төгрөгөөр нүхтийн аманд захиалагчид нь тус тус хүргэж өгсөн. Ингээд нийт 264,000 төгрөгийн тээвэрлэлт хийсэн. Ингээд тохирсон тээврийн хөлсөө авах гэтэл уг машины өмнөх өмчлөгчийн шатахууны төлбөрийн өрийг надаас суутгаж авсан гээд тээврийн хөлсийг маань өгөхгүй байгаа болно. Миний бие “Х” ХХК шатахуун зээлдэн авч байгаагүй гэдгээ хэлсэн боловч огт авч хэлэлцэхгүй байгаа болно. Миний бие дээрх тээвэрлэлтийг сайн мэдэж байгаа менежерт нь хандахад компанийн захиралдаа тус шатахууны төлбөрийг төлөх этгээд биш гэж хэлсээр байтал зориуд миний тээврийн хөлсийг өгөхгүй хохироож байна. Миний бие тус хоёр тээвэрлэлтийг хүргэж өгөхдөө өөрөө шатахуунаа хийсэн болно. Тус байгууллагатай анх удаа тохирч 2 удаагийн тээвэрлэлт хийсэн болно. Иймд “Х” ХХК-иас бетон зуурмаг тээвэрлэж хүргэж өгсөн хөлс болох 264,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай “Х” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн иргэн Бямбачингийн Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус нэхэмжлэлийн шаардлага дээр нь уг машины өмнөх өмчлөгчийг тусгасан байна. Манай байгууллага нь зарим тохиолдолд гадны тээврийг бэлэн мөнгөөр ачаа ачуулдаг бөгөөд тус машины /**-** УНР HOWO/ өмчлөгчийг танихгүй. Иймд манай байгууллага нь нэхэмжлэгч талаас дараах зүйлүүдийг гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: 1. Өмнөх эзэмшигч солигдсон /зарагдсан гэсэн/ нотолгоо. 2. Өмнөх эзэмшигчийн бүрэн мэдээлэл, Уг нотолгоо болон бүрэн мэдээллүүдийг манай байгууллагад ирүүлснээр нэхэмжлэгч талын гомдлыг барагдуулна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулж 264,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны  өдрүүдэд хариуцагчийн хүсэлтийн дагуу 2 удаагийн явалтаар нийт 264,000 төгрөгийн бетон зуурмагын тээвэрлэлт хийж өгсөн. Уг төлбөрөө нэхэмжилнэ” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд “Х” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-ыг хэрэгт хавсарган өгсөн.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ. 

 

Хариуцагчийн зүгээс “...машины өмчлөгчийг танихгүй, ...өмнөх эзэмшигчийн бүрэн ...мэдээллүүдийг манай байгууллагад ирүүлснээр нэхэмжлэгч талын гомдлыг барагдуулна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Харин нэхэмжлэгчийн “...2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд бетон зуурмаг зөөвөрлөсөн”, “...төлбөрийн нийт хэмжээ 264,000 төгрөг болсон, уг төлбөрөө төлөөгүй” гэх тайлбарын талаар маргаагүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч “Х” ХХК-иас 264,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 264,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 8,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ