Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00049

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

 Улсын яллагч Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн М.Саруулд холбогдох 201718020063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, өрмийн оператор, суурь машинч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг мандал сумын 3 дугаар баг, Булгийн ¹ 07 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхжаргалын Саруул. /РД:МЗ79072010/

 

Шүүгдэгч М.Саруул нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 93 тоотод оршин суух, иргэн Б.Мягмардоржийн гэрт хохирогч Ц.Батбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний нуруун тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Саруулын өгсөн ..... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би самарт явах гээд Ноёдын 93 тоотод байрлах Мягмардоржийн гэрт цугларсан байсан юм. Тэнд бид нар архи ууж байгаад би тасраад унтсан байсан. Буянхишиг, Батбаяр хоёр хэрэлдэж маргалдаад ноцолдоод намайг унтаж байхад миний хөл дээр давхралдаж унахад би сэрсэн. Тэгээд босоод харахад Батбаяр Буянхишигийг түлхэж унагааж байхаар нь би Буянхишигийг өмөөрөөд Батбаяртай маргалдсан. Тэгээд би Батбаярын нуруунаас нь цус гарахаар нь хутгаар хатгаснаа мэдэж ухаан орсон. Тэгээд түргэн дуудсан. Одоо хохирогч бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Батбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн ….  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр самарт явах гээд Мягмардоржийн гэрт ирчихсэн байсан. Тэгээд тэнд бархас, Саруул, Буянхишиг бид тав хамт 2 шил архи уусан. Би нилээн халсан байсан. Тэгээд орой юунаас болсон юм сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь Саруултай маргалдчихсан ноцолдож байтал Саруул хутга гаргаж ирээд миний нуруу луу нэг удаа хатгаад авсан. Тэгээд л миний нуруунаас цус гараад байхаар нь эмнэлэг явсан. Ийм л зүйл болсон… Би Саруултай эвлэрсэн, Саруул миний хохирлыг барагдуулсан тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Б.Мягмардоржийн хэрэг бүртгэлтэд өгсөн …. Би тэр өдөр самарт явах гээд манай гэрт хэдэн хүн цугларсан байсан. Тэгээд явахаасаа өмнө архи уусан. Тухайн үед манай гэрт Буянхишиг, Саруул, Батбаяр, Бархас, Сүлд нар байсан. Тэгээд тэд нар архи уугаад нилээн халсан байсан. Харин Буянхишигд машин барина гээд архи өгөхгүй байсан чинь Буянхишиг гараад явсан. Орой Буянхишиг согтуу манайд ирсэн. Тэр үед манай гэрт Саруул, Батбаяр, Бархас гурав нилээн халсан байдалтай Саруул, Брхас хоёр нь согтоод унтчихсан байсан. Буянхишиг согтуу орж ирээд Батбаяртай юм ярьж сууж байгаад маргалдаад барилцаж аваад байсан. Тэгж байгаад Саруулын дээрээс тэр хоёр унасан. Гэтэл Саруул сэрж босч ирээд Буянхишигийг өмөөрч Батбаяртай муудалцсан. Тэгээд Саруул Батбаярт хандаж сонсоод байсан чинь түрүүнээс хойш чи юу гээд байгаа юм гээд маргалдсан. Тэгээд тэр хоёр муудалцаад барилцаад авсан. Тэр үед Саруул хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан чинь Саруул Батбаярын нуруу луу хутгалчихсан байсан. Тэгээд эмнэлэг дуудаж Батбаярыг эмнэлэг хүргэсэн гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 62 ..... Дүгнэлт

            1. Батбаярын биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 23 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-08 дугаар хуудас/

М.Саруулын согтолтын зэргийг тогтоох зорилгоор Мета багажаар үлээлгэж шалгахад 0.99 % согтолтой байв гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /Хх-н 10 дугаар хуудас/

М.Саруул нь Булгийн ¹ 07 тоотод ам бүл 4, оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 39 дүгээр хуудас/

М.Саруул нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 41 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Батбаярын тус шүүхэд гаргасан М.Саруул бид хоёр эвлэрэн тохиролцож хохирол барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй. Иймд хэргийг миний эзгүйд шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Саруул нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 93 тоотод оршин суух, иргэн Б.Мягмардоржийн гэрт хохирогч Ц.Батбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний нуруун тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Саруулын хохирогч хохирогч Ц.Батбаярын нуруун тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу найз Буянхишигийг өмөөрч маргалдсан хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Ц.Батбаярын биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч М.Саруулын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн шүүхэд гаргаж өгсөн байх тул М.Саруулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Саруулд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн хутганы хуй 1 ширхэг, улбар шар өнгийн богино цамц 1 ширхэг зэргийг устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Саруулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Саруулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Саруулыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан алаг иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн хутганы хуй 1 ширхэг, улбар шар өнгийн богино цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

4. М.Саруул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Саруулд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                         

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.