| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/1015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1040 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Хилчинбаатар,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнХ овогт Б-ы Г-д холбогдох эрүүгийн 2406 04360 1857 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 09 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б-ы Г-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Газарчин дээд сургуулийн орчимд хохирогч Э.Э-той “таксины мөнгө нэхэж араас дагалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд “...дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулна” гэв.
Хохирогч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Санхүүгийн боломжгүй болсон учраас эрүүл мэндтэйгээ холбоотой эмчилгээ үйлчилгээ авч чадаагүй. Одоог хүртэл шүд маань өвдөж байгаа. Ажилгүй байсан хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирлоо шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Эрүүгийн 2406 04360 1857 дугаар хэргээс:
Хохирогч Э.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт GS-25 сүлжээ дэлгүүр орохоор машинтайгаа явж байхад улиастайн хуучин эцсийн автобусны буудалд олон хүмүүс гараа өргөөд байсан. Тухайн үед манай эхнэр А- машин барьж явсан, бид хоёр буудал дээрээс 3 хүүхэн, 1 залууг таксигаар аваад хүргэж өгөх гээд хаягийг нь асуутал Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо сургуулийн хажуу талын байр луу очъё гэж хэлсэн. Тэгээд хүргэж өгөхөд бид хоёрыг хүлээгээд байж байгаарай гэж хэлсэн, би түүнд итгэхгүй дагаж орсон. Тухайн залуугийн орсон гэх орц руу ардаас нь ороход шатаар дээшээ гүйгээд зугтаасан. Би очоод чи яагаад зугтаагаад байгаа юм бэ мөнгөө өгөөч гэж хэлтэл зүүн хацар луу 1 удаа цохисон, би зөрүүлээд зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ...нөгөө залуу манай эхнэрийг түлхэж унагаасан би дөхөж очоод чи манай эхнэрийг түлхдэг хэн бэ гэж хэлээд уурлаад эхнэртээ хандаад наадхаа хая гэж хэлээд хаяад машиндаа суутал арын суудал дээр нөгөө залуу орж ирээд суучихсан. Бид хоёр түлхээд буулгасан, бид хоёр хөдлөх гэхэд ахин манай машинд суугаад саад учруулаад байсан. Би тухайн залуу дээр очоод буу л даа гэж шаардлага тавихад машинаас бууж ирээд миний ам хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Тухайн залууд цохиулсны улмаас миний уруул ялзарч цус их асгарсан ба 6-10 шүд хөдөлгөөн орж гэмтсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо хуучин автобусны буудлаас гурван эмэгтэйг аваад ахиад нэг залууг суулгаад авч явсан. ... нөгөө залууг буулгах гээд цайз 16 руу явж байхад Дако авто сэлбэгийн худалдааны төвөөс дээш газарчин гэх газар луу нөгөө залуу бууна гэж хэлсэн. ... би нөхөр Э.Э-той цуг явсан болохоор миний хань хамт орчих гэсэн. Тухайн уед нөгөө залуу хурдан гүйгээд орц руугаа орсон. Харин манай нөхөр Э.Э- араас нь гүйгээд орц руу орсон. Удалгүй манай нөхөр Э.Э- нөгөө залуутай мөнгө өгөөч намайг цохиж авлаа гээд орилоод гараад ирсэн. ... Би тэгээд нөгөө залуу хэдэн үг хэлээд өөрийнхөө эцэг эх шиг хүмүүсийг хуурч зугтаагаад яах вэ буу гээд машинаас буулган гэсэн буухгүй байсан. Машинаас буухгүй болохоор нь би татаж буулгасан ба дахиж орж ирээд суугаад байсан. Дараа нь манай нөхөр Э.Э- жолоочийн эсрэг талаар нөгөө залууг татаж буулгаад гадаа зогсож байхад нь нөхрийн шүд рүү цохиж авсан. Нөхөр Э.Э-ы шүднээс цус гараад байхаар нь би гүйж очоод нөгөө хүүхдийг зугтаах гэхээр нь гараас нь барьж аваад зогсоож байгаад цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгах гэх үед миний утастай гарыг түлхэж зугтаасан” гэх мэдүүлэг /хх- ийн 14-15 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-гийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8445 дугаартай “1 .Э.Э-ы биед дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлен эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Газарчин дээд сургууль”- ор
чимд хохирогч Э.Э-той “таксины мөнгө нэхэж араас дагалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд “...дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт GS-25 сүлжээ дэлгүүрээс орохоор машинтайгаа явж байсан улиастайн хуучин эцсийн автобусны буудалд олон хүмүүс гараа өргөөд байсан. Тухайн үед манай эхнэр Ариунаа машин барьж явсан, бид хоёр буудал дээрээс 3 хүүхэн, 1 залууг таксигаар аваад хүргэж өгөх гээд хаягийг нь асуутал Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо сургуулийн хажуу талын байр луу очъё гэж хэлсэн. Тэгээд хүргэж өгөхөд бид хоёрыг хүлээгээд байж байгаарай гэж хэлсэн, би түүнд итгэхгүй дагаж орсон. Тухайн залуугийн орсон гэх орц руу ардаас нь ороход шатаар дээшээ гүйгээд зугтаасан. Би очоод чи яагаад зугтаагаад байгаа юм бэ мөнгөө өгөөч гэж хэлтэл зүүн хацар луу 1 удаа цохисон, би зөрүүлээд зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ...нөгөө залуу манай эхнэрийг түлхэж унагаасан би дөхөж очоод чи манай эхнэрийг түлхдэг хэн бэ гэж хэлээд уурлаад эхнэртээ хандаад наадхаа хая гэж хэлээд хаяад машиндаа суутал арын суудал дээр нөгөө залуу орж ирээд суучихсан. Бид хоёр түлхээд буулгасан, бид хоёр хөдлөх гэхэд ахин манай машинд суугаад саад учруулаад байсан. Би тухайн залуу дээр очоод буу л даа гэж шаардлага тавихад машинаас бууж ирээд миний ам хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Тухайн залууд цохиулсны улмаас миний уруул ялзарч цус их асгарсан ба 6-10 шүд хөдөлгөөн орж гэмтсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо хуучин автобусны буудлаас гурван эмэгтэйг аваад ахиад нэг залууг суулгаад авч явсан. ... нөгөө залууг буулгах гээд цайз 16 руу явж байхад Дако авто сэлбэгийн худалдааны төвөөс дээш газарчин гэх газар луу нөгөө залуу бууна гэж хэлсэн. ... би нөхөр Э.Э-той цуг явсан болохоор миний хань хамт орчих гэсэн. Тухайн уед нөгөө залуу хурдан гүйгээд орц руугаа орсон. Харин манай нөхөр Э.Э- араас нь гүйгээд орц руу орсон. Удалгүй манай нөхөр Э.Э- нөгөө залуутай мөнгө өгөөч намайг цохиж авлаа гээд орилоод гараад ирсэн. ... Би тэгээд нөгөө залуу хэдэн үг хэлээд өөрийнхөө эцэг эх шиг хүмүүсийг хуурч зугтаагаад яах вэ буу гээд машинаас буулган гэсэн буухгүй байсан. Машинаас буухгүй болохоор нь би татаж буулгасан ба дахиж орж ирээд суугаад байсан. Дараа нь манай нөхөр Э.Э- жолоочийн эсрэг талаар нөгөө залууг татаж буулгаад гадаа зогсож байхад нь нөхрийн шүд рүү цохиж авсан. Нөхөр Э.Э-ы шүднээс цус гараад байхаар нь би гүйж очоод нөгөө хүүхдийг зугтаах гэхээр нь гараас нь барьж аваад зогсоож байгаад цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгах гэх үед миний утастай гарыг түлхэж зугтаасан” гэх мэдүүлэг /хх- ийн 14-15 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8445 дугаартай “1 .Э.Э-ы биед дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд: Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8445 дугаар шинжээчийн “...Э.Э-ы биед дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Г-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Э.Э-ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Э.Э-ы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэ
нд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Г- нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох эмчилгээний зардалд 169 000 төгрөг төлсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. Шүүгдэгч Б.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Э.Э-ы “биед дээд уруул, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. Шүүгдэгч Б.Г-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн шанаанд зулгаралттай, баруун дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.
“Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” нь шүүх шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид учрах боломжтой сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд энэхүү жишиг стандартыг тухайн төрлийн хэргүүдэд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж нийтлэг хэрэглэхээр зохицуулсан байна.
“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д дээрх 5 төрлийн гэмт хэргийн тухайд шүүх шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор заажээ.
Энэ хэргийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах талаар талуудын хэн аль нь хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс нөхөн төлбөрийн жишиг аргачлалын хүрээнд шүүгдэгч Б.Г-ас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 300 000 төгрөгөөр тооцон хохирогч Э.Э-д олгох, мөн шүүгдэгчээс 21 040 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох эрүүл мэндийн болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч Э.Хилчинбаатар эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийг торгох ялаар шийтгэх саналтай” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ял оногдуулж, 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ы Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох
ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ас 3 300 000 төгрөгийг хохирогч Э.Э-д, 21 040 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус гаргуулан олгосугай.
6. Хохирогч Э.Э- нь энэ гэмт хэргийн учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчиийн баримтаар нэхэмжилсэн 169000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА