Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/01764

 

2021 оны 07 сарын 23 өдөр                        Дугаар 102/ШШ2021/01764                        Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

                                                                                                                 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, Б овогтой Г ын Э /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух хаягтай, Х овогт Ц ийн М /РД:*** /,

 

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                     

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.М тай 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 4,000 ам.доллар, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 17,000 ам.доллар, нийт 28,000,000 төгрөг, 21,000 ам.долларыг зээлдүүлсэн. Хариуцагч Ц.М нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *** тоот, 18 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.М аас 40,500,000 төгрөг, 31,400 ам.доллар буюу 116,061,274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч Ц.М нь дээрх шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст энэ талаар заагаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөд ямар ч ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 157.1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй байна.

Бид энэ асуудлаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай захирамжаар хариуцагч Ц.М нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан юм. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ц.М ыг эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01287 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжилж Ц.М ыг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36 и байрны 14 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон байна. Хариуцагч Ц.М тай 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө /Баянгол дүүргийн 18-р хороо. 4-р хороолол, 48-р байрны 28 тоот, 18 м2 талбайтай, 1 өрөө орон сууц/-өөр хангуулж өгнө үү. Хариуцагч өмнө нь Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад олддоггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс нэг ч төгрөгийг хариуцагч төлөөгүй гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Э ийн нэхэмжлэлтэй Ц.М -д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Г.Э , Ц.М нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 4000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 17,000 ам доллар нийт 28,000,000 төгрөг, 21,000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Г.Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ИХШХШтХ-н 74.4-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасны дагуу шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. ИХ 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж зааж өгсөн бөгөөд энэхүү хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна. Иймд ИХШХШтХ-н 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг асуудлыг хоёр удаа шийдвэрлэхгүй. Өмнө нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шүүхээс шийдвэрлээд дууссан. Гэтэл нэхэмжлэгч энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар уг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч тал барьцааны гэрээнээс татгалзсан ба барьцааны шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

Г.Э болон Ц.М нар 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Г.Э нь 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохирчээ /хх5 хуудас/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд иргэн Ц.Г , Г.У г нарын өмчлөлийн, эрхийн улсын ***  дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Г.Э 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу нийт 116,061,274 төгрөгийг хариуцагч Ц.М аас шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улмаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай захирамж, мөн өдрийн 0060 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.М ад холбогдуулан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. 

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох Ц.Г , Г.У г нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

 

Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Г.Э болон хариуцагч Ц.М нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээс хянаад хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт үндсэн үүрэг болох зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул түүний дагалдах барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүссэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй байдаг. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж,  үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй. 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн “...барьцааны гэрээний талаар шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй /хх38/.

 

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Э болон Ц.М нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн, харин барьцааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй. Иймд “...нэг маргааныг хоёр шийдвэрлэхгүй” гэх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн хариуцагч талуудын тайлбар үндэслэлгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М  Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ