Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар  2018/ШЦТ/712

 

 

 

2018        08           20                                            2018/ШЦТ/712

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

            улсын яллагч А.Ганчимэг,

            иргэдийн төлөөлөгч  Ж.Л,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.Бадраа, Д.Энхбаатар,

            гэрч Б.Б, Ш.Б,

            шинжээч Б.Г, Н.Т, М.Э

            шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт З-н О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808005****** дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод түр оршин суух Д.Б гэрийн гадна 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М-н хэвлийн тус газарт хутгалж, улмаар хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаачийг анх гэмтэл аваад нас барах хүртлээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хийлгэсэн эмчилгээний зардалд 711.204 төгрөгийн зардал гарсан, талийгаачийн оршуулгын зардалд нийт 11.257.621 төгрөгийн зардал гарсан. Мөн энэ хэргийн улмаас ээж маань сэтгэл санааны гүн хямралд орж талийгаачийн оршуулга болдог өдөр тал цус харваж биеийнх нь зүүн хэсэг нь мэдээгүй болж одоо хүртэл эмчлэгдэж байна. Ээжийн маань эмчилгээний зардалд одоогоор 611.111 төгрөгийн зардал гарсан. Цаашид хэд гарахыг хэлж мэдэхгүй байна. Дээрх зардал бүгд нийлээд 12,579,936 төгрөг болж байна, уг зардал дээр нэмээд амь хохирогчийн байрны түрээсийн мөнгийг нэмж нийт 15.409.907 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч нь 3 сая төгрөг төлсөн байгаа тул хасаж тооцоод  үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ. Мөн амь хохирогч бага насны 2 хүүхэдтэй байсан, одоогоор тээжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгож амжаагүй байгаа тул уг асуудлыг нээлттэй үлдээж өгнө үү. Бидний зүгээс маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О намайг гарч очиход ер айсан,  сандарсан шинжгүй байсан, согтолт нь гайгүй, өөрийн гэсэн ухаантай байсан, би тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан. Намайг гарч очиход над руу шууд дайрсан, тэгэхээр нь би түүнийг дараад хэвтсэн. Тэгж байтал цагдаа ирээд түүнийг аваад явсан. З.О-г хутга авахыг мэдээгүй, учир нь М ах, О хоёр гарахдаа инээж хөхрөөд гарцгаасан тул ийм асуудал болно гэж төсөөлөөгүй юм. Б бид 2 тухайн үед зурагт үзэж байсан. О нь Б бид хоёрт хандаж ахыгаа аваарай, аминд нь өлзийтэй шүү гэхээр нь гарч харахад М ах хутгалагдсан байсан юм. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М нь тухайн өөр хутгалагдсан шархтай ирсэн. Бид анхан шатны үзлэг хийхэд хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан тул  ар гэрийнхэнээс нь зөвшөөрөл авч улмаар хагалгаанаас үүдэн гарах хүндрэлүүдийг нь тайлбарлан өгсөний үндсэн дээр хагалгаа хийсэн. М учирсан шарх нь хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, бүдүүн, нарийн гэдэс, 12 нугалаа гэдэс зэргийг гэмтээсэн буюу олон эрхтэнг гэмтээсэн шархтай байсан юм. Тэгээд цаг алдалгүй хагалгаанд орж угаалга цэвэрлэгээ ариутгал хийж олон эрхтхэнүүдийг оёж гуурс тавьсан. Хагалгаа дууссаны дараагаар ар гэрийнхэнд нь болон өөрт нь хагалгааны дараа ямар дэглэм горим барих талаар тайлбарлан өгч 5-7 хоног хоолны дэглэм сахих талаар зөвлөсөн. Гэтэл 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд  дэглэм зөрчиж хоол идсэн буюу шөл уусан байдаг. 26-ны өдөр амь хохирогчийн биед үзлэг хийж, эхогоор харахад хэвлийд нь сул шингэн харагдсан тул дахин хагалгаанд ороход 12 нуглаа гэдэсний оёдол тавигдсан байсныг ариутган ахин оёсон боловч амь хохирогч удалгүй нас барсан юм. Амь хохирогчийн биед олон эрхтэнг гэмтээсэн шарх үүссэн байсан тул хагалгааны дараа түүний бие нэг их сайжрахгүй байсан,  мөн хагалгааны дараа хүний дархлаа их бага хэмжээгээр суларсан байдаг, энэ нь бас нөлөлөсөн байдаг, иймд шууд хоолны дэглэм зөрчсөнөөс оёдол тавигдсан гэж үзэхэд учир дутагдалтай. Олон зүйлээс шалтгаалан оёдол тавигдсан байж болно. Яг түүнээс болоод оёдол задарсан гээд шууд хэлэх боломж байхгүй. Хоолны дэглэм зөрсөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөнийг үгүйсгэхгүй. Уг оёдол нь хоол идсэнээс, эсхүл  идээгүй байсан ч задарч болох учир яг алинаас гэдгийг мэдэх боломжгүй. ...Уг хутгалж буй хутга өөрөө бохир байсан, бохир хутгаар хутгалсан үеэс идээт үрэвсэл явагдаж эхэлдэг, мөн хагалгааны дараа дархлаа суларсанаас болж мөн идээт үрэвсэл явагддаг юм” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шинжээч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч Н.Т, Б.Г бид нар санал нэгтэйгээр шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Амь хохирогчийн хэвлийн хөндийд байрлах олон эртхэнг гэмтээсэн шарх үүссэний улмаас хагалгаанд орсон байдаг. Хагалгааны дараа талийгаач Б.М 12 хуруу гэдсэнд тавигдсан оёдол задарсанаас хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байсан ба 12 хуруу гэдсэнд нойр булчирхай, цөсний цорго нээгддэг тул оёдол тавигдах, гэдэсний хана цоорох тохиолдол их байдаг. Хагалгааны данааараа хүний дархлаа их бага хэмжээгээр сулардаг бөгөөд энэхүү дархлаанаас үүдэж шарх идээлэх, задрах хүндрэлүүд гардаг. Талийгаачийн хэвлийн хөндийд болон ходоод гэдэсний замд цус алдсан, хэвлийн гялтангийн  тархмал идээт  үрэвсэл үүсэж хүндэрсэн  байсан нь нас барах шалтгаан болсон ба амь насыг нь мэс засал дахин хийсэн ч аврах боломж муу байсан. Анх хагалгаа хийж гуурс тавьсан байгаа нь гэмтлээс үүдсэн үрэвслээс сэргийлж байгаа юм. Тэгээд ажиглана, хянана, эцэст нь өвчтөн эрүүлжиж шарх нь эдгэсэн тохиолдолд гуурсыг нь салгаж авдаг, түүнээс шарх нь эдгэхгүй удааширч буй тохиолдолд авах боломжгүй юм. Эмчлэгч эмч нарын хувьд буруу зөрүү эмчилгээ хийсэн, цаг алдаж хагалгаа хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хүний хэвлийн хөндий ариун байх ёстой, гэтэл гадны хүчин зүйл нэвтрэх тухайлбал, хутга /бохир/ нэвтэрснээс идээт үрэвсэл явагдаж эхэлдэг, өөрөөр хэлбэл, хутга орсон цагаас үрэвсэл үүснэ. Хэвлийн гялтанд үрэвсэл үүсэх хугацаа 30 минут хангалттай гэж үздэг. Гэдэс цоорно гэдэг маань 12 хуруу гэдэсний агууламж, нарийн гэдэсний агууламж багасаж, хоолны эхний боловсруулалт муу, чацагатай, шингэн ихтэй тул энэ нь асгарахаар хоол боловсруулах горман цөс ходоодны хүчтэй ялгаралт явагддаг, мөн идээт үрэвсэл бас явагдана, үүнийг бүрэн цэвэрлэх боломжгүй, ямар ч байсан угаах, антибиотикийн уусмалаар цэвэрлэнэ, дараа нь дахин цус алдахаас сэргийлэх арга хэмжээ авна.  Хоолны дэглэм зөрчсөн нь шархны оёдол задрахад нөлөөлнө, гэхдээ шууд түүнээс болж задарсан гэж дүгнэх боломжгүй, олон хүчин зүйлээс шалтгаалсан байж болно. Учир нь шарх хэдий чинээ эдгэрэлт нь удаан байвал буцаж задрах магадлал өндөр байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шинжээч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шинжээч М.Э санал нэг байна”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шинжээч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Э, Б.Г шинжээч бид нар адил байр суурьтайгаар уг дүгнэлтийг гаргасан байгаа.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байх үед би М хамт тамхи орцонд гарсан, тэгсэн М орцонд тамхи татаж байгаад “танай найзууд ч ирнэ гэж худлаа даа, чамтайгаа л таарсан юмнууд байгаа биз” гэхээр нь би “чиний ч гэсэн найзууд гэж юу байдаг юм” гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь талийгаач М баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохьчихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа 1 удаа цохьсон бөгөөд бид 2 барилцаж аваад дээр доороо орж зодолдсон, тэгээд хэсэг зүгээр сууцгааж байгаад ахиад маргалдсан,  би талийгаачийг “ална шүү пизда минь” гэж хэлсэн чинь талийгаач “чи хүн алж чадах уу, чаддаг юм бол хутгаа аваад ир” гэж хэлэхээр нь би талийгаачийг айлгачих санаатай буцаад Б гэрт ороод гал тогооных нь шүүгээн дээр ил байсан хутгыг авч гарсан. Тэгээд талийгаачийн өөдөс очтол тэр хутгыг булааж авах гэж ноцолдсон, тэгээд бид 2 газар унаад тээр доороо ороод ноцолдож байтал  талийгаач М гэнэт “хөөе андаа зоогдчихлоо ш дээ” гэж хэлсэн.  Тэгээд хартал түүний гэдсэнд нь хутга зоогдчихсон юм шиг харагдахаар нь би сандраад л буцаж Б гэрт нь ороод Б-д “М ахынх нь гэдсэнд нь хутга зоогдчихлоо, цагдаа эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. ...Би тэр үед нь Б өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явсан. Уг асуудал 5-6 минутын хооронд болсон. Би М айлгая гэж бодсоноос хутгалъя, алъя гэж бодоогүй.  Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, шаналж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд: 

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 11-14х/

2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-70х/

 

3.Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бидний зүгээс маш их гомдолтой байна. Талийгаачийг анх гэмтэл аваад нас барах хүртлээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хийлгэсэн эмчилгээний зардалд 711.204 төгрөгийн зардал гарсан, талийгаачийн оршуулгын зардалд нийт 11.257.621 төгрөгийн зардал гарсан. Мөн энэ хэргийн улмаас ээж маань сэтгэл санааны гүн хямралд орж талийгаачийн оршуулга болдог өдөр тал цус харваж биеийнх нь зүүн хэсэг нь мэдээгүй болж одоо хүртэл эмчлэгдэж байна. Ээжийн маань эмчилгээний зардалд одоогоор 611.111 төгрөгийн зардал гарсан. Би дээрх зардлуудтай холбоотой баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн бөгөөд уг зардлуудыг нэхэмжилж байна. Мөн эдгээр зардлуудаас гадна талийгаачийн эхнэр болон хүүхдүүдэд нь ах дүү нарт нь сэтгэл санааны маш их хохирол учирсан, мөн хүүхдүүдийнх нь ирээдүйн асуудалд маш том хохирол учирсан учраас бидний зүгээс сэтгэл санааны хохирлоо шүүхийн шатанд гаргаж нэхэмжлэх бодолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20х/

 

4.Мөрдөн байцаалтын шатанд Б.М гэрчээр өгсөн: “...Талийгаач маань эхний хэд хоног шокийн байдалтай байсан бөгөөд 5 хоног ямар нэгэн хоол хүнс уух юм уугаагүй. Сүүлийн 3 хоног бие нь арай дээрдсэн бөгөөд талийгаач надад хэлэхдээ “хэрэг болдог өдөр Б, О, Б /Б/, Б бид нар Б-д байсан, тэгээд О бид гараад 2 орцонд тамхи татаад зогсож байсан чинь О намайг ална тална гээд байхаар нь би чам шиг юманд алуулахгүй гэж хэлсэн чинь О Б-н гэр лүү нь гүйгээд орсон, тэгэхээр нь би татаж байсан тамхиа хаяад Б-н гэр лүү орох гээд хаалгыг нь татахад О өөдөөс гарч ирээд миний гэдэс рүү хутгалчихсан юм, би эхлээд намайг хутгалчихлаа гэж мэдээгүй, хутганы ишээр аймхай руу цохьчихлоо гэж бодоод амьсгалж чадахгүй 4 хөллөөд байж байхад О нүүр лүү маань хэд хэдэн удаа өшиглөсөн, тэгээд О цаашаа Б-н гэр лүү орсон, түүнээс хойш нэг их удалгүй түргэн цагдаа 2 ирээд намайг авч явсан” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

5.Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...бид нар хоорондоо юм ярилцаад сууж байхад О талийгаач М ахаас “Баянхонгороос бид нарын олсон алт 12 гр л болсон юм уу, яг үнэн үү” гэж асуухад талийгаач “би тийм жоохон юман дээр юу гэж сонин зан гаргах вэ дээ, чи үнэмшихгүй байгаа бол хамт явсан хүмүүсээс асуу” гэж хэлсэн. Тэгээд удалгүй О талийгаач М ах 2 “гарч тамхилъя” гээд л гарсан бөгөөд Б тасраад орон дээрээ унтаад өгсөн, харин Б бид 2 зурагт үзээд үлдсэн юм. Тэгтэл ойролцоогоор 5 орчим минутын О хаалга онгойлгоод “Б хүрээд ир” гэхээр нь Б очтол “103 хурдан дуудахгүй бол ахын чинь аминд л өлзийтэй шүү” гэж хэлэхэд нь Б намайг дуудсан. Тэгээд би орц руу гартал талийгаач М ах нуруугаараа хана налаад гэдсээ дараад гилжийгээд сууж байхаар нь цохиулаад уначихсан юм байх гэж бодоод өргөөд босгох гэтэл гэдэснээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би эргэж хараад О-г тэврээд хөдөлгөхгүй бариад зогсож байтал төд удалгүй түргэн ирээд талийгаачийг үзэж байхад араас нь удалгүй цагдаа нар ирээд О-г аваад явсан. Цагдаа нар ирээд “хэн энэ залууг хутгалсан юм” гэхэд О “би би” гээд орилоод байсан бөгөөд би талийгаачтай цуг нэгдсэн эмнэлэг дээр очсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26х/

 

6.Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...17-18 цагийн үед шиг санагдаж байна, гадаа гэгээ бараг тасарч байсан байх талийгаач М О нар гарч тамхилна гээд хамтдаа гарсан бөгөөд хоорондоо юм яриад инээлдээд л гарсан юм. Тэгээд тэр 2 гадаа орцонд ойролцоогоор 5 орчим минут болсны дараа О хаалга онгойлгоод “хөөе ахыгаа ирж ав” гэхээр нь би Б-с түрүүлээд очиход О хурдан “түргэн дуудсан нь дээр байх шүү” гэхээр нь би гарч хартал орцонд талийгаач М 4 хөллөөд доошоо харчихсан гэдсээ дараад байж байхаар нь би буцаж ороод утсаар цагдаа болон түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31х/

 

7.Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн бөгөөд тэр үед би О-г талийгаачийг хутгалсан талаар нь анх мэдсэн.Манайх 4 хутгатай бөгөөд 1 ширхэг заазуур, хар иштэй жижиг хутга, цагаан иштэй жижиг хутга, цагаан иштэй том хутга зэрэг хутганууд байдаг байсан. Хэрэг болсны дараа манай жижиг цагаан иштэй хутга алга болсон байсан бөгөөд тэр хутгаар л О талийгаачийг хутгалсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-36х/

 

8.Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 09 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, 5 шарын цагдаагийн дэд хэсэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цагийн үед Сэлбэ-10-аас “Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны 9 давхарт хутгалуулсан хүн байна” гэж хэлсний дагуу би эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Б хамтаар дуудлаганд очиход уг байрны 92 тоотод хутгалуулсан гэх М гэдэг залуу хойморт нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай гэдсээ дараад газар хэвтэж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед М нь бидэнд ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд нилээд зовиуртай ёолоод байсан. Түүний цаад талд нь матрасан дээр Б гэх залуу согтуу унтаж байсан бөгөөд М-н хажууд нь Б гэдэг залуу зогсож байсан. Уг 92 тоот хаалганы гадна орцон дотор уг хэргийг үйлдсэн гэх О гэдэг залууг Б гэдэг залуу нь дээрээс нь дараад хэвтчихсэн байсан бөгөөд Б бид 2 О-г нь авч явахдаа түүнээс юу болсон талаар нь асуухад “энэ залуу намайг дээрэлхээд алж чадах уу” гээд басаад байхаар нь “би хутгалчихсан юм” гэж хэлж байсан. Тэгээд Б бид 2 О-г уг байрнаас авч гараад хөдөлгөөнт эргүүлийн офицер, ахлах дэслэгч Б хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39х/

 

9.Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахад 21 цагийн үед Д.М, 30 настай, эрэгтэй хүн хэвлийн хөндийд нэвтэрсэн хутганы шархтай, шарх орчмоор өвднө, дотор муухайрна, бөөлжинө гэсэн зовиуртай хүргэгдэн ирсэн. Тухайн үед М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд хэвлийн баруун өмнө хэсэгтээ хутганы шархтай, уг шарх нь 2,5-3см орчим, шарх нь хэвийн хөндий нэвтэрсэн байсан тул анхны шарх цэгцлэлт хийсэн. Тэр өдрөө бидний зүгээс яаралтай хагалгаанд орох шийдвэр гаргаж яаралтай хагалгаанд орсон бөгөөд М хэвлийн хөндийг нээхэд хэвлийн хөндийдөө 350 мл цус алдалттай, цаашид шалгахад нарийн гэдэс 1,5 см шархтай, шархнаас нь цус алдсан байсан. Мөн чацархайн угт хатгагдсан цусан бүлэм байсныг шалгахад 12 хуруу гэдэс 1,5 см хатгагдсан шархтай байсан бөгөөд уг хагалгаагаар дээрх гэмтсэн олон эрхтнүүдийн шархыг оёж цус тогтоон цэвэрштэл, бусад эрхтнүүдийг гэмтэлтэй байсан тул хэвлийн баруун болон аарцагны хөндийд тус тус хоосон гуурс байрлуулж, хэвлийн өмнөд ханын нэвтэрсэн шархыг дотроос нь оёж хагалгааг дуусгасан. Тэгээд хэвлийн нэвт хутгалагдсан шархнаас бүдүүн гэдэс, чацархай, 12 хуруу гэдэс нарийн гэдэсний шархнаас хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, цус алдалтын шок, цус багадалт өвчнөөр эмийн эмчилгээ хийлгэж байгаад мөн давхар үрэвслийн эсрэг, цус багадалтын эсрэг, өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М хоол сойх дэглэмийг зөрчин мах, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөн махтай шөл идэж ууснаас болж хэвлийгээр нь царцайж, дүүрч өвдөж эхэлсэн бөгөөд ЭХО-д хараад хэвлийд нь зурвас шингэнтэй болж эхэлсэн. Тийм учраас М хэвлийд үүссэн болон эрхтний гэмтсэн шархнуудын аль нэг оёдол тавигдсан байх магадлалтай тул хэвлийн хөндийг дахин нээж шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж бэлтгэл ажлыг хангаж 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00:40 цагт хагалгаанд орж хэвлийг нээхэд хэвлийн хөндийд сул шингэнтэй, хэвлийн гялтангийн араар баруун талдаа нурууны шулуун булчин дагасан үрэвслийн шингэнтэй, 12 хуруу гэдэсний хана үрэвсэн цоорч доод хөндий венийн ханаас цус алдаж байсныг тогтоож физилогийн уусмалаар цэвэрлэж хэвлийн арын зай, баруун суваг, аарцагны хөндийд гуурс байрлуулж хагалгаг дуусгасан. Хагалгаа 03:40 цагт дууссан бөгөөд хагалгаанаас хойш 01 цаг гарангийн дараа буюу 05:45 цагт өвчтөн нас барсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-42х/,

 

            10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №*** дүгнэлтэд: “...Талийгаачийн биед хэвлийн хөндийн нэвтэрч хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, доод хөндийн вен гэмтээсэн шарх тогтоогдлоо. Энэ шарх нь ажилийн хэсгийн урт нь 7 см доошгүй, өргөн 2,5 см ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлээр үүссэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтанд хамаарах хүнд гэмтэлд хамаарна. Эмнэлэгт 8 хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоогдсонгүй. Талийгаач нь үхэлд хүргэх өвчингүй байна. Талийгаач нь гурав дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь ир үзүүртэй зүйлийн гэмтлийн улмаас хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, доод хөндийн вен гэмтэн хэвлийн хагалгаа хийгдсэнээс ходоодонд стрессийн шархлаа үүсэн цус алдаж, мөн хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвсэл үргэлжлэн нас барсан байна...” гэжээ. /1хх-ийн 62-65х/

 

            11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №*** дүгнэлтэд: Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №*** дүгнэлт үндэслэлтэй байна. Цэргийн төв эмнэлгийн эмч нар нь өвчтөнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байх бөгөөд эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдал тогтоогдохгүй байна. Хагалгааны дараа талийгаач Б.М 12 хуруу гэдсэнд тавигдсан оёдол задарснаас хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байх ба 12 хуруу гэдсэнд нойр булчирхай, цөсний цорго нээгддэг тул оёдол тавигдах гэдэсний хана цоорох магадлал их байдаг. Мөн тухайн хүний дархлаатай холбоотойгоор шарх идээлэх, задрах, үжил хордлогоор хүндрэх тохиолдол гарч болно. Ходоод гэдэсний гэмтэл, мэс заслын дараах стрессийн хямралтай холбоотой ходоодны шархлаа үүсч болох боловч энэ нь хэвлийн хөндийд гялтангийн идээт үрэвсэл болж хүндрэхгүй. Талийгаач нь хэвлийн хөндийд болон ходоод гэдэсний замд цус алдсан, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч хүндэрсэн байсан тул мэс засал хийсэн ч амь нас аврах боломж багатай байжээ...” гэжээ. /2хх-ийн 30-33х/,

 

            12.Шүүх сэтгэц эмгэг судлалын №*** дүгнэлтэд: “...З.О сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. З.О нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх тайлбарлах чадвартай байна. З.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. З.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж, баримт үгүй байна. З.О нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ. /2хх-ийн 3-4х/

 

            13.Шүүгдэгч З.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...18-19 цагийн үед шиг санагдаж байна би М гарч тамхилахаар орцонд гарсан бөгөөд М орцонд тамхи татаж байхад “танай найзууд ч ирнэ гэж худлаа даа, чамтайгаа л таарсан юмнууд байгаа биз” гэхээр нь би “чиний ч гэсэн найзууд гэж юу байдаг юм, чи чинь найзуудтайгаа цуг хүнээс мөнгө авчихаад өгөхгүй зугтаагаад байдаг л гээ биз дээ, тэгээд ч чи бас найзыгаа алсан гэсэн биз дээ” гээд хэлчихсэн юм. Би өмнө нь Б-с М-н найз нь аваарт ороод нас барсныг нь дуулж байсан бөгөөд талийгаач М хэрэг болох үед манай найзуудыг муулаад дайраад байхаар нь би уурандаа тэгээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь талийгаач М баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохьчихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа 1 удаа цохьсон бөгөөд бид 2 барилцаж аваад дээр доороо орж зодолдсон юм. Сүүлдээ бид 2 ядраад зодолдохоо болиод Б хаалганых нь ойролцоо очиж зогсоод хэрэлдсэн бөгөөд би талийгаачийг “ална шүү пизда минь” гэж хэлсэн чинь талийгаач “чиний хүн алдаг гэж хаашаа харсан юм байдаг юм” гэж хэлэхээр нь би талийгаачийг айлгачих санаатай буцаад Б гэрт ороод гал тогооных нь шүүгээн дээр ил байсан хутгыг авч гараад талийгаачийн өөдөөс хараад зогстол талийгаач “чиний хутгална гэж юу байдаг юм” гэж хэлээд надаас хутгыг маань булааж авах гэж ноцолдоод бид 2 газар унасан юм. Тэр үед талийгаач М миний дээр гарчихсан байсан бөгөөд гэнэт “хөөе андаа зоогдчихлоо ш дээ” гэж хэлэхээр нь би “хүүе ээ андаа худлаа яриад бай л даа, алив харъя” гээд талийгаачийг хажуу тийш болгож байгаад хартал гэдсэнд нь хутга зоогдчихсон юм шиг харагдахаар нь би сандраад л буцаж Б-н гэрт нь ороход Б унтаж байсан, Б гэрийн үүдэнд Б цаана зогсож байсан. Тэгэхээр нь би Б-д “М ахынх нь гэдсэнд нь хутга зоогдчихлоо, цагдаа эмнэлэг дуудаарай” гэж хэлтэл Б өөдөөс инээгээд “худлаа яриад бай, та 2 зодолдоно гэж юу байсан юм” гэж хэлээд гадагшаа гарсан бөгөөд удалгүй буцаж орж ирээд “нээрээ тийм байна ш дээ, яаж байгаа юм бэ” гээд намайг боосон. Би тэр үед нь Б-н өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118-121х/

 

14. З.О хувийн байдлын талаар:

Гэрч Ц.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү маань зан төрхийн хувьд зөөлөн, дуулгавартай, ажилсаг хүн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52х/

Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зан төрхийн хувьд их зөөлөн, аливаа юманд маш уриалгахан, гэрийн ажилд их тусалдаг, ер нь л зөв хүүхэд...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 123х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 126х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 128х/,

З.О суурь боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар, хөдөлмөрийн гэрээ,товч намтар /1хх-141-151х/,

15.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бадраа, Д.Энхбаатар нараас гаргаж өгсөн 6 хуудас баримт, шүүгдэгч З.О өмгөөлөгч А.Энхбуйраас гаргаж өгсөн 3 хуудас баримт зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

 

I. Гэм буруугийн талаар.

-Улсын яллагчаас З.О-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч З.О нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл байхгүй гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З.О нь гэм буруугийн хувьд амь хохирогчийг хутгалсан гэх үйлдэл дээрээ маргахгүй, харин зүйлчлэлийн хувьд бол шууд алах санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй, хохирогч нь эмнэлгийн туслалцаа үйлчилгээ авсаны дараагаар, тодорхой хугацаа өнгөрсний дараа хоол сойх дэглэм зөрчсөний улмаас нас барсан байдаг тул шүүгдэгч З.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч З.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хувьд 3 сая төгрөгийг төлсөн байгаа үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа болно гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод түр оршин суух н.Б-н гэрийн гадна /тус орцны 9 давхарт/ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М-н хэвлийн тус газарт хутгалж, улмаар хүнийг санаатай алсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 11-14х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-70х/

 

 Гэрч Б.Б: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...бид нар хоорондоо юм ярилцаад сууж байхад О талийгаач М ахаас “Баянхонгороос бид нарын олсон алт 12 гр л болсон юм уу, яг үнэн үү” гэж асуухад талийгаач “би тийм жоохон юман дээр юу гэж сонин зан гаргах вэ дээ, чи үнэмшихгүй байгаа бол хамт явсан хүмүүсээс асуу” гэж хэлсэн. Тэгээд удалгүй О талийгаач М ах 2 “гарч тамхилъя” гээд л гарсан, ... ойролцоогоор 5 орчим минутын О хаалга онгойлгоод “Б-аа хүрээд ир” гэхээр нь Б очтол “103 хурдан дуудахгүй бол ахын чинь аминд л өлзийтэй шүү” гэж хэлсэн. Тэгээд би орц руу гартал талийгаач М ах нуруугаараа хана налаад гэдсээ дараад гилжийгээд сууж байхаар нь цохиулаад уначихсан юм байх гэж бодоод өргөөд босгох гэтэл гэдэснээс нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Г.Б: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...17-18 цагийн үед шиг санагдаж байна, гадаа гэгээ бараг тасарч байсан байх талийгаач М О нар гарч тамхилна гээд хоорондоо юм яриад инээлдээд л гарсан юм. Тэгээд тэр 2 гадаа орцонд ойролцоогоор 5 орчим минут болсны дараа О хаалга онгойлгоод “хөөе ахыгаа ирж ав” гэхээр нь би Б-с түрүүлээд очиход О хурдан “түргэн дуудсан нь дээр байх шүү” гэхээр нь би гарч хартал орцонд талийгаач М 4 хөллөөд доошоо харчихсан гэдсээ дараад байж байхаар нь би буцаж ороод утсаар цагдаа болон түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31х/

 

Гэрч Д.Б: “...Нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн бөгөөд тэр үед би О-г талийгаачийг хутгалсан талаар нь анх мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-36х/

 

Гэрч Э.Г: “...би эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Б хамтаар очиход уг байрны 92 тоотод хутгалуулсан гэх М гэдэг залуу хойморт нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай гэдсээ дараад газар хэвтэж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Б бид 2 О-г нь авч явахдаа түүнээс юу болсон талаар нь асуухад “энэ залуу намайг дээрэлхээд алж чадах уу” гээд басаад байхаар нь “би хутгалчихсан юм” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39х/

 

Гэрч Ш.Б: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахад 21 цагийн үед Д.М, 30 настай, эрэгтэй хүн хэвлийн хөндийд нэвтэрсэн хутганы шархтай, шарх орчмоор өвднө, дотор муухайрна, бөөлжинө гэсэн зовиуртай хүргэгдэн ирсэн. Тухайн үед М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд хэвлийн баруун өмнө хэсэгтээ хутганы шархтай, уг шарх нь 2,5-3см орчим, шарх нь хэвийн хөндий нэвтэрсэн байсан тул анхны шарх цэгцлэлт хийсэн. Тэр өдрөө бидний зүгээс яаралтай хагалгаанд орох шийдвэр гаргаж яаралтай хагалгаанд орсон бөгөөд М хэвлийн хөндийг нээхэд хэвлийн хөндийдөө 350 мл цус алдалттай, цаашид шалгахад нарийн гэдэс 1,5 см шархтай, шархнаас нь цус алдсан байсан. Мөн чацархайн угт хатгагдсан цусан бүлэм байсныг шалгахад 12 хуруу гэдэс 1,5 см хатгагдсан шархтай байсан бөгөөд уг хагалгаагаар дээрх гэмтсэн олон эрхтнүүдийн шархыг оёж цус тогтоон цэвэрштэл, бусад эрхтнүүдийг гэмтэлтэй байсан тул хэвлийн баруун болон аарцагны хөндийд тус тус хоосон гуурс байрлуулж, хэвлийн өмнөд ханын нэвтэрсэн шархыг дотроос нь оёж хагалгааг дуусгасан. Тэгээд хэвлийн нэвт хутгалагдсан шархнаас бүдүүн гэдэс, чацархай, 12 хуруу гэдэс нарийн гэдэсний шархнаас хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, цус алдалтын шок, цус багадалт өвчнөөр эмийн эмчилгээ хийлгэж байгаад мөн давхар үрэвслийн эсрэг, цус багадалтын эсрэг, өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 25,  26-ны өдөр хоолн сох дэглэм зөрчиж махтай шөл идэж ууснаас болж хэвлийгээр нь царцайж, дүүрч өвдөж эхэлсэн бөгөөд ЭХО-д хараад хэвлийд нь зурвас шингэнтэй болж эхэлсэн. Тийм учраас М хэвлийд үүссэн болон эрхтний гэмтсэн шархнуудын аль нэг оёдол тавигдсан байх магадлалтай тул хэвлийн хөндийг дахин нээж шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж бэлтгэл ажлыг хангаж 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00:40 цагт хагалгаанд орж хэвлийг нээхэд хэвлийн хөндийд сул шингэнтэй, хэвлийн гялтангийн араар баруун талдаа нурууны шулуун булчин дагасан үрэвслийн шингэнтэй, 12 хуруу гэдэсний хана үрэвсэн цоорч доод хөндий венийн ханаас цус алдаж байсныг тогтоож физилогийн уусмалаар цэвэрлэж хэвлийн арын зай, баруун суваг, аарцагны хөндийд гуурс байрлуулж хагалгааг дуусгасан. Хагалгаа 03:40 цагт дууссан бөгөөд хагалгаанаас хойш 01 цаг гарангийн дараа буюу 05:45 цагт өвчтөн нас барсан.

 Амь хохирогчийн биед олон эрхтэнг гэмтээсэн шарх үүссэн байсан тул хагалгааны дараа түүний бие нэг их сайжрахгүй байсан,  мөн хагалгааны дараа хүний дархлаа их бага хэмжээгээр суларсан байдаг, энэ нь бас нөлөөлсөн байдаг, иймд шууд хоолны дэглэм зөрчсөнөөс оёдол тавигдсан гэж үзэхэд учир дутагдалтай. Олон зүйлээс шалтгаалан оёдол тавигдсан байж болно. Яг түүнээс болоод оёдол задарсан гээд шууд хэлэх боломж байхгүй. Хоолны дэглэм зөрсөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөнийг үгүйсгэхгүй. Уг оёдол нь хоол идсэнээс, эсхүл  идээгүй байсан ч задарч болох учир яг алинаас гэдгийг мэдэх боломжгүй. ...Уг хутгалж буй хутга өөрөө бохир байсан, бохир хутгаар хутгалсан үеэс идээт үрэвсэл явагдаж эхэлдэг, мөн хагалгааны дараа дархлаа суларсанаас болж мөн идээт үрэвсэл явагддаг юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №*** дүгнэлтэд: “...Талийгаачийн биед хэвлийн хөндийн нэвтэрч хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, доод хөндийн вен гэмтээсэн шарх тогтоогдлоо. Энэ шарх нь ажилийн хэсгийн урт нь 7 см доошгүй, өргөн 2,5 см ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлээр үүссэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтанд хамаарах хүнд гэмтэлд хамаарна. Эмнэлэгт 8 хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоогдсонгүй. Талийгаач нь үхэлд хүргэх өвчингүй байна. Талийгаач нь гурав дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь ир үзүүртэй зүйлийн гэмтлийн улмаас хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, доод хөндийн вен гэмтэн хэвлийн хагалгаа хийгдсэнээс ходоодонд стрессийн шархлаа үүсэн цус алдаж, мөн хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвсэл үргэлжлэн нас барсан байна...” гэжээ. /1хх-ийн 62-65х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №*** дүгнэлтэд: Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №*** дүгнэлт үндэслэлтэй байна. Цэргийн төв эмнэлгийн эмч нар нь өвчтөнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байх бөгөөд эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдал тогтоогдохгүй байна. Хагалгааны дараа талийгаач Б.М 12 хуруу гэдсэнд тавигдсан оёдол задарснаас хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байх ба 12 хуруу гэдсэнд нойр булчирхай, цөсний цорго нээгддэг тул оёдол тавигдах гэдэсний хана цоорох магадлал их байдаг. Мөн тухайн хүний дархлаатай холбоотойгоор шарх идээлэх, задрах, үжил хордлогоор хүндрэх тохиолдол гарч болно. Ходоод гэдэсний гэмтэл, мэс заслын дараах стрессийн хямралтай холбоотой ходоодны шархлаа үүсч болох боловч энэ нь хэвлийн хөндийд гялтангийн идээт үрэвсэл болж хүндрэхгүй. Талийгаач нь хэвлийн хөндийд болон ходоод гэдэсний замд цус алдсан, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч хүндэрсэн байсан тул мэс засал хийсэн ч амь нас аврах боломж багатай байжээ...” гэжээ. /2хх-ийн 30-33х/

 

            Шинжээч М.Э: “...шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч Н.Т, Б.Г бид нар санал нэгтэйгээр шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Амь хохирогчийн хэвлийн хөндийд байрлах олон эртхэнг гэмтээсэн шарх үүссэний улмаас хагалгаанд орсон байдаг. Хагалгааны дараа талийгаач Б.М 12 хуруу гэдсэнд тавигдсан оёдол задарсанаас хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байсан ба 12 хуруу гэдсэнд нойр булчирхай, цөсний цорго нээгддэг тул оёдол тавигдах, гэдэсний хана цоорох тохиолдол их байдаг. Хагалгааны дараа хүний дархлаа их бага хэмжээгээр сулардаг бөгөөд энэхүү дархлаанаас үүдэж шарх идээлэх, задрах хүндрэлүүд гардаг. Талийгаачийн хэвлийн хөндийд болон ходоод гэдэсний замд цус алдсан, хэвлийн гялтангийн  тархмал идээт  үрэвсэл үүсэж хүндэрсэн  байсан нь нас барах шалтгаан болсон ба амь насыг нь мэс засал дахин хийсэн ч аврах боломж муу байсан. Эмчлэгч эмч нарын хувьд буруу зөрүү эмчилгээ хийсэн, цаг алдаж хагалгаа хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хүний хэвлийн хөндий ариун байх ёстой, гэтэл гадны хүчин зүйл нэвтрэх тухайлбал, хутга /бохир/ нэвтэрснээс идээт үрэвсэл явагдаж эхэлдэг, өөрөөр хэлбэл, хутга орсон цагаас үрэвсэл үүснэ. Хэвлийн гялтанд үрэвсэл үүсэх хугацаа 30 минут хангалттай гэж үздэг. Гэдэс цоорно гэдэг маань 12 хуруу гэдэсний агууламж, нарийн гэдэсний агууламж багасаж, хоолны эхний боловсруулалт муу, чацагатай, шингэн ихтэй тул энэ нь асгарахаар хоол боловсруулах горман цөс ходоодны хүчтэй ялгаралт явагддаг, мөн идээт үрэвсэл бас явагдана, үүнийг бүрэн цэвэрлэх боломжгүй, ямар ч байсан угаах, антибиотикийн уусмалаар цэвэрлэнэ, дараа нь дахин цус алдахаас сэргийлэх арга хэмжээ авна.  Хоолны дэглэм зөрчсөн нь шархны оёдол задрахад нөлөөлнө, гэхдээ шууд түүнээс болж задарсан гэж дүгнэх боломжгүй, олон хүчин зүйлээс шалтгаалсан байж болно. Учир нь шарх хэдий чинээ эдгэрэлт нь удаан байвал буцаж задрах магадлал өндөр байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

  Шүүгдэгч З.О: “...Уг асуудал 5-6 минутын хооронд болсон. Би М-г айлгая гэж бодсоноос хутгалъя, алъя гэж бодоогүй.  Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, шаналж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 118-121х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, амь хохирогч нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан нас барсан буюу шүүгдэгч нь амь хохирогчийн хэвлийн хөндий рүү хутгалж олон эрхтэнг гэмтээсэн, улмаар уг олон тооны шарх гэмтлүүд нь хагалгаа хийлгэсэн ч үр дүнгээ өгөөгүй, /эхний/ хагалгааны дараа амь хохирогчийн биеийн байдал сайжрахгүй байсаар дахин 12 хуруу гэдэсний оёдол задарсан байх ба шархны оёдол задрах шалтгааныг  “...тухайн хүний дархлаа сул, шархны эдгэрэлт удаан байх, идээт үрэвсэл явагдах, хоол сойх дэглэм зөрчих гэх мэт нөлөөлснөөс ...гэж тайлбарласан, дээрх хүчин зүйлүүдээс яг алингаас нь болж оёдол тавигдсан гэдгийг нарийвчлан тогтоох боломж муу, ер нь бол амь хохирогчийн хувьд оёдол задарч идээт үрэвсэл явагдсанаас нас барсан, анх хутгалагдсан үеэс идээт үрэвсэл явагдаж эхэлсэн, үүний эсрэг үрэвслийн эмчилгээнүүд хийгдэж байсан, зөвхөн дан ганц хоол сойх дэглэм зөрчсөнөөс оёдол задарсан гэж шууд дүгнэх боломжгүй” талаар шүүх хуралдаанд оролцсон /эмчлэгч эмч/ гэрч болон шинжээч нар нь мэдүүлцгээсэн,  хохирогчид амь насанд аюултай гэмтэл учирсан болох нь ***, *** дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон, дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй байх тул  амь хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн болно.

Нөгөө талаас шүүгдэгч З.О нь хэдийгээр үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй боловч тэрбээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “М намайг чи намайг алж чадах уу гээд басаад байсан учир Б гэр лүү орж хутга авч гарсан ирсэн” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...чи намайг алж чадах юмуу, чадах юм бол хутгаа аваад ир гэхээр Б гэр лүү орж хутга авсан, айлгая гэж бодсон” зэрэг тогтвортой мэдүүлсэн зэргээс нь үзвэл тэрбээр өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь хохирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй /субьектив санаа зорилго/, мөн хүнийг хутгалж буй санаатай үйлдэл, амь хохирогчид учирсан олон тооны эрхтэнг гэмтээсэн хутгалагдсан шарх /хохирол/, амь хохирогчийн амь нас хохирсон үр дагавар /обьектив шинж/ нь “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч З.О болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээх авах  үндэслэлгүй, боломжгүй байна.

Иймд шүүдэгч З.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцох нь хуульзүйн үндэслэлтэй болно.

 

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

-Улсын яллагчаас З.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч З.О-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул түүнд улсын яллагчаас оногдуулж байгаа  10 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж  өгнө үү гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З.О нь гэм буруугийн хувьд амь хохирогчийг хутгалсан гэх үйлдэл дээрээ маргахгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж 8 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих ангид  эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс З.О-г гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.О-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрдүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.О-н үйлдсэн хэргийн нөхцөл байдал /тухайн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хор уршигт хүргэсэн/, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил,  эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос  хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй л оногдуулах”-аар зохицуулагдсан байх бөгөөд шүүгдэгч З.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй тул энэхүү заалтыг хэрэглэх боломжгүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь  амь хохирогчийн эмчилгээний зардалд 711.204 төгрөг, оршуулгын зардалд 11.257.621 төгрөг, ээжийн эмчилгээний зардалд 611.111 төгрөг, байрны түрээс, ус, цахилгааны төлбөр зэрэгт 21.929.971 төгрөг, нийт 15.509.907 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудаа гаргаж өгсөн байна. /1хх-ийн 189-239х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Дээрх зардлуудаас тус хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн учирсан хохиролтой холбогдон гарсан шууд зардал гэж үзсэн зардлыг буюу амь хохирогчийн эмчилгээний зардал 711.204 төгрөг, оршуулгын зардал 11.257.621 төгрөг, нийт 11.968.825 төгрөгийг баримтын хүрээнд шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдсон  болно.

Үүнээс шүүгдэгч З.О-н хохирогчийн төлөөлөгч Б.М-д төлсөн 3000.000 төгрөгийг хасаж,  үлдэгдэл 8.968.825 төгрөгийг З.О-с гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.М-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Амь хохирогчийн эх Р.Х-н эмчилгээний зардал болох 611.111 төгрөг /1хх-ийн 234-236х/, амь хохирогч Б.М-н 2015, 2016, 2017 онуудад  байр түрээсэлсний үлдэгдэл төлбөр, уг хугацаанд хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөр, мөн дээрх мөнгийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүдэн гарсан торгууль, алданги зэрэгт нэхэмжилж буй үнийн дүн болох 2.292.971 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэл/, нийт 3.541.082 төгрөгийг шүүгдэгч З.О-с гаргуулах хуульзүйн үндэслэл байхгүй, түүний үйлдэлтэй холбогдон гарсан зардал биш, тус хэрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь амь хохирогчийн бага насны буюу 1-4 насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүгдэгчээс цаашид нэхэмжлэнэ, одоогоор тэтгэвэрээ тогтоолгож амжаагүй байгаа гэх тул уг асуудалтай холбоотой баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдав.

 

  Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч З.О нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 90 хоног, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл  109 хоног, нийт 199 хоног цагдан хоригдсоныг түүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. /1хх-ийн 100, 104, 106х, 2хх-ийн 37, 47, 54, 100х/

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д /хүсэлтийн дагуу/ буцаан олгож,  1 ширхэг хар өнгийн резинэн бариултай хутгыг устгахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт З-н О-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.О-г 10 /арав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.О-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-н цагдан хоригдсон 199 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

 5. Шүүгдэгч З.О-н иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн резинэн бариултай хутгыг устгаж, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д буцаан олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-с 8.968.825 /найман сая, есөн зуун жаран найман мянга, найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож, 3.541.082 /гурван сая, таван зуун дөчин нэгэн мянга, наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах, түүнтэй холбоотой бусад нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан З.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                             ШҮҮГЧИД                             Г.ГАНБААТАР

 

 

                                                                                           Б.ДАШДОНДОВ