| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/00459/И |
| Дугаар | 102/ШШ2018/00711 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/00711
| 018 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/00711 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Б-ийн М /РД: .../,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Мандал овоо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Ө-ын Ү /РД: .../,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, П овогт Д-ийн Ог /РД: .../,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,... дугаар байрны ... тоотод оршин суух, Ц овогт Б-ийн Б /РД: .../,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Б овогт Б-ын А /РД: .../,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Кристал таун, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Н-ын О /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Б.Г.Д.Т.Хт холбогдох,
Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаал хууль бус болохыг тогтоолгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Батбаатар, Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, Д.Оюунбилэг, Л.Нарантунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаалаар Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот захирамжийг үндэслэн 2018 онд ажиллах орон тооны бус байцаагч нарын орон тоог цөөрүүлж шийдвэрлэсний дагуу Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг тус хэлтсийн орон тооны бус байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь орон тооны бус байцаагчдын дунд цомхтгол явуулахдаа ур чадвар, ажлын гүйцэтгэл, ажилласан жил зэргийг харгалзан үзээгүй, мөн шалгаруулалт явуулаагүй бөөнөөр нь ажлаас нь чөлөөлж, Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмыг зөрчсөн.
Мөн тус хэлтэс нь орон тооны бус байцаагчдын орон тоо хасагдсан тул дээрх нэр бүхий 6 байцаагчид хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж буй тухайгаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн атлаа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., мөн зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;, мөн зүйлийн 40.5-д ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасныг тус тус ноцтой зөрсөн.
Иймд Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаал хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг урьд эрхэлж байсан Б.Г.Д.Т.Х-ийн орон тооны бус байцаагчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г.Д.Т.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус хэлтсийн орон тооны бус байцаагч ажилтай Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарын ажлаас үндэслэлгүй халагдсан гэх иргэний хэрэгт дараахь тайлбарыг гаргаж байна. Тус хэлтсийн орон тооны бус байцаагч ажиллуулах орон тоог 2018 онд Баянгол дүүргийн засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот захирамжаар 25 байхаар баталсан. Манай хэлтэс 2017 онд 34 орон тооны бус байцаагчтай ажилласан бөгөөд орон тоо багассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., мөн зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манай байгууллага эдгээр байцаагч нарыг сонгохдоо даргын зөвлөл хуралдаж, сахилгын зөрчилтэй байцаагч нарыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нар нь хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх үндэслэлээр хэлтсийн даргын тушаалаар сахилгын арга хэмжээг авагдаж байсан ба удаа дараа үүрэгт ажлаа болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, дотоодын хяналт шалгалтаар үнэт цаасны зөрчил гаргасан ажилчид байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нар нь Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаал хууль бус болохыг тогтоолгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, учир нь 2018 онд манай хэлтсийн орон тооны бус байцаагч ажиллуулах орон тоог 25 болгож засаг дарга бууруулсан, эдгээр байцаагч нар нь ажиллах хугацаандаа ажлын цаг ашиглалт муу, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үнэт цаасны зөрчил гаргасан тул сонгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нар нь Б.Г.Д.Т.Хтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан, мөн зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж заасан байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн ... дугаар тушаалаар Б.Г.Д.Т.Х-ийн 2018 онд ажиллах орон тооны бус байцаагчийн орон тоог бууруулж, 25 болгон баталжээ. Энэ тушаалыг үндэслэж Б.Г.Д.Т.Х-ийн даргын зөвлөл хуралдаж Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг ажиллах хугацаандаа ажлын цаг ашиглалт муу, үүрэгт ажилаа хангалтгүй биелүүлсэн, үнэт цаасны зөрчил гаргасан гэж сонгож, хөдөлмөрийн гэрээг цуцлан, хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаалыг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг 2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн сарын 12-ны өдөр тус хэлтсийн даргын ... тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг Б.Г.Д.Т.Х-ийн орон тооны бус байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., мөн зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;, мөн зүйлийн 40.5-д ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасныг Б.Г.Д.Т.Х нь ноцтой зөрчиж ажилтныг ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг танилцуулсан өдрөөсөө 8 хоногийн дараа ажлаас нь чөлөөлж, хууль зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг Б.Г.Д.Т.Х-ийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор олгоно. гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараас үзэхэд тэдний 1 сарын хөдөлмөрийн хөлс нь 562,912 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нар шүүх хуралдаан болох өдөр хүртэл нийт 44 хоног ажилгүй байсан хугацааны цалинд /28,145х44=1,235,380/ 1,235,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч тус бүрт олгох нь зүйтэй байна.
Б.Г.Д.Т.Х-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага биш нэхэмжлэл гаргах үндэслэл болж байгааг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Б.Г.Д.Т.Х-ийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байх хугацааны олговорт нэхэмжлэгч Б.Мягдагмаа, Ө.Ү, Д.О, Б.Б, Б.А, Н.О тус бүрт 1,235,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР