| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/00469 |
| Дугаар | 102/ШШ2020/02168 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/02168
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Т гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, У овогт Ц-ийн С /РД:ХБ0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт түр оршин суух, Д овогт О-ийн И /РД:ХА66091266/-д холбогдох,
47,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 22,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунгэрэл, хариуцагч О.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ш, гэрч М.Б, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч миний бие хариуцагч О.Итай 2015 оноос хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 онд хамтран ажиллаж байх хугацаандаа О.И нь гадаадаас усны алдагдал хэмжих багаж, тоног төхөөрөмж оруулж ирэхэд мөнгө яаралтай хэрэгтэй байна гэсэн тайлбар хэлж, хүүгүйгээр мөнгө зээлүүлээч найдвартай төлнө, зээлийн гэрээг байгуулъя. Тоног төхөөрөмжөө зарсан мөнгөөрөө заасан хугацаанд төлнө гэж удаа дараа гуйгаад байсан учир О.Ид итгэж, эхлээд 40,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлүүлж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан.
Мөн О.И нь мөнгө дутаад байна яаралтай захиалга хийж мөнгөө гаргаж авах хэрэгтэй байна дахин мөнгө зээлүүлээч гэсний дагуу 30,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар зээлүүлж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, нотариатаар тус тус батлуулж, нийт 70,000,000 сая төгрөгийг зээлүүлсэн. О.И нь зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөлгүй элдэв шалтаг хэлж, хойшлуулах болсон. О.Игаас удаа дараа мөнгө төлөхийг шаардсанаар 2017 оны 01 дүгээр сард 22,500,000 төгрөгийг буцааж төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч О.Игаас нийт 47,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа:
О.И бид 2 Иргэний хуульд заасны дагуу 2015 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж би О.Ид 30,000,000 төгрөг зээлсэн байдаг. Ингээд дахин 2015 оны 12 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг зээлүүлж, зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байдаг бөгөөд нийт 70,000,000 төгрөг зээлүүлсэн. О.И нь нотариатаар баталгаажуулж байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлдэггүй байсан ба 2016 оны 12 сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөг 1 удаа төлсөн байдаг. Иймд үлдэгдэл төлбөр болох 47,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Миний зүгээс хариуцагчид зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй, О.И бид 2 анх тохиролцохдоо тус бүр 100,000,000 төгрөг гаргаж Герман улсаас тоног төхөөрөмж оруулж ирээд худалдан борлуулж, түүнээс гарах ашгийг хувааж авна гэж тохиролцсон байдаг. Үүний дагуу би 81,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг мөнгөний үлдэгдлээ буцааж авах баталгаа болгож нотариатаар гэрчлүүлье гээд, хамт нотариат орж зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан байдаг гэв.
Хариуцагч О.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ц.С бид хоёр хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Миний бие И ХХК-ийн захирал бөгөөд Герман улсын Себа КМТ компаний онцгой эрхтэй төлөөлөгч бөгөөд тус компаниас цахилгааны кабелын гэмтэл илрүүлэх багаж төхөөрөмж, усны алдагдлыг илрүүлэх багаж төхөөрөмжийг шууд нийлүүлдэг. Тухайн үед Ц.С нь Улаанбаатар төмөр замын харилцаа холбоо, мэдээлэл, эрчим хүчний хангамжийн хэлтсийн дэд дарга байсан. Манай компани 2013 оны 02 дугаар сард Себа КМТ компаниас дэвшилтэд багаж төхөөрөмжийг танилцуулах сургалт, семинарыг ХБНГУ-д зохион байгуулах гэж байгаа тул мэргэжилтнээ оруулах хүсэлтийг Улаанбаатар төмөр зам Эрдэнэт болон Улаанбаатар хотын ус суваг, Дулааны шугам сүлжээ гэх зэрэг байгууллагуудад албан бичгээр явуулсан.
Үүний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ээс Ц.С холбогдож, семинарт оролцох хүсэлтээ гаргаж, урилга захиалуулсан бөгөөд миний бие Себа КМТ компаниас Ц.Сын нэр дээр урилга захиалж ирүүлсэн. Урилгын дагуу Ц.С болон бусад оролцогчдыг Германы визэнд оруулж, 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд болох сургалт-семинарт оролцохоор болсон. Эдгээр хүмүүсийн тээврийн зардлыг байгууллагууд нь өөрсдөө төлсөн.
Дээрх сургалтанд сууж ирээд Ц.С надтай утсаар ярьж өөрийн байгууллага буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т зориулж Германы тоног төхөөрөмж захиалах саналаа өгсөн.
Ингээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулъя гэсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ хийж, ХБНГУ-д үйлдвэрлэсэн цахилгааны кабелийн оношлогооны иж бүрдэл бүхий цахилгааны лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, хүлээлгэн өгсөн.
Тус гэрээний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ээс И ХХК-ийн Капитрон банкин дахь 3020001654 тоот дансанд 270,000,000 төгрөг орсон.
Гэтэл бидний хооронд өөр зүйл урьдчилан тохиролцоогүй байхад Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсний урамшуулал гэж нийт 70,000,000 төгрөг нэхсэн. Би тухай үед Ц.Ст өгөх ёстой үгүйг эргэлзэж байсан тул тэр мөнгийг өгөөгүй. Гэтэл Ц.С өөрөө надтай утсаар ярьж шахалт дарамт үзүүлж уг зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ц.С над руу утасдаад уулзъя гээд Баянгол дүүргийн Нотариат дээр уулзсан. Уулзаад би чамаас 70,000,000 төгрөгийн урамшуулал авна. Чи энийг нэг дор биш цувуулж өгч болно гээд тухайн өдөр хоёр өөр гэрээ үйлдсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй учир мөнгө төлөх ёсгүй гэж үзэж байна. 22,500,000 төгрөгний тухайд Ц.С надаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй гэрээ байгуулахад зуучилж өгсний урамшуулал гэж нэхэж шаардсаар байгаад авсан мөнгө буюу хууль бусаар дарамталж байгаад авсан мөнгө юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч О.И шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ц.С нь 2015 оны 12 сараас хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгтэй гэрээ байгуулж өгсний урамшуулал авах ёстой гэж надаас мөнгө нэхэж, байнга дарамталж байсан. Ц.С нь тухайн үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ийн Харилцаа холбоо, мэдээлэл, эрчим хүчний хангамжийн хэлтсийн дэд дарга байсан. 2016 онд Ц.С надаас усны алдагдал илрүүлэх багаж байна уу. Тэрэн дээр чинь би "Улаанбаатар төмөр зам"-тай гэрээ хийж өгье. Чи мөнгө нь орж ирэхээр надаа урамшууллын мөнгө өгөөрэй гэж хэлсэн.
Ингээд гэрээ хийж, усны алдагдал илрүүлэх тоног төхөөрөмжийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т нийлүүлж, хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Капитрон банкин дахь И-Эс-Эс-Жи компаний 302001654 тоот дансанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн Эрчим Хүч Ус Хангамжийн 1-р ангиас 2 удаагийн гүйлгээгээр мөнгө орж ирсэн.
Мөнгө орж ирсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц.С над руу утсаар ярьж, одоо танай дансанд мөнгө орсон байгаа, одоо аваад ир гэж дарамтласан. Ингээд миний бие 10-р хорооллын МТ колонкийн дэргэд уулзаж 22,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Ц.С нь ийнхүү гэрээ хийсний урамшуулал өг гэж намайг дарамтлан хууль бусаар мөнгө авсан тул үндэслэлгүйгээр мөнгө авч, хөрөнгөжсөн гэж үзэж гайна. Иймд Ц.Саас 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч О.И нь надад 70,000,000 төгрөгийн зээл төлөх ёстой байсан. Түүний дагуу 22,500,000 төгрөг надад шилжүүлсэн. Миний хувьд гэрээ хийсний урамшуулалд 50 хувийг нь өг гэж шахаж дарамталсан зүйл байхгүй. Хэрэв үнэхээр гэрээ хийсний урамшуулалд 50 хувийг нь авдаг байсан бол 135,000,000 төгрөг авах ёстой байсан байх. Миний зүгээс хариуцагч талыг худал тайлбар гаргаж, утга мушгин гуйвуулж байна гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 22,500,000 төгрөгний тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх үедээ аль хэдийн дурдсан байдаг. Би 70,000,000 төгрөг авах ёстой байснаас 22,500,000 төгрөг авсан одоо 47,500,000 төгрөг авах ёстой гэж нэхэмжилсэн байгаа. Хоёрдугаарт өгсөн, авсан гэдэг баримтад яг ямар зорилгоор өгсөн, авсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв үнэхээр өгсөн гэж байгаа бол яагаад зээлийн гэрээ хийгээгүй байгааг нь тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Хариуцагч талын тайлбараас харвал барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байна. Иймд хариуцагч талыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 22,500,000 төгрөгийн тухайд О.Иг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгсний урамшуулал гээд нэхээд өгсөн мөнгө юм. Ц.С нь албан тушаал, ажил үүргээ биелүүлж байх явцдаа хувьдаа ашиг хонжоо авах ёсгүй. Авилгын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж заасан байдаг. Үүнээс харвал Ц.С нь О.Иг Улаанбаатар төмөр зам ХНН-тэй гэрээ байгуулж өгсөн гэж ашиг, урамшуулал авах эрхгүй этгээд юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүү болон алданги тооцоогүй байгаа нь нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдсон байдаг. Ц.С нь О.Итай утсаар холбогдож ярихдаа ...Би гэрээ байгуулсан гэж ашиг авах ёстой... гэж ярьсан нь Ц.Саас зээлийн гэрээний дагуу О.Ид мөнгө шилжүүлээгүй гэдгийг мөн нотлож өгч байна гэж үзэж байна. Мөн Ц.Сын ашиг авах ёстой гэж хэлж байгаа нь О.Игаас мөнгө авах гэж дарамталж байсныг шууд илэрхийлж байна гэж үзэж байна. Иймд Ц.С болон О.И нарын хооронд 2015 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хоёрдугаарт манай зүгээс Ц.Сыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Учир нь Ц.С болон О.И нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байхад хууль бус тулган шаардалтын улмаас 22,500,000 төгрөг өгсөн байдаг нь харагдаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу 22,500,000 төгрөгийг Ц.Саас гаргуулж О.Ид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч О.Ид холбогдуулан 47,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч О.И нь нэхэмжлэгч Ц.Ст холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 2 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч О.Ид зээлүүлсэн боловч уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд 22,500,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 47,500,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.
Гэтэл нэхэмжлэгч Ц.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа ...дээрх 2 зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагч О.Ид өгөөгүй, харин хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулсаны ашигт О.И нь надад 70,000,000 төгрөг өгөх ёстой бөгөөд уг мөнгийг зээлийн гэрээ байгуулан баталгаажуулсан, түүнээс 22,500,000 төгрөгийг авсан... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч О.И нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй гэрээ байгуулахад зуучилж өгсний урамшуулалд 70,000,000 төгрөг өгөх ёстой гэж надаас нэхэж, уг мөнгийг цувуулж өгсөн ч болно гээд 2 зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, улмаар надаас уг урамшууллын мөнгөө авахаар шахаж, шаардаад байсан тул түүнд 22,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Ц.Ст өгсөн 22,500,000 төгрөг бол зээлийн гэрээний үүрэгт өгсөн мөнгө биш... гэх агуулгаар тайлбарлан, нэхэмжлэгчээс 22,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүдээр хариуцагч О.И нь нэхэмжлэгч Ц.Саас 30,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар, мөн 40,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ./хх 4-5 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч О.Ид дээрх зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөг зээлүүлсэн буюу шилжүүлсэн тохиолдолд хариуцагчид уг зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүсэх юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, харин хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулснаас олсон ашгийг авах баталгаа болгож зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн юм гэх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүх хуралдаанд гэрчээр М.Баттогтох, Г.Намсрай нарыг хүсэлт гарган оролцуулсан бөгөөд гэрч М.Баттогтох нь мэдүүлэхдээ ...Ц.Саар дамжуулж, О.И нь надаас мөнгө зээлж байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж, гэрч Г.Намсрай нь ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх болон 70,000,000 төгрөгийн нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн эсэх талаар мэдэхгүй гэж мэдүүлж байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Сыг зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгч, зээлүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 2 удаагийн зээлийн гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Сын хариуцагч О.Ид холбогдуулан гаргасан 47,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Игаас нэхэмжлэгч Ц.Ст 22,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт авагдсан байх бөгөөд уг мөнгийг өгсөн, авсанд талууд маргахгүй байна./хх 95 тал/.
Харин уг 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.С нь тайлбарлахдаа...талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт авсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь ...манай компанийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг -тэй гэрээ байгуулахад зуучилж өгсөний урамшуулал гэж шаардсан тул 22,500,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэгч Ц.Сыг хариуцагч О.Игаас талуудын хооронд байгуулагдсан гэх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзсэн тул уг зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч нь 22,500,000 төгрөгийг зээлийн гэрээний хариу үүрэгт шижлүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон И ХХК нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байсан, уг гэрээний худалдагч тал болох И ХХК-ийн захирал нь хариуцагч О.И гэдэгт талууд маргахгүй байхаас гадна хариуцагчийн энэхүү гэрээг байгуулахад зуучилсан гэж надаас 22,500,000 төгрөгийг авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч нь нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна./хх 55-57, 59-62, 79,97-102, 117-119 тал/.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Сыг дээрх 22,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс 22,500,000 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Сын хариуцагч О.Ид холбогдуулан гаргасан 47,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Саас 22,500,000 төгрөгийг гаргуулан, хариуцагч О.Ид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Саас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөгийг гаргуулан, хариуцагч О.Ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА