| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/1018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1041 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1041
2024 09 26 2024/ШЦТ/1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Манилцэцэг,
Хохирогч Г.Н-,
Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-ын Н-т холбогдох эрүүгийн 2406 01270 1891 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 09 дүгээ сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Б овогт Э-ын Н-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н- нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 22 дугаар гудамжны орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Г.Н-тай маргалдан түүний биед зүүн гар хэсэгт хутгаар зүсэж зүүн гарын эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бусдын хэлсэн үгийг хүлээн авах чадваргүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ажиллаагүй өдрүүдийн цалин болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа. Цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн. Сэтгэл санааны хохирлыг тусгай мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулж иргэний журмаар нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 2406 01270 1891 дүгээр хэргээс:
Хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бийн гэрээс гарч ирэхэд тэдний зүүн урд зүгт замын урд байрлах хашааны гадаа зам дээр үл таних согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би "Та нар чимээгээ жоохон аядаач ээ, энд хүн амьтан амгалан тайван баймаар байна" гэж хэлэхэд тэд нарын хар куртиктэй, намхан, махлаг дуу 40 гаран насны эрэгтэй нь над руу агсарч эхэлсэн ба "Та нарт ямар хамаатай юм, Дарь-Эхийнхэн гэж мэдэх үү би та нарыг ална шүү, тэр тусмаа цагаан бомбортой залуу чамайг ална шүү" гээд бид нар руу ирж явах үед нь хамт байсан хүмүүс нь буцаагаад гэр рүү нь оруулахаар чирээд явсан. Тухайн үед бид нар тоохгүй шууд машиндаа сууцгаагаад дэлгүүр орохоор явсан юм. Тэгээд бид нар дэлгүүр ороод эргээд Бийн гэрт ирэхэд тэдний хашааны үүдэнд баахан үл таних хүмүүс цуглаёихсан бужигналдаж байсан. Бид нарыг машинаас бууж ирэхэд үл таних 40 орчим насны согтуу эмэгтэй бид нарыг "Та нар хэн юм, энэ хавиар үзэгдэж харагдаагүй хүмүүс байна, юу хийж яваа юм" гэж асуухаар нь би "Бид нар энд найзынхаа гэрт ирсэн юм" гэж хэлэхэд "Энэ хүн та нартай ямар холбоотой хүн юм" гэж асуугаад анх бид нар руу агсраад орилоод байсан үл таних согтуу эрэгтэй хүнийг заасан ба тухайн үл таних эрэгтэй хүн нь гартаа хутга барьсан байсан. Тэгээд бид нар тэр үл таних эмэгтэйд "Наад хүнийг чинь танихгүй бид нар ямар ч холбоогүй" гэж хэлэхэд тэр эмэгтэй "Та нар ямар ч холбоогүй бол орцгоо" гэж хэлэхээр нь бид нар Бийн гэрт орох гээд би машинаа унтраахаар машин дээрээ очиход миний араас анх бид нар руу агсраад байсан үл таних эрэгтэй "Би тэр цагаан бомбортой залууг ална" гэж хэлээд хутга бариад машин тойроод гүйгээд ирэхээр нь би машин тойроод зугтаасан. Тэгтэл тэр үл таних эрэгтэй миний араас гүйгээд ирэхээр нь би эргэж хараад хутгатай гараас нь бариад авах гэхэд тэр үл таних согтуу эрэгтэй шууд баруун гартаа барьсан хутгаараа далайж байгаад саваад дайрахаар нь би зүүн гараараа бугуйнаас нь
барьж авах гэхэд миний зүүн гарын сарвууны ар хэсэгт буюу эрхий хуруу, долоовор хуруу хоёрын гол салаа хэсэгт хутгаа зоогоод авсан. Тэр үед миний гараас цус оргилоод гарч эхлэхэд Б гэх манай найз миний шархан дээр дараад гэр рүүгээ татаад оруулсан. Тэгээд Б миний гарыг угаалтуурын дээр тосоод цусыг нь тогтоох гээд шархан дээр даавуугаар дарсан. Тэр намайг хутгалдаг үл таних эрэгтэй хашааны гадаа үлдсэн ба тэр үеэс гадна юу болсон талаар би сайн мэдэхгүй. Тэгээд манай найз Б цагдаагийн 102 тусгай дугаар руу залгаж дуудлага өгөөд намайг дагуулаад Дарь-Эхийн эмнэлэг дээр очсон ба тухайн эмнэлэг нь хүн байхгүй байсан болохоор 103 дугаар руу дуудлага өгсөн ба цагдаа нар Дарь-Эхийн эмнэлгийн гадаа ирээд бид нар дагуулаад эргээд хэрэг болсон гэх газраа очсон. Тэр үед тухайн газарт түргэний машин ирээд намайг Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан ба цагдаа нар намайг хутгалдаг үл таних согтуу эрэгтэйг аваад явсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч И.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найз Бийн гэрт цагаан сараас хойш очоогүй байсан тул нийт найман хүн хамт 00 цаг өнгөрөөгөөд очсон. Найзындаа цай ууж сууж байгаад М-, Н-, Н- бид дөрөв хөзөр авахаар дэлгүүр лүү гарсан чинь гудамжны эсрэг талын хашаанаас хэдэн согтуу хүн орилолдоод агсан тавиад байхаар нь хүн амьтан унтаж амармаар байна гээд шаардлага тавьсан чинь урдаас агсраад байхаар нь хаячихаад дэлгүүр явчихаад эргээд ирсэн чинь хашааны үүдэнд байсан машины хажууд хэдэн хүн байсан. Бид нар унаж явсан машинаасаа буухад нэг залуу гартаа хутга барьчихсан зогсож байсан. Бид нар луу тэр хутгатай залуу хутга бариад дайрахад нь би гараас нь барьж зогсож байсан чинь тэр хүний эхнэр нь салгаж барьж аваад цаашаа явсан юм. Тэгснээ буцаж дайраад манай найз Н- руу дайраад гарыг нь зүссэн байсан. Яг яаж зүссэнийг нь би харж амжаагүй. Тэр хүнийг эхнэр нь аваад явчихсан байсан. Тэгээд би Н-гын цусыг нь тогтоох гэсэн чинь тогтохгүй байсан учраас би цагдаа, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч С.Т-ийн “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед манай нөхөр н.Н- болон түүний ажлын газрын 10 гаруй хүн манайд ирээд юм ярьж байгаад жаахан юм уугаад 00 цагийн үед тал хүн нь явчихсан байсан. Үлдсэн хүмүүс нь 02 цагийн үед явахаар болоод манай нөхөр тэр хүмүүсийг гаргаж өгөхөөр цуг гарсан юм. Би гэртээ байж байхад манай нөхөр орж ирэхгүй удаад байхаар нь хойноос нь гарсан чинь ажлынх нь хүмүүс явчихсан манай нөхөр цагаан бомбор өмссөн залуутай муудалцаад зогсож байсан. Яагаад муудалцсаныг нь би мэдэхгүй байгаа юм. Анх муудалцсан цагаан бомбортой залуу нь явчихсан байсан чинь тэр залууг манай нөхөр хайгаад байсан юм шиг байна лээ. Тэгж байгаад нэг мэдсэн чинь нөгөө цагаан бомбор өмссөн залуу миний гарыг дүрчихлээ гэж орилох үед нь би ухаан ороод харахад манай нөхөр би хүний гар зүсчихлээ гээд хажууд зогсож байсан. Тэгээд гэртээ ч оролгүй хашааны үүдэнд зогсож байхад цагдаа ирсэн. Би нөгөө цагаан бомбортой залууг хараагүй. Миний гарыг зүсчихлээ гэж орилох үед нь л сонссон. Би тэр хэдээс зайтай зогсчихсон байсан юм. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байж байгаад нөгөө залууг орилох үед ухаан орсон. Тэгээд маргааш нь ямар хутгаар хүний гар зүсчихсэн юм бол гэж бодоод хутгануудаа бүртгэсэн чинь бор иштэй хутга маань байгаагүй. Гэтэл байшингийн үүдний өрөөний гутлын тавиур дээр тавьчихсан байсан....” гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 781 дугаартай “Г.Н-гийн биед зүүн гарын эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ..” гэх дүгнэлт /Хх-ийн 67-70 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 9-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна болон бичгийн бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Н- нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 22 дугаар гудамжны орчимд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Г.Н-тай маргалдан түүний зүүн гар хэсэгт хутгаар зүсэж биед нь зүүн гарын эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бийн гэрээс гарч ирэхэд тэдний зүүн урд зүгт замын урд байрлах хашааны гадаа зам дээр үл таних согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би "Та нар чимээгээ жоохон аядаач ээ, энд хүн амьтан амгалан тайван баймаар байна" гэж хэлэхэд тэд нарын хар куртиктэй, намхан, махлаг дуу 40 гаран насны эрэгтэй нь над руу агсарч эхэлсэн ба "Та нарт ямар хамаатай юм, Дарь-Эхийнхэн гэж мэдэх үү, би та нарыг ална шүү, тэр тусмаа цагаан бомбортой залуу чамайг ална шүү" гээд бид нар руу ирж явах үед нь хамт байсан хүмүүс нь буцаагаад гэр рүү нь оруулахаар чирээд явсан. Тухайн үед бид нар тоохгүй шууд машиндаа сууцгаагаад дэлгүүр орохоор явсан юм. Тэгээд бид нар дэлгүүр орчоод эргээд Бийн гэрт ирэхэд тэдний хашааны үүдэнд баахан үл таних хүмүүс цугласан бужигналдаад байж байсан ба бид нарыг машинаас бууж ирэхэд үл таних 40 орчим насны согтуу эмэгтэй бид нарыг "Та нар хэн юм, энэ хавиар үзэгдэж харагдаагүй хүмүүс байна, юу хийж яваа юм" гэж асуухаар нь би "Бид нар энд найзынхаа гэрт ирсэн юм" гэж хэлэхэд "Энэ хүн
та нартай ямар холбоотой хүн юм" гэж асуугаад анх бид нар руу агсраад орилоод байсан үл таних согтуу эрэгтэй хүнийг заасан ба тухайн үл таних эрэгтэй хүн нь гартаа хутга барьсан байсан. Тэгээд бид нар тэр үл таних эмэгтэйд "Наад хүнийг чинь танихгүй бид нар ямар ч холбоогүй" гэж хэлэхэд тэр эмэгтэй "Та нар ямар ч холбоогүй бол орцгоо" гэж хэлэхээр нь бид нар Бийн гэрт орох гээд би машинаа унтраахаар машин дээрээ очиход миний араас анх бид нар руу агсраад байсан үл таних эрэгтэй "Би тэр цагаан бомбортой залууг ална" гэж хэлээд хутга бариад машин тойроод гүйгээд ирэхээр нь би машин тойроод зугтаасан. Тэгтэл тэр үл таних эрэгтэй миний араас гүйгээд ирэхээр нь би эргэж хараад хутгатай гараас нь бариад авах гэхэд тэр үл таних согтуу эрэгтэй шууд баруун гартаа барьсан хутгаараа далайж байгаад саваад дайрахаар нь би зүүн гараараа бугуйнаас нь барьж авах гэхэд миний зүүн гарын сарвууны ар хэсэгт буюу эрхий хуруу, долоовор хуруу хоёрын гол салаа хэсэгт хутгаа зоогоод авсан ба тэр үед миний гараас цус оргилоод гарч эхлэхэд миний араас Б гэх манай найз миний шархан дээр дараад гэр рүүгээ татаад оруулсан. Тэгээд Б миний гарыг угаалтуурын дээр тосоод цусыг нь тогтоох гээд шархан дээр даавуугаар дарсан. Тэр намайг хутгалдаг үл таних эрэгтэй хашааны гадаа үлдсэн ба тэр үеэс гадна юу болсон талаар би сайн мэдэхгүй. Тэгээд манай найз Б цагдаагийн 102 тусгай дугаар руу залгаж дуудлага өгөөд намайг дагуулаад Дарь-Эхийн эмнэлэг дээр очсон ба тухайн эмнэлэг нь хүн байхгүй байсан болохоор 103 дугаар руу дуудлага өгсөн ба цагдаа нар Дарь-Эхийн эмнэлгийн гадаа ирээд бид нар дагуулаад эргээд хэрэг болсон гэх газраа очсон. Тэр үед тухайн газарт түргэний машин ирээд намайг Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан ба цагдаа нар намайг хутгалдаг үл таних согтуу эрэгтэйг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч И.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найз Бийн гэрт цагаан сараас хойш очоогүй байсан тул нийт найман хүн хамт 00 цаг өнгөрөөгөөд очсон. Найзындаа цай ууж сууж байгаад М-, Н-, Н- бид дөрөв хөзөр авахаар дэлгүүр лүү гарсан чинь гудамжны эсрэг талын хашаанаас хэдэн согтуу хүн орилолдоод агсан тавиад байхаар нь хүн амьтан унтаж амармаар байна гээд шаардлага тавьсан чинь урдаас агсраад байхаар нь хаячихаад дэлгүүр явчихаад эргээд ирсэн чинь хашааны үүдэнд байсан машины хажууд хэдэн хүн байсан. Бид нар унаж явсан машинаасаа буухад нэг залуу гартаа хутга барьчихсан зогсож байсан. Бид нар луу тэр хутгатай залуу хутга бариад дайрахад нь би гараас нь барьж зогсож байсан чинь тэр хүний эхнэр нь салгаж барьж аваад цаашаа явсан юм. Тэгснээ буцаж дайраад манай найз Н- руу дайраад гарыг нь зүссэн байсан. Яг яаж зүссэнийг нь би харж амжаагүй. Тэр хүнийг эхнэр нь аваад явчихсан байсан. Тэгээд би Н-гийн цусыг нь тогтоох гэсэн чинь тогтохгүй байсан учраас би цагдаа, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед манай нөхөр н.Н- болон түүний ажлын газрын 10 гаруй хүн манайд ирээд юм ярьж байгаад жаахан юм уугаад 00 цагийн үед тал хүн нь явчихсан байсан. Үлдсэн хүмүүс нь 02 цагийн үед явахаар болоод манай нөхөр тэр хүмүүсийг гаргаж өгөхөөр цуг гарсан юм. Би гэртээ байж байхад манай нөхөр орж ирэхгүй удаад байхаар нь хойноос нь гарсан чинь ажлынх нь хүмүүс явчихсан манай нөхөр цагаан бомбор өмссөн залуутай муудалцаад зогсож байсан. Яагаад муудалцсаныг нь би мэдэхгүй байгаа юм. Анх муудалцсан цагаан бомбортой залуу нь явчихсан байсан чинь тэр залууг манай нөхөр хайгаад байсан юм шиг байна лээ. Тэгж байгаад нэг мэдсэн чинь нөгөө цагаан бомбор өмссөн залуу миний гарыг дүрчихлээ гэж орилох үед нь би ухаан ороод харахад манай нөхөр би хүний гар зүсчихлээ гээд хажууд зогсож байсан. Тэгээд гэртээ ч оролгүй хашааны үүдэнд зогсож байхад цагдаа ирсэн. Би нөгөө цагаан бомбортой залууг хараагүй. Миний гарыг зүсчихлээ гэж орилох үед нь л сонссон. Би тэр хэдээс зайтай зогсчихсон байсан юм. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байж байгаад нөгөө залууг орилох үед ухаан орсон. Тэгээд маргааш нь ямар хутгаар хүний гар зүсчихсэн юм бол гэж бодоод хутгануудаа бүртгэсэн чинь бор иштэй хутга маань байгаагүй. Гэтэл байшингийн үүдний өрөөний гутлын тавиур дээр тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 781 дугаартай “Г.Н-гийн биед зүүн гарын эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ..” гэх дүгнэлт /Хх-ийн 67-70 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:
-Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирах үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 781 дугаар шинжээчийн “...Г.Н-гийн биед зүүн гарын эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Н-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх
чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Н-ын хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Н- нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 563 100 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Г.Н- нь өөрт учирсан сэтгэл санааны хохирол, эрүүл мэнд, цалин хөлсний нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч Г.Манилцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Э.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт бичгийн баримтмаар хураагдсан зүйлгүй, эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 563 100 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Н- нь энэ гэмт хэргийн учирсан хохирол хор уршгийг болон сэтгэл санааны хохирол, эрүүл мэндийн болон цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА