Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 158

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0171/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, 
Шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн 201709000080 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***, *** төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ***  нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутагт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн ***ын хоолойг хүзүүний ороолтоор нь боож унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    
    2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр орой ганцаараа 1 шил архи уучихаад Дархан сумын 5 дугаар багт байрлах Ихэр могой төвийн бааранд орсон. Тэнд *** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ түүний эхнэр хоёр сууж байхлаар нь хамт суугаад би өөртөө нэг пиво аваад тэр хоёрт нэг ундаа авч өгсөн. Тэгээд хамт сууж байгаад хамт гаръя гээд тэр хоёрыг дагуулаад Титаник баар луу орж дахин нэг нэг пиво аваад бүжиглэж байгаад баар хаах дөхсөн болохоор нь гартал *** гэх хүүхэнтэй тааралдсан. Түүнийг хамт пиво аваад буудалд оръё гэхэд үгүй гэхлээр хүргээд өгье гээд хамт Дархан сумын 6 дугаар багийн ***ны чиглэлд алхсан. Ингээд гудамжинд явж байгаад би түүнийг тэвэрхэд дургуйцээд маргалдаад зууралдаж байгаад түүнийг ороолтноос татахад ороолт нь хүзүүг нь боосон. Тэгээд салсан. Би хааяа бүжиглэхээр бааранд ордог байсан. Тэгж явж байхдаа ***тай анх танилцсан. Тэгээд ***тай хамт бүжиглэж байгаад сүүлдээ хамт амьдрах дээрээ тулж байгаад *** надтай хамт амьдрахгүй гээд больсон. Тэгээд дараа нь бид хоёр бааранд таараад ийм асуудал болсон. Уг нь *** намайг *** гэдгийг сайн мэдэх ёстой яагаад *** гээд байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

    Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:

    2016 оны 11 сарын 27-ний орой 21 цагийн үед би ганцаараа "Ихэр могой" төвийн подвалын бааранд ганцаараа ороод бүжиглээд байж байтал тэнд байсан манай ***д гэр нь байдаг ***, *** хоёр намайг дуудаад ширээнд хамт суу гэхлээр нь гурвуулаа цуг суусан. Тэгээд суугаад бүжиглэж байтал *** гэх залуу гаднаас орж ирээд ***д нэг ундаа авч өгчихөөд ***, ***, *** бид дөрөв хамт бүжиглэж байгаад 1 цаг орчмын дараа ***, ***, *** нар гарч яваад би ганцаараа үлдсэн. Тэгээд ганцаараа бааранд бүжиглэж байгаад 23 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад явж байгаад ганцаараа Титаник баарлуу ороход ***, ***, *** гурав бүжиглэж байсан. Би ороод ***г явъя гэж хэлэх гээд ганцаараа үүдэнд нь хүлээгээд зогсож байтал бүжиг дуусаад бүх хүмүүс баарнаас гараад ***, *** хоёртой хамт гараад замын нөгөө талд гартал *** араас гарч ирээд намайг дуудсан. Дуудахаар нь яваад очтол *** надад 100 000 төгрөг байна хоёулаа буудалд орьё гэхлээр нь уурлаад би ямар биеээ үнэлэгч юм уу гэж хэлчихээд буцаад явах гэтэл ***, *** хоёр намайг хаячихаад явчихсан байсан. Тэгтэл *** намайг хоёулаа ийшээ буудалд оръё гээд чирэхлээр нь би эсэргүүцээд орилход эргүүлийн 2 цагдаа ирэхээр нь энэ хүнийг аваачээ намайг буудалд оръё гээд байна гэхэд 2 цагдаа ***ыг дагуулаад явсан. Тэгээд эргээд хартал нөгөө 2 цагдаа ***ыг тавиад явуулчихсан миний араас *** дагаад явж байснаа гүйцээд ирэхлээр нь чи цаашаа яв би ***нд байдаг ш дээ гэтэл манайх бас ***нд байдаг гээд салахгүй хамт явж байгаад 59 дүгээр бракийн тэнд миний ороолтоор хүзүү боогоод намайг хальтираад газар унахад хөлөөрөө өвдөглөж өрцөн дээр дараад өвдөхлөөр нь би болиоч гэж гуйхад намайг босгосон. Тэгээд яаж байгаа юм бэ гэхэд тоглосон юм гээд миний ороолтыг салгаж аваад гартаа барьчихаад өгөхгүй бариад яваад байснаа ***ны замаар явж байгаад нэг үзмэрч эгчийн хашааны ард очоод намайг ороолтоор ахиж хүзүү боогоод унагаасан. Тэгэхлээр нь би салах гэж ноцолдож байгаад салтал *** миний халаасанд байсан гар утас авчихсан байсан. Тэгтэл үзмэрч эгчийн хүүхэд Мартаа гарч ирээд хөөе хашаанаас холдооч гэхэд *** цаашаа замын цаана зогсоод байсан бөгөөд би Мартаад хэлэх гээд чадалгүй Мартаа буцаад орчихсон. *** тэгэхэд би чамайг хүргээд өгье гээд явахгүй болохоор нь би үгүй энд манай хамаатных байгаа орлоо гэж хэлэхэд *** явчихаар нь би гэртээ орж унтсан. Гэрт ороход цаг 1:40 цаг болж байсан. Тухайн үед энэ хүн өөрийгөө надад танилцуулахдаа *** гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг *** гэдэг болохыг цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. Өмнө нь 2-3 жилийн өмнө нэг удаа тааралдаж танилцаж байсан. Түүнээс хойш мартчихсан нэрийг нь санахгүй байна гэх мэдүүлэг /хх-26-28, 60/, 

Гэрч Т.***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

    2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байсан байхаа би хамтран амьдрагч ***гийн хамт Дархан сум 5 дугаар багт орших Ихэр могой төвийн бааранд бүжиглэхээр орсон. Тэгээд удаагүй байж байтал *** ганцаараа орж ирээд баруун талын ширээнд ганцаараа сууж байгад бид хоёр түүнтэй ганц хоёр үг солиод тус тусдаа ширээнд суусан. Тухайн үед гаднаас зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй нэг залуу орж ирээд *** бид хоёртой хамт суугаад өөрөө пиво аваад ***д ундаа авч өгсөн. Тэгэхлээр нь надад юм авч өгөхгүй юм уу гэтэл тэр залуу Титаник орж бүжиглэе энд хүн амьтан алга гэхлээр нь *** тэр залуу бид гурав Титаник бааранд ороод нэг нэг пиво аваад бүжиглэсэн. Тэгтэл нөгөө залуу согтоод байхлаар нь *** бид хоёр гараад харьсан. Титаник бааранд бүжиглэж байхад *** араас орж ирсэн харагдсан бөгөөд маргааш нь *** манайд ирээд та хоёрын цуг явсан залуу чинь намайг зодоод гэмтээчихлээ гэсэн. Энэ хоёр хүнийг 2 жилийн өмнөөс эхлэн зүс таних болсон. Бааранд бүжиглэж байгаад бие биенийгээ мэддэг болсон бөгөөд таарахаараа эртний танил хүмүүс шиг мэнд усаа мэдэлцээд явдаг. Тэр хүний нэрээр дуудаж байгаагүй, тэр хүн ч гэсэн намайг нэрээр дуудаж байгаагүй. *** хэлэхдээ тэр залуу өөрийгөө *** гэж хэлсэн гэж байсан. Тэгээд явж байгаад *** гэх хүн болохыг хүмүүсээс асууж байгаад мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29, 62/, 

    Гэрч С.***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

    ...***гийн хамт  бүжиглэж байтал *** гэж хүүхэн ганцаараа орж ирсэн.  Бид хоёрт хэлэхдээ таньдаг хүнийхээ машинд сууж явж байгаад энд буугаад орж ирж байна гэсэн. Тэгээд удаагүй байж байтал *** бид хоёрын зүс таних эрэгтэй хүн орж ирээд хамт манай ширээнд суугаад өөртөө пиво аваад надад нэг ундаа авч өгөөд хамтдаа бүжиглэсэн. Тэгээд *** тэр хүнд чи ***д ундаа авч өгчихөөд надад юм авч өгсөнгүй гэтэл Титаник баар луу орьё гээд тэндээсээ гараад гурвуулаа Титаник баар луу ороод гурван пиво авч бүжиглэж байтал *** гаднаас орж ирсэн харагдсан. Бүжиглэж байхад бид хоёртой явсан хүнийг бармен нь дуудаад одоо чи согтуу байна гар гээд хөөгөөд байхлаар нь *** бид хоёр гараад явчихсан. Маргааш нь *** манайд Туяа гэх хүүхэнтэй цуг ирээд урьд шөнө та хоёртой цуг явсан залуу чинь намайг зодчихлоо гээд байсан. Хамт бүжиглээд байснаас биш ***ыг дуудаж ширээндээ суулгасан зүйл байхгүй. ***ийн нэрийг нь мэдэхгүй болохоос зүс сайн танидаг гэх   мэдүүлэг /хх-ийн 31, 63-64/,

     Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: 

    2016 оны 11 дүгээр сарын 27-ний орой 00 цаг өнгөрч байхад манай хашааны хаалганы гадна эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чанга чанга дуугараад яагаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Манай эмээгийн зүрх чанга дуу сонсоод өвдөөд байна гэсэн учир би гарсан. Гадагшаа гарахад гадаа харанхй байсан бөгөөд манай хашааны үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан тэр хүмүүст хандаж "хашаанаас холхон байгаарай хөгшин хүнтэй хэцүү байна" гэж хэлэхэд эрэгтэй нь за гээд тэр хоёр шууд цаашаа хашаанаас холдоод явчихсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ орсон. Тэр хоёр хүн манай хашааны гадаа бараг 30 орчим минут болсон учраас тэр хүмүүсийг холдуулахаар гарсан. Тэр хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан алин болохыг мэдэхгүй байнаа чанга дуугарцгаагаад байсан гэх мэдүүлэг /хх-61/, 

Гэрч ***/хх-ийн 33/, *** /хх-ийн 34/, ***/хх-ийн 35/, ***/хх-ийн 36/, ***/хх-ийн 65/ нарын мэдүүлэг, 

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 

1.2016.11.26-27-нд ын тархи доргилт, 2 нүдний цус хуралт, толгойн орой, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, нүдний алимны доргилт, хүзүүнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь 2016.11.27-28-ны шилжих шөнө үүссэн байх боломжтой бөгөөд энэ нь амбулторийн картанд дахь 2016.11.29-ний өдрийн нүдний эмч болон гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. 
3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмдлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 38/, 
Дархан-уул аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 34/17 дугаар магадлагаанд: 

1.Хохирогч  нь Өвчний олон улсын 10-р ангиллын 5-р бүлгийн F20.0 код бүхий сэтгэцийн шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн өвчинтэй ба одоогоор засралын үе шатандаа байна. 
2.3.Хохирогч  нь сэтгэцийн шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн өвчинтэй ба засралын үе шатандаа байгаа тул болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 
4.Хохирогч  нь сэтгэцийн Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн өвчин нь хий үзэгдэл дэмийрлийн хам шинжээр илэрдэг дахилт өгдөг болно гэжээ. /хх-67/,  

Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 39-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болно.

Хохирогч  гэм хорын хохиролд 300 000 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс гар утас, сим картны үнэ, эмчилгээний зардалд нийт 100 000 төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 93-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд үлдэх хохирлын баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул хангах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч ид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгчид хорих ял оногдуулж түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***ийг согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчийн тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ