Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

        прокурор Г.Лхагвасүрэн,

        шүүгдэгч Г.Э, 

        шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

        нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19..  онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг Г  гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Г.Э /РД:........../,

 

          Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны  хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр  Х  гэх газарт хохирогч Э.Х-н 70  тооны хониноос 44 хонийг нь бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшин, 2550000 төгрөгийн  хохирол учруулсан,

мөн 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Г гэх газраас хохирогч Э.Г-н 37 хонийг хулгайлж, бусдад 3952100   төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Г.Э-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дах хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ял дээр мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  гэмт   хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Н-н эзэмшлийн хээр зүсмийн хавчиг насны 1 морины үнэд 1000000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-с гаргуулж, улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Г.Э-г хохирогч Э.Г-н 37 тооны хонийг   хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж түүнд 2 жил 2 сарын хорих  ял оногдуулжээ. Гэтэл гэрч Б.П нь Г.Э-н талаар огт мэдүүлж байгаагүй, Э гэх хүний талаар мал тууж явсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Бусад эх сурвалжаар буюу гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байж нотолгооны ач холбогдолтой болно. Э нь хонио услахаар явж байх үед тэдний хонины хойт талд 500 метрийн зайд 40 орчим хонь байсныг хонио тасарсан байна гэж бодоод тухайн хонийг очиж үзэхэд баруун чих цуулга, зүүн чих араасаа хөндлөн имтэй 40 гаруй хонь байсан. Тухайн үед хонь байсан газраа үлдсэн. Харин 4 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 05-ны өдөр хониндоо мотоцикльтой явж байхад тэдний хонины захад 20 хонь байж байхаар нь хоньтойгоо хөөгөөд 3 сарын дараа бойнд өгсөн гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс харахад Г.Э нь иргэн Э.Г-н 37 тооны хонийг хулгайлсан гэх байдал эргэлзээтэй байх ба мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, харин алдуул мал завших гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн 134 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгч: Би 37 тооны хонийг хониндоо нийлүүлж, борлуулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

       Прокурор Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зүйлчлэл өөрчлүүлэх утга бүхий гомдол гаргасан байна. Дээрх  зүйлчлэлийн хувьд хохирогчийн өгсөн мэдүүлгээс гадна, шүүгдэгч Г.Э-н зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...манай гэрээс ертөнцийн зүгээр хойш ойролцоогоор 5 км газарт хэдэн тооны хонь байхаар нь тухайн хонийг өөрийн унаж явсан мориороо тууж авч ирж өөрийн хониндоо нийлүүлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрийн хойно цөөхөн хонь байхаар нь хөөж ирээд өөрийнхөө хонинд нийлүүлсэн” гэж мэдүүлдэг. Хонийг хөөж авчирсан нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд зүйлчлэлийг өөрчлөх нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Мөнххаан сумын Г гэх газраас хохирогч Э.Г-н 37 хонийг хулгайлж, 3952100 төгрөгийн хохирол учруулсан,

          2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны  хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  Х  гэх газарт хохирогч Э.Х-н 70  тооны хониноос 44 хонийг нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2550000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.  

 

          Тодруулбал, шүүгдэгч Г.Э нь хохирогч Э.Х-н 70 тооны хонь өөрийн сүргээс тасарч, түүний хонинд нийлснийг мэдсээр байж, 44 тооны хонийг нь бусдад худалдсан нь яллагдагч Г.Э, хохирогч Э.Х, гэрч М.А, Ж.Б нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд прокурор, анхан шатны шүүх түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. /хх 5-6, 9-11, 15-21, 29-32/

          Мөн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн яллагдагч Г.Э-н “Манайх 2019 оны 07 дугаар сарын эхээр Г гэх газар нутаглаж байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед хонио услахаар явж байхад манай хонины хойд талд 500 гаруй метрт 40 гаруй тооны хонь байсан. Тухайн хэдэн хонийг очиж үзэхэд баруун чих цуулга, зүүн чих араасаа хөндлөн имтэй, манайхтай ойролцоо нутаглах Э.Г-н хонь байсан. Дөрөв хоногийн дараа хониндоо мотоциклтой явж байхад манай хонины захад 20 гаруй тооны хонь байхаар би тууж, хониндоо нийлүүлж, 3 сарын дараа Ш-н машин дээр ачиж,  аймгийн төв оруулж, Э гэх хүнд 18 хонь зарсан.” гэх /хх 53, 71-72, 111-112/,

          -хохирогч Э.Г-н “Манайх Г гэх газар зунжиж байсан юм. Манайх 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-ны хооронд хониныхоо ноосыг авах үедээ хонио тоолоход 37 гаруй тооны хонь дутсан. Манай хонь баруун чих цуулбар, зүүн чих араасаа хөндлөн үзүүр нь тайрмал имтэй. Г.Э нь манай хонь алга болох үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх мал, мах авдаг газар машинтай очиж, бог мал борлуулсан байсан... Г.Э хохирлоо бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх 47-49/,

          -гэрч Б.П-н “2019 оны 07 дугаар сарын 07, 08-ны үед би Ж-н өндөр дээр гарч хонио харж байтал хойноосоо урагш чигт морьтой хүн 30 гаруй тооны хонь хөөгөөд ирж байснаа намайг харчихаад хөөж явсан хонио хаяад над руу ирсэн. Тэр хүн манайхаас зүүн тийм 1 км зайтай байдаг Г-н Э гэж хүн байсан.  Гэтэл хөөж явсан хонины цаахан талд 300 метр гаруй зайтай Ж.Э гэдэг хүний хонь ус уучихаад цаашаа явж байсан. Г.Э-н хөөж явсан 30 гаруй тооны хонь бүгд ноостой хонь байсан. Гэтэл Э-нх 07 дугаар сарын эхээр хонио ноосолчихсон байсан болохоор энэ юун ноостой хонь хөөж яваа билээ гэж их гайхсан. Ж.Э гэх айлын хонь тухайн үед ноослоогүй ноостойгоо байсан.” гэх /хх 50-52/,

          -гэрч М.Э-н “2019 оны 10 дугаар сард би өөрийн гэсэн малтай болох гээд “Т Х” гэх бойны гадаа зогсож, малчдаас мал худалдаж авч байхад ногоон өнгийн Пронтер маркийн машинтай дунд зэргийн нуруутай шөвгөрдүү бор царайтай залуу ирж, түүнээс 18 тооны хонийг 1400000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх /хх 54/ мэдүүлгүүд,

          -гэрч Ж.Б-н “Манай хонинд айлын хонь ирж нийлээд манай нөхөр Э хүнд зарсан гэж хэлсэн. Намайг намар үзүүлж байхад адуу борлуулсан гээд 1500000 төгрөг бэлнээр өгсөн. Адуу борлуулаагүй айлын хониноос зарчихаад надад худал хэлсэн байсан.” гэх /хх 11/, 

          -хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020.03.16-ны өдрийн 20/03/140 тоот, 2020.04.23-ны өдрийн 20/03/230 тоот дүгнэлтүүд /хх 57-63, 74-83/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлахад 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны үед шүүгдэгч Г.Э нь хохирогч Э.Г-н ноослоогүй, 30 гаруй тооны хонийг мориор тууж, өөрийнхөө хонинд нийлүүлж, 3 сарын дараа 18 хонийг нь бусдад худалдсан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бүхий болжээ.

 

          Түүнээс гадна “алдуул мал” гэдгийг өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, ижил сүргээсээ тасран, байнга идээшдэг нутаг бэлчээрээс холдож, хариулгагүй, эзэнгүй яваа малыг хэлэх бөгөөд дээрх 30 гаруй тооны хонины хувьд өөрийн бэлчээр, нутгаас холдоогүй, малын эзэн нь хэн болохыг шүүгдэгч мэдэж байсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

              

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н цагдан хоригдсон нийт 86 /наян зургаан/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                  О.БААТАРСҮХ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА