Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0864

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ю ХХК-ийн гомдолтой , Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ю ХХК /

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00055.. дугаартай хуудсаар Ю ХХК-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Н, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: Ю ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж үзэх, ухраах зогсоох дахин эхлүүлэх үйлчилгээг шинээр идэвхижүүлэх тохиолдолд Дан “Ай пи тв” үйлчилгээний хэрэглэгч бол 5000 төгрөгийн төлбөртэйгөөр үйлчлүүлэхээр өөрчилсөн бөгөөд уг үйлчилгээг өмнө авсан байсан хэрэглэгчдийн хувьд үнийг урамшууллын 2 жилийн хугацаанд хуучин үнээр нь үргэлжлүүлэн ашиглуулахаар нөхцөлдөө тусган ашиглуулсан болно. Уг урамшууллын хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусахтай холбоотойгоор манай талаас хэрэглэгчидтэй байгуулдаг Үндсэн үйлчилгээний гэрээний 7.3 дахь заалтын дагуу үйлчилгээний үнэ тарифт нэмэлт өөрчлөлт орсон тухай мэдээллийг ажлын 10 хоногийн өмнө хэрэглэгчдэд доорх сувгуудаар хүргэсэн болно.

Үндсэн үйлчилгээний гэрээний дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэх үүрэгтэй байдаг ба үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Зууны мэдээ” сониноор дамжуулан нийтэд мэдээлэл хүргэсэн.

Юнивишн үйлчилгээний багц, нэмэлт үйлчилгээ, нөхөж үзэх үйлчилгээ болон үнэ тарифийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл www.univision.mn веб сайтад тогтмол шинэчлэгдэн ордог.

Үндсэн болон Гэрээт салбаруудад байрших Юнивишн үйлчилгээний брошур, хэвлэмэл материалд мөн тусган хэвлэн хэрэглэгчдэд танилцуулдаг болно.

Нөхөж үзэх, ухраах зогсоох, дахин эхлүүлэх нэмэлт үйлчилгээний үнэ тариф өөрчлөгдсөн тухай шийдвэр нь:

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдлөг болгох В16/054 кодтой “Нөхөж үзэх, ухраах зогсоох, дахин эхлүүлэх үйлчилгээний шинэчилсэн нөхцөл”-д /шинэ хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнийг энэ нөхцөлийн дагуу, тухайн үеийн хэрэглэгчдэд хуучин үнээр үйлчилгээ үзүүлэхээр заасан,/

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдлөг болгох В18/125 кодтой “Юнивишнийн хуучин хэрэглэгчдийн нөхөж үзэх үйлчилгээний үнийг үндсэн нөхцөлийн дагуу өөрчлөх нөхцөл’’-ийн дагуу шийдэгдсэн болно.

Гэтэл шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Зөрчлийн тухай хуулийн 10.2-р зүйлийн 1.1-д заасан үндэслэл байна гэж үзэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Бид хэрэглэгчдэд мэдээллээ хууль болон гэрээнд заасан нөхцөлөөр үнэн зөв мэдээлэл хүргэсэн ба ямар нэгэн төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараасан зүйл байхгүй.

Зөрчлийн тухай хуулинд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй гэж заасны дагуу дээр дурьдсан 3 хэлбэрээр мэдээлэл түгээсэн бөгөөд үүнд ямар нэгэн буруу хууль зөрчсөн зүйл үгүй болно.

Мөн Хэрэглэгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу эрхийг бүхий л боломжоор хангасан, мөн зүйлийн 7.2.4-д “хэрэглэгчид барааны нэр төрөл, үнэ зэрэг мэдээлэл өгнө гэж заасны дагуу мэдээллийг хүргэсэн юм.

Хууль бус үндэслэлгүй акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00055.. дугаартай хуудсаар Ю ХХК-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэглэгчийн гомдолд үндэслэн шийтгэл ногдуулсан боловч хэрэглэгч өөрөө би сонин уншдаггүй, сайтад байхгүй, худлаа ярьсан гэсэн үндэслэл хэлсэн. Сайтад байсан талаар үзлэг хийсэн. Хэрэглэгч салбар дээр үйлчилгээ авсан тохиолдол брошур байсан. Ухраах зогсоох дахин эхлүүлэх 96 цаг 3000 төгрөг гээд энэ үйлчилгээ 2017 оноос нэгдсэн үйлчилгээ болсон. Иймд хэрэглэгчдэд худлаа ярьсан, мэдээлээгүй үндэслэл тогтоогдсонгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч энэхүү асуудалд ямар үндэслэл тогтоосон гэхэд үнэн зөв мэдээллээр хангаагүй гэсэн. Нотлох баримт шинжлэн судалсан нотлох баримтаар хариуцагчаар асуусан үнэн зөв мэдээлэл байгаагүй гэдгийг нотолж чадаагүй. Хэрэглэгчийг мэдээллээр хангах заавал түүний эх сурвалжийг ямар нэгэн эх сурвалжаар хангах гэсэн шаардлага гаргасан.

Сонин сайт дээр гаргасан брошур үйлчилгээний ажилтнаар мэдээлэл, 24 цагийн утасны ажилтан нь тэр байсан ийм байсан ямар тохиолдолд хангах ёстой байсныг хариуцагчийн тайлбараар зурагтаа асаахад гарах байсан гэж ойлгож байгаа. Үнэн зөв сонголт хийхэд туслах мэдээллээ өгөөгүй. Үнэн зөв мэдээллээ өгөхөд туслах мэдээллээ ярьсан. Урамшууллын мэдээллийг яаж өгөх ёстой байсан. Хэзээ өгөөд хэзээ зогсоох ёстойгоо хариуцагч хариулж чадаагүй. Хүсээгүй үйлчилгээг авсан гэж тайлбартаа дурдсан. Түүний талаар гомдол гаргагч тайлбартаа дурдаагүй, ухрааж зогсоох үйлчилгээг хэрэглэгч цуцлах эрх нь хэзээд нээлттэй.

Сингли “Ай пи тв” үйлчилгээ нь интернэтийн урсгалыг давхар шаарддаг. Иймд тус үйлчилгээг дангаар нь үзүүлэх нь нэмэлт ажиллагаатай байдаг учир 10,000 төгрөг төлдөг бусад интернэттэй холбоотой үйлчилгээ эрхэлдэг хүмүүс үнэгүй бага хурд 3,000 төгрөг төлдөг ийм үйлчилгээ. Хүсээгүй үйлчилгээ гэдгийг шийтгэлийн хуудсанд дурдаагүй хариуцагчийн тайлбарт дурдсан. Урамшууллын талаар мэдээлэл өгөөгүй гэдгийг тухайн хүн авсан тохиолдолд сайт үнэ нэмэгдсэнийг бусад мэдээллээс мэдчихээд би мэдээгүй гэдгийг нотлох үндэслэлгүй. Стандарт бус гэрээ гэснийг тайлбарлаж байна.

Зөрчлийн тухай хуульд өрсөлдөөний хуулийг зөрчсөн тухай заалт руу очино. Иймд шийтгэлийн хуудсанд бичээгүй тул иргэний хуулийн 202 дугаар зүйлд хамаарах заалт биш. Хэрэглэгч энэ үйлчилгээг мэдээгүй бол авахгүй байх татгалзах нөхцөл байгаа тул стандарт бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Гэрчийн хувьд эхний гэрч хэрэгт хамааралтай эсэх талаар тогтоогдохгүй байна. Хаягийн хувьд Эрдэнэтийн хаягтай. Сингли “ай пи тв” зөвхөн Улаанбаатарын хэрэглэгчид авсан. Улаанбаатарт тус үйлчилгээг нэвтрүүлэхэд багцын үйлчилгээ орсон байсан тул орон нутагт тус багцыг нэвтрүүлээгүй. Баримтаар гэрч энэ хэрэгт хамааралгүй байгаа нь харагдаж байна.

Гомдол гаргагч этгээдийн хувьд сонин уншдаггүй, сайтад байгаагүй, худлаа яриад байгаа гэсэн. Сонин унших нь тухайн хэрэглэгчийн асуудал, сайтад байгааг нотолсон, бид нэгдсэн үйлчилгээтэй байсан нь брошураар нотлогдож байна. Ийм үндэслэлээр гэрээнд заасан мэдээллээ хүргэсэн. Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хуурсан мэдээлэл гаргаагүй үнэн зөв мэдээллээр хангасан. Шийтгэлийн хуудасны үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 5.000 000 төгрөгийн торгууль оногдуулсан 00055.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрөх үндэслэл:

Юнивишн ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж үзэх, ухраах, зогсоох дахин эхлүүлэх үйлчилгээг шинээр идэвхижүүлэх тохиолдолд дан “Ай пи тв” үйлчилгээний хэрэглэгч 5000 төгрөгийн төлбөртэйгөөр үйлчлүүлэхээр өөрчилсөн бөгөөд уг үйлчилгээг өмнө авч байсан хэрэглэгчдийн хувьд үнийг урамшууллын 2 жилийн хугацаанд хуучин үнээр нь үргэлжлүүлэн ашиглуулахаар нөхцөлдөө тусган ашиглуулсан болно гэсэн байна. Гэвч хуучин хэрэглэгчид гэх хэрэглэгчид нь энэхүү урамшууллын талаар огт мэдээгүй, мэдээлэл аваагүй байсан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан иргэдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн прокуророос зөвшөөрөл авах ажиллагааны тухай 02 тоот саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай прокурорын зөвшөөрлийг авч “Мобиком” ХХК-иас гомдол гаргагчийн 99001120 үүрэн телефоны дугаарт Ю ХХК-иас дуудлага болон мессэж илгээгдсэн эсэх лавлагааг гаргуулахад сар бүр төлбөрийн талаарх нэхэмжлэх, төлбөр төлөх дансны дугаар гэх зэрэг 2-3 удаагийн мессэжийг хэрэглэгчид ирүүлсэн байх бөгөөд харин бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал, үнэ тариф өөрчлөгдсөн талаарх мессэжийг огт ирүүлээгүй байгаа нь Ю ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулж буй гэрээний 5.5-д “Хэрэглэгчид шинээр үйлчилгээ санал болгох, урамшуулал хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөх, холбоо барих зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд дурьдсан хаяг, утас, и-мэйлээр хандах эрхтэй" гэснийг, мөн хохирогч өгсөн мэдүүлэгтээ үнэ тарифт өөрчлөлт орсон, урамшуулалд хамрагдаж байгаагаа огт мэдээгүй гэсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд 00055.. дугаартай шийтгэлийн хуудас хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Ю ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Ю ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00055.. дугаар шийтгэлийн хуудсаар Ю ХХК-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №00055.. тоот шийтгэлийн хуудсаар “бараа, ажил үйлчилгээний талаар хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй” зөрчил гаргасан гэж үзэж, 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:” 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах”... үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Ю ХХК-ийг өөрийн үйлчилгээний талаар хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Ю ХХК нь “өөрийн үйлчилгээний талаар хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй зөрчлийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба Зууны мэдээ сонины 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №254 (5961) дугаарт “Нөхөж үзэх үйлчилгээг урамшууллын хөнгөлөлттэй үнээр ашиглаж байсан хэрэглэгчид 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус үйлчилгээг үндсэн үнээр ашиглах болсон” талаар мэдэгдэл нийтлэгдэж, олон нийтэд мэдээлсэн байх тул хэрэглэгчийг мэдээллээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх Зууны мэдээ сонин болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд нөхөж үзэх үйлчилгээг урамшууллын хөнгөлөлттэй үнээр ашиглаж байсан хэрэглэгчид үндсэн үнээр ашиглах болсон талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болох нь нотлогдож байна.

Зууны мэдээ сонины дээрх дугаарт үйлчилгээний үнийн талаар мэдэгдэл нийтлэгдсэн байх ба Зууны мэдээ сонинг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл биш гэж үзэх боломжгүй тул Ю ХХК-ийг хэрэглэгчийг мэдээллээр хангаагүй зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.     

Мөн “Ю ХХК болон хэрэглэгчийн хооронд байгуулсан Гурвалсан үйлчилгээний гэрээний 5.5-д заасныг зөрчиж үйлчилгээний үнийн өөрчлөлтийн талаар  хэрэглэгчийн хаяг, утас, и-мэйл хаяг руу нь мэдэгдэх үүргээ Ю ХХК биелүүлээгүй” гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлан маргаж байх хэдий ч тус Гурвалсан үйлчилгээний гэрээний 5.5 дахь заалт нь  Ю ХХК-ийн эрх байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байна.

Иймд дээр дурьдсан  хуулийн зохицуулалт болон үйл баримтуудаас үзэхэд Ю ХХК-ийг хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00055.. тоот шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00055.. дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ю ХХК -ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №00055.. тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Ю ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ