Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/02891

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Р.Алтантуяа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Г-д холбогдох,

 

9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э-, хариуцагч Х.Г, иргэдийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Э- миний бие 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хорооллын Шонхор дэлгүүрийн өмнө приус 20 маркийн **-** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад иргэн Х.Г нь согтуугаар өөрийн королла маркийн автомашинаар мөргөж гэмтэл учруулсан. Улмаар надад хохирол учруулсан мөртлөө хэргийн газраас зугтаасан. Харин цагдаагийн байгууллага шуурхай хөөцөлдөж осол хийсэн машин жолоочийг буюу хариуцагчийг олж саатуулсан. Замын цагдаа зөрчлийн хэрэг нээж, байцаалт авч эхлэхэд хариуцагч Х.Г нь эхлээд 13,000,000 төгрөг, дараа нь 9,000,000 төгрөг өгнө гэж надад амласан. Тэрээр “...хохирлыг нь 100 хувь төлнө, гомдлоо авчих” гэж эхнэртэйгээ ирээд гуйгаад байхаар нь би өрөвдөөд 9,000,000 төгрөгөөр хохирлоо барагдуулах тухай гэрээ байгуулж, улмаар гомдлоо татсан. Гэтэл тэрээр өдийг хүртэл тохисон ёсоор мөнгөө өгөхгүй, худлаа ярьж хуурсаар ирсэн. Улмаар оргон зугтаж явах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээд одоо 461 дүгээр хорих ангид хоригдож байна. Би энэ хооронд би Сэлэнгэ аймгийн шүүхэд иргэний журмаар гомдол гаргасан. Гэвч шүүхээс хариуцагч байхгүй гээд түүнийг эрэн сурвалжилсан. Ингээд түүнийг хоригдож байгааг мэдээд Баянгол дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байгаа. Ийм учраас миний автомашинд учирсан хохирол болох 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би өөрийн хуучин, эвдэрсэн автомашинаа бусдад 500,000 төгрөгөөр худалдсан байгаа гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хороолол Шонхор дэлгүүрийн урд осол гаргасан, нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж гэмтээсэн нь үнэн. Ш.Э- нь осол гарч хэрэг шалгагдах хугацаанд хувийн гэрээ хийж хохирол барагдуул гэж хувь гэрээ хийсэн. Тэр хувийн гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг 2018 онд гарч шалгагдах хугацаанд эхний авто ослын үнэлгээ хийсэн. 2018 онд хийсэн үнэлгээ болох 3,800,000 төгрөгийн хохирлыг төлөхөд би бэлэн татгалзах зүйл байхгүй. Ш.Э-ы нэхэмжлэл болох 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл болох приус 20 **-** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ дур мэдэж Улаанбаатар хотод үнэлгээ дахин хийлгэж илүү мөнгө нэхэж, өгч чадахгүй бол танил талаа ашиглан шоронд ял эдлүүлэн гэсэн тул энэ тал дээрГ- миний бие Ш.Э-ы нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Би хуулийн мэдлэггүй учраас гэм буруугийн талаар хэлж мэдэхгүй байна. Хуучин машинаа өгөөд шинэ машинаа авахуулах боломжтой байсан байна гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч Х.Г-д холбогдуулж гэм хорын хохиролд 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

  

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж зам тээврийн осол гарсан. Үүнээс болж миний автомашин дахин унах боломжгүйгээр эвдэрч, надад 9,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

Хариуцагчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон зам тээврийн осол түүний буруутай үйлдлээс гарсан болон нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд түүний буруугаас шалтгаалж хохирол учирсан тал дээр маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...автомашинд учирсан гэх хохирлын хэмжээ хэт өндөр” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. 

 

Нэгэнт хариуцагчийн буруугаас шалтгаалж дээр дурдсан зам тээврийн осол гарсан учир нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсжээ. 

 

Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв. 

 

Хэрэгт “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №11798056-262 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан” авагджээ. Уг үнэлгээний тайлангаар **-** УБМ улсын дугаартай, “Тоёота приус 20” маркын автомашинд учирсан хохирлын үнэлгээг 7,010,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Иймд үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 7,010,000 төгрөгийг хариуцагч Х.Г-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.Г-с 7,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,990,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гас 127,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧ                                                Р.АЛТАНТУЯА

                                                                                                   З.ДОРЖНАМЖИН